| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0535/3 |
| Дугаар | 221/МА2025/0330 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Газар, Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0330
| 2025 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2025/0330 | Улаанбаатар хот |
“Т***” НҮТББ-ын
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***,
Гомдол гаргагч: “Т***” НҮТББ
Хариуцагч: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: “Ү***” ХХК,
Гомдлын шаардлага: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0208 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, Э.Ө***,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***,
Хэргийн индекс: 128/2024/0535/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Т***” НҮТББ-аас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан “2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0208 дугаар шийдвэрээр “Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “Т***” НҮТББ-аас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1 Анхан шатны шүүх “... “Т***” ТББ-ын үндсэн барилгын залгаа баригдсан, шилэн хаалгаар холбогдсон болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд өөрийн эзэмшлийн газарт нь хөрш залгаа эзэмшлийн газрыг нь дамнан нүдэнд харагдахуйц том хэмжээний барилга байгууламж барьсан байхад хэн барьсныг огт мэдэхгүй байх үндэслэлгүй .. тухайн барилгыг бариагүй мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй,
3.2 Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг хэн үйлдсэн болох нь нотлох баримтаар хөдөлгөөнгүйгээр нотлогдон тогтоогдоогүй. Тодруулбал зөрчлийн хэргийн материалд уг барилга байгууламжийг “Т***” ТББ барьсан болохыг нотолсон нэг ч баримт байхгүй,
3.3 Зөрчлийг шалган шийдвэрлэх зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох чиг үүргийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “эрх бүхий албан тушаалтан”-д олгожээ. Мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д “эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан,
3.4 Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зөрчил хэн үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй байтал анхан шатны шүүхээс хийсвэр байдлаар “Т***” ТББ-ын газар байх тул барилгыг мөн тус ТББ барьсан гэж үзнэ” хэмээн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй,
3.5 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээд талаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалсан газарт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тус тус заасан.
4. Маргаан бүхий үйл баримтын тухайд, гомдол гаргагч “Т***” НҮТББ нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/54 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Ү***гийн хойд хэсэгт байрлах 601 м.кв талбай бүхий газрыг сургалт, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/101 дүгээр захирамжаар газрын хэмжээг 681 м.кв болгон нэмэгдүүлсэн.
Гуравдагч этгээд “Ү***” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/1209 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 212113 м.кв газрыг тус тус эзэмшдэг.
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Ү***” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан “... “М***” ХХК нь манай газрын хойд хэсэгт дур мэдэн нэвтэрч, хашааг нурааж, өмчид халдан, эзэмшил газарт барилга байгууламж хүртэл барьсан ... тул энэхүү зөрчлийг арилгаж, холбогдох хариуцлагыг оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг тус хэлтсээс харъяаллын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлсэн.
Улмаар, хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын улсын ахлах байцаагч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Т***” НҮТББ-д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн 250 000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.
5. Анхан шатны шүүх гомдол гаргагч “Т***” НҮТББ-аас шүүхэд хандан гаргасан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0022107 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг “...Өөрийн эзэмшил газраа бусдад гэрээний болон бусад үндэслэлээр ашиглуулсан тухай үйл баримт тогтоогдоогүй, гомдлын шаардлагадаа өөрийн эзэмшлийн газарт унадаг дугуйны саравч барьсан гэж дурдсан байна. “Ү***” ХХК-ийн эзэмшил газар дээр барьсан барилга нь гомдол гаргагчийн гомдолд дурдсан унадаг дугуйны саравч байх тул Т*** ТББ-г тухайн барилгыг бариагүй, мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, гомдол гаргагч “Т***” НҮТББ-аас шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо “Т***” НҮТББ нь өөрийн эзэмшил газартаа унадаг дугуйны саравч барьж, нийтийн аятай тухтай байдал ханган ажилласны хариуд улсын ахлах байцаагч торгуулийн шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарлан маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан 2402000088 дугаар Зөрчлийн хэрэг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтуудаар “Т***” НҮТББ-ийн нийтийн аятай тухтай байдлыг ханган барьсан “унадаг дугуйны саравч” нь гомдол гаргагчийн “сургалт, үйлчилгээ зориулалт”-аар эзэмшиж буй газарт баригдсан “Ш***” нэртэй үйл хөдлөх эд хөрөнгийн зүүн хананд тулган баригдсан, нэгдүгээр давхараасаа “Шонхор тауэр”-ийн доор байрлах автозогсоолруу орсон хоёр давхар төмөр карказан байгууламж болох нь, мөн тухайн хоёр давхар төмөр карказан байгууламж нь гомдол гаргагчийн өөрийн эзэмшлийн газраас илүү гарч гуравдагч этгээд “Ү***” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар дээр баригдсан болох нь бүрэн тогтоогдсон бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зөрчил хэн үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй” гэх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА