| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 10.6.1., 11.3.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
хохирогч Ж.Р ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б д холбогдох эрүүгийн 2313************ дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Б, 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Д сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ96******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Д сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бэл” гэх газарт өөрийнхөө байшингийн зууханд ширмэн тогоонд шатах тослох материал болох дизель түлш хийж, халаасны улмаас гал гарч, улмаар бага насны хүүхэд Б.А ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон, мөн дүү Ж.Р ы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
1.2. Хохирогч Ж.Р мэдүүлэхдээ: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ах Ж.Б д хуулийн хөнгөлөлтийг хүсэж байна” гэв.
2. Эрүүгийн 2313************ дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Ж.Б гаас 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
2.2. Б н А ын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-15 дахь тал/,
2.4. Хохирогч Б.А ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2.5. Ж.Б н эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай, “Истана” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2.7. Гэрч Ж.Р ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
2.8. Хохирогч Ж.Р ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
2.9. Гэрч С.К ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай “...иргэн Б.К ын биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
2.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай “...иргэн Б.Ү ийн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 890 дугаартай “...иргэн Ж.Р ы эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 тал/,
2.13. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 891 дугаартай “...иргэн Ж.Б н эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 тал/,
2.14. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай “...талийгаач хүүхэд Б.А ын эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас нас барсан болохыг тогтоосон тухай” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 93-97 тал/,
2.15. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч ажилтай Б.Э ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай “химийн шинжилгээний” дүгнэлт /хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
2.16. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/37 дугаартай гал түймэр гарсан тухай акт /хавтаст хэргийн 111 дэх тал/,
2.17. Яллагдагч Ж.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/,
2.18. Шүүгдэгч Ж.Б н хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд /хавтаст хэргийн 144-150, 153-154 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
3.1. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Д сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, “Бэл” гэх газарт өөрийнхөө байшингийн зууханд ширмэн тогоонд шатах тослох материал болох дизель түлш хийж, халаасны улмаас гал гарч, улмаар бага насны хүүхэд Б.А ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон, мөн дүү Ж.Р ы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Иргэн Ж.Б гаас 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
3.1.2. Б н А 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 05 дахь тал/,
3.1.3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-15 дахь тал/,
3.1.4. Хохирогч Б.А ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
3.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр Ж.Б амбаараас 5 литрийн саванд хийсэн дизель түлшийг гэртээ оруулж ирээд жаахан халааж байгаад машиндаа хийнэ гэж хэлээд миний боорцог хайрдаг ган тогоонд 5 литр дизель түлшээ хийгээд зууханд тавьсан, тухайн үед пийшингийн бүх ширмийг авч тавьсан байсан. Тэгээд хэсэг хугацаанд зуухан дээр түлшийг халааж байгаад авахаар болсон, яг хэдэн минут халаасныг мэдэхгүй байна. Тэр үед нөхрийн дүү Р хонь хариулж байгаад манайд ороод ирсэн ба нөхөр түүнд халаасан дизель түлшийг саванд хийхэд туслаадах гээд гаднаас 5 литрийн хоосон сав оруулж ирээд үүдний хэсэгт тавьсан. Тэр үед манай нөхөр 3 сартай К ыг бариад зогсож байгаад надад өргүүлээд өөрөө зууханд байсан түлшийг савлах гээд ган тогоог зуухнаас өргөх үед байшин дотор хүчтэй гал авалцаж, асаж эхэлсэн. Тухайн үед би К ыг өргөөд том өрөөний үүд хэсэгт зогсож байсан ба харин манай том хүү А үүдний амбаар луу гарах хэсэгт байсан санагдаж байна. Ер нь бол гал авалцаж эхэлснээс хойш өрөө дотор юу ч харагдаагүй, би ихээр сандраад гал тогооны өрөөний цонхыг нь онгойлгоод К ыг аваарай гэж хэлэхэд манай нөхөр гэрийн гадаа нүүрэндээ цас түрхэж байгаад К ыг цонхоор авсан, тэр үед би нөхрөөсөө А ийг асуухад мэдэхгүй гэж хэлсэн ба би хойшоогоо эргэж харахад зуухны хэсэг, үүдний хэсэг бүхэлдээ шатаж гал гарч байхаар нь би гал тогооны өрөөний баруун талын цонхны салхивчаар гадагшаа гарсан. Тэгээд манай байшингийн хажууд хадам ээжийн гэрт К ыг авч орсон. Өөрийн байшин руу дахиж очоогүй. Гал гарахаас өмнө хүү А хийлдэг морин тоглоомоор тоглоод үүдний гарах хэсэг хавиар явж байсан. Харин гал гарах үед хүүгийнхээ хаана байсныг харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
3.1.6. Гэрч Ж.Р ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ээжийн байшин болон төрсөн ах Б н байшин зэрэгцээ нэг газар өвөлждөг бөгөөд би ээжийнхээ гэрт орох гэж байгаад ахынхаа гэрт ормоор санагдаад байшинд ороход ахын гэрээс шатамхай бодисын үнэр гарч байсан ба зуух дээр ширмэн тогоо байсан, дотор нь юу байсныг анзаарч хараагүй. Тухайн үед гэр дотор миний анзаарч харснаар бэр эгч Ү болон ах Б нар байсан, одоо санаж байгаагаар бэр эгч Ү нялх хүүхдээ өргөөд зуухны цаад талын унтлагын өрөөний үүд хэсэгт зогсож байсан, харин ахыгаа хаана байсныг санахгүй байна. Тэгээд яг намайг орж ирэх үед бэр эгч манай ахад “тэр чинь халчихлаа, аваарай” гэж хэлсэн бөгөөд ах Б зуухнаас ширмэн тогоог өргөх үед гэр дотор гал гараад явчихсан. Маш хүчтэй гал гарсан, миний нүдэнд юу ч харагдаагүй, ямар ч байсан гал гарах үед би эхлээд үүдний хэсгийн зүүн талд байдаг жижиг өрөө лүү орчихсон байсан, яаж орсноо ч мэдэхгүй байна.
... Б ах А ийг байшин дотроос хайгаад надад “хүү маань шатсан байна” гэж хэлээд орилж, уйлаад эхлэхээр нь би айгаад А ын хаана байгааг харахгүйгээр байшингаас гараад ээжийн гэрт очсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
3.1.7. Хохирогч Ж.Р ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн: “...төрсөн ах Б н эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна, өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх үнэн байдлыг хэлсэн байгаа, одоо дахин хэргийн талаар яримааргүй байна, миний зүгээс хэн нэгэн хүнд гомдол гаргаагүй, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,
3.1.8. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 890 дугаартай “1. Иргэн Ж.Р ы биед нүүрний хэсэг, 2 чихний хэсэг бүхэлдээ түлэгдсэн, зүүн гарын хэсэг бугуй хэсгээр сарвуу хүртэл 3 дугаар зэргийн түлэгдэлтэй (15% талбайг хамаарсан) гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь өндөр темпаратурын хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Иргэн Ж.Р ы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд удаан нөлөөлөх. 4. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 тал/,
3.1.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны их эмч ажилтай К.Х ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай “1.2. Талийгаач Б.А ын биед дээрх задлан шинжилгээний оношинд байгаа гэмтлүүд тогтоогдлоо. 3. Талийгаачийн бүх биеийн гадаргууг 100% хамарсан 3-4 дүгээр зэргийн түлэгдэлттэй байх ба энэ гэмтэл нь хэт өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.5. Талийгаач Б.А ын биеийн гадаргууг 100% хамарсан 3-4 дүгээр зэргийн түлэгдэлтийн улмаас нас баржээ. 6. Талийгаач Б.А ын биед архаг хууч өвчингүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 93-97 тал/,
3.1.10. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч ажилтай Б.Э ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнсэнэ. 2. Шинжилгээнд: хуванцар саванд ирүүлсэн цайвар шар өнгийн шингэн зүйл, зиплок түгжээ бүхий гялгар уутанд шатсан зүйлийн үлдэгдэлтэй үнс гэх зүйл, амь хохирогч хүүхдийн оймс зэрэгт шатах тослох материалын агууламж илрээгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
3.1.11. Яллагдагч Ж.Б н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
...тухайн өдрийн өглөө миний бие айлын сав суулгыг хүргэж өгөхөөр машинаа гэрийн хажуугаас арай гээд хөдөлгөж аваад хэсэг газар яваад машин маань асахгүй зогсчихсон. Тэгээд гэртээ ирээд амбаар доторх хуванцар саванд байсан 5 литр хэмжээтэй дизель түлшийг аваад уг түлшийг халаахгүй бол машин асахгүй гэдгийг ойлгоод түлшийг ширмэн тогоонд хийгээд зууханд халаасан. Тухайн үед зууханд гал асаж байсан бөгөөд одоо санаж байгаагаар 5-10 гаруй минут халаасан гэж бодож байна. Тэгээд түлшийг халааж байтал гэр дотор үнэр гарахаар нь болчихсон байна гэж бодоод ширмэн тогоог өргөх үед ширмэн тогооны доороос гал гарч ирээд шууд ширмэн тогоо доторх түлштэй гал авалцаад тэрнээс хойш миний бие юу ч харж чадаагүй. Нэг мэдэхэд байшингийн гадаа гарчихсан байсан. Би дизель түлшийг шатна гэж бодоогүй, өмнө нь түлш халааж байгаагүй. Халаасан түлшээ зуухнаас өргөж авахдаа ширмэн тогоог шидсэн асуудал болоогүй. Ширмэн тогоог өргөх үед шууд гал гарчихсан, би юу ч хараагүй, дараа нь юу болсныг санахгүй байна.
...миний нүүр хэсэг ихээр түлэгдсэн, нэг мэдэхэд би байшингийн гадна гарчихсан байсан.
...хүүхэд хаана байсныг анзаарч хараагүй, мэдэхгүй байна.
...тэр үед дүү Р манай гэрийн үүдний хэсэгт яг орж ирж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Б н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцуулах” дүгнэлтийг, хохирогч Ж.Р “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбарыг, шүүгдэгч Ж.Б “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ж.Б н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
6. Эрх зүйн дүгнэлт.
6.2. Хүний амьд явах, халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3. “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1. “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй”, Арван зургадугаар зүйлийн 13. “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
6.3. Шүүгдэгч Ж.Б нь амь хохирогч Б.А , хохирогч Ж.Р нарын дээрх хуулиар баталгаажуулсан амьд явах, халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, зууханд ширмэн тогоонд шатах тослох материал болох дизель түлш хийж, халаасны улмаас гал гарч, улмаар бага насны хүүхэд Б.А ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон, мөн дүү Ж.Р ы эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл тус тус хоорондоо шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
6.4. Шүүгдэгч Ж.Б н гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б г “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Б н зүй бус, хариуцлагагүй үйлдэл шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
7.2. Хохирогч Ж.Р , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү , Д.Б нараас гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Ж.Б гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй нь тэдний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Б г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, нийт 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,
2.2. Хохирогч Ж.Р аас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэх тайлбарыг,
2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах зорчих эрх хязгаарлах ялыг нийт 1 жил 6 сараар тогтоох” дүгнэлтийг гаргасан болно.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
2.5. Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Ж.Б урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.”, 2. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд “...хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж...” гэж зааснаар шүүгдэгч Ж.Б н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж нэмэгдэл ял оногдуулсан болно.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1. “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2. “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно: 2.1.торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг; 2.2.нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг; 2.3.зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг; 2.4.хорих ялын нэг хоногийг.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоов.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Д сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.10. Шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 3 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм, арван есдүгээр бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
2.11. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.
2.12 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн өрөөсөн оймс 1 ширхэг, шатаж хайлсан хуванцар сав 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
2.13. Шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Д сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 3 жил 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм, арван есдүгээр бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн өрөөсөн оймс 1 ширхэг, шатаж хайлсан хуванцар сав 1 ширхэг, ширмэн тогоо 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ