Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 701

 

М.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, А.Отгонцэцэг шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00403 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Жын хариуцагч -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5 353 0000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ч нар оролцов.

 

 Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ТК ХХК-д 2015 онд ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байсан. Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 01 дүтээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүтээр сарын 05-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын үндсэн цалинг 1 500 000 төгрөг байхаар харилцан тохиролцож байгуулсан. Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан ТК ХХК-ийн гүйцэтгэх захиралын “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал гарсан бөгөөд тус тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, мөн хуулийн 38.1.2-т заасан үндэслэлээр цуцалсан нь хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталсан бол тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн аль нэг үндэслэлийг авах ёстой байсан боловч алийг нь ч аваагүй. Мөн 2015 оны 09 дугаар сарын 13-ны өдөр манай компани “М” ХХК-тай түрээсийн гэрээ бангуулан тээврийн хэрэгсэл түрээсэлсэн бөгөөд тус түрээсийн төлбөрийг манай компани төлөөгүй нэхэмжлэгч би ТК ХХК-ийн өмнөөс 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлж дуусгасан. Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ТК ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ц компанийхаа өмнөөс “Б” ХХК-иас усан тенийг 1 400 000 төгрөгөөр мөн тус компаниас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шахалтын насосыг 140 000 төгрөгөөр нийт 1 540 000 төгрөгөөр нэг өдрийн дараа худалдаж авах нөхцөлтэйгээр худалдаж авсан. Бараа бүтээгдэхүүнийг тухайн үед даргын тушааснаар ажил руу авч явсан юм. Тус компаниас барааны төлбөр болох мөнгийг шаардаж  удаа дараа ТК ХХК руу залгаж байсан боловч тухайн үед компанийн утас холбогдохгүй байсны улмаас дээрх барааг авч явсан, мөн ерөнхий менежерын алба хашиж байсан гэдэг утгаар барааны төлбөрийг хувиасаа гаргасан. Дээрх өр төлбөрийн асуудал гарч ирснээс үүдэн ТК ХХК надад нийт 5 353 000 төгрөгийн өртэй болсон боловч энэхүү мөнгийг төлөхөөс зайлсхийж ажлаас халсан болно. Иймд шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлсийг гаргуулан авах, ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгах, ТК ХХК-ийн өмнөөс бусдад өгсөн 5 353 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч компанийн удирдлагын зүгээс цаашид сунгах шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч тухайн үед буюу Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд шүүхэд болон бусад эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлж хөдөлмөрийн харилцааг дуусгасан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Манай байгууллагын өмнөөс бусдад төлбөр төлсөн гэх боловч төлсөн эсэх нь тодорхойгүй, ямар байгууллагад ямар зориулалтаар төлбөр хийсэн нь тодорхойгүй, шаардах эрхгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлага гаргах хугацаандаа шүүх болон бусад эрх бүхий байгууллагад ажлаас үндэслэлгүй халагдсан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосонд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлййн 496.1-д заасныг баримтлан хариуцагч ТК ХХК-иас 5 353 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Жын хариуцагч ТК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ТК ХХК-иас 100 800 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн. Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 30-нб өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хүн ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олох байсан цалин хөлс 12 000 000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 5 353 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.47/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч компанийн өмнөөс бусдад төлсөн гэх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Б” ХХК /хх.7/ болон “М” ХХК-ийн шүүхэд хандан гаргасан тодорхойлолт /хх.11/, зарлагын баримтыг /хх.8-10/ үндэслэсэн байна. Эдгээр баримтад гэрээний зөвхөн нэг талын гарын үсэг зурагдсан байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагч компанийн өмнөөс төлбөр төлсөн гэдгийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд хэргийн оролцогч биш аливаа этгээдийн шүүхэд хандан гаргасан тайлбар хуулиар зөвшөөрөгдсөн нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр баримт гаргасан хүмүүсийг шүүх зохих журмын дагуу хууль сануулан гэрчээр асуулгаснаар нотлох чадвартай баримт болох учиртай. Хэрэгт авагдсан дээрх тайлбарууд нотолгооны ач холбогдолтой байж болох боловч хуулиар тогтоосон журмын дагуу бүрдүүлсэн эсэх, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг анхан шатны шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Харин “тайлбар” гэх албан бичгийг бичсэн компанийн захирлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар эдгээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар мэдэж байгаа гэрч байж болно. Энэ тохиолдолд уг хуулийн 43.2 дах хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авах учиртай. Нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй байхад давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр тогтоосон мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журамд нийцэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/00403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                  

                                  ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ