Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0006

 

 

 

 

 

2021 27 8/ШШ2022/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Н

Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: ...Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгуулагч Г.Нд холбогдох Захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, шалгуулагч Г.Нгийн захиргааны эрх зүйн даалгаврын гүйцэтгэлийг дахин нягталж дүгнэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ён нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Миний бие Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны өөрт холбогдох Захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хэсгийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулж, өөрийн захиргааны эрх зүйн даалгаврын гүйцэтгэлийг дахин нягтлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул 2021 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхтэй болсон юм. Үүний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцож сорилгын болон бодлогын шалгалтуудыг биечлэн өгсөн. Уг хуульчийн мэргэжлийн шалгалтын үнэлгээ 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гарч, тус үнэлгээний бодлогын шалгалтын үнэлгээтэй санал нийлээгүй тул Монголын Хуульчдын Холбооны зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын 10 дугаар тогтоолын хавсралтаар батлан Хуульчийн мэргэжлийн журмын 9.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн уг гомдолтой холбогдуулан хариуцагч нь захиргааны эрх зүйн бодлогын хүрээнд 1 оноог нэмж тооцон эцсийн хариуг Хуульчийн мэргэжлийн шалгалтын цахим бүртгэлийн хэрэглэгчийн бодлогын шалгалт хэсэгт 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч би өөрийн гаргасан гомдлыг хариуг 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр цахимаар мэдсэн болно. Нэхэмжлэгч миний бие уг үнэлгээний Захиргааны эрх зүйн бодлогын сорилгын үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Учир нь Хариуцагчийн Захиргааны эрх зүйн сорилгын хүрээнд өгсөн өгөгдөл дутуу, түүнчлэн өгөгдөлд дурдагдаагүй ирээдүйд гарах үр дагавар гарна хэмээн тооцож бодолтыг хийсэн, онооны хувиарлалт тухайн өгөгдөлд хамааралтай байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөж байна гэж үзэж байна.

Хариуцагчийн цахим хаягтаа тавьсан бодолтыг нэхэмжлэгч миний бие санал нийлэхгүй, эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч миний бие захиргааны эрх зүйн бодлогын сорилгын хүрээнд Ж-д холбогдуулан Санхүүгийн хяналт, /дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С-ийн ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг эрх зүйн үр дагавар агуулахгүй тул зохицуулалт агуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт биш хэмээн дүгнэсэн байдаг гэсэн боловч Хариуцагчаас өгөгдсөн Захиргааны бодлогын сорилтын бодолтод Ж-ийн хувьд ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт нь түүний цаашид тухайн албан тушаалд болон төрийн албанд ажиллах эрхийг хязгаарлах үндэслэл болох боломжтой /сөрөг нөлөөтэй/ тул эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн буюу зохицуулалт агуулсан гэж үзнэ хэмээн үзсэн байдаг. Зохицуулалт агуулсан гэдэг нь тухайн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, арга хэмжээн дэх захиргааны байгууллагын хүсэл зоригийн илэрхийлэл нь эрх зүйн үр дагаварт чиглэж байвал үүнийг зохицуулах ач холбогдолтойд тооцно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн арга хэмжээ нь эрх зүйн үр дагавар үүсгэж байж зохицуулалт болно. Бодлогын нөхцөлд спортын газрын дарга Ж-г уг ажилдаа тэнцээгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн ажлаас нь халсан ямар ч өгөгдөл бодлогод өгөгдөөгүй. Тэгсэн атлаа ийнхүү ирээдүйд үр дагавар үүсгэх боломжтой байна гэж үзэх нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1 дэх хэсэгт дэх "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон ажиллагааг ойлгоно" заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгох гэсэн шинжийг хангахгүй байна. Түүнчлэн уг бодлогын үндэслэл болсон шүүхийн шийдвэр /2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/MA2020/0390 дугаар магадлал, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоол/-д Энэхүү дүгнэлт нь эрх зүйн үр дагавар үүсгээд, тухайн этгээдийг ажлаас нь чөлөөлсөн байна гэж дүгнэсэн байна. Учир нь тухайн шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэгчийг Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн шалгалтын улсын ахлах байцаагчийн ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлтээс үүдэж ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Ийнхүү хариуцагч тодорхой бус, дутуу өгөгдөл өгснөөс үүдэж, нэхэмжлэгч миний бие өөрийн мэдлэг, чадварыг хангалттай нотлох боломжгүй нөхцөлийг үүсгэж улмаар хариуцагчийн захиргааны эрх зүйн бодлогын сорилгын өгөгдөл нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан Хуульчийн мэргэжлийн шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ гэсэн зорилгод чиглэхгүй байна.

Түүнчлэн энэхүү дутуу өгөгдлөөс үүдэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн байдлын тухай хуулийн 16.4 дэх хэсэгт дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүйн үр дагавар болсон, Үндсэн хуулийн зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхэд халдаж байна. Учир нь нэхэмжлэгч миний бие эзэмшсэн мэргэжил болох эрх зүйч мэргэжлийн дагуу хуульчийн гэрчилгээ авснаар хуульчийн ажлын байранд хөдөлмөр эрхлэх, цалин хөлс авах эрх үүсэх тул нэхэмжлэгч миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Нөгөө талаас Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3 дахь хэсэгт заасан захиргааны үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээдэд хамаарах учир захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагдана.

Иймд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгуулагч Г.Нд холбогдох Захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, шалгуулагч Г.Нгийн захиргааны эрх зүйн даалгаврын гүйцэтгэлийг дахин нягталж дүгнэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Нгийн нэхэмжлэлтэй ...Захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хэргийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Захиргааны эрх зүйн даалгаврын гүйцэтгэлийг дахин дүгнүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, Г.Нгийн бодлогын гүйцэтгэлийг үнэлэхдээ хууль болон журамд заасан ямар зохицуулалтыг зөрчсөн эсэхийг дурдаагүй байна. гэжээ. Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын даалгаврыг үнэлж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Нгоос ....хариуцагч тодорхой бус, дутуу өгөгдөл өгснөөс үүдэж, нэхэмжлэгч миний бие өөрийн мэдлэг, чадварыг хангалттай нотлох боломжгүй нөхцлийг үүсгэж, түүнчлэн өгөгдөлд дурдагдаагүй ирээдүйд гарах үр дагавар гарна хэмээн тооцож бодолтыг хийсэн, онооны хуваарилалт тухайн өгөгдөлд хамааралтай байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөж байна... гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас ...Нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхойгүй, Г.Нгийн бодлогын гүйцэтгэлийг үнэлэхдээ хууль болон журамд заасан ямар зохицуулалтыг зөрчсөн эсэхийг дурдаагүй, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу нэхэмжлэгчийн Захиргааны эрх зүйн бодлогын даалгаврыг үнэлж дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргасан.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, бодит нөхцөл байдлыг судлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгэлийн ******* дугаартай оролцож, сорилгын шалгалтад ******* оноо, захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад 4 оноо, иргэний эрх зүйн бодлогын шалгалтад ******* оноо, эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтад оноо, нийт дүнгээр оноо тус тус авчээ.

Улмаар Г.Н уг үнэлгээг эс зөвшөөрч Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гомдол гаргажээ.

Г.Нгийн гомдлын дагуу шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос түүний шалгалтын материалыг дахин шалгах комисс томилон шалгаж, сорилгын шалгалтад ******* оноо, захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад 5 оноо, иргэний эрх зүйн бодлогын шалгалтад ******* оноо, эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтад оноо, нийт дүнгээр оноог системд сүүлийн байдлаар оруулжээ.

Тодруулбал Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгаврыг дахин дүгнэх комисс нь Г.Нгийн гомдлын дагуу түүний захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийг 1 оноогоор нэмж эцсийн байдлаар 5 оноогоор дүгнэсэн байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Шалгалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна., 52.3-д Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна: 52.3.1-д хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах 52.3.2-т хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах; 52.3.3-т хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, 52 дугаар зүйлийн 52.4-т Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын комиссыг байгуулна, 52.6-д Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 52.6.2-т сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх гэж тус тус заажээ.

Мөн дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид Шалгалтын комисс гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна гэжээ.

Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын 10 дугаар тогтоолоор батлагдсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.1 дүгээр зүйлийн 2-т Шалгалтын хороо нь 2 комисс буюу шалгалт зохион байгуулах комисс, бодлогын шалгалтын даалгаврыг дүгнэх комиссыг байгуулна,

3.3 дугаар зүйлийн 5-д Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна гэжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос шалгалт зохион байгуулах болон бодлогын шалгалтын даалгаврын дүгнэх комиссыг шалгалт зохион байгуулах тухай бүрд байгуулдаг, тухай бүр томилогдсон бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцдаг байна.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны эрх зүйн бодлого 3 асуулттай, харин бодлогын бодолтын аргачлалд зааснаар уг 3 бодлогын асуултад шалгах дараалал, уг шалгах дараалал бүрт тохирсон хууль зүйн үндэслэлүүдийн дагуу бодсон эсэхийг шалгахаар байна.

Нэхэмжлэгчийн бодолтод дурдсан хууль зүйн үндэслэл, бодлогын агуулгыг шалгалтын комиссоос гаргасан аргачлалтай харьцуулан үзвэл:

1.    Бодлого дүгнэх аргачлалын 1-д заасан шалгах дараалалд хамаарах 5 хууль зүйн үндэслэлд хариулт өгөх, тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг шалгаж захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн болохыг дүгнэх, мөн маргаан бүхий дүгнэлт нь захиргааны акт болохыг үндсэн шинжээр тайлбарлах, нэхэмжлэлийн төрлийг зөв тодорхойлох, тухайн шүүхийн харьяаллын маргаан болохыг дүгнэх, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангасан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болохыг дүгнэсэн эсэхийг тус тус шалгахаар байна.

Харин нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авах уу гэсэн хариултад Захиргааны актын зохицуулалт агуулсан шинжийг агуулаагүй, нийтийн эрх зүйн маргаан биш буюу Иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж дүгнэснээс үзэхэд бодлого дүгнэх аргачлалд заасны дагуу бодлогын хариултыг өгөөгүй байна.

2.    Бодлого дүгнэх аргачлалын 2-т заасан шалгах дараалалд хамаарах 2 хууль зүйн үндэслэлд хариулт өгөх буюу Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.1, 10.9.11, 10..2 Захиргааны ерөнхий хуулийн 103.2-ийг маргаан бүхий актын 3 заалттай холбон тайлбарлах, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-г тайлбарласан эсэхийг шалгахаар байна.

Гэтэл эдгээр хууль зүйн үндэслэлээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10..2 дугаар заалтуудыг дурдсан боловч Хөдөлмөрийн тухай хуультай холбон тайлбарласан байх тул тус аргачлалаас өөр байна.

3.    Мөн бодолтын аргачлалд дурдсан 3 дахь шалгах дарааллын Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ тайлбарлан дүгнэхээр заасан.

Нэхэмжлэгчийн бодолтод ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш... гэж дүгнэсэн тул 3 дахь дараалалд хариулт өгөөгүй байна.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны эрх зүйн бодлого, түүнийг дүгнэх аргачлал нь хавтаст хэргийн 85-91 хуудаст нотлох баримтаар авагдсан. Уг аргачлалын дагуу комиссын гишүүд Г.Нгийн захиргааны эрх зүйн бодлогыг хэрэгт байгаа материалд заасан оноогоор тус тус дүгнэж, нийлбэр дунджаар 4 оноо өгсөн, мөн нэхэмжлэгч Г.Нгийн гомдлоор уг үнэлгээг дахин дүгнэсэн комиссын гишүүд бодлогыг нийлбэр дунджаар 1 оноо нэмж, нийтдээ 5 оноо өгчээ.

Өөрөөр хэлбэл, Г.Нгийн захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурван шалгагч багш шалгаж, тэдгээрийн дунджаар оноог өгсөн, нэхэмжлэгчийн бодлогын хариулт аргачлалд дурдсан шалгах хууль зүйн үндэслэл, бодолтын агуулгаас дээр дурдсанаар өөрөөр бодсон нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчээс ...спортын газрын дарга Ж-г уг ажилдаа тэнцээгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн ажлаас нь халсан ямар ч өгөгдөл бодлогод өгөгдөөгүй. Тэгсэн атлаа ирээдүйд үр дагавар үүсгэх боломжтой байна гэж үзэх нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгох гэсэн шинжийг хангахгүй байх бөгөөд хариуцагч тодорхой бус, дутуу өгөгдөл өгснөөс үүдэж, нэхэмжлэгч миний бие өөрийн мэдлэг, чадварыг хангалттай нотлох боломжгүй нөхцөлийг үүсгэж улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн байдлын тухай хуулийн 16.4 дэх хэсэгт дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүйн үр дагавар болсон, Үндсэн хуулийн зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхэд халдаж байна гэсэн үндэслэлийн хувьд:

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 2-т Сорилгын шалгалтын даалгавар нь оролцогчийн эрх зүйн ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдэнэ, 3-т Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процесс, хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэл, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна, 4-т Бодлогын шалгалтын даалгавар нь энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан салбар эрх зүйн хүрээнд шалгалтад оролцогчийн тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэлт хийх мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй гэж тус тус заажээ.

Тус захиргааны эрх зүйн бодлогын өгөгдөлд ...Иргэн Ж нь А аймгийн Биеийн тамир спортын газрын даргаар ажилладаг . Тэрээр аймгийн Санхүүгийн хяналт, /дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С-д холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдлыг 2019 оны 10 сард дээд шатны захиргааны байгууллагад гаргасан боловч захиргаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан. Иймд Ж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А" аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч маргаан бүхий дүгнэлтэд намайг ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн нь илт хууль бус юм. Учир нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажлын байрандаа тэнцэх талаар дүгнэлт гаргах эрхтэй этгээд биш. Мөн уг дүгнэлтийг надад албан ёсоор мэдэгдээгүй, мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй. Иймд улсын байцаагчийн дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасан "утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3.-т заасан өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан" тул бүхэлд нь илт хууль болохыг тогтоож өгнө үү гэжээ. Хариуцагч С тайлбартаа: ...Санхүүгийн хяналт, аудитын алба нь хуульд заасан журмын дагуу Биеийн тамир спортын газрын 2014-20******* оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар Ж нь хуульд тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс төсөвт их хэмжээний хохирол учирсан болох тогтоогдсон. Иймд уг дүгнэлтийг Төсвийн тухай хуулийн 69.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8, 10.9.1, 10.9.11, 10..2, Захиргааны ерөнхий хуулийн 103.2-ыг үндэслэн гаргасан ба дүгнэлтийн 1 дэх заалтаар Ж нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 , Авлигын эсрэг хуулийн 7.1.6, 7.1.7-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг 2 дахь заалтаар төсөвт 33,000,000 төгрөгийн хохирол учирсан болохыг, 3 дахь заалтаар Ж нь ажлын байрандаа тэнцэхгүй болохыг тогтоосон. Маргаан бүхий дүгнэлт нь дотоод акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгч хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол, нэхэмжлэл гаргасан, мөн тэрээр дүгнэлтийн 1, 2 дахь заалтыг үгүйсгэхгүй байж, төгсгөлд дурдагдсан ажилдаа тэнцэхгүй гэх ганц өгүүлбэрийг барьж бүхэлд нь илт хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Тус өгөгдлөөс үзэхэд нэхэмжлэгчээс ....хариуцагч тодорхой бус, дутуу өгөгдөл өгснөөс үүдэж, нэхэмжлэгч миний бие өөрийн мэдлэг, чадварыг хангалттай нотлох боломжгүй нөхцөлийг үүсгэж, түүнчлэн өгөгдөлд дурдагдаагүй ирээдүйд гарах үр дагавар гарна хэмээн тооцож бодолтыг хийсэн, онооны хуваарилалт тухайн өгөгдөлд хамааралтай байгаа нь нэхэмжлэгч миний эрх ашгийг хөндөж байна... гэж маргаж буй өгөгдөлд өгөгдсөн маргаан бүхий дүгнэлт нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 4-т Бодлогын шалгалтын даалгавар нь энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан салбар эрх зүйн хүрээнд шалгалтад оролцогчийн тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэлт хийх мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй гэж заасны дагуу хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ирээдүйд үр дагавар үүсгэж, захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгох шинжтэй болохыг нэхэмжлэгч өөрөө дүгнэн бодолт хийх ёстой юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч дутуу, тодорхойгүй өгөгдөл өгснөөс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бус, тус өгөгдлийг нэхэмжлэгч нь эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэлт хийж аргачлалын дагуу бодох нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид хуульчийн шалгалт гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ гэж заасан зорилгод нийцэхээр байна.

Иймээс захиргааны эрх зүйн бодлогын өгөгдөл нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн нэхэмжлэгчийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэгдсэн байх бөгөөд уг өгөгдөл нь тодорхой бус, дутуу өгөгдсөнөөс нэхэмжлэгчийн бодлогоо үнэн, зөв үнэлүүлэх, хариултдаа тохирсон үнэлгээ авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Г.Нгийн хуульч мэргэжлийн шалгалтын захиргааны эрх зүйн бодлогын даалгаврын гүйцэтгэлийг шалгаж 5 оноо тавьсан шалгалтын комиссын гишүүдийн үнэлгээ, оноо нь бага, их байсан, ямар оноо, үнэлгээ тавих ёстой байсан эсэх талаар шүүх дүгнээгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гаргах хүрээ, хязгаарт хамаарах асуудал биш, бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх нь шалгалтын комиссын бүрэн эрх, сонгох боломжид хамаарах асуудал гэж дүгнэв.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Нгоос Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан гаргасан ...Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны шалгуулагч Г.Нд холбогдох Захиргааны эрх зүйн бодлогын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, шалгуулагч Г.Нгийн захиргааны эрх зүйн даалгаврын гүйцэтгэлийг дахин нягталж дүгнэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА