Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/248

 

 

 

 

 

 

 

 2023         04            07                                2023/ШЦТ/248

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч А.Э /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Эт холбогдох эрүүгийн 2311 00007 0345” дугаартай, 186/2023/0221/Э индекстэй хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

          Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суух хаягтай гэх, А.Э,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-536 тоотод хүргүүлээд буухдаа таксинд мартаж буусан хохирогч Ү.Угийн өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.  Шүүгдэгч А.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Угийн:...би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тараад ажлын газрын хүмүүстэй төмөр замд нэг газар суугаад архи пиво ууцгаасан.Тэгээд тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-536 тоотод байх гэрлүүгээ явах гээд такси бариад ганцаараа явсан. Таксинаас буугаад алхаад явж байгаад тасраад сэрэхэд танихгүй айлын хашаанд сэрсэн тэгээд өөрийн Самсунг А-72 загварын гар утсыг гээсэнг мэдсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батсуурийн:...би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг Сансарын үйлчилгээний төв орчим явж байхдаа өөрийн найз А.Эээс Самсунг А72 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас нь цагаан өнгийн Самсунг А72 загварын гар утас байсан. Би өөрийн 5085038020 дугаарын данснаас интернет банкаар найз Эрдэнэбилэгийн 5075544903 дугаарын данс руу  300.000 төгрөгийг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,

           2.3. “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-22-908 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 25-26 дугаар тал/,

           2.4.”Юнител ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/569 дугаартай “...357651651986167 имэй кодтой утсанд 89643474 дугаарыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хийж ашигласан байна гэх албан тоот. /хх-ийн 31 дүгээр тал/,  

            2.5. Хохирогч Ү.Уд эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 30 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:...хохирогч Ү.Угийн мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/, гэрч Б.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, Дамно ХХК-ийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 25-26 дугаар тал/, Юнител ХХК-ийн албан бичиг /хх-ийн 31 дүгээр тал/, хохирогч Ү.Уд эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30 дугаар тал/, хохирогчтой шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          3.2.Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч А.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-536 тоотод хүргүүлээд буухдаа таксинд мартаж буусан хохирогч Ү.Угийн өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А72 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:         

- хохирогч Ү.Угийн:...би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа тараад ажлын газрын хүмүүстэй төмөр замд нэг газар суугаад архи пиво ууцгаасан. Тэгээд тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-536 тоотод байх гэрлүүгээ явах гээд такси бариад ганцаараа явсан. Таксинаас буугаад алхаад явж байгаад тасраад сэрэхэд танихгүй айлын хашаанд сэрсэн тэгээд өөрийн Самсунг А-72 загварын гар утсыг гээсэнг мэдсэн  гэх мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар тал/,

- гэрч Б.Батсуурийн:...би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг Сансарын үйлчилгээний төв орчим явж байхдаа өөрийн найз А.Эээс Самсунг А72 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас нь цагаан өнгийн Самсунг А72 загварын гар утас байсан. Би өөрийн 5085038020 дугаарын данснаас интернет банкаар найз Эрдэнэбилэгийн 5075544903 дугаарын дансруу 300.000 төгрөг шилжүүлж өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар тал/,

           - “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЧД2-22-908 дугаартай  тайлан. /хх-ийн 25-26 дугаар тал/,

           - “Юнител ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/569 дугаартай “...357651651986167 имэй кодтой утсанд 89643474 дугаарыг 2022 оны 11 дүгээр сахын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хийж ашигласан байна гэх албан тоот. /хх-ийн 31 дүгээр тал/,  

            - хохирогч Ү.Уд эд зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг хэрэгт хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Э нь хохирогч Ү.Угийн өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж” байгаа нь  гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ү.У нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэрэг байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Эийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож  ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч А.Эг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5.  Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      С.БАТЖАРГАЛ