Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Гармаа,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000410049 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт, *** оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:УП***),

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант амралтын газарт ***тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг “хүүхдийг чинь хараана гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, түүнийг үсдэж, өшиглөх зэргээр биед нь халдаж зулайн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун өгзөг, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Гэм буруутайгаа ойлгож байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2310000410049 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн *** нь бусдад зодуулсан талаарх өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

 

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 дахь өдөр байсан. 16 цагийн үед ажил тарах төлөвлөгөөтэй ажлын хамт олноороо чөлөөт цагаа өнгөрүүлэх талаар ахлах тогооч н.*** салхинд гаръя гэж ярьж байсан. Уг нь би явахаар төлөвлөөд хэд хоногийн өмнө ярьж байсан. Тэр өдрөөс хүүхэд ханиалгаж, ханиад нь хүндрээд эмнэлэгт хэвтэх болсон. Тухайн өдөр ажлынхандаа хүүгээ эмнэлэгт хэвтсэн, хөдөө явж чадахгүй талаар хэлэхэд, төлөвлөгөөний дагуу хамт явчхаад ирье гээд гуйгаад байсан. Би найз н.***тэй яриад өөрийн машинаа үлдээгээд орой намайг ирж авахаар тохироод явахаар болсон. 16 цагийн үед бид нар ажлаасаа гарсан. Зугаалгад ажлын тогооч Н.***, ахлах тогооч н.***, туслах тогооч н.*** бид нар явахаар болсон. Тэд манай ажлын тогооч н.*** нь 4-5 хоногийн өмнө хүүхэд нь өвдсөн гээд ажлаас чөлөө авсан байсан болохоор нь би гайхаад хүүхэд нь өвдчихөөд байхад аялж зугаалаад байж болдог юм уу гэж хэлэхэд тэд нар хамаагүй, хамт ажилладаг юм чинь аваад явъя гэж байсан. Тэгээд сууж байтал н.*** машинд орж ирж суухад архи үнэртэж байсан. Тэгэхээр нь “чи архи уучихсан юм уу” гэж асуутал н.*** “би ууж идэхээ хэнээр ч заалгахгүй, сая Яармагт нөхөртэйгөө ууж байгаад, тасалчхаад та нартай явахаар гараад ирлээ, надад мөнгө байхгүй шүү, та миний мөнгийг гаргачхаарай” гэж хэлэхээр нь “хүүхэд өвдчихөөд байхад юу гэж чиний мөнгийг гаргаж байдаг юм” гэхэд ажилчид ирчихсэн юм чинь бид нар 40,000 төгрөгийг нь гаргаад та 60,000 төгрөгийг гаргачих гэж хэлэхээр нь яах аргагүй зөвшөөрсөн. 18 цагт амралтын газраа очиж гэрээ аваад хоол унд хийсээр байгаад 20-21 цаг хүргэсэн. Бид нар ширээ тойроод пиво уугаад сууж байтал гэнэтхэн н.*** надад хандан “чи намайг ажлын байргүй болгох гэж байгаа юм байна билээ, өөр хүн авах гэж байгаа гэсэн” гэж хэлээд уурлаад байхаар нь “чи юу яриад байгаа юм бэ, чи өөрөө ирэхгүй болохоор ажил цалгардаад байгаа учраас тогооч авсан, чиний архи дарс, цагдаагийн асуудал чинь дуусахгүй юм байна, гэхдээ чиний ажлын байр хэвээрээ байгаа чамайг халаагүй” гэж хэлсэн. Тайлбарлаж хэлээд байхад л дайраад хэл амаар доромжлоод байсан болохоор н.*** түүнийг болиулаад нойл орж тамхи татъя гээд аваад гарсан. Би ***, *** нартай юм яриад сууж байтал н.*** нойлоос гарч ирээд миний хойноос үгийн зөрүүгүй үснээс зулгаагаад хойш дарсан. Би үг хэлж чадахгүй байсан. н.*** янхан гичийгээр харааж, чи биеэ худалдаж ингэж амьдардаг биз дээ гэж доромжилсон. Н.*** бид хоёрыг салгаж ашгүй нэг юм салсан. Намайг яаж байгаа юм бэ гэхэд чи надад байраа түрээслээгүй биз дээ, тэр олон байраа доодхоороо олж авсан уу гэж доромжилсон. Энэ асуудал нь 2022 оны 10 дугаар сард байраа түрээслэхээр зар тавьсан байсныг н.*** харчхаад 1,400,000 төгрөгөөр түрээслэх гэж байсан байрыг 700,000 төгрөгөөр түрээсэлчих гэхээр нь зөвшөөрөөгүй асуудал болж байсан. Хамгийн муухай зүйл нь тухайн асуудалдаа миний хүүхдийг оролцуулсан. Ширээн дээр байсан пивоны шилийг авч шидэхээр нь би бултсан. Дахин нэг шил авч шидэхийг оролдсон тэр үед н.*** болиулахад н.*** ална шүү, би ууртай байна гэж хэлсэн. Тэгээд гэр тойрч намайг хөөгөөд байсан. Би зугтааж байгаад баригдсан. Миний баруун хөлийн шилбэ рүү өшиглөж унагаагаад толгой дарж үсдээд, хөлөөрөө толгой дээр жийж дараад байсан. Би тухайн үед тэр гурваас тусламж хүсэхэд туслахгүй байсан. Тавиач гэж гуйгаад тавихгүй байж байгаад сүүлдээ тавьсан. Найзыгаа дуудаад залгаад ярьж байтал *** миний баруун талын гуя руу өшиглөөд унагаасан. Тэгээд намайг яасан их хүн дууддаг юм гэж хэлсэн. Би газар уначихсан босохын завдалгүй н.*** дахин үснээс зулгаагаад гэрээр чирсэн. Тэр хугацаанд найз руу гаа залгасан байсан болохоор болсон явдлыг сонссон байсан. Утас нь салсан юм уу, миний утсанд дуудлага ирээд авахад найз ирчихсэн байна гэж ярихаар нь гарах гэж байтал ***, хэн ирчихсэн юм гарч харна гээд гарч яваад орж ирээд олуулаа ирсэн юм болов уу гэж бодсон чинь ганц хүн байна, гээд дахиад намайг үсдэж доош дарж унагаагаад гар хөл рүү хөлөөрөө өшиглөсөн. Би тусламж гуйж орилоход найз орж ирээд салгасан. Намайг гэрээс авч гараад би машинд суусан. Найз буцаж орсон чинь элдэв зүйл авч шидээд хувцас нь муухай болсон байсан. Тэгээд бид нар тэр газраас явсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, тухайн гэмтлийг н.*** намайг үсдэж чирч, гар хөлийг олон удаа өшиглөх үед үүссэн. Би гомдолтой байна, миний гоо сайхан алдагдсан, сэтгэл санаа маш хэцүү байгаа, ажилдаа явж чадахгүй байгаа зэрэг асуудал байна. Эмнэлэгт үзүүлсэн, эм авсан мөнгө нийтдээ 300,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- хохирогчоор 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дахин өгсөн: Томограф болон, шүүх эмнэлэгт үзүүлсэн мөн шаардлагатай эм тариа авч хэрэглэсэн, мөн би ажилдаа яваагүй өдрийнхөө мөнгийг нэхэмжилж байна, зулгаасан толгойн оройн үс нь мөн халзраад ургахгүй байгаа. Нийтдээ би сэтгэл санааны хохирол зэргийг оролцуулан 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдол саналтай. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

3. Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: Манай байгууллагын ажил 12 сараас эхлээд их болчихдог болохоор тэрнээс өмнө салхинд гарах талаар ярьж байсан. Эхлээд 10 гаруй хүмүүс явахаар төлөвлөж байгаад явах болсон чинь хүмүүс байхгүй болчихсон. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Номин компанийн шинэ жил болж байсан болохоор эрт тарсан. Үлдсэн 4 хүн байсан нь ахлах тогооч ***, менежер ***, бэлтгэгч ***, миний бие явахаар юмаа бэлдэж байсан. Солонгос хоолны тогооч *** бид нар руу зогсоо зайгүй залгаад байсан. Эхэндээ бид нар авч явахгүй гэж байсан ч залгаад салахгүй болохоор нь яах ч аргагүй болоод өөрсдөөсөө мөнгө гаргаад авч явахаар болсон. Вива сити-д ойрхон байсан болохоор бид нар дээр хурдан хүрээд ирсэн. Бид Чингисийн хүрээ амралтын газрын ойролцоо Жаргалант амралтын газарт 17 цагийн орчимд явж очсон. Очоод ширээгээ засаж, авч явсан пиво, дарсаа ууж сууж байгаад 23 цагийн орчимд ***, *** хоёр нойл орж байх хооронд ***, ***д хандаж чи эрэгтэй хүн байж надад бууж өгөөгүй, ажилчдын хажууд намайг эвгүй байдалд оруулсан гэх мэт зүйлс яриад уурлаад, *** цохиж аваад байсан. Тухайн гэрийн нойл нь гэр дотроо байдаг болохоор болсон үйл явдлууд нойлд сонсогдсон юм уу *** гарч ирээд та хоёр маргалдаад байсан уу юунаас болж маргалдсан юм гэж хэлээд гараад ирсэн. ***, *** хоёр нойл орчхоод гарч ирээд *** орон дээр суугаад түүний хажууд ***, түүний хажууд *** тэр хоёрыг холбож яриад, та хоёр бие биедээ сайн юм уу гэж ярьсан. *** эгч ***т чамд хамаагүй гэж хэлсэн чинь *** хариуд нь хүүхэд чинь үхнэ дээ гэж хэлсэн. *** миний хүүхэд чамд хамаагүй гэж уурлаж босож ирээд ***ийг очоод шууд үсдээд авсан. Тэр хоёр бие биеэсээ зууралдаад, газарт өнхрөөд дээр доороо оролцчихоод тавихгүй байсан. ***, *** хоёр тэр хоёрыг салгасан. *** тэр хоёрыг салгачхаад сууж байтал *** *** нүүр рүү очиж өшиглөөд хамраас нь цус гарсан. Тэрийг харсан *** чи миний хүнийг цохилоо гэж уурлаад дахиад ***ийг үсдээд авсан. Тэр хоёр дахиад бие биеэсээ зууралдаад үсдэлцээд байсан. Бид нар салгаж хоёр орон дээр суулгахаар өөд өөдөөсөө харчхаад бие биеэ элдвээр харааж, өөрсдийгөө бөө, хүүхдийг чинь хараана гэх мэтээр хоорондоо хэрэлдсэн. Тэр хоёр муудалцаад байхаар нь *** ***ыг аваад нойл руу ороод байж байтал, нойлоос эрэгтэй хүний ёолох чимээ гараад *** гараад ирсэн. ***ыг чи миний хамар луу өшиглөчихлөө, ер нь та хоёрт би ямар гэм хийсэн юм гээд уурласан. Ингэж байгаад бараг 4-5 хүргэсэн байх. Бид нар явъя гээд такси дуудъя гэж ярьж байтал *** би хүн дуудна гэхээр нь *** утсыг нь авчихсан. Би өөр хүн дуудахгүй, нөхрийгөө дуудаад гэртээ харих гэж байна гэхээр нь утсыг нь өгсөн. Тэгээд нөхрийгөө дуудаад, нөхөр нь ирсэн. Тэгээд нөхөр ирчихлээ гэсэн чинь *** ямар юм ирснийг нь харна гээд гэрээс гүйж гарсан. Буцаж орж ирээд 2-3 хүн ирчихсэн байна гэж хэлээд ороод ирсэн. *** нөхрийгөө дуудаад гэрт орж ирээд гарах гэж байхдаа дахиад ***тэй үсдэлцээд, барилцаж авсан. Би ***ийн гар хөлийг нь татахад *** би гараа тавьчхаад байна, ***ын гарыг нь тавиулаач гээд байсан. ***ын нөхөр нь хүртэл дийлэхгүй 30 минут хэрээтэй ноцолдож байгаад авч явсан. Удахгүй ***ын нөхөр гэх залуу нь буцаж орж ирээд ***ийг хайгаад байсан. *** нь орон дээр хэвтэж байгаад босож ирээд нөхрийг нь хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн чинь нөхөр нь түүнийг мангасдаад цааш түлхчихсэн. Тэгээд *** дээр явж очоод толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-16 дахь тал),

 

4. Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: ...2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бид нарын үйл ажиллагаа явуулдаг Номин дэлгүүр ажилчдынхаа шинэ жилийг хийхээр болж байгууллага нь эрт хаалгаа барих болсон тул бид тухайн цагийг ашиглаад салхинд гаръя гэж яриад зарим хүмүүс явахгүй гэсэн учраас тогооч ***, тогооч ***, менежер *** бид нар салхинд гарахаар бэлдсэн. Манай байгууллагын тогооч *** хүүхэд нь өвдчихсөн гээд хэд хоног ажилдаа ирээгүй байж байгаад тухайн өдрөө тэнд байсан хүмүүс рүү залгаад би явъя гээд байх шиг байсан. Гэхдээ өөрөө мөнгөгүй зээлэх санаатай байх шиг байсан. Тэнд байсан хүмүүс зээлэх бодолгүй байсан чинь *** “Өлзий эгч надад зээлнэ гэж хэлсэн.” гэсэн. Тэгээд ***д хэлэхэд хэсэг бодож байгаад *** мөнгө зээлэхээр болоод бид нартай хамт явахаар болсон. Бид нар ***г аваад тавуулаа Хан-Уул дүүрэгт Чингисийн хүрээ амралтын ойролцоо байдаг Жаргалант амралтад очоод нэг гэр авсан. Бид нар ширээгээ засаад авч явсан пиво дарсаа уугаад сууж байтал *** ***д хандан ажилдаа ирэхгүй байгаагаас болоод бүх хүмүүст ачаалал нэмэгдэж байна гэж хэлсэн. *** түүнийг амьдрал ойлгодоггүй гээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн. Тэгээд байж байгаад *** яриан дундуураа *** чамд ямар хамаатай юм гээд уурлаж байсан. Би ч мөн адил бухимдаад хэдэн үг хэлээд сандал дээр сууж байтал *** над руу дөхөж ирээд хамар луу гараараа цохиод, хөлөөрөө цааш жийгээд би саваад уначихсан. Босож ирээд хамрын цусаа тогтоох гэж үзээд болохгүй болохоор нь нойл орсон. Тэр хойгуур гэр дотор үснээс нь тавь гээд орилолдох чимээ гарсан. Тэгээд нойлоос гараад хартал Өлзий, *** орон дээр хажуулдаад суучихсан бие биеийнхээ үсийг зулгаачихсан сууж байсан. *** эгч бид хоёр дундуур нь орж салгасан. Бие биеэ элдвээр хараагаад, бөө, бөөгийн зан үйл, хараана гэх мэт зүйл ярьж байсан. Тэр хоёр хүчтэй зодолдож харагдаагүй ч бид нарыг салгахаар эвлэрээд аятайхан юм ярьж байгаад, эргээд муудалцчихаараа бие биеийнхээ үснээс зулгааж татаад байсан. Тэгээд байж байгаад *** гэнэт би эндээс явлаа гээд гэрээс явчихаар нь *** эгч бид хоёр хойноос нь гараад очиж аваад буцаж гэрт авч ирсэн. Овоо гайгүй болоод тайвширсан ч дахиад л зууралдаад бие биеэ үсдээд байсан. Тэр үйл явдал бараг 00 цагаас хойш 04 цаг хүртэл үргэлжилсэн байх, тэр хоёрыг салгах гэж би ***ыг нойл дагуулаад ороход *** ***г явуулчих гээд байсан. Эмэгтэй хүнийг хамаагүй явуулж болохгүй гэсэн чинь тэгвэл би гарч ална гээд миний нүүрийг маажаад, төмсөг рүү өшиглөчхөөд нойлоос гараад явсан. *** нөхрөө дуудна гээд нөхөр лүү гээ залгаж яриад дуудсан. Нөхөр нь гэрт орж ирчхээд байж байтал *** нөхөр лүү гээ ***г аваад явна, цагдаад өгнө гэж хэлж байсан. Маргалдсан хүмүүсийг хамт явуулаад хэрэггүй гэдгээ хэлсэн. *** нөхрөө ирсэн ч ***той муудалцаад тэр хоёр зууралдаад байсан. Сүүлдээ нөхөр гэх залуу нь хүчээр шахуу авч явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

5. Гэрч Т.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Би тухайн өдөр менежер ***, ***, *** нарын хамт Жаргалант гэх амралтын газарт очих гэж байтал *** гэх ажлын тогооч утсаар яриад “би хамт явмаар байна. Гэхдээ мөнгөгүй байна, мөнгө зээлэх үү” гэхээр нь би “мөнгө зээлүүлэх боломжгүй байна” гэдгээ хэлсэн. Гэтэл *** *** руу яриад мөнгө зээлэхээр болоод хамт явахаар болсон. Бид нар Яармагийн 2 дугаар буудлаас ***ийг аваад амралтын газартаа 17 цагийн үед очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид нар хүний 2 ширхэг пиво ууж байтал ***, *** нар ажлын чөлөөний асуудлаас болоод маргалдаж эхэлсэн. Учир нь ***ийг чөлөө авах болохоор *** өөрөө ажиллах болдог болохоор битгий ажлаасаа чөлөө аваач ээ гэж ярилцаж байгаад маргалдаад *** “***ыг ***тэй явалддаг” гэж хэлээд маргалдаад *** “чи юу яриад байгаа юм” гэж хэлээд *** руу гартаа байсан пивоо цацаад хүүхдийнх нь талаар ёс бус зүйл хэлтэл *** “чи муу миний хүүхдийг хэрүүлд хутгалаа” гээд үсдээд зулгаалцалдаад байсан. *** бид хоёр салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэр хоёр бие биеийнхээ үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд нэлээн зулгаалцалдаж байгаад хэсэг салаад суутал хэрүүл хийгээд нэг нэг рүү гээ пиво цацаад хараасан. Тэр явцдаа *** хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Шөнө 03 цаг өнгөрч байхад *** нөхрийгөө дуудсан байсан. Нөхөр нь нэг хэсэг салгах гэж оролдож байгаад арай гэж 5 цагийн үед авч явсан. Бид нар тэндээсээ 9 цагийн үед хөдлөөд ажил руу явсан. Бид нар архи уух гэж биш салхинд гарах гэж очсон байсан. Бүгд өөрийн гэсэн ухаантай эрүүл байсан. Хүний 2 ширхэг пиво уусан. Өмнө нь ажлын шаардлагаар *** нь ***т хэдэн үг хэлж байсан байх. Гэхдээ тэр нь зөвхөн ажил дээр л яригддаг байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

6. Гэрч Т.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сард өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз *** залгаад ээж хүү хоёр эмнэлэгт хэвтчихсэн. Ажлынхан нь тухайн өдөр хамт зугаалгад явах гэж байгаа юм, хамт явахгүй бол болохгүй байна оройдоо ирж аваад өгөөч гэж надаас хүсэхээр нь зөвшөөрсөн. 14 цагийн үед Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлгийн гаднаас ***ын машиныг очиж авсан. 2022 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчимд *** залгаад ажлын хүн зодоод байна ирээд аваач гэж хэлсэн. Хаана гэж асуухын завдалгүй утас нь газарт унаж байгаа чимээ гарч *** орилоод уйлаад байсан. Цаана нь эрэгтэй, эмэгтэй хүний орилж хашхирч байгаа чимээ гарч байсан. Би эрэгтэй хүнд зодуулж байгаа юм байна гэж бодсон. Би яриаг нь сонсож байх хооронд утас нь унтарсан. Би 20 гаруй минутын турш залгахад утсаа авахгүй байж байгаад утсаа аваад байгаа газраа зааж өгөөд найзыгаа дуудаад хамт очоод 3 номерын гэрт байна гэхээр нь явж очих гэж байсан чинь машины зогсоол руу нэг эмэгтэй ирж байсан. Тэр эмэгтэй машины хаалга татахаар нь цонхоо буулгасан. Олон хүн дуудаж байгаа юм болов уу гэсэн чинь нэг банди ирсэн байна гэж хэлээд гэр лүү буцаад орчихсон. Би хойноос нь дагаж ороход тэр эмэгтэй ***ыг үстчихсэн зогсож байсан. Би болиулаад тэр хоёрыг салгаад гэрээс авч гаралгүй хэсэг харж зогсож байхад ***ыг зодож байсан эмэгтэй намайг харааж зүхэж байсан. Би ***ыг тайвшруулаад гэрээс авч гарсан. ***ыг машинд оруулж суулгаад ярилцчихаад буцаж хоёр найзтайгаа гэр лүү орсон. Цагдаа дуудаж учрыг ольё гэхэд агсам тавиад байсан эмэгтэй би дуудчихъя гэж хэлээд утсаа гаргаад цагдаа руу намайг хүмүүс зодчихлоо гэж дуудлага өгсөн. Бид нар зогсож байтал гэрт байсан настай байрын эмэгтэй цагдаа ирэхийг гараад хүлээчих гэсэн учраас бид нар гараад машиндаа суусан. ***ын утас руу цагдаагаас залгаад гомдол саналтай байвал харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаарай гэж хэлэхээр нь бид нар хөдлөөд тэндээс явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №16397 дугаартай:

- ***ын биед зулайн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун өгзөг, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №478 дугаартай:

- 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгт ***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

- Он сар өдөр үгүй, ***ийн биеийн гэх фото зургуудад баруун гуянд цус хуралт, тахимны хонхрын гадна хажуу хэсэгт зулгарал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралтууд, зүүн шанаанд хөх өнгийн цус хуралт, зулгаралт хамрагдаж байв.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүрийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

 

9. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлынхантайгаа салхинд гарч, маргаан үүссэн. Тухайн маргаан нь би ажлынхаа менежер ***ыг тогооч ***тэй холбож ярьснаас болж *** уурлаж танай хүүхдийг хараана гэж хэлэхээр нь өвдсөн хүүхдийг минь энэ асуудалд оролцуулж байгаад бухимдаж хүүхэд чинь үхнэ дээ гээд хэлчихсэн. Тэгсэн чинь *** босож ирээд үсдээд авсан. Би хариу үснээс нь зулгаасан. Бид хоёр үсдэлцэж байх явцад газарт өнхөрч нэг унаж, босож байсан. Тийм айхтар зодоон цохион болоогүй ч гар хөлөөрөө хэдэн удаа өшиглөлцөж байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан ч эргээд л маргалдаад үсдэлцээд зууралдчихаад байсан. *** тэр дундуур нөхрөө дуудчихсан байсан бөгөөд нөхөр нь хэдэн хүн дагуулаад ирсэн байсан. Тэгээд ***ыг аваад явсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах хуудас, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, “***” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49-62 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч *** нь хохирогч ***д 371,750 төгрөгийн төлөх төлбөртэй. гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант амралтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-ны өдөрт шилжих шөнө согтуурсан үедээ менежер ***тай “хүүхдийг чинь хараана гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан таарамжгүй харилцаа үүсгэж улмаар түүний үснээс зулгаах, өшиглөх зэргээр бие, эрүүл мэндэд нь зулайн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн гуя, баруун өгзөг, баруун өвдөг, шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн *** нь бусдад зодуулсан талаарх өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12-13 дахь тал),

- Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-16 дахь тал),

- Гэрч Б.*** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Гэрч Т.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Гэрч Т.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сард өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №16397 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч *** нь хохирогч ***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, мөн хэн хэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

            Мөн хохирогч ***, шүүгдэгч *** нар нь харилцан бие биеэ үсдэлцэж, бие биеийнхээ эсрэг халдсан тухай гэрч нар мэдүүлсэн байх боловч шинжээчийн дүгнэлтээр ***ийн биед гэмтэл тогтоогдоогүй байна.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

           

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

Хохирогч *** нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Норолха” ХХК-ийн 243,750 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Лазер Мед” эмнэлгийн 120,000 төгрөгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8,000 төгрөг нийт 371,750 төгрөгийн баримтуудыг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)-д хэрэгт гаргаж өгсөн, дээрх баримттай хохирлоос гадна ажилдаа яваагүй өдрийн цалин хөлс, толгойн оройн зулгаасан үс нь халзраад ургахгүй байгаа бөгөөд нийтдээ сэтгэл санааны хохирол зэргийг оролцуулан 10,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч *** нь хохирол, хор уршгийг арилгаагүй буюу төлж барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч ***ээс баримттай хохирол болох 371,750 төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгож бусад баримтгүй нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж,

   6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж. тус тус хуульчилсан.

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 90 хоног буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Мөн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус хэргийн хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй байх тул улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, үс нь зулгарсан, гоо сайхан алдагдсан, гомдолтой гэсэн мэдүүлэг, мөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогчид баримтаар учирсан хохирол төлбөрийг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй, согтуурсан байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ээс 371,750 (гурван зуун далан нэгэн мянга долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч *** нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..

 

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН