| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00343/И |
| Дугаар | 156/ШШ2019/00421 |
| Огноо | 2019-08-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2019/00421
| 2019 оны 08 сарын өдөр 02 | Дугаар 156/ШШ2019/00421
| Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00343/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,
Хэнтий аймгийн ................тоотод оршин суух, Шарайд овогт Г. С (РД: )-гийн хүсэлттэй,
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.С, прокурор Ц.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний өвөг эцэг Д.Ж нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгагдсан юм.
Иймд ач охин Г.С надад олгогдох нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг олгож өгнө үү... (хх-ийн 1 тал)
Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Г.С нь цагаатгалын нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Прокурорын зүгээс 1 000 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нөхөн олговор нэхэмжлэх эрхийг заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дүгээр зүйлд тухайн цагаатгагч нас барсан бол түүний ах, эгч, дүү, ач, зээ нар нь авах эрхтэйг дурдсан байна. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан улсын бүртгэлийн лавлагаанд хэлмэгдэгч Ж хүү Г. С гэдэг нь лавлагаагаар ач охин болох нь тогтоогдож байна. Д.Ж нь 1938 онд ялын дээд хэмжээгээр шийтгүүлж, цаазаар авагдсан. 1992 онд дээд шатны шүүхээр цагаатгагдсан байдаг. Иймээс прокурорын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй... гэжээ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.С нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.С нь хэлмэгдэгч Д.Ж ач охин болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн...
1. Үндэсний төв архивын лавлагаанд:... Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 26 дугаарт:... өрхийн тэргүүн Д.Ж... Ц.Д... хүү Г... гэж бүртгэгдсэн байна. (хх-ийн 5 тал )
2. Үндэсний төв архивын лавлагаанд:... Хэнтий аймгийн Дадал сумын... 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 69 дүгээрт:... Ц. Д... Ж. Г, эрэгтэй, 12 настай гэж бүртгэгдсэн... (хх-ийн 5 тал )
3.Төрсний бүртгэлийн лавлагаанд:... эцэг Ж. Г... Га С. гэжээ. (хх-ийн 8 тал )... зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.
Хэлмэгдэгч Д Ж нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь хэрэгт авагдсан тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, (хх-ийн 4 тал ) № 6456 дугаартай, Д.Ж цагаатгалын үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 3 тал ) БНМАУ-ын Дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай магадлалын хуулбар, (хх-ийн 9-10 тал ) улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 10/4354 дугаартай лавлагаа (хх-ийн 11 тал )... зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Г.Снь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд нөхөх олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд 1 000 000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Д.Ж ач охин Г.С улсын төсвөөс 1 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулан олгохоор зааж шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын 1 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, Ш овогт Г С ( ) олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ