Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2019/00437

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2019/00437

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2019/00454/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 04 дүгээр баг, ................. тоотод оршин суух, Б овогт Гын Л (РД: ....................)-ын хүсэлттэй,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг гаргуулах” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Л, прокурор Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Г.Л нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний аав БГ гэж Хэнтий аймгийн Биндэр сумын буриад ард байсныг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт шийтгэгдэж буудан алж, хөрөнгийг хураасан нь хилс байсан болохыг Монгол улсын дээд шүүх тогтоож 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар цагаатгагдсан юм.

Манайх тухайн үед дүнзэн байшинтай, монгол гэртэй, тэмээнээс бусад таван хошуу малтай буюу үхэр 17, адуу 6, хонь 5, ямаа 2 байсан. Гэтэл төрөөд удаагүй нярай намайг ээж, ахын хамт уналгын нэг номхон морь, сүүний ганц үнээтэй үлдээгээд аавыг минь авч яван буудан алж, бусад мал, гэр, байшин гэх мэт хөрөнгийг хурааж бидний амьдралыг орвонгоор нь эргүүлж асар их хохироосон билээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу 1998 онд тус аймгийн сум дундын шүүхийн шийдвэрээр ах бид хоёр нэг сая төгрөг хувааж авсан. Түүнээс өөр бидэнд гэр, орон сууцны дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй.

Ах Г.Б2009 онд нас барсан. Миний бие одоо 81 настай, өндөр насны амралтаа эдэлж байна.

Хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу орон сууц аваагүй хэлмэгдэгчид нөхөх олговор олгох болсны дагуу шаардагдах материалыг бүрдүүлж өгснийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хянаад “Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэн” гэж үзээд “Зууны мэдээ” сонингийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134 дугаарт нэрсийн жагсаалтын 69 дүгээрт миний нэрийг нийтэлсэн юм.

Надаас өөр нөхөх олговор авах хэн нэгэн байхгүй болно.

Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч БГын төрсөн охин Гын Л надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү...гэв. (хх-ийн 1 тал)

 

Шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцсон прокурор Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:... Г.Лгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Г нь 1938 онд хэлмэгдэж, ялын дээд хэмжээ буюу цаазаар авахуулж, 1992 оны Улсын дээд шүүхийн магадлалаар цагаатгагдсан байдаг. Цагаатгагдсан магадлалын 39 дүгээрт Г нь эд хөрөнгө хураах ялаар шийтгэгдсэн нь уг тогтоолоос харагддаг.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд нэхэмжлэх эрхтэй хүмүүсийн талаар дурдсан. Үүний  дагуу төрсөн охин Л нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна гэдэг нь хуулийн зохицуулалтаар тогтоогддог.

Зууны мэдээ сонингийн 136 дугаар дугаарын 69-д нэхэмжлэх эрхийг нээж өгсөн. Мөн Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаанд гэр нэг, байшин нэг гэж бичсэн нь тухайн үед гэр байшинтай байсан гэдэг нь уг лавлагаагаар тогтоогдож байгаа тул эд хөрөнгийг хураалгасан байх магадлалтай гэж үзэж байна.

Л нь 1944 оны тооллогод өртөгдөөгүй байсан ч хавтаст хэрэгт авагдсан Үндэсний төв архивын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн лавлагаанд: 1956 оны тооллогын бүртгэлийн 51 дүгээрт:...“Гын Бэрэгтэй, 20 настай, Гын Л, эмэгтэй, 18 настай” гэж бичсэн нь  нэхэмжлэгч 1938 онд төрсөн болох нь харагдаж байна.

Улсын бүртгэлийн хэлтсийн 1 дүгээр маягтын  лавлагаагаар Г нь Лгийн эцэг нь мөн болох нь тогтоогдсон. Мөн Лгийн төрсөн ах Бнь нас барсан талаарх лавлагаа хэрэгт авагдсан. Больсүрэн, Л нь 1 000 000 төгрөгийн нөхөх олговрыг хувааж авч байсан нь 1998 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай сум дундын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах татгалзал байхгүй...гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг иргэн Г.Л өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн хүүхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэснээр Г.Л нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор (хх-ийн 13 тал) улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар (хх-ийн 4-6 тал) цагаатгагдсан БГтай төрөл садангийн холбоотой буюу төрсөн охин нь болох нь Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 2 тал) улсын бүртгэлийн төв архивын лавлагааны хуулбар, (хх-ийн 7 тал) үндэсний төв архивын лавлагаа, (хх-ийн 12 тал) ...зэрэг нотлох баримтаар тогтоогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хүчин төгөлдөр болж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд “нөхөх олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан нь хууль зөрчөөгүй.

БГ нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэрэгт шийтгүүлэн Монгол улсын дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болж цагаатгагдсан, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2-т ...хэлмэгдэгч нас барсан бол хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд... нөхөх олговор авах эрхтэй.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хохирлыг нөхөх олговор хэлбэрээр нөхөх төлөхөөр хуульчилжээ.

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбарт:...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Хэнтий аймгийн санхүү тасгаас 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулж, Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух, 60 настай, Г овогтой Лд 500.000 төгрөг, Г овогтой Больсүрэнд 500.000 төгрөг тус тус гаргуулан олгож шийдвэрлэжээ. (хх-ийн 10-11 тал)

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн хүүхэд болох Гын Бнь 2009 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн № 00/000986 дугаартай лавлагаагаар тогтоогдсон, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хуваах өөр этгээд үгүй байна. (хх-ийн 8 тал)

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 ...Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр (нөхөр) хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно... гэснээр хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд орон сууц аваагүй болох нь тогтоогдож байна. (хх-ийн 15 тал)

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Б.Гыг цагаатгасан болох нь Монгол Улсын Дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийн хуулбарт:...хавсралтын 39 дугаарт...51 настай буриад, БГ.... (хх-ийн 5-6 тал)

Иймд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2. энэ хуулийн дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид, мөн зүйлийн 13.2.1-т ...улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр (нөхөр), эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.000.000 төгрөг... олгоно гэснээр Г.Лд 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар нөхөх олговрын  80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, (.................... регистрийн дугаартай), Б овогт Гын Лд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Л нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ