| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00457/И |
| Дугаар | 156/ШШ2019/00483 |
| Огноо | 2019-09-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2019/00483
| 2019 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 156/ШШ2019/00483 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00457/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..............тоотод оршин суух, Жы Б (РД: .)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................оршин суух, Д.Ц (РД: .)-д холбогдох,
"гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би Д.Цтой 2017 онд гэр бүл болсон. Өөрийн 7 настай хүү Г.Ч, нөхөр Ц нартай 1 жил 2 сар хамт амьдарсан. Албан ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулснаас хойш 7 хоногийн дараа намайг хэл амаар дарамталж, доромжлох, бусадтай байнга хардаж, сална гэх мэтээр айлган сүлдүүлдэг болсон. Өвлийн хүйтэнд Цгийн дарамт шахалтаас айж олон удаа хүүгээ хөтлөөд орон гэрээсээ зугтаж байсан. Хэрвээ намайг бариад авах юм бол өмссөн хувцасны энгэр заамыг татаж багалзуурдана. Энэ догшин ширүүн авираа дандаа хүүгийн минь хажууд гаргана.
2018 оны 3 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 2 цагт хүүгийн минь хажууд нүцгэн байхад намайг зодож машины хайрцагтай багажаар гар руу маань шидэж зүүн гарын маань бугуй шуугаараа цууралт аваад битүү хавдаж, мах тасарсан. Одоо гарын шууны мах тасарсан хэсгээрээ өвдөлттэй хонхорхой болсон. (Тухайн үед би Хасар фитнест явдаг байсан бөгөөд намайг зодох шалтгаан нь Хасар фитнесийн башү Билгээ чам руу харсан, биед чинь хүрсэн гэж уурлаж зодсон).
Мөн 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед миний бие 1 дүгээр ангийн хүүтэйгээ хамт ажил дээрээ байж байхад Ц нь уурлаж ажлын байрны хаалганы вакум хаалга хагалаад дотроос нь цоожлоод тэр зузаан шилний хагархай бариад хүү бид хоёрын хоолойг зүсэж ална гэж маш удаан хугацаанд айлган сүрдүүлсэн. Шил хагалах явцдаа өөрийнхөө гарыг зүсэж, их цус гарч ажлын байр маань тэр чигээрээ цусанд будагдсан учраас шөнөжин цэвэрлэсэн.
Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ц нь Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн баривчлах арга хэмжээ авагдсан. Тухайн үед шүүх хуралд орохын өмнө Ц нь өмгөөлөгч аваад над дээр ир хань нь дахиж ийм алдаа зөрчил гаргахгүй, цаашдын амьдрал ахуйгаа бодмоор байна гээд гуйгаад байсан. Би Цг олон хоног баривчлуулах юм бол өс хонзон санаад дараа нь дарамт шахалт үзүүлээд зодож дарамтлаад байна байх гэж айгаад шүүх хуралдаан дээр гомдол саналгүй бид хоёр эвлэрсэн гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн. Ц 10 хоногийн баривчлах шийтгэл авсан. Түүнээс хойш Ц баривчлах байраас гараад буцаж гэртээ ирэх үедээ нөгөө муухай зан авир нь өөрчлөгдөөгүй бүр ихээр дарамт шахалт үзүүлэх болсон.
Миний бие сүлжээний бизнес хийдэг. Бараагаа захиалагч нарт хүргэж өгөх ажил ихтэй цаг наргүй ажиллаж байдаг. Гэтэл Ц нь зээлээр өгсөн барааны мөнгийг надад хэлэхгүйгээр авчихсан байдаг. (энэ үйлдэл нь удаа дараа давтагдсан). Мөн гэрт байсан булган шуба алга болсон. Манай гэрээр гадны олон хүн орж гардаггүй Ц гэрээс авч зарсан. Асуухад мэдэхгүй гэж хэлдэг. Уурласан үедээ байнга чамайг алаад, дараа нь өөрийгөө ална, чиний шөрмөс, судсыг чинь ханана гэх мэт байдлаар ханддаг. Миний бие сэтгэл, санаа, бие эрхтэн, гэр бүлийн хүчирхийлэлд дэндүү ихээр өртөж байгаа юм.
Иймд байнгын гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас болж цаашид хүүгийн минь болон миний амь нас, эрүүл мэндэд, хүүхдийн минь хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдалтай байна. Цгийн зөрчлийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж арга хэмжээ авагдсан нөхцөл байдал зэргийг харгалзан гэр бүлийн тухай хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг минь яаралтай цуцалж өгнө үү.
Миний лизингээр авсан утасны үнэ 829.600 төгрөг, хүүд зарсан үе мөчний тосны үнэ 6х27300=163800 төгрөг, бөгж ломбарданд тавьсан үнэ 160.000 төгрөг, Улаанбаатар хотод бөгж ломбарданд тавьсан 299.000 төгрөг, булган шубаны үнэ 1.500.000 төгрөг, нийт 2.952.400 төгрөгийн хохирол надад учруулсан боловч Цгоос нэхэмжлэхгүй болно.
Ц нь манай аав, ээж, ах, дүү, найз нөхөд нарын дэргэд маш халамжтай юм шиг дүр үзүүлнэ. Хүү бид хоёрын хажууд байхдаа маш догшин ширүүн зантай. 2018 оны 10 дугаар сард уурлаад хүнсний орос цуу ууж үхлээ гээд намайг их зовоосон. Ц нь анх надтай гэр бүл болохдоо өөрийн өмссөн хувцастайгаа ирсэн. Насанд хүрээгүй Г.Ч нь Д.Цгийн хүүхэд биш тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй... гэв. (хх-ийн 1-2, 19 тал)
Хариуцагч Д.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ж.Бээс салах, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрнө. Харин энэ нэхэмжлэлд гүтгэлэг маш их байна. Жишээ нь: гар хугарсан, өвлийн хүйтэнд хөөсөн, хүүг ална гэсэн худал гүтгэжээ.
Ж.Б нь суусан цагаасаа эхлэж миний хажууд урьдын амрагуудтайгаа ярьж, намайг хүндлэхгүй байснаас гэр бүлээсээ мөн нөхрөө хүндлэхгүй, амрагийн асуудлаас болж салаад, тэр амрагтайгаа Хэнтий аймагт ирсэн. Гэр бүлийн үнэ цэнэ үр хүүхдээ гэсэн бодолгүй, зөвхөн өөрийн жаргал, эд мөнгөний шуналаас болж гэр бүлээ дахин дахин цуцлуулж байгаа. Ажил, амьдрал хоёроо ялгахгүй байдлаас болж ийм зүйл гаргадаг.
Миний хувьд Ж.Бт нэг ч буруу зүйл хэлж байгаагүй. Энэ хүний хөнгөмсөг зан байдлаас болж миний бие цочир ууртай, сэтгэл санааны тогтворгүй болсон. Маргаантай зүйлгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 17-18, 47 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Цгоос “гэрлэлтээ цуцлуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь №..........дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 6 тал) зохигчдын тайлбар, (1-2, 17-18, 19 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид нь 2019 оноос тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1-2, 17-18, 19 тал)
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т:.. гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална... гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.Бийг зодож дарамталж, хүчирхийлэл үйлддэг болох нь Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаартай захирамжийн хуулбар, (хх-ийн 10 тал) фэйсбүүкийн нийтлэл, гар утасны мессежийн хуулбарууд, (хх-ийн 25-46 тал) зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар ... зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдэв.
Мөн нэхэмжлэгч нь насанд хүрээгүй Г.Ч нь хариуцагч Д.Цгийн хүүхэд биш тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд тайлбар өгсөн байна. (хх-ийн 19 тал)
Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдав. (хх-ийн 1-2, 17-18, 19 тал)
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Жы Б (РД: .), хариуцагч . овогт Д Ц (РД: .) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
3. . Шийдвэрийн дагуу мэдээллийн санд оруулж, зохих бүртгэл хийхийг Сүхбаатар аймгийн Иргэний гэр бүлийн бүртгэлд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгоос 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Цэрэндуламд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ