| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2021/0048/З |
| Дугаар | 112/ШШ2022/0001 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 112/ШШ2022/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Н.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* М.М
Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн П.Г нарын хоорондын ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай Н.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******* сумын *******д холбогдуулан ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай Н.Эт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь анх ******* сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Харин Н.Эийг төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд заасан хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн (3-аас дээш) удаа албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй, Ажлын байранд ажлын цагаар болон томилолтын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Н.Э миний бие Говь-Алтай аймгийн ******* сумын Үйлдвэр багт амьдардаг. 2001-2005 онд Орхон их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2005-2006 онд ******* сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар, 2006 онд Тамгын газрын даргаар, 2007 онд Байгаль орчны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр, 2009-2013 онд дотоод ажил шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2009 онд төрийн албаны шалгалт өгч 2009 оны 11 сарын 26-ны өдөр тангараг өргөсөн. Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд 2013 онд орж тэнцсэн. Говь-Алтай аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 06 сарын 11-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн Сумын Засаг даргын 2013 оны 06 сарын 24-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2021 ны 08 сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. Төрийн жинхэнэ албанд 2005 оноос хойш 16 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ёс зүйн зөрчил, ажлын алдаа дутагдал гаргаагүй. 2020 онд Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн. Гэтэл ******* У.О нь 2021 оны 08 сарын 02-ны өдөр “Нямын Эрдэнэбилэгт сахилгын шийтгэл ноогдуулах тухай ” Б/20 дугаар захирамж гаргасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь энэ захирамжид дурдсан шиг ямар нэгэн зөрчил, ажлын алдаа дутагдал гаргаагүй. Үүнд: Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргаань болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчөөгүй. Ёс зүйн зөрчлийн шийтгэл хүлээж байгаагүй. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалттай биелүүлж байсан. Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд жил бүр санхүүгийн баримтаа аудитын байгууллагаар хянуулж байсан. Ажлын байранд, ажлын цагаар болон томилолтын хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Байгууллагын дотоод журмыг зөрчөөгүй.
Дээрх зөрчлүүдийг гаргасан хэмээн ажлаас халсан нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дах заалт. Жич: Дээрх захирамж нь миний ээлжийн амралттай байх хугацаанд гарсан. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам” зэрэг хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна.
М.М даргатай албан ёсоор гэрээ байгуулаагүй. Аймгийн *******тай сумын ******* гэрээ байгуулсны дараа *******тайгаа байгуулдаг. *******тай сумын ******* 04 дүгээр сарын сүүлээр гэрээ байгуулсан. О даргад өгсөн гэрээг гарын үсэг зурахгүй, тамга дарж өгөхгүй байсан. Надтай гэрээ байгуулаагүй явж байгаа.
Хариуцагч талаас бүрдүүлж өгсөн баримтуудтай нэг бүрчлэн танилцсан. Нотлох баримтаар өгсөн гэрээнүүдийг зөвхөн Засаг даргын Тамгын газрын дарга хариуцдаггүй. Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулж дараа нь комиссоор хүлээж авдаг байгаа. Хариу тайлбарыг би хүргүүлсэн. Гэрээ байгуулагдаж гарын үсэг зурагдаагүй байсан учир хагас жилийн тайлан дүгнэгдэх боломжгүй байсан. Аудитын газрын тайланг нягтлангаар гаргуулаад гарын үсэг зураад хүргүүлсэн байгаа. Мөн алба хаагч нарт арга хэмжээ авч хариу мэдэгдээгүй гэдэг тоот ирсэн байсан. Албан хаагч нартай зөрчил гаргаагүй байхад арга хэмжээ авах биш.Тэгээд арга хэмжээ аваагүй байгаа. Иймд Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай Н.Э сахилгын шийтгэл ноогдуулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, Хүчингүй болгож, Засаг даргын тамгын газрын даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм тайлбартаа: Н.Э нь 2013 онд томилогдсон байдаг. Томилохдоо төрийн албан хаагчийн нийтлэг болон тусгай шаардлага, төрийн удирдах албан тушаалтны шалгалтыг өгч тэнцсэн талаар нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн асуудалгүй талаар лавлагааг гаргаж өгсөн байгаа. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж тухайн маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн байдаг. Тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй шууд ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал харагддаг. Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн ажиллагаанд оролцох эрхээр хангаж сонсох ажиллагаа хийлгүйгээр тухайн тушаалыг үйлдсэн байдаг. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д зааснаар тухайн захиргааны акт нь хуульд үндэслэх ёстой, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимтай. Энэ зарчмуудыг зөрчиж тухайн актыг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж ярьж байгаа. Үүн дээр ямар хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Мөн уг хуулийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах гэсэн. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээс ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүй болох нотлох баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан төрийн албанаас халах сахилгын арга хэмжээг хэрэглэсэн. Мөн Төрийн аудитын тухай хуулийн 42.1, 42.4 дэх хэсэгт заасан төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн. Гэхдээ ямар үндэслэлээр 42.1, 42.4 дэх хэсгийг хэрэглээд байгаа талаар захирамжлах хэсэгт тодорхой дурдаагүй байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж байгаа. Энэ нь ямар учиртай гэдэг үндэслэл нь тодорхойгүй. Төрийн албаны сахилга дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэг гэж дурдсан боловч ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөөд байгааг тодорхой дурдаагүй байгаа. Дотоод журмын заалт байгаа. Ямар эд хөрөнгийн хохирол учруулсан нь тодорхойгүй, хэнээс ямар ажил үүргийг биелүүлээгүй талаар нотлох баримтаа ирүүлээгүй.
Дотоод журамд заасан ямар зөрчлийг гаргасан нь тодорхойгүй. Тухайн актын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Тухайн актыг үйлдэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох үүргийг хүлээж ордог. Хариуцагч талаас өөрийн гаргаад байгаа тайлбарыг үндэслэсэн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Энэ үүргээ хэрэгжүүлж ороогүй байгаа. Н.Эийн тухайд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ий өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан. Ээлжийн амралттай байхад нь ******* сумын ******* ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь хууль зөрчсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн алба мэргэшсэн тогтвортой байх ёстой. 7.1.5 дахь хэсэгт зааснаар чадахуйн зарчмаар томилсон байх ёстой. Н.Эийн тухайд чадахуйн зарчмаар томилогдон ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл төрийн алба тогтвортой байх зарчмыг зөрчиж ажлаас чөлөөлсөн. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах хамтарсан тушаал байдаг. Сахилгын зөрчил нь зөрчлийн шинж чанарт тохирсон байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 42.3 дахь хэсэгт зааснаар шууд ажлаас халах хэмжээний сахилгын шийтгэл гаргасан гэдэг нь эргэлзээтэй байгаа. 1.4 дэх хэсэгт сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулахгүй гэдэг асуудал байдаг. Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална гэж заасан байдаг. Ямар сахилгын зөрчил гаргасан талаар тогтоосон зүйл байхгүй. Мөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоох ёстой. Ямар зөрчил гарсан нь тодорхойгүй, хуульд заасан нөхцлүүдийг дурдаад байгаа боловч тухайн зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан мэт баримт харагдаж байгаа. Хавтаст хэргийн материалын 30-рт 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай ******* сумын Засаг даргын захирамж байдаг. Сахилгын шийтгэлийн агуулгыг харахад төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай захирамжид Төрийн аудитын тухай хуулийн 42.1, 42.4 дэх хэсэгт заасан асуудал яригдаж байгаа мэт сахилгын шийтгэл оногдуулсан харагдаж байгаа. Сахилгын шийтгэлийг удаа дараа давхардуулан оногдуулсан нөхцөл байдал харагдаад байгаа. Албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргийг 3 удаа биелүүлээгүй гэдэг зүйл ярьдаг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ямар албан үүргийг биелүүлээгүй нь тодорхойгүй. Үр дүнгийн гэрээгээр 90-ээс дээш хувиар үнэлэгдэж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудлыг хариуцагчийн зүгээс тайлбарладаг боловч холбогдох баримт бичиг байхгүй. Мөн гэрээний асуудал яригдаад байдаг. Сум тохижуулах ажил, хөл бөмбөгийн талбайн ажил гэж яриад байна. Тухайн гүйцэтгэх компанийг шалгаруулах эрх нь *******д байдаг. Тухайн компанийг шалгаруулаад ажиллах эрхээ байгуулж ажиллахыг тухайн Засаг даргын Тамгын газрын дарга шилжүүлдэг байгаа. Үүн дээр тухайн ажлыг хүлээж авах комисс нь ажлаа хийгээд явдаг. Мөн тухайн Тамгын газрын дарга нь өөрөө нэхэмжлэл гаргаад явсан нөхцөл байдал харагддаг. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны акт нь миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан байгаа. Мөн 2020 оны аудитын дүгнэлт хязгаарлалттай дүгнэлт гарсан. Хязгаарлалттай дүгнэлтээр ажлаас халах хүртэл хэмжээний шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй эсэх. Ямар нэгэн байдлаар өөр төрлийн сахилгын шийтгэл арга хэмжээ авч болох байсан. Хуульд нийцээгүй акт гаргасан байх тул тухайн актыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна гэв.
5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Эийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдох, ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийг г/.ль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай захиргааны хэргийн шүүхэд лзраах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжпэгчийн тухайд: Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Тухайн Засаг даргын захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.15 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх, 42.4 дэх хэсэг, Гамшгийн тухай хуулийн 27.1.3 дахь заалт, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэг, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.3.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.3.5, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, 11.3 дахьхэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.1,13.1.2,13.1.3 дахь заалт,, 13дугаар зүйлийн 13.2.1, 13.2.5 дахь заалт, 14.3 дахь хэсгийг тус тус үндэслэсэн.
5.1. Нямын Эрдэнэбилэгт төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд заасан хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн (3-аас дээш) удаа албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
5.2. Халах сахилгын шийтгэлийн үндэслэлийн тухайд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжпэгчийн эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон.
Дээрх байдлаар удаа дараа зөрчил гаргасан бөгөөд өөр бусад зөрчлүүдийг ч мөн адил гаргаж байсан болно. Төрийн албан хаагч үйл ажиллагаандаа үзэл бодол, зан суртахуун, үг үйлдлээрээ хууль ёсыг эрхэмлэн дээдлэнэ. Харин эсрэгээрээ албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг зарчим үйлчилдэг байна. Төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим зэргийг харгалзан хуульд заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иймд нэхэмжпэлд дурьдсан үйл баримт буюу Н.Эт сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзэж байгаа учир тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй оолгож өгнө үү гэв.
6. Гуравдагч этгээд П.Г хариу тайлбартаа: Миний бие гуравдагч этгээдээр оролцохгүй болохыг мэдэгдье. Миний бие энэ хоёр хүнтэй хамтарч ажиллаж байсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Н.Э-ээс тус аймгийн ******* сумын *******д холбогдуулан “******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай “Н.Э сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч М.Маас “...өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлт ирүүлсэний дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т зааснаар хойшлуулж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр товлон зарласан. Хариуцагч шүүх хуралдааны товыг биечлэн мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ийнхүү ирээгүй шалтгаанаа тодорхойлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
“******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай “Нямын Эрдэнэбилэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч, хариуцагч сумын Засаг даргын захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж маргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг тухайн үед тус сумын *******ар ажиллаж байсан У.О батлан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын *******, түүний орлогч нар албан тушаалаас чөлөөлөгдөж, гуравдагч этгээд П.Г Засаг даргын үүргийг түр хамаарч байсан бөгөөд М.М Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар ******* сумын *******ар томилогдсон болно.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр дүгнэлт, сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажиллажээ. Нэхэмжлэгч 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн түүнээс хойш төрийн албанд тасралтгүй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч байна.
Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үр дүнгийн гэрээний үнэлгээгээр 2017 онд “Хангалттай”, 2018 онд “Хангалттай” үнэлгээ авсан байна.
3.2. Хариуцагчаас маргаан бүхий актаа дараах байдлаар үндэслэлтэй гэж тайлбарладаг. Үүнд:
3.2.1. Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн;
3.2.2. Албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй;
3.2.3. Ажлын байранд болон албан томилолтоор ажиллах үедээ архидан согтуурсан
Хариуцагчаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдсэн “Жишиг гудамж” төслийн “О” ХХК-тай байгуулсан гэрээ, түүний гүйцэтгэлтэй холбоотой баримтууд, ажлын гүйцэтгэл хангалтгүй тул гэрээг цуцалж хохирол гаргуулах талаар нэхэмжлэгчээс Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2019 онд хөл бөмбөгийн талбай тохижуулах талаар “Д” ХХК-тай байгуулсан гэрээ, гүйцэтгэлийн хяналтын баримтуудыг ирүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий аудитын газраас гаргасан дүгнэлтийн дагуу зөрчлийг арилгасан тайлан хүргүүлсэн тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3/252 дугаар албан бичгийг нотлох баримтаар ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй, ажлын байранд болон албан томилолтоор ажиллах үедээ архидан согтуурсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
4. Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 37.1.15, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, Гамшгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэг, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.3.2, 7 дугаар зүйлийн 7.3.5, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.2.1, 13.2.5, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус үндэслэж, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд заасан хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн (3-аас дээш удаа), албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4.1. Нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 заалтыг дурдсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 48.1.3-т “төрийн албанаас халах”, 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.” гэж тус тус заажээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /шалгагч/ шалган тогтооно.”, 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 24.4.2.шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, 2.4.3.шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, 2.4.4.гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, 2.4.5.цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.
Эдгээр хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагчаас “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан зөрчил гарган албан үүргээ удаа дараа биелүүлээгүй, хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зэрэг зөрчлийг нэхэмжлэгч гаргасан бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, мөн уг зөрчлийг шалган тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байна.
Тодруулбал: нэхэмжлэгч нь маргаан бүхий актад дурдсан сахилгын зөрчлийг гаргасан гэдгийг хариуцагч өөрөө хуульд заасан журмын дагуу шалган тогтоогоогүй, мөн эрх бүхий этгээдээс сахилгын зөрчилд буруутгаж байгаа үйлдлийг нэхэмжлэгч үйлдсэн гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй бөгөөд маргаан бүхий Б/20 дугаар актын улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, төрийн албанаас хууль бусаар халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий Б/20 дугаар актыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг заасан бөгөөд мөн зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” 37.1.15-д “харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;” гэж тус тус заажээ.
Сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх багц чиг үүргүүдийг заан баталсан байна. Хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/245 дугаар “Байгууллагын дарга, эрхлэгч нарт” хаяглагдсан албан бичигт гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн тайланг ирүүлэх талаар мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчээс энэхүү албан бичгийн хариуг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн байна. Гэвч 2021 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хүргүүлээгүй нь энэхүү албан бичиг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл,үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.3, 3.1 дэх заалтад нийцээгүй байна. Гэвч хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа түүний зөрчлийн шинж байдлыг харгалзах, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй.
4.3. Маргаан бүхий актын үндэслэлд Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т заасныг дурдсан байх бөгөөд 42.1-т “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.”, 42.4-т “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй.” гэж тус тус заажээ.
Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 10 дугаар сард ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэлд, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 02 дугаар сард тус байгууллагын 2020 оны санхүүгийн тайланд тус тус аудит хийжээ.
Нэхэмжлэгчид Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б/01 дүгээр захирамжаар Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1- заасныг үндэслэн “Төрийн аудитын хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн аудитаар 2020 онд сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэж сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 159 дүгээр ”Хязгаарлалттай дүгнэлт” өгсөн байна.
Төсвийн шууд захирагчийн хувьд нэхэмжлэгч “Хязгаарлалттай дүгнэлт” авсан нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл тус зүйлд “... санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан,” тусгайлан заажээ. Нэхэмжлэгчийг хуулийн дээрх зүйлд заасан бусад зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн хариуцагч дээр дурдсанаар нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
4.4. Маргаан бүхий актын үндэслэлд дараах хууль тогтоомжийг дурдсан байдаг.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах” гэсэн зүйлийг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөн талаарх нотлох баримтыг хариуцагчаас огт ирүүлээгүй болно.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн гэх нөхцөл байдал мөн л тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийг Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.3.2, 7 дугаар зүйлийн 7.3.5, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.3, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.2.1, 13.2.5, 14 дүгээр зүйлийн 14.3 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үздэг. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Дөрөвдүгээр зүйлд төлөвлөгөө боловсруулах, Зургаадугаар зүйлд төлөвлөгөө тайлан, түүний хяналт зэргээр зохицуулжээ. Нэгэнт төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцааг зөрчсөн нь тогтоогдоогүй нөхцөлд зөвхөн хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халахгүй.
Учир нь: төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь халах тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон байх учиртай, ингэснээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр бусад субъектив шалтгаанаар /улс төрийн, хувийн гэх мэт/ төрийн албанаас халахгүй байх бодит баталгаа хэрэгжинэ.
4.5. Төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй гэдгээ нотлон төрийн албаны шалгалт өгч тэнцэн, тухайн албан тушаалд тогтвортой ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр халах тохиолдолд энэхүү хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, халагдаж буй албан хаагч нь тухайн ажлыг хийх мэдлэг, ур чадваргүй, хариуцлагагүй, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь удаа дараа нотлогдсон, албан тушаалаас нь халахаас өөр аргагүй болох нь бодитой тогтоогдсон байх ёстой, үүнийг хариуцагч нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч энэ нөхцөл байдлаа нотолж чадаагүй төдийгүй 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй хольж хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлж шийдвэр гаргажээ.
4.6. ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг баталснаар нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн байх ба нийгмийн даатгалын лавлагаанаас үзвэл ээлжийн амралтын олговор авсан байна. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, 61 дүгээр зүйлийн 61.1.6-д “Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх”, Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах хугацаанд түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчин маргаан бүхий актыг гаргажээ.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Н.Эт санхилгын шийтгэл ногдуулан төрийн албанаас халсан захирамжийг хүчингүй болгон, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир 2021 оны 09 дугаар сарын 02-ноос 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 83 хоногийн олговор 6.666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч 8 дугаар сард ээлжийн амралтын олговор авсан байх тул 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 09 дүгээр сарын 01-нийг дуусталх хугацааг хасаж тооцсон болно.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Эийн нийгмийн даатгалын лавлагаанд бичигдсэн 2021 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
5. Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1.6, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаартай “Н-ын Э-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 48 дугаар зүйлийн 48.9, 49 дүгээр зүйлийн 49.1, 61 дүгээр зүйлийн 61.1.6, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг баримтлан Н-ын Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Н.Эт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 6.666,181 /зургаан сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* М.М-т даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН