| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0860/З |
| Дугаар | 221/МА2025/0279 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0279
| 2025 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 221/МА2025/0279 | Улаанбаатар хот |
“МДМ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У;
Нэхэмжлэгч: “МДМ” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0860/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МДМ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “МДМ” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МДМ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх нь хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухай:
3.1.1. Шүүхийн шийдвэрээр “...Тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг төлсөн байх боловч нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нэгэнт үгүй болсон” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. “МДМ” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, сунгах өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3.1.2. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Б, Н сумын нутагт байрлах Б нэртэй 39805,79 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын XV-0170ХХ тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сунгаж, мөн өдрийн 944 дүгээр шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Б, Н сумын нутагт байрлах Б 39805,79 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын XV-0170ХХ тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар дахин сунгасан. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр манай компанийн ашигт малтмалын ашиглалтын XV-0170ХХ тоот тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.
3.1.3. Гэтэл манай компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт, төлбөр төлсөн банкны хуулга, Ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтуудаар хангалттай нотлогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “МДМ” ХХК нь “ээлжит 10 дахь жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан” гэж тайлбарладаг боловч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа болоогүй байхад дээрх үндэслэлээр цуцлах боломжгүй буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах үед л 10 дахь жилийн төлбөрийг төлж, төлбөр төлсөн баримтыг өргөдөлд хавсаргах шаардлагатай байдаг.
3.1.4. Мөн шүүхээс “... нэхэмжлэгч компани өмнө нь жил бүрийн 03 дугаар сарын 28-ны өдөр төлбөрөө төлдөг байсан, гэтэл 9 дэх жилийн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 12-т “Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ” гэж тайлбарласан бөгөөд “МДМ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх хугацаанд буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2018 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс илтэд үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй мэтээр дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан тухай:
3.2.1. Шүүхийн шийдвэрээр “...тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 5 жилийн дараа маргасан, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн.
Учир нь, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байхад маргаан бүхий актын үндэслэл болоогүй, хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.
3.2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26-р зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх сонсох ажиллагааг огт хийгээгүй” гэж маргасан байхад шүүх нэхэмжлэгчийн маргасан дээрх үндэслэлд огт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА