Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0327

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0327

Улаанбаатар хот

 

 

                                             “У***” ХХК-ийн гомдолтой

                                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***,

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.СС***гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0201 дүгээр шийдвэр,

Гомдол гаргагч: “У***” ХХК,

Хариуцагч: Монополын эсрэг газар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х***, О.М*** нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***,

Хэргийн индекс: 128/2021/0708/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “У***” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.СС***гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0201 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч У***” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3003 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1 Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Учир нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материал, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүй, зөвхөн гомдол гаргагчийн тайлбарыг үндэслэж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үнэлэхгүй, дахин хөндлөнгийн шинжээч томилох байсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

3.2 Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лаборатори аль аль нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу сорилын дүн гаргах чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу холбогдох дээжүүдийг хүлээн авч шинжилсэн байхад шүүх сорилын дүнг хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь хууль бус

3.3 Маргаан бүхий актын үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг 3 шатны шүүхээр хянаж дүгнэсэн буюу хүчингүй болгоогүй байхад шүүх уг дүгнэлтийг үнэлээгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.17, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11-д заасанд нийцэхгүй байна. Мөн шүүх “маргаан хагалах 3 дахь дээжийг 45 хоног хадгалах хугацаа дууссан гэж устгаж, дахин шинжилгээ хийх боломжгүй болгосон” гэж буруу дүгнэлт хийсэн

3.4 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүрдсэн байхад “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй байхад ач холбогдол бүхий бодит байдлыг бүрэн тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй алдаа гаргасан, зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна

3.5 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын ахлах байцаагч Ж.СС*** 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003003 дугаартай шийтгэлийн хуудсаар “...зах зээлд нийлүүлж буй дизелийн түлш нь чанар стандартын шаардлага хангаагүй... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон...” хэмээн дүгнэн “У***” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 9,000,000 /Есөн сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

4. Гомдол гаргагч “У***” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003003 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...шийтгэлийн хуудас ногдуулах үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлтэд дурдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжилгээний хариу хоорондоо зөрүүтэй...”, “...хариуцагч өөрийн шалгаагүй асуудлаар, стандартын зөрүүтэй, 2 лабораторийн шинжилгээний хариу зөрүүтэй, дахин шинжилгээ хийлгэх дээжийн хугацаа дууссан зэрэг хуулийг ноцтой зөрчсөн...” зэрэг үндэслэлээр маргасан.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-д “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй...” хэмээн заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр гомдол гаргагчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжаар ажлын хэсгийг байгуулж, 2 дугаар хавсралтаар хяналт шалгалтад хамрагдах аж ахуй эрхлэгчдийн жагсаалтыг баталсан.

2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Шатахууны дээжийг коджуулсан байдал”-д жагсаалтын 23-д “У***” ХХК “ШТС АИ-92, ДТ, Агуулах АИ-92, ДТ, Вагон ДТ” хэмээн холбогдох кодыг тэмдэглэсэн.

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “У***” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Е***” ХХК-ийн хашаанд байрлах агуулахаас АИ-92 болон ДТ-ний дээжийг авч битүүмжлэн тэмдэглэл үйлдсэн.

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш***” ХХК-ийн Эмээлт Шатахуун түгээх станцаас /ШТС/ АИ-92 болон ДТ-ний дээжийг авч битүүмжлэн тэмдэглэл үйлдсэн.

2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр “У***” ХХК-ийн 75093576 дугаартай вагон цестернээс ДТ-ний дээж авч битүүмжлэн тэмдэглэл үйлдсэн гэх баримт тус тус 21-01/16-Х22 дугаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан.

7. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч улсын ахлах байцаагч ямар үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан хяналт шалгалтад хамрагдах аж ахуй эрхлэгчдийн жагсаалтад нэр дурдагдаагүй этгээд болох “У***” ХХК-д хяналт шалгалт хийсэн болох,

Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 21-01/16-Х22 дугаар зөрчлийн хэргийн материалд нотлох баримтаар авагдсан “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш***” ХХК-ийн Эмээлт ШТС-аас АИ-92 болон ДТ-ний дээжийг авч битүүмжилсэн” гэх үйл баримттай холбогдуулан “Ш***” ХХК-ийн Эмээлт ШТС нь гомдол гаргагч “У***” ХХК-тай ямар хамааралтай болох, тухайн ШТС нь “У***” ХХК-ийн ШТС мөн эсэх зэрэг маргаан бүхий үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр “...зөрчлийг шалган тогтоохгүйгээр шийдвэр гаргасан, … эргэлзээтэй нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан, ...хоёр лабораторийн шинжилгээний үр дүнгийн тайлангууд бүрэн бус, зөрүүтэй байхад хариуцагчаас уг зөрүүг арилгах ажиллагаа явуулалгүйгээр тус алдаатай дүгнэлтийг үндэслэн бичигдсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу” зэрэг дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцэхгүй.

8. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

   

                                   ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА