| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
2023 02 02 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох 2229001130151 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомтын чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 148 дахь километрт 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр приус-20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан зорчиж явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Аын жолоодож явсан 98-76 УАР улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас приус-20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Аийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, Б.Эийн эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед 2 хүн аваад Цагаан хадны чиглэлд явсан. Явж байхад зам халтиргаатай байсан. Замын үзэгдэх орчин харагдахгүй шуурч байсан. Гэтэл урдаас том тэрэг гарч ирээд миний урд тал руу дарах шиг болохоор нь тэвдэхдээ тоормос гишгэсэн юм. Тэгээд сайн мэдэхгүй байна” гэв.
Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Солонго би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн Ж.Мд холбогдох эрүүгийн 2229001130151 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ж.М нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Эийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч Б.Э, Д.А нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Анарын мэдүүлэг, гэрч Д.Жамсрандорж, Б.Анхбаяр, Ц.Элбэг нарын мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 794 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 828 дугаартай шинжээчийн дүгнэлт, ”Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн инженер Ч.Жалбалжавын шинжээч дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээч Б.Төмөрбат, С.Батзориг, Б.Отгонбат нарын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1103 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1803 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, яллагдагч Ж.Мягмардалай нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд шинжлэн судалсан. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Иймд шүүгдэгч Ж.Мягмардалайг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирогч Б.Эрцоо нь хавтаст хэргийн хүрээнд 4,835,900 төгрөгийн баримт гаргаж нэхэмжилсэн бөгөөд нийт баримтыг нягталж үзэхэд 4,745,166 төгрөгийн баримт эрүүгийн хэрэг хавсаргагдсан байна. Уг хохирлыг шүүгдэгч Ж.Мягмардалай нь бүрэн төлсөн байна. Хохирогч Д.Алтангэрэл нь 6,284,207 төгрөгийг нэхэмжилж хохирлын баримт хэрэгт хавсаргасан бөгөөд тухайн баримтыг нягталж үзэхэд 4 баримт давхацсан байсан. Давхацсан баримтыг хасахад 3,830,145 төгрөгийн баримт хэрэгт хавсаргагдсан байна. Үүнийг шүүгдэгч Ж.Мягмардалай нь мөн төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч П.Анар нь хохирлын үнэлгээний тайлангаар гарсан 6,267,500 төгрөгийг нэхэмжилсэн. Сүүлд дахин гарсан шинжээчийн дүгнэлтээр 5,400,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээдэг. Мөн хэргийн зүйлчлэл нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна. Энэ гэмт хэргийн улмаас Б.Эрцоогийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Хавтаст хэргийн хүрээнд хохирогч талаас өөрт учирсан эрүүл мэндийг хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Хохирогч Б.Эрцоод 4,745,166 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 3,830,145 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг баримтын хүрээнд бүрэн төлсөн. Нүүрс тээврийн машинд учирсан хохирол буюу 5,400,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн. Үлдэгдэл 4,400,000 төгрөгийг 3, 4 сард багтаагаад төлнө гэдэг зүйлийг ярьдаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй байж яаж төлөх вэ гэж шүүгч асууж байна. Нөхөр нь нүүрс тээвэртээ яваад эхэлсэн байгаа. Машин нь эвдрээд нэг хэсэг явахгүй, боломжгүй байсан. 2 сараас эхлэн ажилдаа орсон учраас иргэний нэхэмжлэгчтэй холбоотой мөнгийг төлөх боломжтой болсон. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө Анхбаяр гэх хүнээс машины сэлбэг, засварын мөнгийг нэхэмжилж 8 сая гаран төгрөгийн баримтыг өргөдөл маягаар шүүхэд гаргаж өгснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Анхбаяр хэргийн оролцогч биш байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай тогтоолоор зам тээврийн ослын хохирол төлбөртэй холбоотойгоор тайлбар гаргасан. Тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд гарсан ажлын хөлсийг тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэмжээнд оролцуулан тооцохгүй, харин үүнтэй холбоотой нотлох баримтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэдэг байдлаар Дээд шүүхийн тайлбар байгаа учир иргэний нэхэмжлэгч П.Анарын нэхэмжилсэн машины кузов засвар хийхэд 3,500,000 төгрөг гарсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахад боломжгүй байгаа учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байгаа” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 27-37-р хуудас/,
3ам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-н 40-41-р хуудас/,
Хохирогч Б.Эрцоогийн “...2022 оны 03 дугаар сарын 28-нд "Баялаг ложистик" ХХК-иас яриад компанид ажиллах анкет, шинжилгээ өгөөдөх гэж ярьсан. Тэгээд тухайн өдрөө тус компаниас нэг утасны дугаарыг өгсөн бөгөөд тэр унаатай холбогдож Өмнөговь аймгийн Цагаан хад руу явсан. Тухайн үед намайг хүн тосож авна гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цагаан хад руу гарсан. Тэгээд шөнөжин явсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 29-ний 10 цагийн орчимд зам тээврийн осолд орсон. Би тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна...Уг тээврийн хэрэгсэлд жолоочтойгоо гурвуулаа явсан ба жолоочийн хажуу талд нэг хүн суугаад би арын суудалд ганцаараа сууж явсан юм...Үгүй ээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Би арын суудал дээр зүйрмэглээд явж байсан...3ам гулгаатай, цас жаахан хаяалж байсан санагдаж байна. Замын үзэгдэх орчин ямархуу байсан талаар сайн мэдэхгүй, санахгүй байна...Жолооч болон нөгөө хүний биед ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна. Харин миний өөрийн биед тархины баруун хэсэг, баруун нүдний шанаа хэсэгт шархтай, тархины доргилт, нарийн гэдэсний тасралт, дотуур цус алдсан гэж байсан. Мөн зүүн гарын бугуй хэсэг зөөлөн эдийн гэмтэл, цээжийн хэсэгт гэмтэл, хавирга хугарсан гэж байсан...Би энэ хэрэгт холбогдуулан эмчилгээтэй холбоотой гарсан бүх зардал, мөн тухайн үед ажил хийхээр явж байсан ба ажилгүй байх үеийн зардлыг гаргуулмаар байна. Би өөрөө цаашдаа хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба намайг хүнд болон бусад доргилттой холбоотой ажил хийж болохгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 58-59-р хуудас/,
Хохирогч Б.Эрцоогийн 2022.12.04-ний өдрийн дахин өгсөн “...Надад Ж.М Улаанбаатар хотод эмнэлэгт байхад эмчилгээний зардал мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн. Ханбогд сум орно явах зардал мөнгө хэрэгтэй байна гэхэд 1.300.000 төгрөг өгсөн юм. Нийт надад 2.300.000 төгрөг өгсөн...Би урьд өмнө нь хохирол гомдолтой холбоотой баримтаа Говь-Алтай амагт байхдаа гаргаж өгсөн юм. Одоо нэмж хохирол гомдолтой холбоотой баримт гаргаж өгөхгүй...Би эмчилгээний зардал мөнгө болох 4.800.000 төгрөг, би сардаа 2.000.000 хоёр сая төгрөгний цалин авдаг байсан юм. Тухайн үеийн ослоос болж ажил хийж чадахгүй болсон юм. Ажилгүй байх үеийн зардал мөнгө болох нэг сарын 2.000.000 төгрөгөөр тооцож би Ж.Маас гаргуулж авмаар байна...Би шүүх хуралд оролцохгүй, харин хэргийн материалтай танилцана...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 66-р хуудас/,
Хохирогч Д.Алтангэрэлийн “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад гэдэг газарт Баялаг ложистик ХХК-д жолоочоор ажиллахаар Улаанбаатар хотод байдаг оффис дээр анкет бөглөсөн. 2022 оны 03 сарын 28-ны өдөр Баялаг ложистик ХХК-ийн хүний нөөц нь утсаар залгаад 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаарай гэж хэлсэн би хэлсэн утасны дугаар луу нь залгахад 00 цагийн үед Сансарын клонк дээрээс суулгаад жолооч Маас гадна Эрцоо гэдэг залуу жолоочоор ажиллах гэж байгаа гээд хамт явахаар болсон тэгээд 3-уулаа 01 цагийн үед хотоос гарсан шөнөжин яваад Дундговь аймгийн Хулд сум хүртэл М машин бариад явсан Хулд сумаас Эрцоод жолоогоо бариулаад М бид хоёр амарч явсан 07 цаг өнгөрч байхад Эрцоо Цогтцэций сум дээр орж ирээд шатахуун аваад М өөрөө машинаа бариад хөдөлсөн нилээн яваад 2 яндант гэдэг газар очиход цас хаялаж байсан цаашаа явах тусам цас орох нь ихсэж байсан Ханбогд сумын Жавхлант баг арай хүрээгүй байхад урдаас Шакмен маркийн 98-72 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан замын харагдах орчин чөлөөтэй байсан жолооч М урдаас ирсэн машиныг хараад тормоз гишгэсэн чинь жолоочийн эсрэг тал руу машин хойд тэнхлэг нь шарвасан жолооч сандарсан уу яасан би сайн мэдэхгүй байна дахиад тормоз гишгэхэд машин нөгөө урсгал руу шарваад орцон би ирж байгаа Шакмен маркийн 98-72 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хартал голын багана чигтэй явж байсан тэгээд би цааш нь юу болсоныг санахгүй байна хэсэг хугацааны дараа ухаан ороод харахад замын зорчих хэсгээс гараад нилээн хол очцон байсан хамт явсан хүмүүсээ харахад Эрцоо машинд байхгүй байсан М жолооны ард ёо ёо гээд сууж байсан би Маас бие чинь гайгүй юу гэж асуухад гайгүй гэсэн тэгээд би машинаас буугаад Эрцоог харсан чинь гадаа хэвтэж байсан би Эрцоо дээр очсон чинь мөргөлдсөн машины жолооч та нар согтуу байгаа юм уу наад хүн дээрээ юм хучаач хөлдлөө гэсэн миний хөнжил гудас Эрцоотой ойрхон задарсан байсан би дээгүүр нь хучсан тэгээд би буцаад машин дээр очоод газарт тарсан байсан ганц 2 хайрцагтай юмыг дөхүүлээд байж байсан чинь бие сонин болоод явж чадахаа больсон нээх удаагүй цагдаа ирсэн эмнэлэг цагдаагаас нилээн хойно ирсэн тэгээд бид нарыг Ханбогд сумын эмнэлэг рүү авч явсан эмнэлэгт очоод рентгенд намайг оруулаад Эрцоо бид 2-ийг өрөөнд оруулж хэвтүүлсэн тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу би явсан Эрцоог эмнэлэгийн машинтай Өмнөговь аймаг руу аваад явсан Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог үндэсний төвд ирж үзүүлээд хэвтсэн эмчийн үзлэгээр аарцаг хугарсан, нурууны 2 сэртэн яс хугарсан гэсэн онош гарсан 2022 оны 04 сарын 01-ны өдөр эмнэлэгээс гарсан эмч хэлэхдээ цаг хугацаанд ясны гэмтэл эдгэнэ та гэртээ хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн...3үүн хөл байнгын хавантай байсан сэргээн засахад эмчилгээ хийлгэсэн 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс миний зүүн нүд юм харахаа больсон эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нүдний торлог гэмтсэн байна хагалгаанд орохгүй бол болохгүй доргилтоос болж ууссан байна гэсэн би 2022 оны 07 дугаар сарын 03-нд нүдний эмнэлэгт хэвтээд 2022 оны 07 дугаар сарын 04-нд хагалгаанд орохоор болсон хагалгаанд орох өдөр хагалгаанд орох гээд эмнэлэгийн орон дээр хэвтэж байхад миний бие гэнэт амьсгалж чадахгүй болсон эмч нар хүчил төрөгч залгаад 1 өдөр болсон маргааш нь 2022 оны 07 дугаар сарын 06-нд уушигны тасаг руу шилжсэн тэгээд даралт тогтворжуулах цусны булан хайлуулах эмчилгээ хийлгээд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эмнэлэгээс гарсан хүчил төрөгчтэй хэвтрийн дэглэм сахиж одоог хүртэл сахиж байгаа...Би мөргөлдөхийн өмнө ирж явсан Шакмен маркийн 98-72 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг харсан чинь миний зорчиж явсан 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн голын баганыг чиглээд ирж харагдсан осол болсоны дараа машинаас гараад харахад машины арын дугуйнаас хойш хэсгээр мөргөсөн байсан 98-72 УАР улсын дугаартай машин миний сууж явсан машиныг голын баганын хэсгээр мөргөх гээд байхаар нь ногоо урсгал руу дарсан байж магадгүй...Анх намайг Улаанбаатар хотоос суухад хянах дээр нь гурваас дөрвөн шар өнгийн гэрэл ассан байсан би энэ юуны гэрэл асцан байгаа юм бэ гэж Маас асуусан М юм хэлээгүй Эрцоо АВС ажиллахгүй бол ийм гэрэл асдаг юм тормозны талын гэрэл байна гэсэн осол болох үед тормоз өрөөлдөж бариад байсан...Ажил төрөл хийж чадахгүй эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Эмнэлэгт эмчлүүлсэн зардал хагалгааны зардлыг авмаар байна нэмж шалгуулах зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-н 52- 54-р хуудас/,
Хохирогч Д.Алтангэрэлийн 2022.12.04-ний өдрийн дахин өгсөн “...Би эмчилгээний зардал мөнгө болох 6.284.207 төгрөгөө гаргуулаад авах юм бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 76-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч П.Анарын “...98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Элбэг гэдэг хүний нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...Би 90.000.000 төгрөг төлж байж нэр дээрээ шилжүүлж авах ёстой юм. Үүнээс 35 сая төгрөгийг төлсөн байгаа одоо 55 сая төгрөгний түрээс төлөх дутуу байгаа...Миний зүгээс дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тэхдээ би тээврийн хэрэгсэлд засвар хийлгэхэд 3.500.000 төгрөгний хөлс гаргасан юм... Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээгээр гарсан 6.267.500 төгрөгөө, нэмээд кузов засвар хийлгэсэн 3.500.000 төгрөгөө гаргуулж авах юм бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 80-р хуудас/,
Д.Жамсрандоржийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас Улаанбаатар хот орохоор Шакман маркийн 98-72 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй карго ачаа ачаад хөдөлсөн. Цагаан хаднаас 80 гаруй километр яваад тухайн зам тээврийн осол болсон. Би зам тээврийн осол болох үед урд яваа тээврийн хэрэгслээсээ 500 орчим метрийн зайтай явж байсан. Тэгэхэд хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний урд явсан тээврийн хэрэгслийн урдуур гулгаад яваад орчих шиг болсон тэгсэн миний урд явсан Шакман маркийн 98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоёр тийшээ далбагнаад явчихсан. Тэгсэн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн зүүн талын хөвөөн дээр 1-2 секунд дэнжигнэж байгаад хаазлаад замын хажуу руу гараад явчихсан. Би тухайн үед бас өөрийнхөө машиныг зогсоох арга хэмжээ авч байсан учраас нарийн харж чадаагүй. Тэгээд машинаа зогсоогоод 102 дугаарын утас руу 10 цаг 05 минутанд залгасан чинь Цагаан хадны цагдаагийн дугаар 86128102 гэсэн дугаарыг өгөөд тэгээд 10 цаг 00 минутанд уг дугаар луу ярьж осол болсон талаар дуудлага осон. Намайг холоос харахад нэг эрэгтэй хүн ухаан алдсан газар хажуу тийш харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очсон чинь жолоон дээр нь нэг эмэгтэй хүн сууж байсан. Урд талын суудал дээр нь нэг эрэгтэй хүн сууж байсан. Би зүгээр үү гэж асуусан чинь тэр эмэгтэй жолооч нь юм дуугарахгүй утсаараа оролдоод суугаад байсан. Тэгэхээр нь би согтуу юм болов уу гэж бодсон. Тэгээд урд сууж байсан ах миний өмнөөс яасан яасийн гээд байсан. Би жолооч талын эсрэг талын хаалгыг онгойлгож тэр ах машинаас буулгасан. Тэгээд урд талын машины жолооч Анхбаяр тэр ах бид 3 хамт газарт хэвтэж байсан хүн дээр очсон чинь гэнэт хөдөлсөн тэгэхээр нь би тэр хүнийг хөөе, хөөе зүгээр үү сэрээрэй гэж орилсон чинь өмнөөс дуугарч чадахгүй “аа” гээд байсан. Тухайн үед гадаа цасаар шуурч байсан учраас тэр хүнийг осгож магадгүй гээд дээрээс нь хөнжилөөр тэр ах бид 2 хамт нөмрөгсөн. Тэр машины урд сууж явсан ах тэр хавьд тарсан байсан цүнх энэ тэрийг нь хураагаад машины ар луу хийгээд байсан тэгэхээр нь та энэ хүнээ байн байн сэргээд байгаарай гэж хэлсэн. Би өөрийн машины хажуугаас тэр ухаан алдсан хүнийг хараад зогсож байсан чинь тэр ах машин руугаа яваад орсон. Тэгэхээр нь би тэр приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дээр эргэж очоод та нар архи уучихсан юм уу гэж асуусан чинь тэр эмэгтэй үгүй гулгачихлаа гэх шиг болсон. Тэгээд тэр эгч их сонин над руу харахгүй утас руугаа хараад байсан. Тэр ах дахиж машинаасаа бууж ирээгүй. Би дахиад газарт хэвтэж байсан хүн дээрээ очоод зүгээр үү гээд орилсон чинь яаргалаад байсан. Би тэр хүнийг нүдээ аниад байхаар нь эмнэлэг иртэл сэрүүн байлгах гээд орилоод сэрээгээд байсан юм. Тэгээд машиныхаа хажууд зогсож байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд араас нь эмнэлэг ирсэн... Би Б.Анхбаяр гэх хүнийг танина. Би Б.Анхбаярын нагац ах нь байгаа юм. Бид хамтдаа хот хоорондын тээвэрт явдаг...Б.Анхбаяр нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаа Б.Анхбаярыг ослын газарт драгер багажаар шалгасан...3амын цагдаа тандалтын багаж үлээлгэхэд архи уугаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 85-88-р хуудас/,
Гэрч Б.Анхбаярын “...Би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас ачаа тээврийн 98-76 УАР улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд Цагаан хаднаас гараад 30 орчим км яваад гадаа нойтон цас орж эхэлсэн. Би арын 98-72 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жамсрандоржийн хамт 74 дэхь км-ийн замын хажуугийн зогсоол дээр зогсоод тээврийн хэрэгслээ шалгаад ачаа бараагаа шалгачихаад гулгаа ихтэй байсан учраас зөөлөн гэлдрээд аваарын гэрлээ асаагаад явж байтал өмнөөс хар өнгийн пруис-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж яваа харагдсан. Тэр приус 20 маркийн тээврийн хэрэгслийн бөгс нь замын зорчих хэсгийн баруун тал руу шаравсан. Тэгэхээр нь тэр машиныг шаравлаа гээд өөрийн зорчих хэсгийн замын хажуу руу машинаа шахаж зөөлөн ортол өмнөөс дахиж бүтэн эргээд урдуур ороод ирсэн. Би машинаа зөөлрүүлээд зогсоох үйлдлийг хийсэн. Тэр приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ямар ч жолоодлогогүй болоод миний машины буруу тал руу хөндлөнгөөрөө орж ирээд мөргөлдсөн. Тэгэхээр нь би толиндоо харсан чинь тэр приус замын хөвөөн дээр тэгнэсэн байдалтай зогсож байгаа харагдсан. Тэгснээ гэнэт хөдлөөд 70-80 метр газар шороогоор яваад зогссон байсан. Би машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд Приус-20 маркийн машин дээр очиж хүмүүст нь анхны тусламж үзүүлье гэж бодоод явсан нэг эрэгтэй хүн газарт хэвтэж байсан тэгэхээр нь зүгээр үү гэж хэлээд амьсгалж байгаа үгүйг нь үзэхэд толгойноос нь цус гарсан байдалтай ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр гадаа хүйтэн байсан учраас газарт машинаас нь унасан байсан хөнжил нөмрүүлээд тэгээд цааш приус-20 дээр очиход тээврийн хэрэгслийн рүль дээр ахимаг насны эмэгтэй утсаараа оролдоод сууж байсан буруу талын урд суудал дээр нь бас нэг ахимаг насны ах ёолоод сууж байсан. Жамсрандорж ах цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Машины урд талын суудал дээр сууж байсан ахыг та тэр хэвтэж байгаа хүндээ туслаачээ гэж хэлээд бид 3 хамт очиж дахиад дээгүүр нь хөнжилөөр хучсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэрний дараагаар эмч нар ирж тэр 3-н хүнийг авч явсан...Би эхлээд тэр 3-н хүнийг согтуу байна гэж бодсон юм. Яагаад гэвэл юм асуухаар хариулт өгөхгүй байсан. Урд суудалд сууж явсан эрэгтэй хүн согтуу хүн шиг гуйваад яваад байсан. Жолоо барьж явсан эмэгтэй машиндаа утсаар оролдоод суугаад байсан. Цагдаа ирээд эрүүл байна гэж байсан...Цаг агаар гадаа нойтон цас орж байсан үзэгдэх орчин чөлөөтэй байсан...Цас замын зорчих хэсгийг нэлэнхүүд нь бүрхсэн зам халтиргаатай байсан...Тэр машин 100 метр орчмын цаанаас ирж яваа харагдсан тэгсэн чинь нэг шарвах үйлдэл хийсэн тэгэхээр нь би хурдаа хассан. Тэгэхэд дахиад эргэж дараад өмнүүр ороод ирсэн би 70-80 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна...Би өөрийн урсгалаараа явсан тэр приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өмнөөс шарваад ороод ирэхээр нь өөрийн явсан зорчих хэсгийн шороон хөвөө рүү нь шахсан. Би аль болох осол болгохгүй хичээсэн боловч өмнүүр ороод ирсэн би хөвөө рүү шахаагүй байсан бол жолоочийн талаас мөргөх байсан. Хэрвээ тэгээд мөргөсөн бол машины гол хэсэг рүү мөргөх аюултай байсан... Тухайн зам ямар нэгэн эвдрэл хагарал байгаагүй...Миний жолоодон явсан тээврийн хэрэгслийн баруун талын гэрэл урд гупер нүүр хэсэг баруун шанаа, баруун хаалга баруун крыло, баруун талын шат урд талын рожатор амотирзатор болон тэнхлэг тохиргоо алдагдсан. Кабин өргөгч сууриараа хугарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 91-94-р хуудас/,
Гэрч Ц.Элбэгийн “...БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Хятад улсын иргэн Үүшин ах хүнээс тухайн машиныг ERLIAN XINGMAO трейд ХХК-иар дамжуулан миний нэр дээр оруулж ирсэн... наймаа хийдэг байсан танилууд байгаа юм... Шакмен маркийн 98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-ын иргэн Үүшин гэдэг хүнээс Анар гэдэг зээлээр худалдаж авсан бөгөөд зээлийн төлбөр дуусах үед би Анар гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгөх естой юм...Миний нэр дээр байгаа боловч Анар гэдэг хүний хариуцдаг зээл нь дуусаад шилжүүлэн өгнө... Энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор нэхэмжлэх зүйл надад байхгүй...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 106-р хуудас/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 794 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5105 үндэслэлтэй байна...Д.Алтангэрэл нь баруун талын суудал ясны дээд салааны хугарал, бүсэлхийн 4, 5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний зовхинд шарх, зулгаралт, зүүн гуянд цус хуралт, бүсэлхийнд зулгаралт гэмтэлтэй байна...Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, үйлдлээр үүсгэгдэнэ...Баруун суудал ясны баруун салааны хугарал бүсэлхийн 4,5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугаралд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн зовхины шарх, зулгаралт, зүүн гуяны зулгаралтад нь гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно...Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна...Гэмтлийн хор уршиг үгүй байна. Зүүн нүдний торлогийн шүүдэст ховхрол нь гэмтлийн улмаас үүсээгүй нь цаг хугацааны хувьд болон өндөр зэргийн хагалгааны үед торлог ховхордог...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 129-131-р хуудас/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 828 дугаартай “...Хэрэгт хохирогч Б.Эрцоогийн эрүүл мэндэд учирсан гэмттлийн талаар тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны 2020.05.27-ны өдрийн С.Шүрцэцэгийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна...Хохирогч Б.Эрцоогийн биед тархины аксоны тархмал гэмтэц, баруун чамархай дахь хуйхны урагдал, нарийн гэдэсний чацархайн урагдал, өвчүүний хугарал гэмтэл үүсчээ...Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Хохирогч Б.Эрцоогийн биед учирсан тархины аксоны тархмал гэмтэц гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар нарийн гэдэсний чацархай урагдал гэмтэл 3.1.12 заалтаар тус тус амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Өвчүү ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээ хамаарна...Гэмтлийн улмаас үүсэх, хүндрэл, хор уршиг байгаа эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 138-142-р хуудас/,
"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн инженер Ч.Жалбалжавын шинжээч дүгнэлт, /1-р хх-н 153-159-р хуудас/,
2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай “...Үндэслэлтэй байна...Шакмен маркийн 98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Анхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна...Приус-20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан зорчиж явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна...Приус- 20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан зорчиж явна, гэсэн заалтыг зөрчсөн байна...Ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /-р 1хх-н 173-174-р хуудас/,
Шинжээч Б.Төмөрбатын “...Энэ осол гарах шалтгаанд зүүн гар тийш огцом эргэлттэй гэсэн тэмдэг нь нөлөөлөхгүй...Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой байтал тухайн үед хурдаа тохируулж яваагүйн улмаас осол болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 181-р хуудас/,
Шинжээч С.Батзоригийн “...Тухайн осол гарах шалтгаанд зүүн гар тийш огцом эргэлттэй гэсэн тэмдэг нь нөлөөлөхгүй...Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах ёстой байтал тухайн үед хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гарахад нөлөөлсөн байна гэж би үзэж дүгнэлт гаргасан байгаа.. Шакмен маркийн 98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урсгал сөрсөн гэх зүйл тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн материалтай танилцахад урсгал сөрсөн гэх зүйл тогтоогдоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 182-р хуудас/,
Шинжээч Б.Отгонбатын “...Тухайн зам тээврийн осол нь огцом эргэлттэй гэсэн тэмдэгнээс үүдэлтэй гаргасан зам тээврийн осол биш юм... Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.М нь замын болон цаг агаарын нөхцөлд хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гарахад нөлөөлсөн байна...Шакмен маркийн 98-76 УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урсгал сөрсөн гэх зүйл тогтоогдоогүй. Урсгал сөрөөгүй нь зам тээврийн ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 183-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1103 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /1-р хх- 191-193-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1803 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /1-р хх-н 217-218-р хуудас/,
Яллагдагч Ж.Мийн “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаанхаданд байх гэрээ эргэх гээд Улаанбаатар хотоос хоёр хүн өөрийн 12-79 УБЭ улсын дугаартай машиндаа суулгаад гараад явж байхад зам халтиргаа гулгаа ихтэй байсан юм. Тэгээд явж байхад машин гулгаад явахад их хэцүү байсан юм. Тэгээд Ухаа-худаг уурхайгаас Гашуун-сухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 148 дахь километрт явж байхад урсгал сөрөөд машин гараад ирэхээр нь би машинаа зогсоох арга хэмжээ аваад тормозоо гишгээд машинаа зогсоох арга хэмжээ авсан боловч машин гулгаад эсрэг урсгал руу миний барьж явсан машин гулгаад орчихсон юм. Тэгээд би юу болсон талаар осол гарсан талаар сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дуудаж байсан... Би Эрцоо гэдэг хүнд 1.000.000 төгрөг өгсөн өөр хохирол барагдуулж өөр мөнгө өгсөн зүйл байхгүй...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Гадаа цас ороод шуурч байсан гулгаа ихтэй байсан...Үзэгдэх орчин сайн юм харагдахгүй цас шуурч ороод байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 13-14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан зорчиж явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Анхбаярын жолоодож явсан 98-76 УАР улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас приус-20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Эрцоогийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ж.М нь хохирогч Б.Эрцоод 4,745,166 төгрөг, хохирогч Д.Алтангэрэлд 3,830,145 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Анарт 1,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Д.Анар нь гэмт хэргийн улмаас 9876 УАР улсын дугаартай Shaanxi SX4257NT324 маркын тээврийн хэрэгсэлд хөрөнгө, даатгалын хохиролын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр 5,400.000 төгрөгийн хохирол учирсан баримт хэрэгт авагдсан байна. Гэвч тухайн гэмт хэргийг гаргах үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Анхбаяр 8.600.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг 2023 оны 02 сарын 02-ны өдөр ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Анарт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Мягмардалайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Шүүгдэгч Ж.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан зорчиж явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Анхбаярын жолоодож явсан 98-76 УАР улсын дугаартай Шакмен маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас приус-20 маркийн 12-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.Алтангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Эрцоогийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.
Улсын яллагчаас хариуцагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ж.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан /оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Харин 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа. Иймд улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ял оногдуулах мөн хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан тул уг заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
Ж.Мн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Мн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.М-г тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Ж.М нь хохирогч Б.Эрцоод 4,745,166 төгрөг, хохирогч Д.Алтангэрэлд 3,830,145 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Анарт 1,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч П.Анар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Мягмардалайгаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА