| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
2023 02 08 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Б.Б, Б.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар, Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2229001960140 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах иргэн М.Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.Отэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас хоорондоо зууралдан, газарт унагах байдлаар халдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын Гавилууд 2 дугаар баг, Хөөвөрийн 8-5 тоотод байрлах өөрийн гэрийн гадаа Б.Оийг хүрч ирэхэд дахин маргалдаж, улмаар түүн рүү чулуу авч шидэн нуруун тус газар нь онож эрүүл мэндэд нь тархины доргилт, бүсэлхий III, IV нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, бүсэлхий, баруун өвдөг дэх цус хуралт, бүсэлхий орчим, баруун өвдөг, 2 хөлийн тавхай хэсэг дэх зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.Б нь тухайн цаг хугацаанд Б.Оийн унаж явсан “Даймонд Галба” ХХК-ийн эзэмшлийн 45-67 ӨМЭ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг цохих, өшиглөх байдлаар хугалж, 430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах М.Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.Бтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Б.Бтай зууралдан зодолдож, газарт унагах, цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун тохой, өвдөг, зүүн мөр, дал, баруун суга, баруун хөлний 1-р хуруунд зулгаралт, баруун эгэм, зүүн бугалганд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдэнд эмтрэл, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...6 сарын 16-аас 17-ныг шилжих шөнө найзтайгаа Бтай хамт таньдаг машин зогсож байна гээд харсан чинь Бонго маркийн машин зогсож байсан. Тэгээд би очоод ойр зуурын юм ярьчхаад явах гэсэн чинь энэ залуу бууж ирээд өмнө нь үерхэж байсан залуу чинь юм уу ална гэсэн. Бид хоёр дээр доороо ороод зууралдаад байж байсан чинь манай найз ирж салгаад намайг аваад явсан. Тэгсэн энэ залуу араас машинтай учиргүй шахаж ирж зогсоод бууж ирэнгүүтээ өрмийн хошуу бариад ална гээд тэгээд би зугтаасан. Тэр үед манай Б гээд найз Мөнхбилэгийг дуудаад Мөнхбилэг ирсэн. Өөрөө айлын хашаанд шахаж ирж зогсоод тольоо хугалчхаад тэр толио над руу шидээд миний нуруун дээр оноод эргүүлээд би чулуу авч шидсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Би 06 дугаар сарын 17-ны шөнө орой найз охинтойгоо уулзаад сууж байсан. Тэгтэл урдаас машин ирээд хэсэг харж зогсож байснаа буцаж яваад ард талд зогсоод машины ард зогсоод манай найз охиныг янхан минь утсаа ав гэсэн чинь манай найз охин айж сандарсан байдалтай сууж байсан. Манай найз охин намайг битгий буу гээд би буухгүй сууж байсан машин цохиж нүдээд байхаар нь буугаад яваад очсон чинь чи ямар пээдгэр юм. Буруу хүнээрээ оролдож байндаа гээд тэгээд бид хоёр барьцалдаж аваад намайг унагаагаад Ш.Б гэх залуу ирээд хоолойноос багалзуурдаж боогоод Б.Быг аваад явсан. Та нар олуулаа хүн дээрэлхлээ яаж байгаа юм бэ гээд хэлэхэд Ш.Б гэх залуу юм хэлэхгүй зогсож байсан. Б.Б ирж нүд рүү цохиод зугтаасан. Найз охиноосоо сонсоход Б.Б гээд залуу ажил дээр нь Оюу толгой дээр оччихоод найз охиныг янхнаар дуудаад ээжгүй аавгүй гэж олон удаа дарамталдаг. Тэгээд би машины толь хагалчихлаар нь чи нийтийн байранд байдаг биз дээ тэдэн тоотод байдаг биз дээ би чамайг ална бөөнөөрөө чамайг очиж булна хүрээлэнгийн ард аваачиж булна гээд бөөнөөрөө тэгж яриад байсан. Би гэр лүгээ явж байхад 2,3 машин зогсоод орилоод байсан. Тэгээд хажууд нь очоод зогссон чинь Б.Б миний машины жолоочийн талын хаалга руу өшиглөөд цохиод харанхуй руу ороод ир гээд орилоод тэнд байсан гэрчүүд нь боль гээд машин тойроод гүйж байснаа машины нөгөө талын толийг хагалсан. Эхлээд найз охины гэрийн гадаа байхад нэг толийг нь хагалаад ахиад яваад очиход нөгөө талын толь хагалсан гэв. Бетонон хананы наад талд нь Б.Б өөрөө байсан” гэв.
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус тус үйлдсэн Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг хангаллтай нотлогдож чадсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй. Агуулгын хувьд зөрүүгүй нотлох баримт цугларсан байна гэж улсын яллагчийн зүгээс үнэлж дүгнэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хэрэг 2022 оны 06 дугаар сарын 16-аас 17-ныг шилжих шөнө болдог. Эхний үйдэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт дэвсгэрт байрлах иргэн Саранхөхөөгийн гэрийн гадаа болдог. Дахин үргэлжилсэн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд хоёрдугаар баг хөөврийн 8-5 тоотод байрлах хашаанд болдог. Ийм хоёр газар болсон хэргийн үйл баримттай. Саранхөхөөгийн гэрийн гадаа болсон хэргийн үйл баримтын талаар гэрч Саранхөхөө, Ш.Бумбаяр нар болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Эдгээр хоёр гэрчийн мэдүүлэг ямар нэгэн зөрөөгүй байдлаар мэдүүлдэг. 2022 оны 06 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.О Саранхөхөө нарыг Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлд байж байхад Ш.Бумбаяр болон Б.Б нар очдог. Очоод Саранхөхөөг утсаа авсангүй гэдэг байдлаар Б.Бумбаяр харилцаа үүсгэн энэ асуудлаас болж Б.Отгонбилэг, Б.Б нар хоорондоо маргалдан бие биеийнхээ дээр доор оролцон зодолдож бие биенийгээ цохьсон талаар хоёр гэрч тодорхой мэдүүлдэг. Тухайн үйл баримт ямар нэгэн зөрүүгүй тогтоогдож байгаа үйл баримт. Тухайн асуудал болоод шүүгдэгч Б.Б гэрлүүгээ явдаг. Үүний араас шүүгдэгч Б.Отгонбилэгийн хувьд Б.Бтай очиж үргэлжлүүлэн хэрүүл маргаан хийх сэдэл санаа зорилготой очсон гэсэн үйл баримт тогтоогдож байгаа. Энэ нь тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Сүндийгийн мэдүүлгээр тогтоогддог. Саранхөхөөгийн гэрийн гадаа болсон асуудлын дараа Б.Оийг байхад Сүндий очдог. Очоод хоёулаа Б.Бын араас явъя гээд бид хоёр машинд нь суугаад явсан талаар гэрч Сүндийгийн хувьд мэдүүлдэг. Очоод дараагийн үйл процесс Б.Бумбаярын гэрийн хашаанд болдог. Тэр үйл баримтын талаар Б.Оийн араас чулуу шидэж нуруунд нь оносон гэх үйл баримтыг яллагдагчаар болон хохирогчоор мэдүүлэг өгсөн шүүгдэгч Б.Б, Б.О нар өөрсдөө мэдүүлдэг. Энэ үйл баримтын талаар маргадаггүй. Нуруунд чулуугаар цохисны улмаас Б.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Маргаж байгаа асуудал юу вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлээр татагдсан бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх хэргийн талаар яллагдагч Б.Б маргасан мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй. Гэвч шүүхийн хэлэлцүүлгээр өгч байгаа мэдүүлгээр Саранхөхөөгийн гэрийн гадаа байхад нь би нэг толийг нь өшиглөөд хагалчихсан гэх үйл баримтыг мөн тухайн үед байсан гэрч Саранхөхөө мэдүүлэгтээ дурддаг. Миний сууж байсан талын толийг хагалчихсан гээд мэдүүлдэг. Өөрийнх нь мэдүүлгээр бас энэ үйл баримт тогтоогдож байна. Дараагийн толь хагалаад байгаа үйл баримтын талаар гэрч Мөнхбилэг, Сүндий нар Б.Бын хашаанд Б.О очиж маргалддаг энэ үед Б.Б нэг талын толийг нь өшиглөөд хагалчихсан юм. Тэр үйл баримтыг би тэнд очоод хугалаагүй Б.О өөрөө хашаанд орж ирэхдээ хугалсан гэдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж нэг тольны асуудал төөврийн 8-5 тоотод буюу өөрийнх нь хашаанд толийг нь өшиглөөд хагалсан талаар гэрч Мөнхбилэг, Сүндий нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Саранхөхөөгийн гэрийн гадаа нэг толийг нь хагалаад байгаа үйл баримт нь Саранхөхөөгийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нь хангалттай нотлогдож байна. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Б.Б үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх гэмт хэргийг Б.Б үйлдсэн байна гэх үйл баримт хангалттай нотлогдож байх тул дээрх зүйл ангид заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг Б.Бын хувьд гаргаж байна. Б.Оийн хувьд яллагдагч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй. Өөрийгөө хамгаалсан байдлаар Б.Бтай зодолдсон үйлдэл хийсэн гэж мэдүүлдэг боловч. Харин маргаан үүссэн талаар Саранхөхөө мэдүүлдэг битгий буу гэхэд нь бууж очоод маргалддаг. Харж байсан чинь тэр хоёр заамдалцаж аваад юу юугүй дээр доороо гараад цохилцож зодолддог. Энэ талаар мөн Саранхөхөө мэдүүлэгдэг. Үүнийг нотлож байгаа нь мөн гэрч Ш.Бумбаярын мэдүүлэг. Тэр хоёр заамдалцаад байхаар нь машинаа холдуулчихаад эргээд очсон чинь Б.Б, Б.О дээр гараад суучихсан цохиж байсан. Дараагийн биед нь халдаж байгаа үйлдэл буюу Б.Бын гэрийн хашаанд болсон үйл баримтын дараа ахин Саранхөхөөгийн гэрийн гадаа ирдэг. Ирэхэд машинд Б.Быг сууж байхад Б.О нүүрэн тус газар нь цохисон талаар гэрчүүд мэдүүлдэг. Дээрх үйл баримтыг үзэхэд шүүгдэгч Б.Оийн хувьд хохирогч Б.Бын биед санаатай үйлдлээр халдаж байгаа. Энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж байгаа үйл баримт тогтоогдож байна. Энэ үйлдлийг улмаас Б.Бумбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирж байна. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Б.Бын хувьд шүүгдэгч Б.Оээс хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Б.Отгонбилэг нь шүүгдэгч Б.Баас 429.750 төгрөгийн хохирол нэхэмжэлснийг шүүхийн шатанд баримтыг шүүгдэгч Б.Б гаргаж өгсөн. Тэгэхээр эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой шүүгдэгч нараас гаргуулбал зохих хохирол төлбөр байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн улмаас Даймонд гал ХХК-д 430.000 төгрөгний хохирол учирсан. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй учраас 430.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж Даймонд гал ХХК-д олгох саналыг оруулж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Б.Бын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг миний бие дараах өмгөөлөгчийн дүгнэлт гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнө Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.Отэй таарамжгүй харилцааны улмаас муудсан. Мөн дараа нь өөрийн гэрийн гадаа буюу хөөврийн 8-5 тоотод Б.Отэй муудалцаж бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар буруутгагдаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгагдаж байгаа. Б.Бын хувьд дээрх зүйлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг мөн үүнтэй холбоотой эрүүл мэндэд учирсан хохирол төлбөртэй холбоотой 429.750 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Б.Оийн өөрийнх нь дансанд шилжүүлсэн байдаг. Үүнийг хохирогч хүлээж авсан гэдэг байдлаар ярьсан байгаа. Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар Даймонд гал ХХК-ийн 45-67 ӨМЭ улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн 2 толийг хагалаагүй нэг толь хагалсан гэх байдлаар маргаж байгаа. Үүнийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад 1 толийг хагалсан гэдэг байдлаар мэдүүлэг өгч байгаа. Эрүүл мэндэд учруулсан хохиролын хувьд бусдад төлөх төлбөр мөнгө харагдахгүй байна гэж үзэж байна. Б.Оийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийгөө хамгаалсан санаатай үйлдэл гаргаж Б.Бын биеийн эрх чөлөөнд халдаагүй гэдэг байдлаар ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2 удаагийн үйлдлээр буюу дараагийн үйлдэл нь Б.Бын гэрийн гадаа буюу өөрөө машинтайгаа маш хурдтай давхиж очоод тэр өрмийн хошууг гаргаж ирээд ална гээд Б.Быг хөөгөөд явдаг нь гэрч Ш.Бумбаяр, Мөнхбилэг, Сүндий нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул хамгаалсан гэх мэдүүлэг нь няцаагдаж байна. Тиймээс улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч өөрөө цохиогүй гэж үзэж байгаа. Хэргийн хүрээнд гэрч нарын мэдүүлгээр Б.Б хоёр толийг хоёуланг нь хагалаад унагаасан гэсэн мэдүүлэг байгаа...” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах иргэн М.Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.Отэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдсаны улмаас хоорондоо зууралдан, газарт унагах байдлаар халдсан, мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын Гавилууд 2 дугаар баг, Хөөвөрийн 8-5 тоотод байрлах өөрийн гэрийн гадаа Б.Оийг хүрч ирэхэд дахин маргалдаж, улмаар түүн рүү чулуу авч шидэн нуруун тус газар нь онож эрүүл мэндэд нь тархины доргилт, бүсэлхий III, IV нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, бүсэлхий, баруун өвдөг дэх цус хуралт, бүсэлхий орчим, баруун өвдөг, 2 хөлийн тавхай хэсэг дэх зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.Б нь тухайн цаг хугацаанд Б.Оийн унаж явсан “Даймонд Галба” ХХК-ийн эзэмшлийн 45-67 ӨМЭ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг толийг цохих, өшиглөх байдлаар хугалж, 430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
- Шүүгдэгч Б.О нь 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах М.Саранхөхөөгийн гэрийн гадаа Б.Бумбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Б.Бтай зууралдан зодолдож, газарт унагах, цохих байдлаар халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун тохой, өвдөг, зүүн мөр, дал, баруун суга, баруун хөлний 1-р хуруунд зулгаралт, баруун эгэм, зүүн бугалганд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдэнд эмтрэл, буйланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-28-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-34-р хуудас/,
Хохирогч Б.Оийн: “...Б.Б машинтай ирээд машины ард талд машинаа тулгаж тавьчихаад машин дотроос 2-лаа бууж ирээд цонхон дээр ирээд манай найз охин руу “гичий минь утсаа ав” гэж хараагаад байснаа намайг буугаад ир 2-лаа үзье гээд машин цохиод миний унаж явсан машины жолооч талын буюу ертөнцийн зүгээр зүүн талын толийг хөлөөрөө өшиглөсөн чинь толь хугарчихсан. Машины толь хугалчихаар нь би буугаад очсон чинь намайг шууд гараараа нүүрний хэсэгт 1 удаа цохиод авсан. Тэгээд би зөрүүлээд Б.Быг цамцнаас нь бариад авсан чинь намайг газарт унагаад дээр гарч хэд хэдэн удаа цохиод байхаар нь би ноцолдож байгаад дээр нь гарсан чинь нөгөө найз нь араас боож салгаад би босоод салгасан найзтай нь маргалдаад зогсож байхад хажуу талаас Б.Б нь миний нүд рүү гараараа цохьчихоод зугтаагаад явчихсан... Б.Бын гэрийн гадна очоод зогссон чинь Б.Б машины хаалга руу өшиглөөд байсан. Тэгээд намайг буугаад очсон чинь надад баригдахгүй зугтаад харанхуй руу оръё, зодолдъё гээд орилоод байсан. Надад баригдахгүй байхаар нь би хаяад суух гэтэл машины нөгөө талаар очоод толийг хөлөөлөө өшиглөөд хагалчихсан. Тэгснээ тэр хагалсан толио над руу бас авч шидээд байхаар нь би барьж авах гээд хөөсөн чинь цаашаа зугтаад харанхуй гудам руу орчихоор орхичихоод машин руугаа явж байтал араас гүйж ирээд араас чулуу шидсэн чинь тэр нь миний нурууны хэсэгт оночихсон... бусад хамт байсан хүмүүсээс нь намайг цохиж зодсон зүйл бол байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,
Хохирогч Б.Бын: “...Б.О миний бие эрх чөлөөнд халдсаны улмаас миний дээд талын шүд эмтэрсэн, тархи доргисон, баруун өвдөг, зүүн бугалга хэсэгт шалбарч хөхөрсөн, буйл хэсэг дотор талдаа шархалсан байсан... би тухайн өдөр өөр хүнтэй муудаж маргалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанчимэгийн: “...Би Ханбогд суманд үйл ажиллагаа явуулах “Даймонд Галба” ХХК-нд нягтлан бодогч ажилтай. Даймонд Галба ХХК нь Юнитель ХХК-ийн гэрээт Ханбогд сум дахь салбар байгаа юм... 45-67 ӨМЭ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь манай Даймонд Галба ХХК-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр нь манай захирал Б.Болормаа байдаг. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр захирлын нэрээр явдаг хэдий ч уг тээврийн хэрэгсэл нь компанийн эзэмшлийн албаны машин байгаа юм... Ашид Билгүүн ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээнд тусгагдсан мөнгөн дүнг хуулийн хүрээнд нөхөн төлүүлж, компанийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна... 06 дугаар сарын 17-ны өглөө Б.Оийг хүнд зодуулчихсан машин айлын гадаа байгаа гэхээр нь очиж үзэхэд 2 талын толийг хугалсан байдалтай байсан. Өөрөөр надад мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
Гэрч М.Саранхөхөөгийн: “...2022 оны 06 дугаар сарын 16-наас 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө 01 цагийн орчимд О манай гэрийн гадаа ирээд бид 2 Отгонбилэгийн машинд нь уулзаад сууж байхад хажуугаар жижиг машин өнгөрөөд явсан... Тэгснээ эргэж буцаж ирээд бид 2-ын өөдөөс гэрлээ тусгаж 1 минут орчим зогсож байгаад миний сууж байсан талын хажууд тулж ирж зогсоод ар талынхаа цонхыг нээсэн чинь машин дотор Б гэх залуу байсан. Б гэх залуу над руу хандаж “утсаа аваач гичий минь” гээд хараагаад загнаж байгаад цаад талд нь сууж байсан залуу буугаад ир гэх мэтээр үг хэл амаар доромжлоод байхаар нь би Оийг битгий буугаарай гэсэн чинь Б машинаасаа ганцаараа бууж ирээд миний сууж байсан талын цонхыг хагалаад машин руу нь өшиглөөд байсан. Тэгсэн чинь О бууж очоод Бумбаярыг “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Б өөдөөс нь “чи буруу хүнээрээ оролдож байна” гэж хэлээд тэр 2 заамдалцаад барьцалдаж аваад нилээд цаашаа явж байснаа гэнэт хоорондоо зодолдоод эхэлсэн.... Тэгэхээр нь би очоод тэд нарыг салгаад Оийг аваад явах гэсэн чинь Бтай хамт явж байсан найз нь Отэй юм яриад зогсож байсан чинь Б хажуунаас нь орж ирээд /аль талынх нь санахгүй байна/ нүд рүү нь цохьчихоод машин руугаа яваад өгсөн... Тэгээд би Оийг машинд нь суулгачихаад цагдаа дуудах гээд гэр лүү орж утсаа аваад гарч ирээд ээж рүүгээ залгах гэсэн чинь “О ийм байдалтай ээжтэй чинь уулзаад яахав дээ би гэртээ очоод байж байя” гээд машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ орсон. Би гэртээ ороод байж байсан чинь гадаа дахиад хүмүүс хашгираад байхаар нь гараад харсан чинь манай хашааны доод талын үзүүр дээр 2-3 машин зогсчихсон хажууд нь Оийн машин зогсчихсон, гадуур нь хүмүүс хашгиралдаад байсан. Би тухайн үед ээж рүүгээ залгаж дуудаад орж ирэхээр нь болсон асуудлыг бүгдийг нь хэлээд байж байтал О над руу утсаар залгаад “гараад ир” гэхээр нь би ээжтэй хамт гараад очсон чинь О гэрийн гадаа ирчихсэн зогсож байсан бөгөөд нөгөө талынх нь цонхыг дахиад хагалчихсан, гар, хөл хэсгээс нь цус гарчихсан байхаар нь яасан талаар нь асуусан чинь гэрлүүгээ явах замд нь Бумбаяр таараад дахиад зодолдсон талаараа хэлж байсан... О ээж бид 2-ыг хүргээд өг гэж гуйхаар нь бид 2 өөрсдийнхөө машинд суулгаад Оийн ажил дээр нь хүргэж өгсөн. Тухайн үед О гэрт очвол тэр залуучууд дахиад хүрээд ирж магадгүй ажил дээрээ очъё гэж хэлсэн болохоор нь ажил дээр нь хүргэж өгсөн. О машинд суугаад явж байх замдаа нуруу өвдөөд байна гэхээр нь яасан талаар нь асуухад Б миний нуруу руу чулуу аваад шидчихсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Гэрч Ш.Бумбаярын: “...Би 06 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд Б.Б, Мөнхбилэг, Сайханбилэг нартай уулзаж сагс тоглож байгаад орой 22 цагийн орчимд дуусаад биллъярд тоглож байгаад 00 цагийн орчимд Мөнхбилэгийн гэрт очсон. Мөнхбилэгийн гэрт очиж сагсны тоглолт 02 цаг хүртэл үзэж байгаад Сайханбилэгийг гэрт нь хүргэж өгчихөөд Б.Быг хүргэж өгөх гээд явж байсан чинь манай найзын машинтай адилхан машин зогсож байхаар нь уулзах гээд зогссон чинь Б.Бын өмнө нь үерхэж байсан охин юм шиг байсан. Б.Б цонхоо нээгээд юм ярьж байхад тэр охинтой хамт явж байсан Отгонбилэг гэх залуу Б.Быг цонхоор цохиод Б.Б буугаад тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би машинаа холдуулж тавьчихаад Б.Бумбаярыг салгах санаатай буугаад очсон чинь хоорондоо дээр доороо ороод зодолдоод байсан. Тэгэхээр нь Бумбаярыг салгаад гэр лүүгээ яв гээд явуулсан... Би Б.Быг явчихаар нь араас нь өөрийнхөө машинтай Б.Бын гэрийн гадаа очоод Б.Б бид хоёр юм яриад зогсож байсан чинь О гэх залуу Бонго машинтайгаа хүрч ирээд Б.Бын хашааны хаалгыг мөргөх шахаад зогсоод бууж ирээд Б.Быг ална гэж хараагаад машиныхаа тэвшин дээрээс төмөр бариад буугаад ирсэн. Тухайн үед О Сүндий гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ залуутай хамт явж байсан. Тэгсэн чинь Б.Б зугтаагаад явчихаар нь би Оээс төмрийг нь салгаж аваад буцаагаад тэвшин дээр нь тавиулсан. О тухайн үед машиныхаа хугарсан толийг аваад Б.Бумбаярын араас шидсэн чинь Б.Бын нурууны хэсэгт нь онож байсан. Б.Б шидсэн толинд оногдчихоод зөрүүлээд чулуу аваад О рүү шидсэн чинь Оийн нурууны хэсэгт оносон. Тэгээд би Оийг яв чи битгий зодолдоод бай гэж хэлээд Сүндий тэр хоёрыг унаж ирсэн Бонго машинд нь суулгаад явуулсан... Анх очоод уулзахад машины арын цонхоор Бумбаярыг цохиод авах шиг болсон. Тэгсэн чинь Б буугаад хоорондоо маргалдаад байсан. Намайг машинаас буугаад очиход дээр доороо орчихсон О дээр нь гарчихсан Быг дээрээс нь цохиод байж байсан. Тэгэхээр нь би очиж Оийг гарнаас татаж босгож ирээд тэр 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
Гэрч Б.Мөнхбилэгийн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд би Б.Б, Ш.Бумбаяр, Сайханбилэг нартай уулзаж сагс тоглож байгаад орой 20 цагийн орчимд манай гэрт очиж компьютер тоглоом тоглож сагсан бөмбөгийн тоглолт үзэж байгаад тэд нар 12 цаг өнгөрөөгөөд манай гэрээс гараад явцгаасан. Тухайн үед би гэртээ амрах гээд үлдсэн, намайг шөнө унтаж байхад 02 цагийн орчимд Б.Б над руу залгаад "Би хүнд зодуулчихлаа, хүрээд ирээч" гэхээр нь би хүрээд очсон чинь Б.Б гэрийнхээ хажуу талын хашаанд Б.Б, Ш.Бумбаяр 2-лаа зогсож байсан. Би очоод юу болсон талаар нь асуугаад зогсож байхад баруун талаас хөх цэнхэр өнгийн бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нилээд хүчтэй ирж зогсоод дотроос нь жолооч нь О гэх залуу нилээд ууртай бууж ирээд Б.Быг машин тойруулаад хөөгөөд элдээд байсан. Тэгээд хэсэг элдэж байгаад больчихоод хэрэлдээд зогсож байсан чинь Б.Б чулуу аваад шидсэн чинь О гэх залуугийн нурууны хэсэгт оночих болсон. Тэгээд тэр залууг би салгаад машинд нь хүчээр суулгаад явуулсан. Тэгээд бид 3 үлдээд Ш.Бумбаярыг хүргэж өгчихөөд явж байтал Саранхөхөөгийн ээж нь нөгөө О, Саранхөхөө нарын хамтаар гадаа зогсож байхаар нь очиж зогсоод Б.Б машины цонх онгойлгоод М.Саранхөхөөгийн ээжтэй юм ярьж байхад Отгонбилэг гэх залуу нь цонхоор гараа оруулж ирээд цохиод авах шиг болсон. Тухайн үед Б.Быг буух гэхээр нь би машинаа шууд хөдөлгөөд маргааш учраа ол гээд хөдөлж яваад Б.Бумбаярыг гэрт нь буулгаж өгчихөөд гэрлүүгээ явсан... Би тухайн үед Б.Оийг чулуугаар цохиулчихаар нь машинд хүчээр суулгаад явуулах гэж байсан чинь Б.Б цаанаас гүйж ирээд машиных нь толийг өшиглөөд, гараараа цохиод өшиглөөд хугалчихсан. Тухайн үед баруун талын толь байсан шиг санагдаж байна. Ямар ч байсан толийг нь өшиглөөд хугалж байсан... Б.Б Саранхөхөөгийн ээжтэй машины цонх онгойлгоод яриад сууж байхад Отгонбилэг нь гэнэт цонхоор гараа оруулаад Б.Быг цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би шууд машинаа унаад хөдлөөд явчихсан... Тухайн үед Б.О нилээд хүчтэй, шахаж орж ирээд Б.Б бид 3-ыг хамт зогсож байхад дайрах шахаад орж ирж зогссон. Тухайн үедээ бетон хананд толь хугалсан зүйл байгаагүй Б.Б машиных нь баруун талын толийг хөлөөрөө өшиглөөд хугалчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,
Гэрч С.Отгонцэцэгийн: “...Тухайн шөнө 02-03 цагийн орчимд намайг гэртээ унтаж байхад манай охин утсаар залгаад "Бумбаяр ирээд намайг дээрэлхээд, янхан гичий минь гэж хараагаад, Оийг зодоод машиных нь толийг хугалчихлаа" гээд ярихаар нь би гараад очсон чинь О нь нуруу хөдөлж чадахгүй байна гээд уйлаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад манай охин Саранхөхөө надад хэлэхдээ "О бид 2-ыг уулзаад сууж байхад Б.Б залгахаар нь утсаа авахгүй байсан чинь машинд сууж байхад хүрч ирээд янхан минь утсаа аваач гэхээр нь О өмөөрөөд тэгээд хоорондоо маргалдсан” гэж хэлж байсан. Бид 3-ыг гадаа яриад зогсож байхад Б.Б 2 найзтайгаа хамт машинтай хүрээд ирэхээр нь би Б.Бт хандаж "Чи яагаад манай охиноос салаад 2 жил болчихоод орооцолдоод байгаа юм бэ" гэж хэлсэн чинь өөдөөс “О өөрөө миний өөдөөс пээдийгээд байсан” гэж хариулсан. Тэгэхээр нь би Б.Быг гэртээ харь гээд гэрлүү нь явуулсан. Тухайн үед О нуруу хөдөлж болохгүй байна гэрлүүгээ явах гэхээр манай гэрийг мэднэ, очиж ална гээд айлгаж сүрдүүлээд байна, та намайг ажил дээр хүргээд өг гэхээр нь охиныхоо хамтаар Оийг ажил дээр хүргэж өгсөн... Оийн унаж явсан машины толь хугарахын хувьд хугарсан байсан. Яг аль талын толь байсныг нь санахгүй байна. Манай охин М.Саранхөхөө надад хэлэхдээ “Б.Б хүрч ирээд шууд машины толийг нь хуга цохьчихсон” гэж тухайн үед намайг гарч ирэхэд хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/,
Гэрч Н.Сүндийгийн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...Мөнх-Овоо гээд оёдлын үйлдвэрийн цаана нь яваад очсон. Тэгээд Бумбаяр зогсож байснаа бууж амжаагүй байсан чинь Бумбаяр Отгонбилэгийн "Бонго" маркийн тээврийн хэрэгслийн толийг нь тийрээд хугалчихсан. Отгонбилэг буугаад тээврийн хэрэгслийнхээ араас нэг төмөр бариад Бумбаярын араас нь хөөсөн тэгээд гүйцэхгүй болохоор ардаас тэр төмрөө шидээд гэхдээ тэр нь оноогүй буцаад тээврийн хэрэгсэл дээрээ ирсэн. Тэгээд зайнаас Бумбаяр, Отгонбилэг хоёр маргалдаж байсан чинь тус тээврийн хэрэгслийн нөгөө талын толийг нь дахиад хугалчихсан чинь Отгонбилэг хугалсан толио ардаас шидсэн гэхдээ бас оноогүй. Тэгсэн чинь Бумбаяр эргэж хараад Отгонбилэгийн ардаас чулуу аваад шидсэн. Тэр шидсэн чулуу Отгонбилэгийн нуруу хэсэгт нь оноод нуруугаа бариад нуруу өвдөөд байна гээд маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаартай “1.Б.Оийн биед тархины доргилт, бүсэлхий III, IV нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалга, бүсэлхий, баруун өвдөг дэх цус хуралт, бүсэлхий орчим, баруун өвдөг, 2 хөлийн тавхай хэсэг дэх зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Бүсэлхий III, IV нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл тус бүр нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 330 дугаартай “1.Б.Бын биед тархи доргилт, баруун тохой, өвдөг, зүүн мөр, дал, баруун суга, баруун хөлний 1-р хуруунд зулгаралт, баруун эгэм, зүүн бугалганд цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдэнд эмтрэл, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Б.Бн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Б.Бын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92-р хуудас/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаартай “...430.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 107-109-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б. нь “Юнител” ХХК-ийн Ханбогд сум дахь салбарт сүлжээний инженер ажилтай, компьютерийн сүлжээний инженер мэргэжилтэй, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.От хохирол төлбөрт 429,750 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанчимэг нь хохирол төлбөрт 430,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар завсарлага авч хохирол төлбөрт 430,000 төгрөгийг “Даймонд галба” ХХК-ийн дансанд шилжүүлж төлсөн. Хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Оээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Б, Б.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутайд тус тус тооцсон тул. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг хэн аль нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал хэн алинд нь тогтоогдоогүй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч тус бүрээр эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ гаргая. Шүүгдэгч Б.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн. Харин эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн гэм буруугийн хэрэг дээр маргадаг. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа завсарлага авах байдлаар хохирол төлсөн нөхцөл байдалтай байна. Эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн шинж нийгмийн аюулын хэр хэмжээ учруулсан хохирол төлбөр дээрээс нь мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Бын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрөх байдал, хохирол төлж байгаа байдал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа биеийн хэлэмжийн байдлаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ чин сэтгэлээсээ гэмшиж байна уу хүлээн зөвшөөрч байна уу гэдэг дээр улсын яллагчийн зүгээс тэгэж чадаагүй байна гэх дүгнэлтийг хийж байна. яагаад гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг гэм буруутайд тооцсоны дараа төлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруу дээрээ хэдийгээр маргахгүй хохирол учруулсан гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч хэлэлцүүлэгт оролцож байгаа байдал. Мэдүүлэг өгч байгаа байдал, шүүх хуралдааны танхимд байгаа байдал биеийн хэлэмжээр чин сэтгэлээ гэмшиж хүлээн зөвшөөрөхгүй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнээд. Эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх ёстой. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт тодорхой орлого олдог байна. Тухайн зүйл ангид зааснаар торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Торгох ял оногдуулах саналыг гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн торгуулын хэмжээний хамгийн бага нь 450.000 төгрөгөөс эхэлдэг. Хохирол төлсөн байдал биеийн хэлэмжээрээ гэм буруу дээрээ чин сэтгэлээсээ гэмшихгүй байгаа байдал нь харагдаж байгаа учраас тухайн гэмт хэрэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан торгох ял 450 нэгжээс буюу 450.000 төгрөгөөс эхэлж байгаа. Гэмт хэргийн хувьд гэм буруу дээрээ маргаж орж ирдэг. Хохирол төлбөрийг гэм буруутайд тооцсоны дараа төлсөн байдал зэргийг харгалзаад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд 430.000 төгрөг байдаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бт 600.000 төгрөгний торгуулийн ял тус тус оногдуулж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн торгох ялыг 1.100.000 төгрөгөөр тогтоох саналыг оруулж байна. Шүүгдэгч Б.Оийн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирдаг. Хохирогч Б.Бын зүгээс мэдүүлэг өгдөг толгойгоо бариулсан 280.000 төгрөгний хохирол гарсан гэхдээ баримт байхгүй гэдэг. Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй боловч эмчилгээ хийлгэсэн байдлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлдэг. Энэ талаар хохирол төлсөн зүйл байдаггүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ хүлээн зөвшөөрсөн байдалтай биш. Би аргагүй хамгаалалтын нөхцөл байдлаар биед нь халдсан гэж мэдүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Отт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг улсын яллагчийн зүгээс гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн макийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгаж, өрмийн хошууг шүүгдэгч Б.О буцааж авах санал хүсэлтэй байгаа учраас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өрмийн хошууг шүүгдэгч Б.От буцаан олгох саналыг оруулж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлдээ: “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох санал гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хариуцлагыг миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэм буруу болон бусдад учруулсан хохирол төлбөртэй тохирсон ял шийтгэл оногдуулсан саналыг гаргаж байгаа учраас дэмжиж байна. Б.Бын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдын эрүүл мэнд эд хөрөнгөд учирсан хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б, Б.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчи Б.Бын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн шинжийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн даавуун майк 1 ширхэгийг устгах, 33 сантиметрийн урттай хар бор өнгийн металь өрмийн хошуу 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.От буцаан олгохыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанчимэгт 430,000 төгрөг, хохирогч Б.От 429,750 төгрөг төлсөн. Хохирогч Б.Б нь шүүгдэгч Б.Оээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Б, Б.О нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон эрээн өнгийн даавуун майк 1 ширхэг, 33 сантиметрийн урттай хар бор өнгийн металь өрмийн хошуу 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншжиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА