| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00397/И |
| Дугаар | 156/ШШ2019/00414 |
| Огноо | 2019-07-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 156/ШШ2019/00414
| 2019 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 156/ШШ2019/00414 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00397/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...багт байрлах, Хэнтий аймгийн О Б газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сумын ..............баг, ..................тоот хаягт оршин суух, Н. Л /РД: /-д холбогдох
дутагдуулсан малын үнэ 19 322 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Л нь 2011 оноос тус байгууллагын малчнаар ажиллаж байсан. 2017 оны тооллогоор 612 тооны мал дутагдуулсан байсан, үүнийг удаа дараа баримтжуулсан. 2018 онд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан. 2018 онд тухайн малыг төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Малын үнэлгээ балансад тусгагдсан дүнгээр байгаа, энэ нь анх тусгасан дүнгээр байдаг тул зах зээлийн ханшнаас бага байдаг. Иймд дутагдуулсан 612 толгой малын үнэ 19 322 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Л нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн ОБ газар нь хариуцагч Н.Л-д холбогдуулан дутагдуулсан 612 толгой малын үнэ 19 322 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Н.Л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Хэрэгт Н.Л 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн ОБ газарт гаргасан ... 2017 оны 02 дугаар улиралд дутагдуулсан 612 толгой буюу 19 322 000 төгрөгийн малыг гэрээнд заагдсан үүргийн дагуу төлж барагдуулна ... гэх өргөдөл, 2018 оны 4-р улирлын ... малчин Н.Л, нягтлан бодогч Б.Б, нярав Ү.Б нарын гарын үсэг зурсан ... тайлан, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дутагдуулсан малын тоо 612, үнэ 19 322 000 төгрөг гээд тооллогын комиссын нэр бүхий 6 гишүүн болон малчин Н.Л гарын үсэг зурсан ... эд хөрөнгийн тооллогын бүртгэл, нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчтай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэхэд хариуцагч нь 2017 онд нэхэмжлэгч байгууллагын малыг хариуцаж байхдаа 19 322 000 төгрөгийн үнэ бүхий 612 тооны малыг дутагдуулсан байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч, хариуцагч талууд 2018 онд эд хөрөнгийн тооллого хийх, тооцоо нийлж акт үйлдэх зэргээр баримтжуулжээ.
Нэхэмжлэгч байгууллагад 19 322 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт дээр хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Н.Л нь өөрөө биечлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх боломж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш нээлтэй явж ирсэн болно.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалт, хэрэгт авагдсан хариуцагчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн ОБ газарт гаргасан өргөдөл, нэхэмжлэгч байгууллагын 2018 оны 4-р улирлын тайлан, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл зэргээр Н.Л Хэнтий аймгийн ОБ газрын 19 322 000 төгрөгийн үнэ бүхий 612 тооны малыг дутагдуулсан үйл баримт тогтоогдож байна.
Харин зүйлчлэлийн хувьд хэдийгээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хариуцагчтай байгуулсан, манай малчин гэж байгаа боловч 2018 оноос өмнө буюу мал дутагдсан 2017 онд Н.Л нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан байсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, 2018 оны гэрээгээр 2017 оны харилцааг зүйлчлэх боломжгүй, хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй тул зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар талуудын хоорондын үүргийн харилцааг тодорхойлох нь учир дутагдалтай, дээрхээс шалтгаалан талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлох боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Л нь нэхэмжлэгч байгууллагын 612 тооны малыг хариуцан маллаж байхдаа дутагдуулсан байх тул өмчлөгчид учирсан хохирол 19 322 000 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийнүн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Л 19 322 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн ОБ газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагчаас 254 560 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ