Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/01252

 

Ц.Энхийн-Есөнбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар магадлалтай,

Ц.Энхийн-Есөнбаатарын нэхэмжлэлтэй,

Г.Мэндбаярт холбогдох,

2015.09.22-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуул, В.Энхтамир нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуул, В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхийн-Есөнбаатар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж 33 дугаар байрны 76 тоотод байрлах 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг дангаар өмчилж, ам бүл 3-уулаа амьдардаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.23-ны өдрийн 001/XT2019/00579 дугаар тогтоолоор жижиг дунд үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зориулалттай урт хугацааны зээлийн гэрээ цуцлагдаж Соёлзорро ХХК нь Капитал банкинд 2013.06.13-ны өдрийн 321 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 283,019,736 төгрөг, 2015.09.23-ны өдрийн 43 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 624,665,371 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн /1.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн/ үл хөдлөх хөрөнгө болон бусад 3 этгээдийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тухай зээлдэгч Соёлзорро ХХК болон Капитал банкны зүгээс хэн нь ч барьцаалуулагчид огт мэдэгдэлгүй шат шатны шүүхийн шийдвэр гаргуулсан ба хууль болон гэрээнд зааснаар бол талууд барьцаалагчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Х.Соёл-Эрдэнэ түүний нөхөр Д.Ганзориг нар нь Соёлзорро ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд шийдвэрийн дүгнэлтэд Соёлзорро ХХК нь бусдын өмчлөлийн буюу ... Ц.Энхийн-Есөнбаатар нарын 4 хүний эд хөрөнгийг барьцаалахдаа уг этгээдүүдээс хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгүүдийг тэдний нэрийн өмнөөс барьцаанд тавих, гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангах гэх мэт эрх олгосон итгэмжлэлүүдийг үндэслэл болгосон гэжээ. Шийдвэрийн үндэслэл болох Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Мэндбаяр 2015.09.22-ны өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчлэхдээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол Хилчид гудамж 33 дугаар байрны Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн 16 тоотын өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар би Х.Соёл-Эрдэнийг 514.92 м.кв талбайтай 5 өрөө 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцны захиран зарцуулах эрхгүйгээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар гэр бүлийн гишүүдтэй харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Мөн хамтран өмчлөгчөөр нэмэгдэж буй Х.Соёл-Эрдэнэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн гишүүнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж үнэн зөвийг гэрчилсэн гэж бичээд бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн байна. Нотариатын энэ үйлдэл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан эрхийг Х.Соёл-Эрдэнэд олгохоор гэрчилсэн ба уг заалт нь бүхэлдээ аль ч утгаараа хууль ёсны гэр бүлийн гишүүдэд хамааралтай бөгөөд Х.Соёл-Эрдэнэ нь Ц.Энхийн-Есөнбаатартай нэг гэр бүлийн гишүүн биш тул хууль зөрчин эрх олгожээ. Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаарт бүртгэгдсэн 76 тоотын өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатарын Х.Соёл-Эрдэнэд хэлцлээр шилжүүлсэн хөрөнгө болох 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг Капитал банк 1,029,840,000 төгрөгөөр үнэлсэн ба гэрчлэгдсэн хэлцэлд 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц гэж тэмдэглэсэн зэргээс үзэхэд бодит байдлуудыг сонирхоогүй, шаардлагатай баримтыг шаардан аваагүй байна.

Мөн X.Соёл-Эрдэнэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энхийн-Есөнбаатарын өмчлөлийн орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж бичсэн атлаа гар бичмэлээр төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүй гэж бичиж утга агуулгын зөрчил үүсгэсэн. Эдгээр зөрчлүүд нь нотариатч хэлцлийг гэрчлэхдээ төрлөө зөв тодорхойлоогүй, холбогдох баримтыг шаардаж аваагүй, үйлчлүүлэгч нарын хүсэл зориг зөрчилдсөн байхад хэлцлийг гэрчлэхээс татгалзах, мөн хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг үйлчлүүлэгчид тайлбарлах, зөвлөх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг хуулиар олгосон эрхээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс муу үр дагавар үүсгэхэд хүргээд байна. Иймд нотариатчийн гэрчлэх үйлдэл хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд нийцээгүй гэж үзэн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Мэндбаярын бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн 2015.09.22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нотариатын үйлдлийг хийхдээ ямар ч хууль зөрчөөгүй бөгөөд гэрээг байгуулах үед талуудыг биеэр байлцуулан, хувийн байдлыг тогтоож, холбогдох бичиг баримтыг нягтлан шалгаж, хууль ёсны эрх үүргийг тайлбарлан танилцуулж, гэрчилсэн. Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь хэлцэл гэрчлүүлэхээр ирэхдээ ухаан санаа эрүүл, иргэний үнэмлэх, Ү-2204064492 дугаар улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 000354656 тоот эрхийн гэрчилгээг эх хувиар нь авчирсан. Тухайн бичиг баримтыг шалгахад нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр иргэн Х.Соёл-Эрдэнийг нэмж оруулах хүсэл зоригоо илэрхийлж байсан бөгөөд Х.Соёл-Эрдэнэ хүлээн зөвшөөрч хэлцэлд биечлэн гарын үсгээ зурсан. Тухайн хэлцэл нь хуульд нийцэж гэрчлэгдсэн учраас улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд Ү-2204064492 дугаар улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Ц.Энхийн-Есөнбаатарын 1 хүний өмчлөлд байх бөгөөд энэ нь 000354656 тоот өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно. Хууль ёсны өмчлөгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй. Хэрэв тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2 буюу түүнээс дээш хамтран өмчлөгчтэй байсан бол Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалт хамаарах бөгөөд бусад хууль ёсны хамтран өмчлөгчидтэй харилцан тохиролцож, зөвшөөрсөн тохиолдолд хамтран өмчлөгч нэмэх эсэхийг шийдвэрлэх байсан. Иргэний хуулийн дээрх холбогдох заалт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдсан хамтран өмчлөгчид хамаарах бөгөөд эдгээр хууль ёсны өмчлөгчид нь хэнийг хамтран өмчлөгчөөр нэмэх, хасах эсэхийг шийдвэрлэх эрхтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь гагцхүү гэр бүлийн гишүүд байна гэсэн хязгаарлалт одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд байхгүйг дурдах нь зүйтэй. Аливаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өмчлөгч нь өөрөө тогтооно гэсний дагуу өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар уг үл хөдлөх хөрөнгөө 100,000,000 төгрөгөөр үнэлж хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хийсэн. Арилжааны банк аливаа хөрөнгийг үнэлдэг өөр өөрийн арга зүйтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч хууль ёсны өмчлөгч нь өөрийн хөрөнгийн үнэлгээг өөрөө бодитой тогтоох ёстой бөгөөд өмчлөгчийн үнэлгээг үгүйсгэх, ямар ч боломжгүй. Хэлцлийн талууд үнэлгээн дээр санал зөрүүтэй байр суурь илэрхийлээгүйг дурдах нь зүйтэй. Аливаа хэлцэлд талуудын хүсэл зоригийг тусгадаг бөгөөд энэ удаа ч үйлчлүүлэгчийн хэлцэл хийх хүсэл зоригийг хэлцэлд тусгасан болно. Хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг дангаар захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодорхой тайлбарлан өгсөн. Үүнийгээ хэлцлийн оролцогч талууд бүрэн ойлгож гарын үсгээ зурж, гэрчлүүлсэн. Үр дагавраа бүрэн ойлгож хийсэн гэдэг нь дараа дараагийн үйлдэл, хуулийн дагуу төлөөлөл олгосон итгэмжлэл зэрэг нь нотолдог. Өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар нь хамтран өмчлөгч нэмж оруулахыг зөвшөөрсөн үйлдлээ бүрэн ойлгож, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн. Хэлцэл хийхдээ төөрөлдсөн, холбогдох баримтыг дутуу бүрдүүлсэн, өөрийн хүсэл зоригоос өөр хэлцэл хийсэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалаагүй гэх үндэслэлгүй. Байраа алдахгүйн тулд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар хандсан гэдгээ төлөөлөгч тайлбартаа дурдлаа. Захиран зарцуулах эрхгүй гэж оруулсан байтал барьцаанд тавьж алдах болоод байгаа тухай асуудал ярьж байна. Ц.Энхийн-Есөнбаатар байрыг барьцаанд тавих эрхийг Х.Соёл-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон байдаг. Уг асуудлыг өөрөө мэдэж хийсэн атлаа нотариатын буруутай үйл ажиллагаанаас болсон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээтэй холбоотой асуудал нотариатчид хамааралгүй. Нотариатын үйлдлийг хийхдээ хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй, хуулийн дагуу хэлцлийг гэрчилсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дүгээр шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Мэндбаярт холбогдох бүртгэлийн 2287 дугаарт бүртгэсэн 2015 оны 09 сарын 22-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуул, В.Энхтамир нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 1292 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтууд буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй... гэх хуулийн заалтыг ижил байдлаар ишлэсэн хэдий ч анхан шатны шүүхийн зүгээс ...гэрээ хэлцлийг гэрчилж буй нотариатч гэрээний чөлөөт байдалд халдах эрхгүй, хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэж нотариатын үйлдлийг хийх үүрэгтэй, харин давж заалдах шатны шүүхээс нотариатч талуудын гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж тус тус ижил төсөөтэй агуулгатай хууль зүйн дүгнэлтүүдийг өгсөн нь хууль хэрэглээний талаасаа алдаатай, өрөөсгөл хууль зүйн дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх нь нотариатчийн тодорхой чиг үүрэг гэж заажээ.

Нотариатч Г.Мэндбаяр нь маргаж байгаа хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлийг хуулийн хүрээнд Үл маргах шинжтэй хэлцэл болгон гэрчлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ мэргэжлийн бүдүүлэг байж боломгүй алдаа гаргасан гэж бидний зүгээс үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатарын зүгээс найздаа туслах чин сэтгэлийн үүднээс Х.Соёл- Эрдэнийг өөрийн өмчийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмэх хүсэл зоригоо илэрхийлэхдээ ...захиран зарцуулах эрхгүйгээр нэмэх гэж тусгайлан өөрөө хүсэж илэрхийлсэн нь нотариатч Г.Мэндбаярын гэрээний талуудад гэрээний стандарт нөхцөлөөр санал болгосон Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууц эзэмших, ашиглах, захиран зарцуулахад гэр бүлийн гишүүнтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэх хүсэл зоригийн илэрхийлэлтэй харилцан дотоод зөрчилдөөн бүхий Нотариатын баримт /НТХ-11.1,11.2/ болох хууль зүйн баримт /хэлцэл/-ийг хариуцагч гэрчилсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, маргаж байгаа хэлцлийн талууд болох Ц.Энхийн- Есөнбаатар, Х.Соёл-Эрдэнэ нарын Иргэний хуулийн 189.1-д заасны дагуу хуулийн хүрээнд байгуулахаар тохирвол зохих тусгай нөхцөл (захиран зарцуулах эрхгүй) нь Нотариатчийн зүгээс тэдэнд хэлцлийн стандарт нөхцөлөөр санал болгосон Иргэний хуулийн 128 дугаар зүйл буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрх бүхий эд хөрөнгийн хувьд ижил тэгш байдлаар захиран зарцуулах эрхтэй илт зөрчилдөөнтэй, эсрэг тэсрэг нөхцөл байсаар байтал үйлчлүүлэгчид зөвлөх цаашлаад үл маргах шинжтэй хэлцэл болгон гэрчлэх чиг үүрэгтэй нь зөрчилдсөн хэлцлийг гэрчилсэн нь Ц.Энхийн-Есөнбаатар төдийгүй түүний гэр бүлийн гишүүдийг хууль зүйн эрсдэл бүхий нөхцөл байдалд хөтөлсөн гэж бидний зүгээс маргаж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн зүгээс гэрээний чөлөөт байдлын талаарх иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг үндэслэн илүү нарийвчилсан зохицуулалт, үзэл санаа бүхий Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д заасан тодорхой чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй Нотариатчийн алдаатай үйлдлийг зөвтгөн тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгч нь 2015.05.29-ний өдөр уг орон сууцыг Соёлзорро ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалуулах эрхийг Х.Соёл-Эрдэнэд олгосон итгэмжлэлийг үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн байна (Шийдвэрийн 4 дэх тал). Давж заалдах шатны шүүх Нэхэмжлэгч нотариатын үйлдлээс өмнө 2015.05.29-ний өдөр өөрийн өмчлөлийн дээрх орон сууцаа Соёлзорро ХХК-ийн нэр дээр авах зээлийн барьцаанд барьцаалуулах бүрэн эрхийг X. Соёл-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон байна гэж тус тус дүгнэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуулын зүгээс энэхүү итгэмжлэл /ХХ-77/-ийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хүсэлтийг хангаагүй байдаг. Хариуцагч Г.Мэндбаярын хэлцлийг гэрчилсэн үйлдлийг алдаатай болсон гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байхад хариуцагчийн зүгээс өмнө нь хийгдэж байсан итгэмжлэлээр хүсэл зоригийн илэрхийлэл хийгдсэн гэх үндэслэл, тайлбарыг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн зүгээс шийдвэр, магадлалынхаа хууль зүйн үндэслэл болгож байгаа нь мөн л хууль хэрэглээний алдаа болно. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ хэлцэлд тусгай нарийвчилсан зохицуулалт шаарддаг бөгөөд эдгээр хуулийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилждэггүй. Гэтэл хариуцагч Г.Мэндбаярын гэрчлээгүй, маргаанд хамааралгүй буюу хууль зүйн үр дагавар үүсгээгүй итгэмжлэлийг үндэслэн маргаж байгаа нотариатчийн хэлцэл гэрчилсэн үйлдлийг зөвтгөж тайлбарлаж байгаа анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлгүй болно. Тодруулбал, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч өөрийн өмчийн орон сууцаа Соёлзорро ХХК-ийн нэр дээр авах зээлийн барьцаанд барьцаалуулах бүрэн эрхийг Х.Соёл-Эрдэнэд итгэмжлэлээр олгож хүсэл зоригоо илэрхийлсэн гэх тайлбар болон түүнийг үндэслэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэг талаас Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан бөгөөд итгэмжлэл /ХХ-77/ ба Хамтран өмчлөгч нэмэх хэлцэл /ХХ-6/-д дэх хүсэл зоригийн илэрхийлэл гадаад төдийгүй дотоод зөрчилтэй байгаад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс тусгайлан дүгнэлт үйлдээгүй хэрнээ итгэмжлэл дэх хүсэл зоригийн илэрхийллээр хамтран өмчлөгч нэмэх хэлцлийн дотоод зөрчилдөөн, алдаатай байдлыг зөвтгөж дүгнэсэн. Нөгөө талаас Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэлд тавигдах шаардлагыг хариуцагч талын зүгээс нотолгоо болгож байгаа итгэмжлэл нь өөрөө агуулга төдийгүй хэлбэрийн хувьд хангахгүй болно. Товчдоо Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх итгэмжлэлийн үндсэн дээр бус зөвхөн гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжих учиртай. Гэтэл дотоод зөрчилтэй, маргах нөхцөл бүхий хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг энэхүү итгэмжлэлийг үндэслэн зөвтгөж байгаа шүүхийн шийдвэр болон магадлал нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлтэй тус тус зөрчилдөж байгаад Улсын дээд шүүхийн зүгээс тусгайлан дүгнэлт хийхийг хүсэж байна.

3. Нэхэмжлэгчийн зүгээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 1906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.04.23-ны өдрийн 579 дүгээр тогтоол, тэдгээрийн үндэслэх хэсэгт заагдсан нотлох баримтыг, нотлох баримтын эх сурвалж болох Нийслэлийн архиваас гаргуулсан Гэрчлэгдсэн хэлцэл-ийг баримтжуулсан /ХХ-ийн 41-45 / баримт тус бүрд бичигдсэн нотлох баримтуудыг харьцуулж үзээгүй, атлаа зарим баримт болох гэрчлэгдсэн итгэмжлэлийг үзэмжээрээ сонгож үнэлэн дүгнэсэн, мөн зарим нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Жишээлбэл: иргэн Ц.Энхийн-Есөнбаатараас Х.Соёл-Эрдэнэд, Х.Соёл-Эрдэнэээс Соёлзорро ХХК болон Капитал банк ХХК-д гэсэн 3-4 талт харилцаанд гэрчлэгдсэн итгэмжлэл /ашиглагдаагүй/-ийг Ц.Энхийн-Есөнбаатараас Х.Соёл-Эрдэнэд, Ц.Энхийн-Есөнбаатар, Х.Соёл-Эрдэнэ нараас нотариатч Г.Мэндбаярт гэсэн 3 талт харилцаа бүхий хамтран өмчлөгч нэмэх тухай гэрчлэгдсэн хэлцэлтэй, 2015.09.22-ны өдөр Гэрчлэгдсэн хэлцэл-тэй нотариатын баримтанд гэрчилгээний дугаар 000354656, Улсын бүртгэлийн дугаар Ү-2204064492 Ц.Энхийн-Есөнбаатарын нэг хүний өмч гэж тэмдэглэгдсэнийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8 дахь мөрийн төгсгөлийн хэсэгт 2015.09.23-ны өдрийн 43 тоот Зээл болон Барьцааны гэрээ, гэрчилгээний дугаар 000421038, Улсын бүртгэлийн дугаар Ү-2204064492 Үл хөдлөх хөрөнгө түүнийг 11-531461 дугаартай барьцаалбар болгосон тухай хамаарал бүхий нотлох баримтуудтай харьцуулж үнэлж дүгнэлгүй орхигдуулсан болно.

Маргаан бүхий Гэрчлэгдсэн хэлцэл-ийг 2015.09.22-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн Нотариатч Г.Мэндбаяр, Гэрчлэгдсэн итгэмжлэл-ийг 2015.05.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Х.Цогзолмаа нар тус бүр гэрчилсэн ба эдгээр нотариатчийн гэрчлэх үйлдлүүд нь хоорондоо харилцан хамааралгүй бөгөөд нэг нотариатч нь нөгөө нотариатчийнхаа гаргасан нотариатын баримтыг өөрийнхөө гэрчлэх үйлдэлдээ үндэслэл болгоогүй болох нь цаг хугацаа болон архивын баримтаар тогтоогддог. Мөн Ц.Энхийн-Есөнбаатарын итгэмжлэлээр илэрхийлэгдсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь маргаж байгаа хэлцэл дэх хүсэл зоригийн илэрхийллээс ялгаатай буюу тодорхой цаг хугацааны дараа өөрчлөгдсөн байдаг. Гэрчлэгдсэн итгэмжлэл нь Капитал банкнаас Жижиг дунд Үйлдвэрийн төсөлд зориулагдсан урт буюу 10 жилийн хугацааны зээлийн болон барьцааны гэрээнд ашиглагдаагүй тодруулбал, итгэмжлэгдсэн этгээд гэрээний тал болж гарын үсэг зураагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. Гэвч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хавсралт баримтын нэг болгож өгснөөр хавтаст хэрэгт баримт болон авагдсан байдаг. Энэ итгэмжлэл нь 3 жилийн хугацаатай бөгөөд хугацаа дууссаны зэрэгцээ, итгэмжлэлд дурдагдсан Ц.Энхийн-Есөнбаатарын хүсэл зориг нь дараагийн гэрчлэгдсэн хэлцэлд тодотгон нэмж оруулсан /292 дугаар магадлалын 7 дугаар нүүрний эхний хэсэгт заасанчлан/ Орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр гэж бичүүлсэн түүний хүсэл зоригоор өөрчлөгдсөн буюу шинэчлэгдсэн байдаг. Нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т Нотариатчийн хийсэн нотариатын үйлдсэн буюу гэрчилсэн бусад баримт бичиг, ...нотариатын баримт гэх ба ...нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болно гэсэн заалт болон Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дурдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан заалтыг эс биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Нотариатч нь гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг ...агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тус тус нягтлах үүрэгтэй ба мөн хуулийн 46.6-т заасны дагуу нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулах үүрэгтэй байх юм. Гэтэл энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус бөгөөд энэхүү үүргүүдээ хэрэгжүүлсэн бол нотариатын баримт болох нотариатчийн тэмдэглэл үйлдсэн байх учиртай ба ийм баримт байхгүй байгаа болно. Мөн хуулийн 46.3-т заасны дагуу Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана гэсэн үүрэг бас байгаа ба Угтаа энэ хэлцлийг гэрчлэхээс татгалзах хуулийн үндэслэл бодит байдалд үүсээд байсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзэл санаа түүний үндэслэл хэвээр байсаар байгаа болно.

5. Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь чулуугаар гар урлалын зүйл хийдэг хүн бөгөөд Үнэт металлаар гоёлын зүйл хийдэг гэр бүл Д.Ганзориг, Х.Соёл-Эрдэнэ нартай танилцаад 5 сарын дараа тэдгээр найздаа туслах гэсэн чин сэтгэлдээ хөтлөгдөн дээрх хоёр нотариатчид хандсан байдаг. Нотариатч Г.Мэндбаярын Гэрчилсэн хэлцэлд үйлчлүүлэгч Ц.Энхийн Есөнбаатар нь өөрөө хүсэж хүсэл зоригоо тодотгон бичүүлсэн ба энэ хүсэл зориг нь хэрэгжээгүй, харин Нотариатчийн стандарт нөхцөл болох Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан заалт хэрэгжиж Х.Соёл-Эрдэнэ нь шилжүүлэн авсан орон сууцны өмчлөлийн эрхийг Капитал банкны зээл болон барьцааны гэрээний зүйл, улмаар барьцаалбар болгосон байх ба түүгээр зогсохгүй Ц.Энхийн-Есөнбаатар нь энэхүү зээл болон барьцааны гэрээний тал болоогүй байдаг ба зээлийн барьцааны 8 нүүр хуудас гэрээнд Ц.Энхийн Есөнбаатарын талаар мэдээлэл огт байхгүй ба сүүлчийн 2 нүүр хуудсанд гарын үсэг зурсан гэдгээр түүний өмчлөлд үлдсэн Орон сууцны өмчлөлийн хэсэг нь Барьцааны гэрээний зүйл, болон барьцаалбар бүхэлдээ болж, Капитал банкны СоёлзорроХХК-тай байгуулсан 2013, 2015 оны зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт шилжиж захиран зарцуулагдахад хүрснийг гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр мэдсэн байдаг. Хэрвээ Ц.Энхийн-Есөнбаатар нь банкны зээлийн барьцааны гэрээний тал болох зайлшгүй шаардлагатай байсан бол Нотариатчаар хэлцэл гэрчлүүлэх, түүнийгээ Улсын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх дамжпага бүхий ажиллагаа хийх шаардлагагүй бөгөөд өөрөө очиж Капитал банктай гэрээ байгуулах эрх нь байсан байдаг. Урт хугацааны зээлийн гэрээ цуцлагдсан талаар банк болон зээлдэгч нараас хэн нь ч орон сууцны өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатарт мэдэгдээгүй ба түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг ч шүүхэд гаргаагүй байдаг. Капитал банкны 2013 онд байгуулсан зээлийн гэрээний талаар Ц.Энхийн-Есөнбаатар нь огт мэддэггүй ба түүнд хамааралгүй болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогддог. Өнөөдөр орон сууцны өмчлөгч Ц.Энхийн-Есөнбаатар өөрийн хэрэглээгүй бусдын авсан хэд хэдэн /2013, 2015 оны/ зээлийн гэрээний үүрэгт өөрт байгаа, бүхий л хөрөнгө орон сууцаа алдахад хүрээд байгаа, нотариатчийн стандарт нөхцөлөөр гэрчилсэн хэлцлийн хэсэг заалт хэнд хохирол учруулж, хэний эрсдэлийг хамгаалж байгаа, Захиран зарцуулах эрхгүйгээр орон сууцны өмчлөлөө шилжүүлэх тухай Ц.Энхийн-Есөнбаатарын хүсэл зориг хэзээ хэрхэн хэрэгжсэн талаарх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэхийг хүсэж байна.

Дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2, 176.2.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн 101/ШШ2019/03414 дугаартай шийдвэр, түүнд хамаарах 292 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь Г.Мэндбаярт холбогдуулан 2015.09.22-ны өдрийн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...нотариатч гэрээг гэрчлэхдээ төрлөө зөв тодорхойлоогүй, холбогдох баримтыг шаардаж аваагүй, үйлчлүүлэгч нарын хүсэл зориг зөрчилдсөн байхад хэлцлийг гэрчлэхээс татгалзах, мөн хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг үйлчлүүлэгчид тайлбарлах, зөвлөх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг хуулиар олгогдсон эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү... гэж тодорхойлж,

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нотариатчийн үйлдлийг хийхдээ хууль зөрчөөгүй, гэрээг байгуулах үед талуудыг биеэр байлцуулж, хувийн байдлыг тогтоож, холбогдох бичиг баримтыг нягтлан шалгаж, хууль ёсны эрх, үүргийг нь тайлбарлан хэлцлийг гэрчилсэн, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот өөрийн өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчөөр Х.Соёл-Эрдэнийг нэмж бүртгүүлэхээр 2015.09.22-ны өдөр Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийж, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Мэндбаяраар гэрчлүүлжээ.

Гэрээнд Х.Соёл-Эрдэнийг 514.92 м.кв, 5 өрөө, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөлд төслийн зээлд хамрагдахын тулд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээгээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар энэхүү гэрээг байгуулав гэж тухайлан заажээ.

Гэрээний дээрх агуулгаас үзвэл орон сууцыг бусдад барьцаалж, төслийн зээлд хамрагдахын тулд Х.Соёл-Эрдэнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ үйл баримттай маргаагүй байна.

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг шалгахдаа талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтална, энэ нөхцөл байдлын аль нэг зөрчигдсөн бол гэрчлэхээс татгалзана гэжээ.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1.-д зааснаар нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгөх үүрэгтэй.

Гэрээг гэрчлүүлэхээр талууд хэн аль нь ирсэн, талуудыг биеэр байлцуулан, хувийн байдлыг нь тогтоож, холбогдох бичиг баримтыг нягтлан шалгаж, хууль ёсны эрх үүргийг тайлбарлан, танилцуулж, гэрээг гэрчилсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, тэрээр орон сууцны хамтран өмчлөгчөөр Х.Соёл-Эрдэнийг бүртгүүлэхдээ орон сууцыг төслийн зээлд барьцаалахыг мэдэж байсан, энэ үндэслэлээр хэлцлийг гэрчлүүлсэн, улмаар орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэл олгосон байх тул дээрх хэлцлийн үр дагаврыг ойлгоогүй, нотариатч тайлбарлаж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хамтран өмчлөгчөөр нэмж оруулах хэлцэлд орон сууцыг захиран зарцуулах эрхгүйгээр гэж тухайлан заасан байхад тухайн этгээдийг гэр бүлийн гишүүдийн нэгэн адил эрх эдэлнэ гэсэн зохицуулалт оруулсан нь агуулгын зөрчилтэй хэлцэл байхад гэрчилсэн, ...улмаар Х.Соёл-Эрдэнийн банкнаас авсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа алдахад хүрээд байгаа нь нотариатч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотой, ...захиран зарцуулах эрхгүйгээр орон сууцны өмчлөлөө шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэл зориг хэрхэн хэрэгжсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн Х.Соёл-Эрдэнэ нь Соёлзорро ХХК-ийн үүсгэн байгуулагч, Соёлзорро ХХК нь 2015.09.23.-ны өдөр Капитал банкаар дамжуулан 600,000,000 төгрөгийн зээлийг ХХАЯ-ны жижиг дунд үйлдвэрийн газар, Японы орон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Жайка-ийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор авахдаа хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан, нэхэмжлэгч нь төслийн зээлд хамрагдахын тулд Х.Соёл-Эрдэнийг орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан тухайгаа хэлцэлд тодорхой заасан байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа Хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх гэрээний үүргийг ойлгоогүй, нотариатч үр дагаврыг тайлбарлаагүйгээс эрх, ашиг сонирхолд зөрчигдөж, бусдын авсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа алдахад хүрээд байна гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтад үндэслэсэн, Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатар, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуул, В.Энхтамир нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Энхийн-Есөнбаатараас 2020.03.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                  Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                         Б.МӨНХТУЯА

                                                       Д.ЦОЛМОН

                                                               Х.ЭРДЭНЭСУВД