Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

Шүүгдэгч У.К- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.т овогт У-ын К-т холбогдох эрүүгийн 2313000000090 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 23 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1996 оны 07 сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Х” банкны Баян-Өлгий салбарт АТМ хариуцсан мэргэжилтэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, БЛ........... регистрийн дугаартай, О.т овогт У-ын К-.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.К- нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цаг42 минутын үед дуудлагын дагуу очсон хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад К.Д-, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Д- нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар цагдаагийн алба хаагч, хохирогч К.Д-ын нүүрэн тус газар гараар нэг удаа цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч У.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч У.К- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000000090 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

3. Мөрдөгчөөс согтуурлын хэмжээ шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

4. Мөрдөгчөөс хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-17, 26-33 дахь тал/,

5. Хохирогч К.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 50 дахь тал/,

6. Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №185 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

8. Шүүгдэгч У.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

9. Шүүгдэгч У.К-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч У.К-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

12. Шүүгдэгч У.К- нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 21 цаг42 минутын үед дуудлагын дагуу очсон хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад К.Д-, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Д- нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн улмаар цагдаагийн алба хаагч, хохирогч К.Д-ын нүүрэн тус газар гараар нэг удаа цохиж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

13. Мөрдөгчөөс согтуурлын хэмжээ шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,

 

14. Мөрдөгчөөс хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-17, 26-33 дахь тал/,

 

15. Хохирогч К.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие батлагдсан томилгооны дагуу 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагаас 22:00 цагийн хооронд хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч К.Ё-гийн хамт үүрэг гүйцэтгэсэн бөгөөд орой 21 цаг 45 минутын үед цагдаагийн газрын 102 утаснаас “Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Цамбагарав худалдааны төвийн замын эсрэг талын таксины зогсоол дээр зодоон болоод байна” гэсэн дуудлагын дагуу тухайн газарт очсон. Тэнд намайг очсоны дараа эргүүлийн цагдаа Ж.Д- бас очсон бөгөөд бид очих үед холбогдогч У.К- нь баруун дөрвөн замын нөгөө талд нь “Цамбагарав” худалдааны төвийн урд шатан дээр сууж байсан. Тэгээд тухайн хүний хажууд дөхөж очоод өөрийгөө танилцуулж, ямар асуудал болсон талаар асуухад хариулт өгөөгүй ба тэнд байсан иргэд бид нарт “энэ залуу бид нарын машиныг өшиглөж танхайрсан” гэж хэлж байсан. Тэгээд миний зүгээс шатан дээр сууж байсан У.К- гэгчийг шатнаас босгохоор зүүн гарнаас нь барих үед тэр хүн миний гарыг тийрээд “намайг битгий барь, чи надад гар хүрэх болоогүй шүү” гэж хэлээд эсэргүүцэх үйлдэл гаргахаар нь би “за тэгвэл та өөрөө босоорой” гэж хэлэхэд нөгөө иргэн босож ирээд шууд миний аман тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Улмаар миний хажууд байсан эргүүлийн цагдаа Ж.Д-ийг мөргөх шиг болсон. Гэхдээ Ж.Д- өөрийгөө хамгаалаад мөргүүлээгүй. Улмаар тухайн үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан ба Ж.Д- бид хоёр иргэн У.К-т биеийн хүч хэрэглэж, арай гэж байгаад гавлаад цагдаагийн газарт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48, 50 дахь тал/,

 

16. Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие батлагдсан томилгооны дагуу өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлгөөнт эргүүлээр ажилласан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн оройн 21 цаг45 минутад Цагдаагийн газрын жижүүрийн 102 утаснаас надад “Баруун дөрвөн замд танхайрсан байдалтай согтуу хүн явж байна” гэх дуудлагын дагуу хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад К.Д-ын хамт Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр баруун дөрвөн замын баруун талд байрлах “Баян Цамбагарав” худалдааны төвийн үүдэнд холбогдогч иргэн У.К- согтуу байдалтай шатан дээр сууж байсан ба түүний хажууд ээж нь гэх нэг эмэгтэй хүн байсан, нэрийг нь мэдсэнгүй. Тэр эмэгтэй хүн бид нарт “би энэ хүний ээж нь байна, сая намайг дуудсан, би ирээд явъя гэсэн боловч надад хүч өгөлгүй, явахгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд шатан дээр сууж байсан иргэн У.К-ийг босгох үед тэр залуу босож ирээд шууд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад К.Д-ын нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Цагдаагийн алба хаагч К.Д- нь иргэн У.К-ийг босгохоор түүний зүүн хажуу талд зогсож байсан, харин би баруун талд нь зогсож байсан. Тэгээд К.Д-ын хамарнаас нэлээн цус гарсан ба тэр үед К.Д- бид хоёр У.К-т Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу биеийн хүч хэрэглэж, түүнийг гавласан бөгөөд хүч өгөлгүй, эсэргүүцэж арай гэж гартаа гав хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

 

17. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №185 дугаартай “К.Д-ын биед доод эрүүний баруун хэсэгт цус хуралт, доод уруулын дотор хэсгийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

 

18. Шүүгдэгч У.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын тогтоолыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Би тэр өдөр найзуудтайгаа хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тодруулж яривал У-, М- гэх хоёр найзтайгаа аймгийн зах хэсэг, Цагааннуур тосгон гарах чиглэлд агаарт гараад машин дотор 0,75 литрийн “Еден” нэртэй архийг гурвуулаа хувааж уусан байсан ба тухайн үед У-ийн машинтай явж байсан. Тэгээд архийг ууж дууссаны дараа У-ийн машиныг А- гэх манай нэг найз ирээд жолоодоод явсан. Харин тэр үед намайг эхнэр Жупаргүл ирээд машинаар тэр газраас аваад явсан байсан. Тэгээд би эхнэртэйгээ гэр лүү явах замдаа “Сансар” дэлгүүрийн урдуур буугаад архи хайгаад тэндээс дэлгүүр хайж яваад замдаа таксины жолооч нартай муудалцсан. Уг асуудлыг хэсгийн байцаагч Х.Д- шалгаад надад Зөрчлийн тухай хуулийн 5.3-т зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Тэгээд тухайн үед би эхнэртээ хүч өгөлгүй, гэртээ харихгүй байхаар нь манай эхнэр ээжийг дуудаад тэгээд ээж ирсэн ч гэсэн би ээждээ хүч өгөлгүй, гэртээ явахгүй тэндээ байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаагийн хоёр алба хаагч ирээд надад шаардлага тавихад нь би эсэргүүцэж улмаар намайг шатнаас босгож байхад би цагдаагийн алба хаагч К.Д-ын эрх чөлөөнд халдаж, түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж авсан байна. Би дээрх үйлдэлдээ гэмшиж байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж заасан.

20. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.

21. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсаныг хамруулан ойлгох ба тухайн хэргийн хувьд хууль сахиулагч К.Д- нь шатан дээр сууж байсан У.К-ийг босох талаар хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч У.К- нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт бүрэн тогтоогджээ.

22. Шүүгдэгч У.К-ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

23. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

24. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч У.К-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

26. Хохирогч нь К.Д- нь “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч У.К-ийг түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

27. Шүүгдэгч У.К- нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

29. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.К-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн , тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

30. Шүүгдэгч У.К- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

31. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

32. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг У.К-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

34. Шүүгдэгч У.К-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

35. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 2700 нэгж нь 2700.000 төгрөгтэй тэнцэх юм.

36. Шүүгдэгч У.К- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

37. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч У.К-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.т овогт У-ын К-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.К-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.К- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч У.К- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч У.К-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК