Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/441

 

 

 

 

 

 

 

   2023         03          30                                   2023/ШЦТ/441

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

Улсын яллагч Г.Билгүүн,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нид холбогдох эрүүгийн 2206 04638 0413 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б.Н.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Нтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Нид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаа тараад 20 цагийн үед харьж явсан. Э.Н намайг жоохон суух уу гээд дуудсан. Би Б.Нийг Бөхийн өргөөний тэнд хүлээж байгаад уулзаад тэнд байдаг нэг газар луу ороод пиво уусан. Э.Н баар орох уу гэхээр нь би мөнгөгүй байгаа. Боломжтой бол тооцоогоо 2 долоо хоногийн дараа өгье гэхэд Э.Н зөвшөөрч тооцоогоо хийсэн. Тэгээд бид хоёр 6 пиво захиалж уусан. Э.Н бааранд нэг хүүхэнтэй танилцаад бид гурав цуг суусан. Намайг пиво аваад ир гээд явуулаад ирсэн чинь тэр хоёр байхгүй байсан. Тэгээд би Э.Н руу залгаад хаана байгааг нь асуухад Багшийн дээд дээр байна хүрээд ир гэхээр нь очсон чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд дахиад залгаад хаана байгааг нь асуухад буудал орох гэж байна гэсэн. Би цуг гэр лүүгээ явахгүй байсан юм уу гэхэд наанаа хүлээж бай. Би одоо очлоо гэсэн. Тэгээд Э.Н ирээд бид хоёр таксидаад гэр лүү нь явахад Э.Н тасарсан байсан. Тухайн үед гэрийн гадаа нь очоод түүнийг сэрээх гээд хэд хэд алгадсан. Тэгээд би найзыгаа дийлэхгүй таксины жолоочтой хамт оруулсан...” гэв.

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай гэрийн гадаа очоод бид маргалдаж эхэлсэн, маргалдсан шалтгаан нь Б.Н нь урьд нь найзынхаа ресторанаар үйлчлүүлээд тооцоогоо хийгээгүй, нөгөө хүнийхээ утсыг блок хийсэн гэж хэлсэн, тэгээд би тэр тооцоог нь өгөөч гэж хэлсэн. Энэ асуудлаас болоод бид хоёр нэг сарын өмнө маргалдсан байсан. Тэгээд дахиад маргалдаад ам зөрөөд явж байсан чинь шатан дээр дээшээ өгсөөд явж байсан чинь миний гэдэс рүү цохиод авсан, тэр үед их хачин болсон, тэгээд намайг өргөж оруулаад гэр рүү жолоочтой хамт өргөж оруулсан, тэгээд гэрийн үүднээс намайг манай дүү Энхзаяа тосож авсан, тэгээд гэртээ ороод 20-30 минутын дараа нүүр хорсоод өвдөөд байсан, бас миний баруун талын хацар битүү хөхөрсөн байсан, бас зүүн талын хацар жоохон хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дахь тал/,

Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би гэртээ найз Оюунтүлхүүртэй унтаж байсан чинь хаалга тогшоод онгойлгосон чинь манай ахын найз Б.Н болон танихгүй нэг ах манай төрсөн ах Э.Нг 2 талаас нь сугадаад оруулж ирсэн, яг орж ирэхэд нь би коридорын гэрлээ асаагаагүй харанхуй байсан, тэгээд оруулж ирээд орны доор ахад ор зассан байсан тэгээд би ахыг зассан байсан орон дээрээ ийшээ хэвтүүлчих гэсэн чинь зассан орон дээр нь гутлыг нь тайлаад доош нь харуулаад хэвтсэн байсан, тухайн үед Б.Н надад ах чинь нэлээн тасарсан байна, би ганцаараа дийлэхгүй таксины жолоочтой хамт оруулж ирлээ гэж хэлсэн, тэгээд би за за баярлалаа гээд тэр хоёр гараад явсан, тэгээд гараад явснаас хойш 10-20 минутын дараа ах Э.Н ёолоод Заяа гэж намайг дуудаад байсан, тэгээд нэлээн нойрмог яасан гэсэн чинь ахыг нь хүн зодсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь шууд босоод гэрлээ асаагаад ахыг дээшээ харуулсан чинь царай нь нэлээн цустай, хамар, хөмсөг нь цус болсон чихнээс нь бас цус гарсан, хувцас нь нэлээн шороо болсон, нүүр нь халцарсан, цамц нь татаад урагдсан юм шиг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12451 дугаартай Дүгнэлтэд:

1. Э.Нгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохирогч Э.Н нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн зардалд 15.000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 15.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дахь тал/,

Яллагдагч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутад би ажлаасаа гараад явж байхад Э.Н над руу ярьсан. Хаана байна хоёулаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд утсаар холбогдож уулзаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Миллэниум Тауэрын 4 давхарт лоунжид суусан. Лоунжаас шөнийн 01 цагийн үед гарсан. Бид хоёр тэндээ Heineken гэх нэртэй 0.5 литрийн савлагаатай пиво 1 хүний 4 шилийг уусан. Тэгээд бид хоёр тухайн газрыг хаах дөхөөд ирэхэд нь гарсан. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор Э.Н надад цалингаа буухаар өгөөрэй гэж хэлээд тооцоо хийсэн. Тэгээд би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тооцооны талыг нь өгнө гэж хэлээд гар барьсан. Тэгээд бид хоёр тэндээсээ гараад такси бариад талбайн урд байрлах Lux гэх нэртэй баар орсон. Тэгээд бааранд ороод нэг хүний 3 шил 0.5 литрийн савлагаатай Kaltenberg гэх нэртэй пиво уусан. Тэгээд шөнийн 03 цагийн үед Э.Н нэг хүүхэн авч ирээд бид нар гурвуулаа болсон. Бас тэр хүүхнийг пивоор дайлаад удалгүй 04 цагийн үед Э.Н тэр хүүхнийг буудал руу аваад явлаа шүү гэж надад хэлээд гараад явсан. Тэгээд би ганцаараа бааранд үлдсэн байсан. Тэгээд би пиво ууж дуусаад баарнаас гарсан. Тухайн үед Э.Н руу ярьсан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд зөндөө залгасны эцэст Э.Н утсаа авсан. Тэгээд би бөхийн өргөөнд очиж Э.Нг олж авсан. Тухайн үед Э.Н бөхийн өргөөний буудал дээр ганцаараа байсан. Нөгөө хүүхэн нь байхгүй байсан. Тэгээд бид хоёр таксинд суугаад Э.Нг хүргэж өгөх гээд гэр лүү нь явсан. Тухайн үед машинд явж байхад Э.Н тасраад унтаад өгсөн. Тэгээд Э.Нгийн гэрийн гадаа ирээд Э.Нг сэрээх гэж 2-3 удаа алгадсан. Би өвдөлт мэдрээд сэрэх байх гэж бодсон. Тэгээд таксины жолооч бид хоёр Э.Нг гэрт нь оруулж өгсөн. Тэгээд би буцаад тэр такситайгаа гэр лүү нь явсан. ...Би Э.Нг санаатайгаар цохиж зодсон зүйл байхгүй. Сэрээх гээд хөөе сэрээчээ гээд баруун талын хацар луу нь хэд хэдэн удаа алгадсан. Алгадаад сэрэхгүй байхаар нь чимхэж нэг үзсэн. Э.Н тухайн үед худлаа унтаж байсан гэдгээ надад хэлж байсан. ...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Нг уусан зүйлийнхээ тооцоог өөрөө төлөх талаар хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар биед нь халдаж баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Нийн үйлдлийн улмаас хохирогч Э.Нгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, тус гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12451 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Эрүүгийн хуулиар хамгаалсан байх бөгөөд Б.Нийн үйлдлийн улмаас Э.Нгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Гэм буруутай эсэх:

Улсын яллагчаас “…шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Н нь Э.Нгийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан хэрэг хариуцах насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Нийн биед үүссэн гэмтэл нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12451 дугаартай дүгнэлтээр “…Э.Нгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Нгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно…” гэж заасан.

Иймд Б.Нийн үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг тогтоох шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна.

Хохирогч Э.Нгийн биед учруулсан гэмтэлд үзлэг хийхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 15.000 төгрөг гарсан тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04/583 дугаартай албан тоотыг мөрдөн шалгах ажиллагааны үед ирүүлсэн байна.

Иймд Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 15.000 төгрөгийн төлбөртэй байна.

Хохирогч Э.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 140.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Нд 140.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй…” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Нийн хууль бус үйлдлийн улмаас цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Э.Н нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Н нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж хэлэх зүйлгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хохирогчийн санал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар тогтоож, биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 25 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа

/хавтаст хэргийн 26 дахь тал/ зэрэг болно.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ноос 15.000 /арван таван мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Хохирогч Э.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ШИНЭХҮҮ