| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00145/И |
| Дугаар | 156/ШШ2019/00467 |
| Огноо | 2019-08-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 156/ШШ2019/00467
| 2019 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 156/ШШ2019/00467 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00145/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................................, Нийн Т (РД: ..........................)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... тоотод оршин суух, Ц Х (РД: ..............-)-т холбогдох,
“эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээндээ:...Би 2008 онд Ц.Хтай гэр бүл болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Т.М төрсөн юм.
Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2016 оноос тусдаа амьдарсан. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул охин Т.Э, хүү Т.М хоёрын эцэг нь Ц.Х мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Цаашид хоёр хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж, Хыг хүүхдүүдтэй нь уулзуулна.
Ц.Х нь хоригдож байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөх хугацааг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тэтгэлэг гаргуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв. (хх-ийн 1, 32, 62 тал)
Хариуцагч Ц.Х нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон эвлэрлийн гэрээндээ:...Т.М, Т.Э нар миний хүүхдүүд мөн учраас эцэг тогтоолгох шаардлагагүй. Би Сүхбаатар аймаг дахь шүүхээс 1 жилийн хорих ял авсан тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах хугацааг 1 (нэг) жилээр хойшлуулж шийдвэрлэж өгнө үү. Би хүү, охин хоёртоо 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тэтгэлэг төлөхөөр Н.Ттай тохиролцсон... (хх-ийн 28, 62 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ц.Хыг “охин Т.Э, хүү Т.М нарын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Ц.Х нар нь 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдарч эр, эмийн харьцаатай болж, 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.М нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 28, 32, 62 тал) хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар, (хх-ийн 4 тал) Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2016 оноос тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Т.Э, хүү Т.М нар нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Т нь 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.М нарын эцэг нь Ц.Х мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 28, 62 тал)
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Н.Т нь “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулж, хариуцагч Ц.Х нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. (хх-ийн 62 тал)
Иймд хариуцагчийг насанд хүрээгүй охин Т.Э, хүү Т.М нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Т.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.М нарын эцэг нь хариуцагч Б овогт Ц Х (РД: .........) мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Х.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.М нарыг эх Н.Тын асрамжинд үлдээсүгэй.
3. Шийдвэрийн дагуу мэдээллийн санд оруулж, зохих бүртгэл хийхийг Сүхбаатар аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Х.Э, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Х.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Ц.Хын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү Х.М, охин Х.Э нарыг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Тад даалгасугай.
6. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар охин Х.Э, хүү Х.М нарыг эцэг Ц.Хтай уулзуулж байхыг эх Н.Тад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ц.Хаас 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ