Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

2023         02            08                                                      2023/ШЦТ/23

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2329000000010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт Б.Баярсайханы бие, эрх чөлөөнд нь халдан хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Б.Баярсайхантай цуваан дээр нь очоод маргалдсан. Гомбоочин гээд байхаар нь ороод хэрэлдсэн. Машинд нь ороод заамдалцсан. Гараад сайхан үзчихье гээд машинаас гарахдаа оочсон. Тэгэхэд хажуу машинд байсан Халиун гэх хүүхэн машин руугаа оруулсан. Тэгэхээр нь би машин руугаа явсан” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2329000000010 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулах байдлаар дүгнэж нотлох баримтыг шалгадаг. Хэдийгээр хохирогч нь Б.Б, Гиваа нар намайг нийлж зодсон гэх мэдүүлэг өгдөг боловч энэ мэдүүлэг нь тухайн хэрэг учрал болох үед байсан гэрч Халиун, гэрч Гиваа, мөн шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Учир нь тухайн хэрэг гардаг өдөр байсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт Халиунаагийн машин дотор дээрх нэр бүхий хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг улмаар Б.Б, хохирогч Б.Баярсайхан нар нь үл ойлголцож маргалддаг. Ингээд Б.Баярсайханы машинд шүүгдэгч Б.Б орж очсон талаар хохирогч мэдүүлдэг. Энэ талаар гэрч Гиваа болон шүүгдэгч Б.Б нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэлдэг. Орж очоод цамцнаас нь боогоод заамдалцаад байж байсан талаар мөн хохирогч болон гэрч Гиваа, яллагдагч Б.Бийн мэдүүлэгт дурдагддаг. Тэгэхээр энэ үйл баримт дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Хохирогчийн эрүүл мэндэд духны язарсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн шанааны зулгаралт, хүзүүний цус хуралт гэмтлүүд үүсдэг. Дээрх гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгслээс унах явцад үүссэн байх боломжтой байна гэж үзэж байгаа. Гэрч Гиваа, гэрч Халиунаа нарын мэдүүлгээр дээрх үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Баярсайханы тээврийн хэрэгсэлд орж очиж цамцнаас нь боох байдлаар заамдалцаж, энэ үйлдлийн улмаас Б.Баярсайханы эрүүл мэндэд хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдэл болон энэ үйлдлийн улмаас хүний эрүүл хөнгөн хохирол учирсан байх шалтгаант холбоотойгоор илэрдэг. Дээрх тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирол, төлбөр байхгүй. Шүүгдэгчийн хувьд хохирогчид хохирол төлбөр төлөөгүй болохыг дурдаж байна” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  “Үйлчлүүлэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт Б.Баярсайханы машин дээр очсон байдаг. Тэнд байсан хүмүүс архи ууж байсан бөгөөд архинаас хийж өгөхөд орой машин барина, тээвэрт гарна гээд уугаагүй байсан гэдэг. Тэгэхээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Архи уусан талаар гэрчүүд мэдүүлдэггүй. Тэгэхээр үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч нь архи хэтрүүлсэн ууж манай үйлчлүүлэгчийг гомбоочин гэж хэлсний улмаас Б.Б нь дургүйцэж Б.Баярсайханыг боож, заамдаж авсан байдаг. Үүний улмаас хохирогчийн хүзүүнд цус хуралт, улайлт гэмтэл үүссэн байдаг. Энэ гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-аар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Үүн дээр санал нэг байна. Хохирогчийн боосон үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь санаатай үйлдэгдсэн байдаг учраас шүүгдэгчийн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас шүүхээс ял шийтгэл оногдуулах нь гарцаагүй” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Б.Баярсайханы: “...Миний бие 2012 оноос нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаа бөгөөд “Дагалай шарга” гэх компанид 10-р сараас хойш ажиллаж байгаа. 11 сарын 17-ны өдөр нүүрс тээврийн 2 дахь километрт цувааныхаа Халиунаа, Бат-Эрдэнэ гэх жолооч нартай хамт түлшээ хийж ирчихээд Халиунаагийн машинд 11 цаг өнгрөөгөөд 1 шил 0.5 литрийн Экс гэх архи уусан. Мөн дараа нь 0.75 литрийн Экс гэх архи уусан. Тэгээд уугаад дуусаж байх үед манай компаний нөгөө цувааны жолооч болох Гиваа, Б 2 Халиунаагийн машинд орж ирсэн. Ороод ирэхээр нь нэг их удалгүй “би орж амарлаа, та нар ч гэсэн орж амарцгаа, эмэгтэй хүний машид байж байхаар” гэж хэлээд би буусан. Тэгээд хажуу талд нь байсан өөрийнхөө машинд ороод байж байтал миний араас Б орж ирээд миний зургийг дараад “чамайг компанид хэлж машингүй болгоно” гэхчилэн намайг үгээр өдөөд байхаар нь би машинаасаа буулгаад явуулсан. Тэгээд машиндаа унтаад өгсөн. Тэгээд 16 цаг 30 минутын үед миний хөлийг хүн цохиод байхаар нь сэрсэн чинь Б босоод ир гээд байсан. Тэгээд би босч ирээд суусан чинь буугаад ир гээд байхаар нь “чи одоо яв” гэсэн чинь явахгүй байсан. Тэгснээ миний машины жолоочийн суудал дээр орж ирээд цамцнаас татаад боогоод авсан. Тэгсэн чинь хажуу Халиунаагийн машинд байсан Гиваа нь бууж ирээд бас цамцнаас татаад боогоод байсан. Тэгээд л би ухаан алдсан байх. Нүд харанхуйлаад л явчихсан ба нэг мэдсэн бөөн цус гарчихсан Халиунаа намайг миний машины кабинд оруулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Гэрч Г.Халиунаагийн: “...Миний бие “Дагалай шарга” ХХК-д жолоочоор ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний хажууд машинаа тавьчихсан байсан Баярсайхан согтуу миний машинд орж ирсэн. Тухайн үед Бат-Эрдэнэ бас хамт байсан ба Баярсайхан архи ууя гээд эхлээд 0,5 литрийн Экс гэх архи уусан. Тэгээд архи дуусчихаар дахиад дэлгүүр яваад 0,75 литрийн Экс авчирсан байсан. Тэгээд би ч нээх уугаагүй байж байсан чинь мөн манай компанийн Гиваа, Б нар миний машин дээр ирсэн. Тэгээд тэр архиа миний машинд ууж дуусаад Бат-Эрдэнэ, Гиваа 2 дэлгүүр явсан. Тэгээд Баярсайхан “яах гэж ийм хүмүүсийг машиндаа оруулдаг юм” гээд байхаар нь би “за яахавдээ ингээд л явчихна шүү дээ” гэж байгаад би Баярсайханг машиндаа ор гээд машин руу нь оруулсан. Тэгээд Б бас машинаас буучихсан байж байгаад Бат-Эрдэнэ, Гиваа 2-г ирэх үед машинд орж ирсэн. Тэгээд тэд нар миний машинд байж байгаад Бат-Эрдэнэ өөрийнхөө машин руу ороод Б, Гиваа 2 бас машин руугаа явна гээд явсан. Тэгээд удаагүй Баярсайхан машинаасаа унаж байхыг би харсан. Тэр үед Б, Гиваа 2 машиных нь гадаа байж байсан. Тэгээд би буугаад Баярсайханыг аваад машинд оруулсан... Баярсайхан бол нилээн согтсон байсан...би бол нээх их уугаагүй. Тухайн үеийн болсон явдлыг санаж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Ж.Гиваагийн: “...Миний бие “Хишиг сайхан ундрах” ХХК-д жолоочоор ажилладаг. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний танил Бат-Эрдэнэ цуваагаараа нүүрс тээврийн 2 дахь км дээр байсан. Би Бат-Эрдэнэтэй уулзах гээд тэдний цуваан дээр очсон. Өөр машинд байна гэхээр нь тэр машин дээр нь очиход Бат-эрдэнэ, Баярсайхан гэх залуу, Халиунаа нар байсан. Машинд орсон чинь 1 шил архи тавьчихсан сууж байсан ба би тэндээс нь 2, 3 авсан. Тэгээд архи дуусахаар нь дэлгүүр орохоор 2-луу явсан. Тэгээд эргээд ирэхэд Б уурлачихсан сууж байсан. Яасан гэсэн чинь тэр нөхөр гомбоочин гэнэ гээд байж байсан. Тэгээд би нөгөө нөхөртэй уулзах гэсэн Бат-Эрдэнэ боль боль гээд хажуугийн Халиунаагийн машинд орж суусан. Тэгээд тэнд сууж байгаад Б бид 2 буцаад явах гэсэн тэр нөхөртэй би уулзаад явъя гээд машин руу нь ороход Б тэр 2 аль хэдийн заамдалцаад байж байсан. Тэгээд би “яах юм бэ боль” гэж хэлээд би машинаас нь буугаад тойроод нөгөө талд нь очиход Баярсайхан машинаасаа уначихсан. Толгой нь хагарчихсан цус нь гойжоод, та нар нийлж зодлоо гээд хашгичаад байж байсан. Тэгээд би шууд Бийг аваад явсан... Баярсайханыг машинаас бууж байх үед Б аль хэдийн машинаас буусан байсан. Баярсайхан машиндаа байсан. Тэгээд би машинаас буугаад тойроод очиход Баярсайхан машинаасаа аль хэдийн буучихсан цус нь гарчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 552 дугаартай “1.Б.Баярсайханы биед духны язарсан шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн: “...Духны язарсан шарх, зүүн нүдний зовхи, хүзүүний цус хуралт, зүүн шанааны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тусдаа хамаарна... дээрх гэмтлүүд нь том оврын автомашинаас доош унах үед үүсэх боломжтой эсэх асуудлыг нарийн тогтоох боломжгүй... Хүзүүний цус хуралт болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бүх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт Б.Баярсайханы бие, эрх чөлөөнд нь халдан хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.  

Иймд  шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Тухайн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг боловч энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол төлбөр, хор уршгийг арилгах талаар шүүгдэгчийн зүгээс санал санаачилга гаргаагүй. Хохирол төлбөр төлөөгүй байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр эрүүгийн хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Тухайн хэрэгт ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өмнө нь ямар нэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.  Энэ нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Ямар нэг байдлаар урьдаас төлөвлөөд зодсон зүйл байдаггүй. Маргалдсаны улмаас тухайн гэмтлийг учруулсан байдаг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хохирол төлбөрийг төлөх санаачилга гаргаагүй гэх зүйлийг ярьж байна. Үйлчлүүлэгч маань хохирол төлбөрөө төлье, 500,000 төгрөг өгье гэхээр 500,000 төгрөг өгөх юм бол би ч бас 10 хүн зодчихъё, наадахыг чинь авахгүй гэсэн байдлаар авдаггүй. 1,000,000 төгрөг болгоод өгье гэхээр бас авахгүй гээд 2,000,000 төгрөг авъя гэдэг. 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг нь одоо өгчихье, сар шинийн дараа үлдэгдлийг нь өгчихье гэхээр заавал бөөнөөр авна гэх зүйл ярьдаг. Цалин буугаагүй учраас үүнийг бөөн төлөх боломж байна гэдгээ хэлсэн байдаг. Тэгэхээр хохирол төлбөрийг төлөх санал санаачилга гаргасан байна гэж үзэж байгаа. Хохирогч талаас хохирлыг баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн зүйл байдаггүй. Нэг ширхэг ч баримт гаргаж өгөөгүй байж 2,000,000 төгрөг авна гэж байгааг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн хууль бус, буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Яагаад гэхээр хохирогч нь Б.Бийг гомбоочин минь, яваач, зайлаач гээд элдэв үгээр хэлээд, доромжлоод байсан. Энэ үйлдэл нь зүй бус, хууль бус үйлдэл байна гэж үзэж байгаа. Энэ үйлдлээс болоод тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь ийм байдаг. Тухайн хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Тэгэхээр улсын яллагчаас гаргасан 600,000 төгрөгөөр торгох саналыг багасгаж, хамгийн багаар тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.Баярсайхан нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.БАТТУЛГА