Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2019/ДШМ/48

 

2019 оны 06 сарын 11 өдөр                        

    2019/ДШМ/48                                                 Зуунмод

Г.Б өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Нарангарав,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамжтай Г.Б өд холбогдох 1834006810032 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 21-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Г.Б  нь механик инженерийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд  дотоод хяналт тавина”, Мөн Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байранд өдөр тутмын зааварчлага өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Монполимет” ХХК-ны “Тосон" үйлдвэрийн засварын талбайд гагнуурчин Ж.Сайнжаргал нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн өглөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа экскаваторын төмөр шанаганд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

    Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б өд холбогдох эрүүгийн 1834006810032 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

эрүүгийн 1834006810032 дугаартай  хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол шүүгдэгч Г.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834006810032 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцээд 2019 оны 04 сарын  15-ны өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал: Шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөгдөөгүй, тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, дотоод хяналтыг хэрэгжүүлээгүй гэсэн 3 асуудал хөндөгддөг. “Монполимет” ХХК-ний “Тосон уурхай” нь бүтэц зохион байгуулалтын хувьд нийт 7 хэсэгтэй бөгөөд хэсэг болгоныг хэсгийн дарга, ахлагч нар нь өдөр тутамдаа хариуцан ажиллаж, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгч ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, захирлын баталсан бүтэц, зохион байгуулалт зэргээр харагддаг. Тухайн гэмт хэрэг нь талийгаач Ж.Сайнжаргалын гагнаж байгаа шанаганы эвээс мод унаснаас шанаганд дарагдаж нас барсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй болон бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь нас хохирсон байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.

Прокурор хэргийг хянаад гэмт хэрэг үйлдэгдэх үйлдэл, эс үйлдэхүй хор уршиг хоорондын шалтгаант холбоог: Талийгаач Ж.Сайнжаргал нь хуульд зааснаар өөрийгөө аюул эрсдэлд оруулахгүй байхаар ажил үүргээ гүйцэтгээгүй, ахалж хариуцаж байсан Г.Б  нь эрсдэл бүхий нөхцөл байдлыг илрүүлээд, тухайн ажилтны ажлыг шууд зогсоож, эрсдлийг арилсны дараа ажил үүргийг нь үргэлжлүүлж гүйцэтгүүлэх дотоод хяналтыг хэрэгжүүлээгүйн улмаас үйлдэгдсэн байна гэж үзсэн.

“Монполимет” ХХК-ний Тосон уурхайд мөрдөгдөх эрсдэлийн үнэлгээ буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нэгдсэн журам заавар”-ыг тухайн байгууллага нь 2012 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй боловсруулж, эрх бүхий 2 албан тушаалтан хянаж баталсан байдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн журам зааврыг шинэчилж боловсруулж байсан болох нь тогтоогддог.

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажил олгогч нь эрсдэлийн үнэлгээ хийх үүргийг хүлээсэн байдаг бөгөөд эрсдэлийн үнэлгээ хийх үйл явц нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг:

- илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах цогц үйл ажиллагаа байхаар заасан байдаг учраас Д.Нямтайванг “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх,  бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”  үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байсан.

Учир нь тухайн ажлын байрны эрсдэл бүхий нөхцөл байдал, аюулыг илрүүлэх ажиллагаа хийгдээгүй, үүсч болзошгүй аюулыг тухайн ажилтан болон ахалж ажиллаж буй ажилтан Батмөнх нь илрүүлэх үүрэгтэй байсан боловч тэр үүргээ хэрэгжүүлээгүй байсан. Тодруулбал “Монполимет” ХХК-ний захирлын 2018 оны 06 сарын 14-ний өдрийн Б/099 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журам”-д зааснаар дотоод хяналтыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хамгийн анхны хяналтыг хэсгийн ахлагч, ажилтнууд өөрсдөө хэрэгжүүлж байхаар заагдсан байна.

Дээрх нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт мэдээллүүд хөдөлмөрийн гэрээ, захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолтоос гадна гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон байна.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Г.Б өд холбогдох эрүүгийн 1834006810032 дугаартай хэрэгт нотолбол зохих бүхий л ажиллагаа хийгдсэн, шүүх шийдвэрлэх боломжтой тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 339 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой. Компани холбогдох албан тушаалтныг томилсон. Механикийн эзгүйд орлох албан тушаалтан нь ажлын байрны тодорхойлолтоор Батмөнх байгаа. Механик Дашгаадангийн эзгүйд заавал тушаал гаргаж Батмөнхийг томилох шаардлагагүй. Үүнээс үзэхэд заавал “Монполимет” ХХК-г яллагдагчаар татах үндэслэлгүй нь харагдаж байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 3-н шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Нарангарав гаргасан тайлбартаа: Хэрэг учралыг ганц хүний үгээр буруутгах нь үндэслэлгүй юм. Бусад хүмүүс тухайлбал Нямтайван, Дашгаадан нар яах юм бэ. Шинжээч Цэцэг-Эрдэнэ нь ажил олгогч буюу түүнийг томилсон хүн буруутай гэж дүгнэлт гаргасан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б өд холбогдох эрүүгийн 1834006810032 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.Б өд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаархи хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх шаардлагатай, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн үндэслэлээс зарим хэсэг нь зайлшгүй хийгдэх ажиллагаа байна гэж давж заалдах шүүх үзлээ. Тухайлбал шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан “шүүгдэгч Г.Б  нь 2018 оны 6 сарын 11-ний өдөр “Монполимет” ХХК-ийн “Тосон” үйлдвэрийн уурхайн дарга Д.Ганбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 2018 оны хэдэн сарын хэдний өдөр баталгаажуулсан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолттой танилцсан эсэх, ажил үүргийн хуваариа мэдсэн эсэх, ажлын байрны тодорхойлолтонд ажилтны нэр, гарын үсэг, огноогүй байгаа нь /1-р хх-ийн 127-130/ шүүгдэгч Г.Б  нь үйлдвэрийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд дотоод хяналт тавих субьект мөн эсэх”-г мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Хэрэг учрал гарах үед шүүгдэгч Г.Б  нь механик Дашгаадангийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан гэх бөгөөд энэ талаар гэрч Д.Ганбатын мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Г.Б ийг ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар механикийн эзгүйд ажил, үүргийг нь түр орлон гүйцэтгэнэ гэж прокурор тайлбарлаж байх боловч 1-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудсанд авагдсан “Монполимет” группийн “Тосон” уурхайн туслах механикийн ажлын байрны тодорхойлолтод ажилтны нэр, гарын үсэг, огноогүй, Г.Б ийн ажлын байрны тодорхойлолт гэж үзэх боломжгүй байх учир Г.Б  нь амь хохирогч Ж.Сайнжаргалд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өдөр тутам өгөх  үүрэгтэй эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс үүдэн Ж.Сайнжаргалын амь нас хохирсон гэмт хэргийн субьект нь тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”  буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж үзэх үндэслэл болно.

Мөрдөгчийн 2018 оны 8 сарын 17-ны өдрийн тогтоолоор дүгнэлт гаргахыг даалгасан Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтний дүгнэлт нь тогтоолд заасан хугацаанд гараагүй боловч хэргийн оролцогчдоос дүгнэлттэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байхад  Мэргэжлийн хяналтын газрын мэргэжлийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ямар дүгнэлтийг дахин гаргуулах талаар шүүгчийн захирамжинд дурдсан нь ойлгомжгүй байна.

Шүүгчийн захирамжинд “ “Монполимет” ХХК-ийн “Тосон” уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Д.Нямтайван нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд түүний цаг уурын инженер мэргэжилтэй байгаа нь тухайн албан тушаалтны шаардлагыг биелүүлсэн эсэхийг тодруулах” гэсэн ажиллагааг ямар үндэслэлээр хийлгэхээр зааж байгаа нь тодорхойгүй байна. 

Мөн улсын ахлах байцаагчийн 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 19-04-00/131тоот албан шаардлагын биелэлтийг хүргүүлсэн, уг шаардлагыг биелүүлсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Прокурор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2019- оны 5 сарын 01-ний /лхагва гаригт/ өдөр гардаж авсан байна/ 2-р хавтаст хэргийн 76-р хуудас/. Прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд 2019 оны 5 сарын 8-ны өдөр буюу ажлын 5 хоногт багтаан гаргасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс “прокурорын эсэргүүцэл хугацаа хэтэрсэн” талаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 330 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Энхмаагийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Б өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Г.БОЛОРМАА

 

      ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

   Р.МӨНХ-ЭРДЭНЭ