Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/373

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,   

улсын яллагч Ж.Сувданчимэг,

иргэдийн төлөөлөгч Б.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********, өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Ч.Энхбаяр,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108010130844 дугаартай 3 хавтас хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 16 дугаар гудамжны зүүн талд амь хохирогч ********“утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь “элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт” бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шар ********той архи уучихаад ажил дээрээ очсон. Тэгээд харьсан. 12 цаг болж байсан. Шар ********тай таараагүй, тийм хүнийг танихгүй. Шар ********той би маргалдаагүй. Тэлөгентэй тэр өдөр таараагүй. Ажлаа хийж яваад шургаж унаад гараа шалбалсан. Үнэн зөв, шударгаар шийдэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдолтой байна. Талийгаач группийн мөнгө авдаг, хааяа хувиараа ажил хийчихдэг байсан. Тэр өдөр талийгаач өглөө 7 цагийн орчимд гэрээс гарсан. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэв.

 

Эрүүгийн 2108010130844 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********н: “...2021 оны 6 сарын 01-ний өглөө 06 цаг өнгөрч байх үед намайг сэрэхэд ********унтаж байсан. Би босоод цай чанаж байтал ********босоод ирэхээр нь “цай уу, хоолоо ид” гэж хэлтэл “үгүй ээ” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр байсан. Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. 15 цагийн үед цагдаагаас залгаад “Дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. 19 цагийн үед очиход “бие нь муу байна” гэж эмч хэлсэн. 22 цагийн үед эмч гарч ирээд “сэхээнд оруулчихлаа, 72 цаг болоод хагалгаанд орно, тэр болтол тэсэж чадвал” гэсэн. Би харих гэж байтал “эмчилгээгээ даалгүй өнгөрчихлөө” гэж хэлсэн.

...Гадуур хамт явж байхад хүмүүс ******** л гэж дуудаад байдаг, мөн гэр бүлийн хүмүүс нь ******** л гэж дууддаг. Энэ хавийн хүмүүс бусдаас ялгах үүднээс Шар ******** гэж дууддаг юм шиг байна лээ. Талийгаач 2021 оны 4 сарын үед байх гар утас худалдаж авлаа гээд жижиг сааралдуу өнгийн Нокиа маркын гар утастай ирж байсан. Тэр утастайгаа байсан байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44, 2 дахь хавтаст хэргийн 138 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.18-ны өдрийн 1050 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсөгт зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд /2021.06.01/ үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 3. Тогтоогдсон гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. 4. Дээрх гэмтэлтэй хүн хэдий хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй. 5. Элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхины шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. 7. 2021.06.02-ны 00:01 минутын анхны үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байжээ. 8. Шинжилгээгээр тэмцэлдсэн ул мөр байхгүй байна. 9. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 10. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 11. Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. 12. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шоконд орж нас баржээ. 13.Талийгаач Ж.********нь В/III/ бүлгийн цустай байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 159-170 дахь тал),

Гэрч **********: “2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр би яаралтай журмаар амь насны заалтаар Ж.********53 настай, эрэгтэй хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндий нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. Элэгний баруун дэлбэн задарсан 5,6,7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Цус ихээр шүүрч цус алдсан байсан. Сул цусыг соруулж задралыг оёж цус тогтоолт хийгээд давхар 5,6 ширхэг сальфетка тавьж тогтоосон. Мэс заслын явцад амьсгал зүрх, судас доголдож улмаар зогсох эрсдэлтэй байсан тул сэхээн амьдруулах эмчтэй зөвлөлдөж мэс заслыг зогсоож өвчтнийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан, архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн. Уг гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэл, хүчтэй цохилт, юманд эвж унаснаас үүсч болох гэмтэл...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч ********: “...2021 оны 06 сарын 01-ний өдөр 07 цагийн орчимд босоод гэрээсээ 07:20 минутын орчим гараад гудамжинд ********, ******** нар “дэлгүүр орчихоод ирж байнаа” гээд надтай зөрсөн. Би дээшээ гудамж өгсөж явж байгаад ****ийн хамаатан ******** гэж дууддаг залуу, ******** нартай тааралдсан. Тэр хоёр “ганц юм уучихмаар байна” гэж гуйхаар нь ******** ах, ******** эгчийн дэлгүүр лүү гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь ********, ******** хоёроос “хэн бэ” гэж асуухад “******** байна” гэж хэлсэн. ******** нь нүүрс зардаг, ******** гэж хочилдог ********байсан. ********, ******** 2 “Өглөө ********, шар ******** гэж дууддаг ********нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. ********цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Одоо бодоход нэг нь шар ******** байсан байх гэж бодож байна.  

...Бид гурав дэлгүүр орох гээд явж байхад цэцэрлэгийн дээшээ 3 хүн явж байсан. ******** ахаас хэн явж байгаа талаар асуухад “********явж байна” гэсэн. Тэр хүмүүсийн зүг харахад нэг нь өндөр туранхай хүн байсан бөгөөд шар ********тай төстэй хүн байсан, тэгээд л шар ******** байна гэж бодсон. Шар ********, ********хоёрыг харсан. Шар ******** нь өндөр туранхай, надаас ах хүн байдаг бөгөөд 2-3 жилийн өмнөөс мэдэх болсон, манай гудамжаар хааяа явж байгаа харагддаг. Шар ******** гэж туранхай, өндөр, буурал орсон толгойтой, шардуу царайтай ах байдаг, би тэрэнтэй архи ууж найзалж нөхөрлөж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141,  3 дахь хавтаст хэргийн 100 дахь тал),

Гэрч ********: “...Намайг бага байхаас буюу 1 жилийн сурагч байхаас шар Дорж гэж хочилж дууддаг байсан. Миний мэдэхийн манай энэ хавьд шар ******** гэх хүн надаас өөр байхгүй. ...Би дээрх хүмүүстэй 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уулзаагүй, 2021 оны 05 сард хөдөө ажлаар явсан, 06 сарын 01-нд хөдөө байсан. Төв аймгийн Заамар сум руу ажлаар яваад 9 сарын 20-ны үеэр ирсэн.

“Би олон жил архи ууж байгаа болохоор ой тогтоолт маш муу, тухайн үед ямар хүмүүстэй ажиллаж байснаа санахгүй байна, ямар ч байсан Төв аймгийн Заамар суманд хамгаалагчаар ажиллаж байсан. Хар ирвэс байхаа андуурч байж магадгүй, тийм нэртэй газарт ажиллаж байсан. Би тухайн газарт 2-3 сар ажилласан санагдаж байна. ******** буюу ********тэй ойрд таараагүй хэзээ таарснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 43-44, 105 дахь тал),

Гэрч ***********сийн: “Би 2021.06.01-ний 08 цагаас 2021.06.02-ны өдрийн 08 цаг хүртэл Сонгинохайрхан дүүрэгт дуудлагын эмчийн үүргийг гүйцэтгэсэн. ...14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 31 дүгээр гудамжинд цус болсон, зодуулсан байдалтай эрэгтэй хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход баруун нүд хөхөрч хавдсан, доод уруулны дотор хэсэг язарсан, цус гарсан шархтай, хэвлий хэсэгт маш хүчтэй эмзэглэлтэй, халуу оргисон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэнтэй хаана архи ууснаа санахгүй байсан. Өөрийн овог, нэрийг хариулахгүй байсан. Би тухайн хүнээс хаана, хэнтэй архи уусан, хэнд зодуулсан талаар асуухад санахгүй байна гэсэн. Их эмзэглэлтэй байсан учир ярихад хэцүү байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал),

Гэрч **************ийн: “...*********** эмч Ж.********гэдэг хүний гэмтсэн дуудлагад анх очиж авсан. Би ГССҮТ-д хүн хүргэж өгөхөөр явж байсан учраас ********гэх хүнийг замаас авч хүргэж өгсөн. Тухайн үед ********нэг их юм ярихгүй, хамраас нэлээн цус гараад байсан. Хэвлий хэсэг рүүгээ хүнд цохиулсан гэж ярьж байсан. Ямар хүнд цохиулсан талаараа хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал),

Гэрч ********: “2021 оны 06 сарын 01-ний өдөр ...09 цаг өнгөрч байхад ******** ахтай дэлгүүр орсон. Дэлгүүрийн үүдэнд хар өнгийн биеийн тамирын өмдтэй, доогуураа кет өмссөн /өнгийг нь санахгүй байна/, дээгүүрээ саарал өнгийн даавуун цамцтай, маск зүүгээгүй, малгай өмсөөгүй шар царайтай 40 орчим насны эрэгтэй хүн таараад “100 татуулчих” гээд гуйхаар нь би “үгүй” гээд явтал араас дагаад, буцаад яваад өгсөн. Тэгээд гэртээ орж ...хувааж уугаад 10 цаг өнгөрөөгөөд дууссан. Тэгээд буцаад дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн.

...Би тэр гудамжинд харсан үсээ дээрээ боосон эрэгтэй хүнийг танина. Би зургийг харлаа (Б.****ын өнгөт гэрэл зургийг үзүүлэв) надтай зөрсөн эрэгтэй хүн биш байна. Тэр хүн нэлээн хар царайтай өөр хүн байсан. Надаас архи гуйгаад араас яваад байсан хүн бас биш байна. Надаас архи гуйгаад араас дагаад байсан бол залуухан, шар царайтай хүн байсан. Би ********буюу ******** гэж дууддаг хүнийг танихгүй.

...Тухайн залуу нь жижгэвтэр үстэй, үсээ толгойн орой хэсэгтээ боочихсон, надтай адил бор царайтай, давхраатай том нүдтэй, 40 гаран насны эрэгтэй хүн байсан, одоо харвал таних байх, багцаа байна. Тэр эрэгтэй тухайн хэрэг болохоос өмнө тэр хавиар хааяа явж байгаа харагддаг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-77, 79 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 117 дахь тал),

Гэрч ********: “...Аав ********2021 оны 06 сарын 01-ний өглөө 6 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. Өдөр 13-14 цагийн орчим ирэхдээ бага зэрэг уучихсан бололтой халамцуу ирсэн. Хувцас болон нүүр нь зодолдсон шинжгүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал),

Гэрч Д.********ын: “********бараг 2000 оноос хойш мэднэ, эхнэр нь манай энэ хавьд нүүрс зардаг. Сүүлд 2021 оны 4 дүгээр сард таарахад ТҮК-ийн хувцас өмсчихсөн тааралдсан. Шар ******** буюу ********гэх хүнийг зүс мэднэ, хааяа манай тэр хавиар явж байгаа харагддаг. Шар ******** буюу ********ийг багаас нь танина, манай тэндэхийнх. ...2021 оны 06 сарын 01-ний өглөө 7 цаг өнгөрч байхад босоод гарч ********ынд орж тамхи өгчихөөд буцаж гараад дэлгүүрээс хүүхдэд бэлэг авч өгчихөөд ********ынд орж архи уусан. 13 цагийн үед гэр лүүгээ орж унтсан. ...Одоо саналаа, тухайн өглөө ******** бид хоёрыг гудамжаар явж байхад ******** гэж дууддаг ******** гэх казак залуу дэлгүүрээс бууз, тамхи авчихсан явж байхаар нь “ганц юм аваад өг” гээд архи авахуулаад бид гурав ********ынд орж уусан. Тухайн үед ********, ******** бид гурвыг явж байхад ********, ********нар хажуугаар явж байсан үгүйг үнэндээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 146 дахь тал),

Гэрч Ш.********ын: “...Би хэдний өдрийг санахгүй байна. Ямар ч байсан ********тай явж байгаад ********тэй өглөө 7-8 цагийн үед таарсан. Тэр үед ********, ********нартай таарснаа санахгүй байна. Намайг ******** гэж дууддаг. ..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 149-150 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.06.11-ний 04/201 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч гэх Б.********ын гарын хээний дардас өмнө нь МN0002100188278, 2705969 дугааруудаар 2 удаа бүртгэлтэй байна. 2. Эрүүгийн 2108010130844 дугаартай хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Б.********ын биед хийсэн үзлэгээр авсан гарын дардас болон 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан архины шил болон хуванцар савны хэсэгт тусгай мэдлэг бүхий шинжээчээр шинжилгээг хийлгэх шаардлагатай гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан архины шил /Хараа 0,5л/, хуванцар савны хэсгээс гарын мөр илрээгүй. Иймд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй харьцуулан шинжлэх боломжгүй” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 191-195 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.06.10-ны өдрийн 1640 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 130мм, 140мм, саарал өнгийн дотуур өмдөнд 90мм чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамцанд 804мм, 600мм, хагас ханцуйтай саарал өнгийн цамцанд 290мм, 260мм, 505мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. /Хувцаснуудыг тайлах зорилгоор хайчаар үүсгэгдсэн байж болно/...” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 198-206 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.06.28-ны өдрийн 2718 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.********ын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээр цус илэрсэн тул шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын 9 хурууны хумснууд дээр цус, шүлс болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Сэжигтэн Б.********ын гэх хумсны ДНХ-ийн тогтоц нь биологийн лабораторийн 3235 дугаартай ******* гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 230-233 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.06.28-ны өдрийн 2717 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд дээр цус илэрсэн. ...4. Саарал өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 2718 дугаартай ********гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 237-240 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.08.16-ны өдрийн 3167 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын дээж №3 болон №6 нь шинжилгээнд тэнцэнэ. 2. №3 болон №6 дээрээс хүний цус илэрсэн. 3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 4. Уг илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь ДНХ-ийн шинжилгээний 3166 дугаартай ********гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.08.16-ны өдрийн 3166 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн архины шил, хуванцар сав шинжилгээнд тэнцэнэ. 2. Хуванцар саван дээрээс хүний цус илэрсэн, шүлс илрээгүй. 3. Архины шил дээрээс цус, шүлс илрээгүй. 4. Хуванцар саван дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь биологийн шинжилгээний илгээх бичгийн 3185 дугаартай ********гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.02.17-ны өдрийн 746 дугаар дүгнэлтэд: “1. Биологийн лабораторийн 2021 оны 3267 илгээх бичгийн дугаартай ********гэх хатаасан цусны ДНХ тогтцыг тогтоов. 2. Б.********ын ДНХ тогтоц нь 2021.06.28-ны өдөр шинжээч Б.Шинэбаярын гаргасан 2717 дугаартай дүгнэлтэнд дурдсан сэжигтэн ********ын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоц, 2718 дүгнэлтэд дурдсан сэжигтэн ********ын гэх баруун гарын эрхий хурууны хумсан дээрээс илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ (3 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.07.05-ны өдрийн 2649 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр АВО В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн. 2. №6 гэсэн гялгар уутанд хийсэн марль дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалал болон хүн, амьтаны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 160-161 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.07.05-ны өдрийн 2648 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ice tea гэсэн бичигтэй хуванцар саван дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй. ice tea гэсэн бичигтэй хуванцар саван дээр цус илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 3. Арвай гэсэн бичигтэй архины шилэн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэжээ (2 дахь хавтаст хэргийн 166-167 дахь тал),

Шүүгдэгч Б.********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2021 оны 6 сарын 01-ний өглөө 7 цагийн үед босоод гэрээс гарч “********” ТҮК луу явах гээд зам уруудаж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын хойд талд тэр хавиар байдаг Шар ******** гэж дууддаг залуутай таарсан. Нокиа маркын гар утас байна гээд цэнхэр өнгийн гадаргуутай, товчлууртай утас хальт үзүүлээд “Дотор муу байна, шар тайлаад өгөөч” гэж гуйсан. Надад 5000 төгрөг байсан учир ********г 7 дугаар хорооны замын зүүн талд байрлах шар дэлгүүр лүү оруулсан. Тухайн үед 8 цаг болж байсан байх. Тэгээд шар ******** 0,5 литрийн Хараа архи авч гарч ирээд замын зүүн талд гудамжинд бид хоёр уусан. Тэгээд шар ******** архи ууж байхад надад өгнө гэж байсан гар утсаа “өгөхгүй” гэхээр нь би “авахгүй” гэсэн. Шар ******** утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид 2 маргалдсан. Шар ******** миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар 1 удаа цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар ********гийн элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Ноцолдож байгаад явахад Шар ******** газар суугаад үлдсэн. Би ажилдаа автобусаар 09 цаг 30 минутын үед очоод буцаад 10 цаг 30 минутын үед гарч, гэртээ ирэхэд 12 цаг 30 минут болж байсан, дахиж гэрээсээ гараагүй. Шар ********тай таарах үед түүнд ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Биеийн байдал хэвийн ямар нэгэн өвчин эмгэг яриагүй. Ам хамраас цус гарсан зүйлгүй, нүүрэнд хөхөрч хавдсан зүйл байгаагүй. ...Тухайн өдөр өмсөж байсан ажлын цэнхэр куртик гэрт байгаа. Одоо харин жинсэн өмд, цагаан өнгийн пүүз, улаан өнгийн саравчтай малгайг би өмссөн байна. Шар ********тай зодолдоход миний ажлын цэнхэр куртикны 2 сугыг урсан. Намайг цагдаагийн алба хаагчдаас айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Би болсон хэргийн талаар өөрөө сайн дураараа ярьж байгаа...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 16-18, 24-26 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.16-ны өдрийн 4862 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.5. Б.********ын биед зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Б.********ын цус нь 1-р бүлгийн харьяалалтай байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.06.23-ны өдрийн 457 дугаар дүгнэлтэд: “1. ********нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. ********нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж, хяналтанд байсан талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 3. ********нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. ********нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5. Б.********т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 6. Б.********ын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх баримт үгүй байна. 7. Б.********ын сэтгэцийн байдал түр сарнисан гэх баримт үгүй байна” гэжээ (1 дэх хавтаст хэргийн 224-225 дахь тал),

хэргийн газрын үзлэг хийсэн “...уг хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны 31-р гудамжинд болсон гэх ба төв засмал замын баруун талд 7-р хорооны автобусны буудлын баруун талд 31-р гудамжны 26 гэх дугаартай ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны зүүн талд цагаан саарал өнгийн модон хашааны урд талд хохирогч хэвтэж байсан гэснийг шинжээч 3 гэж дугаарлав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 6-9 дэх тал),

хүний биед үзлэг хийсэн “********нь улаан саравчтай малгайтай, цэнхэр өнгийн амны хаалт зүүсэн, саарал өнгийн улаан оруулгатай урдаа цахилгаантай биеийн тамирын цамцтай, саарал өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, түүний дотуур саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, цэнхэр өнгийн дотуур өмдтэй, цагаан өнгийн үдээстэй кет өмссөн, саарал өнгийн оймстой, хүрэн өнгийн цэрэг тэлээтэй байв. Хувцсыг тайлуулан үзэхэд 160 см өндөр нуруутай, хар өнгийн үстэй, үсээ дээрээ боосон байдалтай, биед ил харагдах шивээс болон хагалгааны сорви үгүй байв. Баруун хөмсөгний дээд хэсэг болон зүүн нүдний чамархай хэсэгт халцарсан шархтай, баруун гарын дунд болон ядам хуруу, хурууны үе хэсэгт халцарсан, баруун өвдөгний доод хэсэгт халцарсан, зүүн өвдөгний шилбэний урд хэсгээр халцар шархтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 27-32 дахь тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Б.********аас хаашаа явах талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудал руу явна гэж жолоочид өөрөө замыг зааж явсаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах ногоон өнгийн авто засварын хойд талд явган хүний зам дээр “Шар ********” гэж дууддаг хүнтэй таарч уулзсан гэж өөрөө заав. “Шижир” хүнсний дэлгүүрийн урд талын хашааны завсраар архи авсан гэж заав. ...7 дугаар хороо, Баянхошууны 7 дугаар гудамжаар дээш өгсөн гудамжны үзүүрээр урд зүгт эргэхэд үзүүрт бетонон суурь байх бөгөөд уг газарт Шар ********тай дэлгүүрээс авсан 0,5 литрийн Хараа архи хувааж уусан гэж өөрөө заав. ...бетонон суурьны баруун талд Хараа нэртэй архины хоосон шил 1 ширхэг, хуванцар тал савны хамт байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Яллагдагч нь Шар ******** гэж дууддаг хүнтэй архи уусан газрын хажууд зодолдсон гэж заах бөгөөд түүний дараа ертөнцийн зүгээр хойд зүгт явж худагтай 18 дугаар гудамжаар буцаж ганцаараа явсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 33-39 дэх тал),

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч ********г оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр наасан 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны мэдүүлэгт дурдсан шар ******** гэж дууддаг ********гэгчийг та таних уу, хэрэв байвал та зурганы дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч Ж.******** үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг харж байгаад 6 дугаарт байгаа амь хохирогч ********гэрэл зургийг зааж энэ шар ******** мөн байна, өндөр яг ийм царайтай хүн байдаг, би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 87-89 дэх тал),

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч ***********ийг оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээтэй цаасан дээр хэвлэсэн 6 хүний гэрэл зургийг үзүүлж таны 2021.06.03-ны өдөр өгсөн мэдүүлэгт дурдсан бор царайтай үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн гэж мэдүүлсэн байна, тэр хүн энэ дотор байна уу, хэрэв байгаад таньж байвал та зурагны дээд талд байгаа тоог зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад гэрч ********түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч Б.********ын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна, миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн, царайны төрх мөн байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 118-120 дахь тал),

Дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтас, 4 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, 10-12 дахь тал), гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтас, 21-22 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (1дэх хавтас, 49 дэх тал), насанд хүрээгүй гэрч ********ын мэдүүлэг (1 дэх хавтас, 118-120 дахь тал), гэрч ********ын мэдүүлэг (1 дэх хавтас, 137-138 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дэх хавтас, 151-151 дэх тал), шинжээчийн 04/189 дүгээр дүгнэлт (1 дэх хавтас, 177-180 дахь тал), хохирлын баримтууд (2 дахь хавтас, 239-243 дахь тал), амь хохирогч ********АСАП сангийн лавлагаа (2 дахь хавтас, 38-44 дахь тал),

шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтас, 87 дахь тал), ажлын цагийн бүртгэлийн хуулбар (2 дахь хавтас, 115-120 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (2 дахь хавтас, 105-109 дэх тал) зэрэг баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2021 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянхошууны 31 дүгээр гудамжинд ********утсаа өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан хүнийг алсан үйлдэл болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 3,866,400 төгрөг нэхэмжилсэн нь төлөгдөөгүй тул гаргуулах саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохирлоо барагдуулмаар байна” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахад өмгөөлөгч оролцуулж, эрхийг нь хангасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж үзэж байгаа. Олон тооны шарх үүсгэж, өвтгөн зовоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэлийг хүндрүүлэх нь зөв байна. Амь хохирогч, шүүгдэгч нар хэрэг гардаг өдөр уулзсан, урт үстэй хүн зөрсөн, ********ын биед гэмтэл учирсан зэрэг нь тогтоогдсон. Оршуулгын зардалд 3,8 сая төгрөгийг гаргуулж өгнө үү. Амь хохирогч 52 настай байсан, 68 нас дундаж нас гэвэл 16 жилээр бодож 57,6 сая төгрөгийг мөн гаргуулж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр “Гэрч ******** “********таньдаггүй байсан. Явсан байх аа” гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг нотолж чадахгүй байна. Гэрч ********, Бек нарын мэдүүлэг ********ий мэдүүлгийг нотолж чадаагүй, мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй. ********хохирогчтой архи уугаагүй гэдэг нь архи, ундааны саван дээрээс гарын хээ илрээгүй гэдгээр тогтоогдоно. Архи уусан болон хэрэг болсон газар замын зүүн, баруун талд байдаг. Шар ********той архи уусан гэдэг тул ********хэрэг гарахад байгаагүй болох нь нотлогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “Шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр яллахгүй. Гэрч ********ий мэдүүлэг эргэлзээтэй. ********, ********ын өнгөт зургийг харуулахад “энэ хүн биш байна” гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй. Онц харгис аргаар үйлдээгүй. Шүүгдэгч тухайн үед охиныхоо утсаар ярьсан байдаг. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлээгүй гэж манай үйлчлүүлэгч хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ заасан байдаг тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж,

иргэдийн төлөөлөгч “Гэм буруутай эсэх нь гүйцэд нотлогдохгүй байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Тодруулбал хэрэгт авагдсан гэрч ******** “...буцаад дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн, ...тухайн залуу нь жижгэвтэр үстэй, үсээ толгойн орой хэсэгтээ боочихсон, надтай адил бор царайтай, давхраатай том нүдтэй, 40 гаран насны эрэгтэй хүн байсан, одоо харвал таних байх багцаа байна. Тэр эрэгтэй тухайн хэрэг болохоос өмнө тэр хавиар хааяа явж байгаа харагддаг байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас,117 дахь тал), гэрч ******** “...дэлгүүр рүү гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь ********, ******** хоёроос “хэн бэ” гэж асуухад “******** байна” гэж хэлсэн. ********, ******** 2 “өглөө ********, шар ******** гэж дууддаг ********нартай цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. ********цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан. Би тэр хүмүүсийг таниагүй. Одоо бодоход нэг нь шар ******** байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 140-141,  3 дахь хавтас, 100 дахь тал)-үүдээр шүүгдэгч ********нь тухайн хэрэг гарсан өдөр амь хохирогч ********уулзсан, хамт явж байсан болох нь тогтоогдож байна.

Харин гэрч ******, Ж.******** нарын тухайн өдөр харсан гэх хүмүүс нь амь хохирогч **********, шүүгдэгч ********нар мөн болохыг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч Ж.******** үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг харж байгаад 6 дугаарт байгаа амь хохирогч ********гэрэл зургийг зааж энэ шар ******** мөн байна, өндөр яг ийм царайтай хүн байдаг би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтас, 87-89 дэх тал), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “...гэрч ********түүнд үзүүлсэн 6 хүний гэрэл зургийг 2 удаа дахин харж байснаа 1 дугаарт байгаа яллагдагч Б.********ын гэрэл зургийг зааж энэ тэр хүн мөн юм шиг байна, үсээ дээрээ боочихсноор нь харсан болохоор энд дандаа бага үстэй хүмүүс байгаа болохоор сайн танихгүй байна, миний багцаагаар 1 дугаарт байрлуулсан зурган дээр байгаа шиг ийм хүнтэй зөрсөн царайны төрх мөн байна гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтас, 118-120 дахь тал)-ээр нотлон заажээ. Мөн шүүгдэгч Б.********ын биед үзлэг хийсэн “...Хувцсыг тайлуулан үзэхэд 160 см өндөр нуруутай, хар өнгийн үстэй, үсээ дээрээ боосон байдалтай, биед ил харагдах шивээс болон хагалгааны сорви үгүй байв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтас, 27-32)-ээр дээрх гэрч нарын дүрсэлсэн хүнтэй таарсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ********нь “тухайн өдөр Шар ********тай биш Шар ********той явж байсан” гэх боловч хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй, мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд харин гэрч ********с хууль сануулж авсан  “...Би дээрх хүмүүстэй 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уулзаагүй, хөдөө байсан. Би 2021 оны 05 сард хөдөө ажлаар явж, 09 сарын 20-ны үеэр ирсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтас, 43-44, 105 дахь тал)-ийг үгүйсгэсэн, дээрх гэрчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо эргэлзээ бүхий зөрүүгүй тул тухайн өдөр Шар ******** буюу С.******** нь шүүгдэгчтэй хамт байсан гэдэг нь хангалттай нотлогдсонгүй гэж үзлээ.

Шүүгдэгч өөрийн гэм буруугүйг, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөхгүй. Шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд хууль сануулж үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардахыг өөрөөр нь хэргийн байдлыг нотлуулсан гэж үзэхгүй.

Шүүгдэгч Б.********т хууль сануулж, сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын тэнд Шар ********тай таарсан. Тэр ганцаараа явж байсан бөгөөд Нокиа маркын товчлууртай утас хальт үзүүлээд “шар тайлаад өгөөч” гэж гуйсан. Надад 5000 төгрөг байсан учир ********г 7 дугаар хорооны замын зүүн талд байрлах шар дэлгүүр лүү оруулж архи авсан. Тухайн үед 8 цаг болж байсан байх. Бид хоёр архиа гудамжинд нэг удаагийн хуванцар аягаар уусан. Шар ******** архи ууж байхад надад өгнө гэж байсан гар утсаа “өгөхгүй” гэхээр нь би “авахгүй” гэсэн. Шар ******** утсаа халаасандаа хийсэн бөгөөд бид хоёр маргалдсан. Шар ******** миний толгойн зүүн дагз хэсэгт газар байсан чулуугаар цохих шиг болоход би газар унаад босож ирээд шар ********гийн элэг рүү баруун гараараа нэг удаа цохиод, зүүн хацар хэсэгт 1 удаа шанаадсан. Тэгээд ноцолдож байгаад явахад Шар ******** газар суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтас, 16-18, 24-25) нь бусад эх сурвалжаар буюу гэрч Ж.********, ********болон бусад гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Харин шүүгдэгч “Тухайн өдөр би хүнтэй маргалдаагүй, ажлаа хийж байгаад шургаж унаад гараа шалбалсан” гэж мэдүүлсэн ч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаар шүүгдэгчид учирсан “зүүн зовхи, өвдөг, шилбэ, баруун хөмсөг, сарвуу, өвдөг, шилбэ, цээжинд зулгаралт гэмтэл”-үүдийг өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирогчийн өмгөөлөгчийн “Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хүндрүүлэх” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах” ойлголт нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг. Түүнчлэн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхыг шаарддаг ойлголт юм.

Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь амь хохирогчийг цохих, шанаадах зэргээр зодон олон тооны шарх, гэмтэл учруулсан байх боловч гэмтлээс шалтгаалсан өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, зовж зүдрэхээр байдал бий болгосон, шүүгдэгчийн үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарласан, үр дагаврыг урьдчилан харж хүсэж үйлдсэн, түүнчлэн уг үйлдэлдээ хандсан шүүгдэгчийн сэтгэхүйн харьцаа зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.        

Иргэдийн төлөөлөгчийн “гэм буруутай эсэх нь гүйцэд нотлогдохгүй байна” гэх дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх үзэв. 

 Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********согтуурсан үедээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 31 дүгээр гудамжинд хохирогч ********“утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********н “...********босоод ирэхээр нь “цай уу хоолоо ид” гэж хэлтэл “үгүй ээ” гээд хүйтэн ус уугаад хувцсаа өмсөөд гараад явчихсан. Тэр үед нүүр нь зүгээр байсан. Гэрээс гарахдаа эрүүл байх шиг байсан. ...15 цагийн үед цагдаагаас залгаад “дүү чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-43-44), шүүх эмнэлгийн 1050 дугаар “1. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний 5,6,7-р сегментийг хамарсан задарч, урагдсан шарх, элэгний эдийн няцрал, цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун хацар, хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын шугаман хугарал, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 5. Дээрх элэгний задрал, урагдал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт, баруун хацар, хоншоор ясны хугарал 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, баруун зовхи хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт баруун нүдний салстад цус харвалт, баруун зовхинд шарх, баруун хөмсгөнд зулгаралт, баруун хацарт зулгаралт, цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар  хөнгөн зэрэгт хамаарна. ...Талийгаачид эмнэлгийн зохих үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. 12. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл элэгний эдийн урагдал, задралын улмаас цочмог цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэх шинжилгээ (1 дэх хавтас, хх-159-164), гэрч ************* “...би яаралтай журмаар амь насны заалтаар Ж.********53 настай, эрэгтэй хүний биед хагалгаа хийсэн. Хэвлийн хөндий нээхэд их хэмжээний цэвэр цустай, давхар цусан хураатай байсан. Бат-Эрдэнийн элэгний баруун дэлбэн задарсан 5,6,7-р сегментийг хамарсан том хэмжээнд задарсан байсан. Өөрийнх нь асуумжаар бусдад зодуулсан8 архи уусан болохоор хэнд зодуулснаа санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-47), гэрч ******** “...2021 оны 06 сарын 01-ний өдөр ... дэлгүүр ороод харьж явахад гудамжны буланд нэг танихгүй настай ахын нүүр хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хажуугаар нь гараад цааш явж байхад урдаас бор царайтай, үсээ дээрээ боосон 40 гаран насны эрэгтэй хүн зөрсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, 75-77), гэрч ******** “...2021 оны 06 сарын 01-ний өдөр ...Төмөрөө ах, Сараа эгчийн дэлгүүр рүү алхаад гудамж өгсөөд явж байхад 30-40 метр зайд ажлын хувцастай хүн ганцаараа алхаж явахаар нь ********, ******** хоёроос “хэн бэ” гэж асуухад “******** байна” гэж хэлсэн. ******** нь нүүрс зардаг ********байсан. ********, ******** 2 “өглөө ********, шар ******** гэж дууддаг ********нартай манай гудамжнаас дээшээ байдаг цэцэрлэгийн үүдэнд тааралдсан, тэр хоёр мөнгөтэй явж байна лээ, дэлгүүрээс архи авч чадахгүй байна” гэж ярьж байсан. ********цэцэрлэгийн гудамжинд өөр хоёр хүнтэй нийлээд цаашаа алхаад явчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтас, хх-140-141), яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дэх хавтас, хх-33-39), гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (3 дахь хавтас, хх-87-89, 118-120) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.********ын согтуурсан үедээ амь хохирогч ********“утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан нүүр, хэвлий орчим нь цохиж зодон алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** оршуулгын зардалд баримтаар 3,866,400 төгрөг нэхэмжилсэн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгчийн “Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч Б.********аас 3,866,400 төгрөг гаргуулж, ******** (*********)-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 57,6 сая төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хэлэх зүйлгүй” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр “Хохирол барагдуулах талаар чармайсан ч чадсангүй. Хохирол төлөхөө амлаж байгаа” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурч, шүүгдэгч нь хохирогчийг “гар утсаа өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан нүүр, хэвлий хэсэг рүү цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 3,866,400 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.********ын 2021.06.04-ний өдрөөс 2021.06.06-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, 2021.06.10-ны өдрөөс 2022.01.11-ний өдрийг хүртэл 214 хоног, 2023.03.20-ны өдрөөс 2023.03.27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоног, нийт 223 (хоёр зуун хорин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчоос хураан авсан гэх хөх өнгийн цэнхэр саравчтай малгай 1 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай гадуур хүрэм 1 ширхэг, бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хагас ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, шүүгдэгчээс хураан авсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн үдээстэй кет 1 хос, Хараа архины шил 1 ширхэг, хуванцар тал сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******** овогт *********ийн ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********10 (арав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.********ын цагдан хоригдсон 223 (хоёр зуун хорин гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, амь хохирогчоос хураан авсан гэх хөх өнгийн цэнхэр саравчтай малгай 1 ширхэг, бор ногоон өнгийн малгайтай гадуур хүрэм 1 ширхэг, бор шаргал өнгийн хөндлөн судалтай цамц 1 ширхэг, хагас ханцуйтай саарал өнгийн цамц 1 ширхэг, хар хөх өнгийн хилэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай хар өнгийн дотоож 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн гутал 1 хос, шүүгдэгчээс хураан авсан гэх цэнхэр өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хагас ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, улаан өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн үдээстэй кет 1 хос, Хараа архины шил 1 ширхэг, хуванцар тал сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********аас 3,866,400 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** (**************)-д олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********т тус шүүхийн шүүгчийн 2022.01.11-ний өдрийн 2021/ЦХШЗ/14 дүгээр захирамжаар авсан “Гэрч Ж.********, С.******** нартай уулзах, харилцаа холбооны хэрэгслээр холбогдохыг хориглох, ********хотоос гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023  оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР

 

             ШҮҮГЧИД                                  Б.ДАШДОНДОВ

 

                                                        Ц.УРАНГУА