Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 551

 

 Нп ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02873 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Нп ХХК-ийн хариуцагч Нр ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид 20 550 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгч Нп ХХКболон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 1 сарын хугацаатай түрээсийн гэрээг байгуулан, түрээсийн 1 сарын төлбөр 9 000 000 төгрөг ба гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон. Гэвч Нр ХХК нь одоог хүртэл түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй юм. Бид түрээслэсэн хугацаа болон түрээсийн төлбөр дээр 2015 оны 10 дугаар сард тооцоо нийлэхэд 13 700 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 682 хоног өнгөрөөд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа өнгөрсөн учир эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй. Хариуцагч 2 700 000 төгрөгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж байгаа боловч түрээсийн гэрээг 8 дугаар сарын 20-ныг хүртэл 1 сараар сунгасан. Дахин бичгээр сунгаагүй ч Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг сунгасанд тооцох бөгөөд хариуцагч тал техникийг тооцоо нийлэх өдөр хүртэл өөрийн эзэмшилд байлгасан. Хариуцагч тал тооцоо нийлээд 13 700 000 төгрөгийн төлөлттэй гэж гарсан ба уг үнийн дүнд хэн алин нь маргахгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 182 хоногийн алдангийг 0.1 хувиар тооцоход 50 хувиас хэтэрч байх тул 6 850 000 төгрөг, нийт 20 550 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Нр ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "М" ХХК-тай шороон далангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан уг гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллан авто замын шороон далангийн ажлыг хийж гүйцэтгэх, ерөнхий гүйцэтгэгч “М" ХХК нь cap бүрийн гүйцэтгэсэн ажлын хувиар тооцон гэрээний санхүүжилтийг төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч "М" ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Манай компани уг шороон далангийн ажил гүйцэтгэхэд 26 тоот гэрээний дагуу Нп ХХК-наас 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр V2-16 доргиурт индүүг түрээслэсэн. Түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөр 13 700 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Учир нь ерөнхий гүйцэтгэгч "М" ХХК нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж, манай компанид ихээхэн хохирол учраад байна. Иймд 26 тоот түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй байгаа мөнгөн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги буюу 9 343 400 төгрөгийг бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч Нп ХХК-ийн төлөөлөгч нартай удаа дараа уулзаж бодит нөхцөл байдлыг тайлбарлаж байсан болно. Манай компани ерөнхий гүйцэтгэгч "М" ХХК-ийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01354 дугаартай шийдвэрээр хариуцагч "Монроуд" ХХК-иас 408 187 950 төгрөгийг гаргуулж Нр ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Тиймээс нэхэмжлэгч Нп ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр болох 13 700 000 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргаж өгөх боломжгүй учир Ниссан патрол машинаар төлөх боломжтой гэжээ. Гэрээ дуусгавар болсны дараа техникийг дахин 10 сард түрээслэхдээ 1 өдрийн 300 000 төгрөгөөр тооцон 9 хоногийн төлбөр 2 700 000 төгрөг гэж амаар тохирч түрээслэсэн бөгөөд 13 700 000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй нь үнэн. Иймд 10 сард техникийг 9 хоног ашиглахдаа түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй учир 2 700 000 төгрөгт алданги төлөхгүй. 11 000 000 төгрөгийн алдангийг 50 хувиар тооцоход 5 500 000 төгрөг, нийт 19 200 000 төгрөг төлөх ёстой боловч ерөнхий захиалагчаас шалтгаалан манай байгууллагын бизнесийн үйл ажиллагаа зогссон учир алдангийг төлөх санхүүгийн боломж байхгүй. Гэрээний 3.2-т гэрээг 1 сарын хугацаатай байгуулах ба А талын санаачилгаар сунгана гэж заасан бөгөөд манайх 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ашиглаад буцаан өгсөн ба 10 cap хүртэл техник нэхэмжлэгчид байсан. Гэрээг сунгасан гэх үндэслэл байхгүй учир үндсэн төлбөр 13 700 000 төгрөгийг 2018 оны 1, 2, 3 сард хуваагаад төлөх байдлаар эвлэрэх саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нр ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 19 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулах нөхцөлийг тохиролцсон боловч нэхэмжлэгч нь шүүх хурал дээр эвлэрлийн гэрээ байгуулахаас татгалзсан болно. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, түүнийг оролцуулаагүйгээр шүүх хуралдаан явуулсан нь өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Нп ХХКнь түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 20 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч үндсэн төлбөр 13 700 000 төгрөгийг бэлэн мөнгөөр бус Ниссан патрол автомашинаар төлөх боломжтой, алданги төлөхгүй гэж маргажээ. /хх.23/

 

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх боловч 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 184/ШШ2017/02873 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эсэхийг лавлахад “утас нь холбогдохгүй байна, би өөрөө өмгөөлөгчгүй оролцоно” гэж тайлбар өгсөн. /хх.68 дугаар талын ар/ Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болох шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасантай холбоотойгоор шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан байна. /хх.53, 56 дугаар талын ар/

 

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Аын паспортны хуулбарт гадаад улс руу гарсан дардас бүхий баримт хэрэгт авагдсан байна. /хх.58,60/ Шүүгчийн туслах хариуцагчийн өмгөөлөгчид тухайлан шүүх хуралдааны тов мэдэгдээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэж байсан бөгөөд шүүх хуралдаан дээр өмгөөлөгчгүй оролцох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тайлбар өгсөн байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрх, хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг шүүх зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болнл. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.

 

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 26 дугаартай түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөг, урьдчилгаанд 1 000 000 төгрөг өгөхөөр, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцож, мөн түрээсийн гэрээг дахин 1 сараар сунгасан, гэрээг бичгээр байгуулсан болох нь хэргийн 6,7 дугаар талд авагдсан түрээсийн гэрээ гэх баримтаар тогтоогдож байна. Түрээсийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол тус гэрээний 4.4-т алданги төлөх үүргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийцүүлэн тогтоосон байна.

 

Түрээсийн зүйлийг гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 10 дугаар сард ашигласан нь талуудын тайлбараар тогтоогдсоноос гадна, талууд тооцоо нийлсэн баримт үйлдсэн /хх.8/, уг үйл баримтын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хэргийн 61-66 дугаар талд хариуцагч компани бусдаас авах өр төлбөрөө авч чадахгүй байгаа гэх нөхцөл байдлыг нотлох талаарх шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж баримтаар авагдсан байна. Эдгээр нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийг багасгах нөхцөлд хамаарч болох боловч талуудын гэрээнд анзыг хоногт 0.1 хувиар тооцно гэж заасан, тооцоо нийлж үүргийг тодорхойлсон 2015 оны 10 дугаар сараас хойш 2 жилийн хугацаа өнгөрснөөс үзэхэд анзын хэмжээг хэт их гэж үзэх боломжгүй байгаагаас гадна, 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ хуульд зааснаар хязгаарлагдсан байна. Иймд анзын хэмжээг тодорхойлж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотолсон баримтыг үнэлсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/02873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 253 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                                               ШҮҮГЧ                                     Б.НАРМАНДАХ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ