Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/55

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгч М.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т т холбогдох эрүүгийн 2313********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.Т , 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хилийн цэргийн 000 дугаар ангид засварчин ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар 31-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, РД:БЮ89102838.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, Хилийн цэргийн 000 дугаар ангийн хойд хэсэг, “Ховд гол”-ын мөсөн дээр маргааны улмаас иргэн Х.А ийн нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Эрүүгийн 2313********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Х.А ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, 

2.2. Иргэн Х.А ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,

2.3. Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

2.4. Хохирогч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал/,

2.5. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

2.6. Гэрч Б.И ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

2.7. Гэрч Т.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.8. Гэрч Е.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

2.9. Гэрч Д.Е ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

2.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай, цагдаагийн хошууч К.Х ын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 121 дугаартай “...иргэн Х.А ийн эрүүл мэндэд хохирол учирсан, уг хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” тухай дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

2.11. Шинжээч К.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай, цагдаагийн хошууч К.Х ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 125 дугаартай “...иргэн М.Т ийн эрүүл мэндэд баруун талын эгэмний харалдаа хавантай, цус хуралттай гэмтэл тогтоогдсон, энэхүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” тухай дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

2.13. Яллагдагч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

2.14. Шүүгдэгч М.Т ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Т ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч М.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэр, Хилийн цэргийн 000 дугаар ангийн хойд хэсэг, “Ховд гол”-ын мөсөн дээр маргааны улмаас иргэн Х.А ийн нүүр тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Х.А ээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, 

3.1.2. Иргэн Х.А ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,

3.1.3. Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

3.1.4. Хохирогч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Думан баарнаас гараад хуучин нисэхийн тийшээ явсан бөгөөд замдаа Т  нь нэг дэлгүүрээс “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи худалдаж авсан, халамцуу байсан болохоор яг ямар дэлгүүрээс авсныг мэдэхгүй байна. Тэгээд бид хэд хуучин нисэхийн ойролцоо очоод уг архийг С , Е , Т , И , М  бид зургуулаа машины гадна мөсөн дээр хувааж уусан. Харин намайг авч явсан Ш  болон нөгөө машины жолооч А  нар машинд дотор сууж байсан ба тэр хоёр архи амсаагүй.

Тэгж байтал М.Т  бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд тухайн үед С  бид хоёрыг болиулсан, дараа нь М.Т  бид хоёр эвлэрэхээр болоод тамхи татаж, бие засахаар яваад мөснөөс гарч шороотой газарт ирэх үед М.Т  миний зүүн талд явж байгаад шууд ам руу хатуу зүйлээр нэг удаа цохисон. Тэгээд миний дээд эрүүний 2 үүдэн шүд унаж, миний аман дотор нэг шүд үлдэж, харин нөгөө шүд нь газарт уначихсан болохоор олж чадаагүй. Тэр хооронд би доошоо тонгойх мөчид Т  нь хөлөөрөө миний зүүн хажуу талын бөөр хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би газарт унасан. Тэр үед араас С , Е , М  нар ирж салгаж авсан. Энэ талаар тэд тодорхой хэлэх байх.

...миний бие цагдаагийн байгууллагаас явсны дараа намайг авч явсан Ш ын машинд байсан 4 ширхэг загасыг С  авчихсан байхаар нь С  луу залгахад тэрээр цагдаагийн урд машин дотор сууж байна гэхээр нь дахиж хүрч ирээд түүний машинаас загасаа авах гэтэл С  нь үл ялих зүйлээр маргаан гаргаж, улмаар гараараа хамар болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж намайг зодсон. Тухайн үед С ын машин дотор М , Е  нар сууж байсан бөгөөд тэр хоёр С ыг надаас салгаж авсан.

 ...Одоо хамар болон толгойны зүүн дагз хэсгээр өвдөөд байна. Мөн унасан үүдэн шүдний хэсгээр бас өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиургүй болно. Шөнө харанхуй байсан болохоор яг юугаар цохисон эсэхийг сайн анзаараагүй, хатуу л зүйлээр цохих шиг болсон, нэг л удаа хүчтэй цохисон.

...Би өмнөх мэдүүлэгтээ голын эрэг дээр гэж андуурч мэдүүлэг өгсөн байна, одоо бодоод байхад тухайн үед М.Т  намайг мөсний захад, мөсөн дээр байхад миний аман тус газарт нэг удаа цохисон. Уг нь бол анх М.Т  гараараа цохих гэж далайх үедээ мөсөн дээр халтирч унасан бөгөөд би тухайн үед нь түүний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн.

...М.Т  надаас уучлалт гуйгаад саяхан надад 2.000.000 төгрөг өгсөн, .

..Миний зүгээс цаашид М.Т ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн цаашид хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал/,

3.1.5. Гэрч О.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Нэг мэдэхэд Х.А  болон М.Т  нар хоорондоо зодолдоод тэр хоёрыг С , Е , М , И  нар салгаж авсан бөгөөд Х.А , М.Т  хоёр хоорондоо эвлэрэхээр болж мөснөөс гараад шороон далантай хэсэг рүү яваад өгсөн. Гэтэл тэр хоёр дахиад л хоорондоо зодолдсон ба С  нар очиж салгаж авах шиг болсон. Ш  бид хоёр машин дотор сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

3.1.6. Гэрч Б.И ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х.А  нь М.Т тэй казах хэлээр хоорондоо маргах шиг болоод Х.А  М.Т ийг нэг удаа цохиж авах шиг болсон бөгөөд тухайн үед М.Т  нь халтирч мөсөн дээр унасан бөгөөд Х.А  нь М.Т ийн цээж рүү нэг удаа өшиглөхөд би Х.А ийг салгасан, мөн тэнд байсан залуучууд ч гэсэн салгасан. Тэгээд тэр хоёр эвлэрэхээр болоод бид хэдээс холдож яваад нөгөө хоёр дахиад зодолдох шиг болсон тул бид хэд очиж салгаж авсан. Тэр үед Х.А ийн амнаас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

3.1.7. Гэрч Т.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... бид хэд машины гадаа нэг шил архи хуваагаад ууж байтал Х.А  нь өөрийгөө “атаман” гэх мэтээр яриад улмаар М.Т тэй маргалдаж эхэлсэн. Тэгээд бид хэд салгасан, түүний дараа нөгөө хоёр дахиж маргалдаад Х.А  М.Т ийг нэг удаа алгадаад авах шиг болоод М.Т  мөсөн дээр халтирч унасан ба энэ үед Х.А  түүний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн ба бид хэд тэр хоёрыг салгаж авсан. Гэтэл тэр хоёр хэсэг хугацааны дараа дахиад нийлж аваад яг хаана гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан дахиад хоорондоо зодолдох шиг болоод бид хэд салгаж авахаар очиход Х.А  нь газарт суучихсан байсан ба амнаас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

3.1.8. Гэрч Е.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.А  машинд орж ирээд “М.Т  цохичихлоо, шүд уначихлаа” гэж ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

3.1.9. Гэрч Д.Е ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Архи ууж байхад Х.А  өөрийгөө “аймгийн атаман” гэх яриа гаргаж улмаар М.Т  рүү дахин дахин дайрч, давшлаад байсан ба нэг мэдэхэд гэнэдүүлж байгаад М.Т ийг нэг удаа цохисны улмаас М.Т  мөсөн дээр халтирч унах үед Х.А  түүний цээж хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд миний бие болон С , М , И  бид хэд тэр хоёрыг салгаж авсан. Тэгээд тэр хоёрыг салгасны дараа тэр хоёр бид нараас холдоод явах шиг болсон. Нэг мэдэхэд Х.А  нь М.Т  рүү дахин дайрах шиг болоход М.Т  түүнийг гараараа нэг удаа цохисон, бид хэд тэр хоёр руу гүйж очоод салгах үед Х.А ийн амнаас цус гарчихсан байсан, хэсэг хугацааны дараа шүд уначихлаа гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

3.1.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай, цагдаагийн хошууч К.Х ын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 121 дугаартай “1. Иргэн Х.А ийн биед тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай өнгөц цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, хамрын хуруунд шархтай, дээд уруулд битүү хавдартай, дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором нь цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай, зулайны зүүн хэсэгт хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Иргэн Х.А ийн дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

3.1.11. Шинжээч эмч К.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Иргэн Х.А ийн зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, шархтай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Өөрөөр хэлбэр гавал тархи, хамарт үүссэн гэмтлүүд дээр тархины доргилтыг цуг үүсдэг юм. Хамрын нуруу нь хуучин мурийлттай байсан ч гэсэн дээрх хамрын нуруунд хаван, шархтай гэмтэл учруулсны улмаас тодорхой хэмжээгээр мурийлт үүсэх боломжтой. Иргэн Х.А ийн биед үүссэн дээд уруулд битүү хавдартай дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором цусархаг, хавантай, зүүн талын завжинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүдтэй цуг тархины доргилт нь цуг бий болдог, иймд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Тэгэхлээр иргэн Х.А ийн дээд эрүүний 2 шүд унасан гэмтэл болон хамрын нуруунд хаван, шархтай гэмтлүүд нь тус тусдаа тархины доргилттой цуг үүссэн тул тус тусдаа хөнгөн гэмтэлд хамаардаг юм. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 1-4 хүртэл шүд унасан тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

3.1.12. Яллагдагч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна., ...Х.А  надтай маргаад өөрийгөө “аймгийн атаман” гээд дахин дахин дайрч байгаад намайг гараараа цохих үед би гараараа өөрийгөө хамгаалж хаах гэж байгаад мөсөн дээр халтирч унасан. Тэр үед Х.А  миний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн бөгөөд С  нар Х.А ийг барьж авч, салгасан. Түүний дараа Х.А  бид хоёр нөгөө хэдээс зайгаа бариад холдож, мөсний зах хэсэг рүү дөхөж очсон. Уг нь бол Х.А тэй учраа олох гээд очсон, гэтэл тэр над руу хүрч ирээд намайг дахиж цохихоор гараа далайлгаад дайрах үед нь би түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход Х.А  амаа бариад мөсөн дээр суучихсан. Дахиж би түүнд гар хүрээгүй, тэгээд ч цаад талаас Е , И , С  нар хүрч ирээд бид хоёрыг салгаж авсан., ...миний бие гэмшиж байна, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Миний бие Ө сумын 00 дугаар багт эхнэр Н  болон 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Н  нь ямар нэгэн ажил төрөлгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Хүүхдүүдийн том нь одоо 8 настай бага нь 1 нас 2 сартай юм. Миний бие өөрөө сарын цалин гээд гартаа 1 сая төгрөг авдаг, эхнэр бол ажилгүй, 5 хүүхдийн сар болгоны мөнгөн тэтгэмжийн 500.000 төгрөг орж ирдэг, өөр ямар нэгэн орлого байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Т ийн  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Т  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

6.3. Шүүгдэгч М.Т  нь хохирогч Х.А ийн дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж эрүүл мэндэд “тархины доргилттой, ...дээд уруулд битүү хавдартай, дээд эрүүний зүүн талын 1, 2-р үүдэн шүд унасан, ором нь цусархаг, хаван” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.4. Шүүгдэгч М.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Т ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Т , хохирогч Х.А  нарын архидан согтуурсан, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч М.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Т  нь мөрдөн шаалгах ажиллагааны явцад хохирогч Х.А т гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг төлж өгснөөр хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч М.Т ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч М.Т т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М.Т  нь хохирогч Х.А тэй сайн дураар эвлэрч, гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөгийг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

2.3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн саналд яллагдагч М.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.Т  нь хүлээн зөвшөөрч гарын, үсгээ зуржээ /хавтаст хэргийн 146 дахь тал/.

2.4. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч М.Т т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.5. Шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Т  урьд нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүний шүд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

2.8. Шүүгдэгч М.Т т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т ийг 480 (дөрвөн зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хүний шүд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ