| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-04-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
2023/ШЦТ/85
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
АрХ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт Гын Гд холбогдох 2312000000064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр АрХ аймгийн Х суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Т багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэгдэж байгаагүй, Аовогт Гын Г /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн таарамжгүй харилцааны улмаас 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт З.Гыг зодож биед нь хамар ясны зүүн хажуу ханын шинэ хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000064 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Гын мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Гичгэнэ багт оршин суух иргэн Э гэдэг айл хүүхдийн үсээ авч байна гэхээр нь хүүхдийн толгой мялаахаар очтол тус сумын Тэрх багийн иргэн Г.Г эхнэрийн хамт байж байсан. Удалгүй Г.Г нь Эын гэрт сууж байхад намайг та талийгаач дүүгийнхээ хүүхдийг хардаг юм уу гэхээр нь би харж үзээд байх юм байхгүй, чамд хамаа байхгүй гэж хэлээд үс авч байгаа айлын хойд айлд ороод өөрийн үеийн хоёр хүнтэй хууч хөөрөөд сууж байгаад орой 21 цагийн үед отор хийж айлын гадаа буулгасан гэртээ очтол Г.Г эхнэр Б.Ц, дүү Х нарын хамт Д гэдэг айлд ирсэн байхаар нь Д гэдэг хажуу талын айлдаа ороод малаа асуутал Г.Г нь чи юу хийж яваа юм гээд миний урдаас түлхээд гэрээс гаргаад миний нүүрэн тус газарт цохисон юм. Тэгээд би юугаар цохисныг нь мэдэлгүй газар унаад босч иртэл Г.Г, Х нар намайг дахин цохиж авсан. Тэгээд миний хамраас цус гараад газар хэвтэж байтал Г.Г нь ингээд үхэг гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгтэл Д /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гарч ирээд миний цусыг тогтоох гэтэл тогтохгүй болохоор нь би сумын төв рүү орж эмнэлэгт үзүүлж хамрын цусаа тогтоолгосон юм. Г.Г нь миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохиж авсан. Харин Хг цохисон үгүйг мэдэхгүй байна. Миний хамрын яс хугарсан, хоёр нүд бүрэлзэж байна, цус их гарснаасаа шалтгаалаад зүрх өвдөж бие суларч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би 400 грамм пиво уусан. Харин Г.Г нилээн согтолтой байсан. Би хийлгэсэн эмчилгээнийхээ мөнгийг гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цгийн мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орой нөхөр Г.Гын хамт 16 цагийн үед АрХ аймгийн Х сумын Тэрх багаас тус сумын Гичгэнэ багт оршин суух хамаатны ах Ц.Эын гэрт ирж хүүхдийн үс аваад хоол цай идээд сууж байхад З.Г нь манай нөхөр Г.Гыг чи миний дүүг мэдэх үү гээд байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г.Г нь танина гэсэн чинь танай хамаатны эгч чинь манай дүүд түүхий хоол өгөөд олгой ургуулж үхүүлсэн гээд дайраад байхаар нь нөхөр Г.Г дүү Б.Бн хамт хамаатны ах Ц.Эын хүүхдийн үснээс яваад дээд хот буюу Б.Д гэдэг айлд очоод унтах гээд би хүүхдээ хөхүүлээд Г.Г баруун талын орны урд талд гутлаа тайлаад хэвтэж байтал З.Г нь гаднаас согтуу орж ирээд манай нөхрийг янз бүрээр ална гээд орилоод байхаар нь Г.Г гутлаа өмсөөд З.Гтай дээлийн энгэрээсээ гараараа барилцаад бие биеэ түлхээд гэрээс гартал З.Г манай нөхөр Г.Г хоёр Б.Дийн үүдний урд хэсэг рүү нь хамт газар унаад босч ирээд зодолдох гээд байна гэхээр нь би гарч иртэл манай дүү Б.Б нь манай нөхөр Г.Гыг тээврийн хэрэгсэл дотор суулгасан байхаар нь би машинаа жолоодоод Б.Б, мөн нөхөр Г.Гыг хажуу талдаа суулгаад ээж Г.Оийн гэрт очиж хоносон юм. Би хараагүй, гэрээс гарахад З.Гын хамраас цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бн мэдүүлсэн: ...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай хамаатны ах Ц.Эынх хүүхдийн үсээ аваад манай төрсөн эгч Б.Ц, хүргэн ах Г.Г нар нь Ц.Э ахын урьснаар орой 16 цагийн үед ирээд хүүхдийн толгой мялаагаад байж байтал манай төрсөн эгч Б.Ц надад хүргэн ах Г.Г чинь З.Гтай маргалдах гээд байна, чи манай тээврийн хэрэгслийг жолоодоод Дийн гэрт хүргээд өгөөч гэхээр нь би за гэж хэлээд хүргэж өгөөд бид нар Д гэдэг айлд хонох гээд байж байтал З.Г согтуу ирээд хүргэн ах Г.Гыг муусайн баячууд намайг хаяад ирсэн байна, та нарыг ална гээд байхаар нь Г.Г ах гутлаа өмсөөд З.Гтай хоорондоо дээлийн энгэрээс барилцаад гартал газар унаад босч ирээд Г.Г ах З.Гыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадаад авахаар нь би салгаад Г.Г ахыг машинд нь суулгаад байж байтал Б.Ц эгч гэрээс гарч ирэхээр нь би тээврийн хэрэгсэл дотор нь суугаад Б.Ц эгч тээврийн хэрэгслийг жолоодоод Г.Г ахыг аваад ээжийн гэрт очиж хоносон юм. Би хараагүй, гэрээс гарахад З.Гыг манай хүргэн ах Г.Г нүүр хэсэг рүү нь алгадаж харагдсан, мөн хамраас цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дын мэдүүлсэн: ...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр саахалт айлын Ц.Эынх хүүхдийн үсээ аваад байж байтал АрХ аймгийн Х сумын Тэрх багийн иргэн Г.Г эхнэр Б.Цгийн хамт хүүхдийн үсэнд ирээд цай хоол идээд байж байтал З.Г нь согтуу Г.Г руу дайраад хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд Г.Г, эхнэр Б.Ц, Б.Б нар нь орой хүүхдийн үснээс яваад манай гэрт ирээд хонох гээд байж байтал З.Г нь согтуу араас нь ирээд Г.Гыг муусайн баячууд намайг хаяад ирсэн байна, та нарыг ална гээд байсан чинь Г.Г хэвтэж байснаа босоод гутлаа өмсөөд З.Гтай хоорондоо дээлийн энгэрээс барилцаад гартал З.Г, Г.Г нар нь үүдний довжоо хэсэг рүү хоёулаа газар унаад босч иртэл Г.Г нь З.Гыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадаад авахаар нь би салгаад З.Гыг цааш нь түлхээд явтал хамраас нь цус гарч байсан. Тэгсэн чинь Г.Г, Б.Ц, Б.Б нар нь машинаа асаагаад яваад өгсөн. Удалгүй З.Г нь араас нь өөрийн тээврийн хэрэгслээ жолоодоод сумын төв рүү яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би хараагүй, гэрээс гарахад З.Гыг Г.Г нь нүүр хэсэг рүү нь алгадаж харагдсан. Мөн хамраас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Гын мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Г ахаас уучлалт гуйсан. 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Тэрх багаас тус сумын Гичгэнэ багт хадам ахынхаа хүүхдийн үсний мялаалганд эхнэрийн хамт очоод тэндээ архи дарс ууцгаасан. Хүүхдийн үсний мялаалга байсан учир нутгийн ах дүүс их цугларсан байсан учир тэндээ нэлээн архи уугаад орой болгосон. Тухайн үсний мялаалганд Г ахтай таараад тэндээ маргалдаад эхнэрийн хамт дээд хотны айлд нь очиж амрахаар болоод Да гэх айлд унтах гээд байж байсан чинь Г ах араас орж ирээд улмаар хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь хамраас цус гарсан. Тэгээд бид хоёр барьцалдаад байж байхад манай хадам дүү болон Дагваа нар салгасан. Тэгээд би хадмындаа очиж хоносон. Г нь тухайн үедээ шууд сумын төв рүү хөдөлсөн. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Гын биед хөнгөн гэмтэл учруулсан нь миний буруу. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Надад шалтгаан гэх зүйлгүй. Намайг ална, тална гээд маргалдсаны улмаас би биед нь халдсан. Би өөрийн гараараа нүүр орчимд нэг удаа цохиход хамраас нь цус гараад байсан. Миний биед З.Г ах халдаагүй. Намайг цохиогүй байх л гэж бодож байна. Хэрэв цохисон бол миний биед яр шарх үлдэх ёстой. Одоогоор миний биед ямар нэгэн бэртэл, гэмтэл, шарх, сорви байхгүй. Би одоогоор З.Гад хохирол, төлбөр барагдуулаагүй. Надаас мөнгө төгрөг нэхэмжлээгүй байна. Албан ёсоор уучлалт гуйсан. Хохирол, төлбөрийг нь барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/
АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. З.Гын биед хамар ясны зүүн хажуу ханын шинэ хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Учирсан гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. З.Г нь баруун нүдний ухархайн дотор ханын хуучин хугаралтай байна...гэх дүгнэлт/хх-ийн 35-36 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 83 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт З.Г нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт З.Гыг зодож биед нь хамар ясны зүүн хажуу ханын шинэ хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч З.Гын мэдүүлсэн “Удалгүй Г.Г нь Эын гэрт сууж байхад намайг та талийгаач дүүгийнхээ хүүхдийг хардаг юм уу гэхээр нь би харж үзээд байх юм байхгүй, чамд хамаа байхгүй гэж хэлээд үс авч байгаа айлын хойд айлд ороод өөрийн үеийн хоёр хүнтэй хууч хөөрөөд сууж байгаад орой 21 цагийн үед отор хийж айлын гадаа буулгасан гэртээ очтол Г.Г эхнэр Б.Ц, дүү Х нарын хамт Д гэдэг айлд ирсэн байхаар нь Д гэдэг хажуу талын айлдаа ороод малаа асуутал Г.Г нь чи юу хийж яваа юм гээд миний урдаас түлхээд гэрээс гаргаад миний нүүрэн тус газарт цохисон юм. Миний хамраас цус гараад газар хэвтэж байтал Г.Г нь ингээд үхэг гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/,
гэрч Б.Цгийн мэдүүлсэн “Б.Д гэдэг айлд очоод унтах гээд би хүүхдээ хөхүүлээд Г.Г баруун талын орны урд талд гутлаа тайлаад хэвтэж байтал З.Г нь гаднаас согтуу орж ирээд манай нөхрийг янз бүрээр ална гээд орилоод байхаар нь Г.Г гутлаа өмсөөд З.Гтай дээлийн энгэрээсээ гараараа барилцаад бие биеэ түлхээд гэрээс гартал З.Г, манай нөхөр Г.Г хоёр Б.Дийн үүдний урд хэсэг рүү нь хамт газар унаад босч ирээд зодолдох гээд байна гэхээр нь би гарч иртэл манай дүү Б.Б нь манай нөхөр Г.Гыг тээврийн хэрэгсэл дотор суулгасан байхаар нь би машинаа жолоодоод Б.Б, мөн нөхөр Г.Гыг хажуу талдаа суулгаад ээж Г.Оийн гэрт очиж хоносон юм. Гэрээс гарахад З.Гын хамраас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
гэрч Б.Бн мэдүүлсэн “Бид нар Д гэдэг айлд хонох гээд байж байтал З.Г согтуу ирээд хүргэн ах Г.Гыг муусайн баячууд намайг хаяад ирсэн байна, та нарыг ална гээд байхаар нь Г.Г ах гутлаа өмсөөд З.Гтай хоорондоо дээлийн энгэрээс барилцаад гартал газар унаад босч ирээд Г.Г ах З.Гыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадаад авахаар нь би салгаад Г.Г ахыг машинд нь суулгаад байж байтал Б.Ц эгч гэрээс гарч ирэхээр нь би тээврийн хэрэгсэл дотор нь суугаад Б.Ц эгч тээврийн хэрэгслийг жолоодоод Г.Г ахыг аваад ээжийн гэрт очиж хоносон юм. Би хараагүй, гэрээс гарахад З.Гыг манай хүргэн ах Г.Г нүүр хэсэг рүү нь алгадаж харагдсан, мөн хамраас цус гарч байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/,
гэрч Б.Дын мэдүүлсэн “Г.Г, эхнэр Б.Ц, Б.Б нар нь орой хүүхдийн үснээс яваад манай гэрт ирээд хонох гээд байж байтал З.Г нь согтуу араас нь ирээд Г.Гыг муусайн баячууд намайг хаяад ирсэн байна, та нарыг ална гээд байсан чинь Г.Г хэвтэж байснаа босоод гутлаа өмсөөд З.Гтай хоорондоо дээлийн энгэрээс барилцаад гартал З.Г, Г.Г нар нь үүдний довжоо хэсэг рүү хоёулаа газар унаад босч иртэл Г.Г нь З.Гыг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадаад авахаар нь би салгаад З.Гыг цааш нь түлхээд явтал хамраас нь цус гарч байсан. Би хараагүй, гэрээс гарахад З.Гыг Г.Г нь нүүр хэсэг рүү нь алгадаж харагдсан. Мөн хамраас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар мэдүүлсэн “Би прокурорын тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Да гэх айлд унтах гээд байж байсан чинь Г ах араас орж ирээд улмаар хэрүүл маргаан үүсгэж, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,
хохирогч З.Гын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Г.Г нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АрХ аймгийн Х сумын Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт З.Гыг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Гд холбогдох эрүүгийн хэргийг АрХ аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурорын түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг нь Г.Г зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч З.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч З.Г нь мөрдөн байцаалтын шатанд гомдол, саналгүй талаар мэдүүлж, энэ талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аовогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор АрХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ