Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/347

 

 

 

 

 

 

 

   2023        03          14                                    2023/ШЦТ/347

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Тэд холбогдох эрүүгийн 2306 00000 0549 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд

- 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2004 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ялаар,

- 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 800 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан эдлээгүй үлдсэн 552 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 69 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, регистрийн *** дугаартай, Д.Т.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны урд байрлах автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Нийн халааснаас нь “Iphone-XR” загварын 725.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 725.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Тэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Прокурорын газарт яллагдагч Д.Т нь хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 22 дугаар хороо Офицеруудын автобусны буудал орчим халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэх үед халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж урьд өмнө ял шийтгэл эдэлж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээд нарын судалгаанд бүртгэлтэй Майгаа хочит Д.Т нь халаасны хулгай хийх зорилготой явж байсан тус этгээдийг зогсоон нэгжлэг хийхэд хулгайн замаар алдагдсан болох Айфони Экс Ар загварын гар утас олдсон тул тэмдэглэл үйлдэн хураан авч ажилласан болно...” гэх мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 6 дахь тал/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо офицеруудын автобусны буудлын зүүн талд явж байхдаа халааснаасаа Айфоне Икс Ар загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би буцаж явсан замаараа яваад хайсан байхгүй байсан болохоор гэр лүүгээ харьсан. Манай ээжийн утас руу цагдаа залгаад танай охин утсаа алдсан уу гэж асуусан. Тэгээд би цагдаагийн газарт аавтайгаа ирсэн. Миний алдсан гар утас шар өнгийн Айфоне Икс Ар загварын гар утас байсан. 2021 оны 09 дүгээр сард Теди гар утас худалдааны төвөөс 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дахь тал/,

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дамно ХХК-ийн НЦУГ-23-007 дугаартай “...зах зээлийн үнэлгээгээр нийт 725.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дэх тал/,

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “…Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой өмгөөлөгчөөрөө дамжуулан уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг /110-112 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны урд байрлах автобусны буудлын орчимд насанд хүрээгүй хохирогч Ц.Нийн халааснаас нь “Iphone-XR” загварын 725.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 725.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Тийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ц.Нт 725.000 төгрөгийн хохирол учирсан болох болох нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Дамно ХХК-ийн НЦУГ-23-007 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ. Иймд Д.Тийг бусдын эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.Тийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч М.Хандармаа нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно…” гэж заасан байх бөгөөд Д.Т нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Д.Т нь “IPhone XR” гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн 8 дахь тал/ байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…Охин маань утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй…” гэж мэдэгдсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулж, Д.Т уг саналыг хүлээн зөвшөөрсөн тухай яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэжээ.

Шүүгдэгч Д.Тэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 54 дэх тал/

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Тэд 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Тэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба талууд, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ