Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2023/0222/Э |
Дугаар | 2023/ШЦТ/252 |
Огноо | 2023-04-10 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/252
2023 04 10 2023/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Очгэрэл, шүүгдэгч Ц.А, Б.А /шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ц.А, Б.А нарт холбогдох эрүүгийн “2311 00234 0300” дугаартай, 186/2023/0222/Э индекстэй хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, хххх тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ц.А,
2. Монгол улсын иргэн, ххххх тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А, Ц.А нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 16-422а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бтай маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүү, хэвлийн хажуу, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэм буруу дээрээ маргах зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
1.2. Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэм буруу дээрээ маргах зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн
нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бгийн:...манай хадам ээж болон Аззаяа бид хоёр баярын өдөр хэрэлдэж уралдаад яадаг юм бэ гэхээр нь би тийн шүү дээ баярын өдөр хэрэлдээд яах уу хоми гэж хэлтэл Мөнхжаргал /Түмэн-Өлзий гэж дууддаг/ чи ээжийг яахаараа хүндэлдэггүй юм, чи юу гээд байгаа гээд намайг яг цохиж авах гэж байгаа юм шиг уурлаад дайраад байсан. Аззаяа чи миний ээжийг доромжиллоо гэж дайраад байсан. Мөн хадам ээж тийн шүү дээ тийн, юу ч гэсэн үг юм, харааж байгаа юмуу, ерөөж байгаа юм уу, доромжлоод байгаа юм уу гээд байхаар нь би яриан дундаа хөгжилтэй байх гээд санаандгүй хэлчихлээ, энэ юун доромжлол байгаа юм бэ харин ч та намайг элдэв үгээр доромжлоход би дуугүй байдаг, надруу бичсэн чатууд чинь хүртэл байгаа, хоёулаа энэ талаар тусдаа хоёулхнаа ярья одоо би ийм юм ярихгүй гэж хэлтэл Аззаяа, Мөнхжаргал хоёр чи ямар зэвүүн юм бэ тэр болгоныг нь баримтжуулаад байдаг юм уу тэгээд наадахаараа яан гээд байгаа юм бэ гээд байхаар нь би та нартай юм ярихгүй ээ, та нар шиг ээжтэйгээ архидаж согтуурдаг хүн бишээ, та хоёртой юм ярихгүй ээжтэй тусдаа ярина гэж хэлтэл Мөнхжаргал чи өөрийгөө юу гэж бодсон юм, ээжийг доромжлоод манайхыг үл тоолоо гэж хэлээд надруу дайраад байхаар нь би чи зодох гээд байгаа юм бол зодооч гэж хэлтэл Аззаяа миний мөрлуу цохиж авахаар нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлэх үед нөхөр орж ирээд та нар чинь наад хүнээ яагаад бүчээд авчихсан юм бэ гэж хэлтэл энэ чинь ээжийг доромжлоод байгаа биздээ гээд орилолдоод байсан. Манай нөхөр Мөнх-Эрдэнэ, төрсөн дүү Мөнхжаргал хоёр барьцалдаж авсан. Би хүүхдээ тэврээд боссон чинь Аззаяа надаас хэрүүл өдөөд нилээн олон удаа алгадсан. Хүүхдээ тэвэрчихсэн байхад миний үснээс зулгаагаад газраар том өрөөний хаалганаас гал тогооны дунд хүртэл чирсэн. Тэр үед хадам ээж зэвүүн пизда гээд зүүн хөлний гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Би Аззаяад зодуулсаар байгаад хүч тэнхээгүй манараад ухаан алдах гээд сууж байхад Ариунаа гараа атгаж байгаад цохих гэж байхад нь би сульдаад хажуу тийшээ унасан. Аззаяа миний дээрээс том сандал шидэх гэж байхад нь миний 10 настай том хүү миний урдуур ороод аниа гуйж байна битгий л дээ уучлаарай гэхэд нь сандлаа буулгаад тавьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнх-Эрдэнийн:..Тухайн үед нэг их сүртэй зүйл болоогүй байсан. Би гараад миний машин хөлдчихөөрөө асдаггүй тул автомашиныхаа аккумляторыг салгаад гэрт оруулж ирсэн, гаднаас гэрт орж ирэхэд манай эхнэр Булгамаа буйдан дээр бага хүүгээ тэврээд суучихсан байхад нь манай дүү Аззаяа үснээс нь зулгаачихсан, дүү Мөнхжаргал хувцаснаас нь барьчихсан зууралдаад байж байсан. Харин ээж Ариунаа манай эхнэрийг хажуунаас нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би эхнэрээ өмөөрөөд дүү нараа салгаж авахад эхнэр гадагшаа гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Мөнхжаргалын:..манай ах Мөнх-Эрдэнэ агсам согтуу тавих үед би болиулах гэж хувцаснаас нь татаж том өрөөнд оруулсан. Биед нь халдсан зодсон зүйл огт байхгүй. Манай ах юм авч шидээд агсам тавьж байх үедээ том өрөөнд хэд хэдэн удаа хөл алдаж унаад байсан, тэгэх үедээ өөртөө гэмтэл учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 913 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Бгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүү, хэвлийн хажуу, баруун зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэжээ. /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс:..хохирогч Г.Бгийн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/, гэрч А.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, хохирогчтой шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлуулав.
3.2. Шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.А, Ц.А нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 16-422а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бтай маргалдан улмаар түүнийг зодож биед нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хүзүү, хэвлийн хажуу, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Г.Бгийн:...Аззаяа миний мөрлуу цохиж авахаар нь би яаж байгаа юм бэ чи гэж хэлэх үед нөхөр орж ирээд та нар чинь наад хүнээ яагаад бүчээд авчихсан юм бэ гэж хэлтэл энэ чинь ээжийг доромжлоод байгаа биздээ гээд орилолдоод байсан. Манай нөхөр Мөнх-Эрдэнэ, төрсөн дүү Мөнхжаргал хоёр барьцалдаж авсан. Би хүүхдээ тэврээд боссон чинь Аззаяа надаас хэрүүл өдөөд нилээн олон удаа алгадсан. Хүүхдээ тэвэрчихсэн байхад миний үснээс зулгаагаад газраар том өрөөний хаалганаас гал тогооны дунд хүртэл чирсэн. Тэр үед хадам ээж зэвүүн пизда гээд зүүн хөлний гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Би Аззаяад зодуулсаар байгаад хүч тэнхээгүй манараад ухаан алдах гээд сууж байхад Ариунаа гараа атгаж байгаад цохих гэж байхад нь би сульдаад хажуу тийшээ унасан. Аззаяа миний дээрээс том сандал шидэх гэж байхад нь миний 10 настай том хүү миний урдуур ороод аниа гуйж байна битгий л дээ уучлаарай гэхэд нь сандлаа буулгаад тавьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр тал/,
- гэрч А.Мөнх-Эрдэнийн:..тухайн үед нэг их сүртэй зүйл болоогүй байсан. Би гараад миний машин хөлдчихөөрөө асдаггүй тул автомашиныхаа аккумляторыг салгаад гэрт оруулж ирсэн. Гаднаас гэрт орж ирэхэд манай эхнэр Булгамаа буйдан дээр бага хүүгээ тэврээд суучихсан байхад нь манай дүү Аззаяа үснээс нь зулгаачихсан, дүү Мөнхжаргал хувцаснаас нь барьчихсан зууралдаад байж байсан. Харин ээж Ариунаа манай эхнэрийг хажуунаас нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би эхнэрээ өмөөрөөд дүү нараа салгаж авахад эхнэр гадагшаа гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр тал/,
- гэрч А.Мөнхжаргалын:..манай ах Мөнх-Эрдэнэ агсам согтуу тавих үед би болиулах гэж хувцаснаас нь татаж том өрөөнд оруулсан. Биед нь халдсан зодсон зүйл огт байхгүй. Манай ах юм авч шидээд агсам тавьж байх үедээ том өрөөнд хэд хэдэн удаа хөл алдаж унаад байсан, тэгэх үедээ өөртөө гэмтэл учруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 913 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/, зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хохирогчийг “хоми” гэж ээжийг дуудаж доромжиллоо гэх шалтгаанаар бүлэглэн зодож гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.А, Б.А нарыг “ бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан ялаас чөлөөлж болно” гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан Ц.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь: шүүгдэгч Ц.А нь өрхийн орлого нь сарын халамжийн 288.000 төгрөг авдаг, өөр орлогогүй, шүүгдэгч Б.А нь ам бүл 5 , өрх толгойлсон эмэгтэй, гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, биеийн эрүүл мэндийн байдал тааруу зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.А, Ц.А нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Б.А, Ц.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр ялаас тус тус чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.А, Ц.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ