| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-02-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023 02 10 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Д.Ан өмгөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/,
Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Д.А, С.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, С.Ч нарт холбогдох 2229002060011 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.А нь Өмнөговь аймгийн Манлай сум Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууц гэх газар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.А, С.Ч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Д.Бүрэнжаргалын эзэмшлийн тоёота хайлюкс маркийн 59-94 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү Д.А нь чулуу шидэж хагалсны улмаас бусдын эд хөрөнгийг гэмтээж 380.000 төгрөгийг хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Ч нь Өмнөговь аймгийн Манлай сум Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууц гэх газар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Атэй маргалдаж цохиж, өшиглөж, гар хөлийг нь мяндсан утсаар уяж, газарт унагаж дээр нь гарч эрх чөлөөнд нь халдасны улмаас зүүн чихний урд зулгарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, 45-р шүд, баруун доод 5-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Д.А нь Өмнөговь аймгийн Манлай сум Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууц гэх газар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.А, С.Ч нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Д.Бүрэнжаргалын эзэмшлийн тоёота хайлюкс маркийн 59-94 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү Д.А нь чулуу шидэж хагалсны улмаас бусдын эд хөрөнгийг гэмтээж 380.000 төгрөгийг хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Ч нь Өмнөговь аймгийн Манлай сум Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууц гэх газар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Атэй маргалдаж цохиж, өшиглөж, гар хөлийг нь мяндсан утсаар уяж, газарт унагаж дээр нь гарч эрх чөлөөнд нь халдасны улмаас зүүн чихний урд зулгарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, 45-р шүд, баруун доод 5-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гэрч Д.Бүрэнжаргалын “...2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр би хүнс авхаар Манлай сумын Цагаанчулуут гэх газар Болд-эрдэнэ гэдэг айлд нөхөр хүүхдийн хамт очсон тэгээд очоод цай амсаж байтал манай ах А хүрээд ирсэн тэгээд хаалгаар шагайгаад манай нөхөрийг муу өвчний уур гаж донтон минь гараад ир холдоорой зайлаарай гэж хэлсэн тэгэхэд нь манай нөхөр Чулуунбаатар би танай гэрт очоогүй гэж хэлсэн тэгсэн чинь А ах манай машины урд шилрүү чулуу шидээд урд салхины шилийг хагалсан тэгэхээр нь би яаж байна та гэсэн чинь яадын та нарыг ална гээд хашхираад байсан тэгэхээр нь манай нөхөр Ч түлхэж унагаагаад дээр нь гараад суучихсан тэгсэн чинь А ах хоёр гараараа чулуу аваад шидээд шороо самардаад ойртохоор хөлөөрөө тийрээд толгойгоороо газар мөргөөд хацараа зулгалаад байсан тэгэхээр нь гадуур хувцасаар нь толгойг нь жийргэлсэн тэгсэн чинь өөрийнхөө толгойг бүтээгээд хойлоогоо боогоод байсан тэгэхээр нь Манай нөхөр Ч хоёр гарыг нь мяндсан утсаар хүлсэн чинь намайг алаад өг эсвэл би та нарыг ална гээд байсан тэгээд бид нар малдаа яваад хүнсээ хийсэн тэгээд дараа нь Ч хүлээсийг нь тавиад явуулчихсан өөр зүйл болоогүй...А ах намайг Чтай суулгахгүй гэж ийм зүйл болсон намайг харамлаад байдаг юм намайг ямарч хүнтэй суусан ингээд хэл амаар доромжлоод байдаг юм надад хэцүү байна /доошоо хараад уйлав/ өмнө нь зөндөө олон удаа хэл амаар доромжилж байсан...Нэг цаг орчим байсан хэл үгээр доромжлоод байгаад байсан гарыг нь сул тавихаар чулуу шидэх гээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-51-р хуудас/,
Гэрч Б.Хандсүрэнгийн “...Манайх Манлай сумын Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууцанд байдаг тухайн үед Бүрэнжаргал эгч манайд хүнс авахаар нөхөр хүүхдийн хамт ирсэн байсан тэгээд цай уугаад байж байтал А ах гэрийн үүдэнд ирчихээд Бүрэнжаргал эгчийн нөхөр болох Чыг юу хийж байгаан долийсон пизда минь холд зайл юу хийж байгаа юм гээд хараагаад эхэлсэн тэгсэн чинь Ч ах би танайд биш айлд ирсэн байна та яагаад намайг хөөгөөд байгаа юм гэсэн тэгээд А чи тэгдэг юм уу гээд цаашаа алхаад явсан тэгээд удалгүй юм хагарах шиг болсон тэгээд гэрт байсан Бүрэнжаргал эгч Ч ах хүүхэд нь би Манай нөхөр Болд-Эрдэнэ нар гараад очсон тэгсэн чинь А ах Бүрэнжаргал эгчийн машины шилийг хагалчихсан байсан тэгээд өөдөөс чулуу гартаа бариад ирсэн тэгсэн Ч ах болиулах гээд чулуутай нь ноцолдсон тэгж байгаад А ах уначихсан тэгээд А ах газар байсан шороо авч шидээд самардаад байсан тэгэхээр нь Ч ах дээрээс нь дараад суучихсан тэгсэн чинь А ах би бүтэж үхэх гээд байна гээд өмсөж байсан цамцаараа толгойгоо бүтээгээд байсан тэгээд сул тавихаар чулуу авч шидээд байсан тэгсэн чинь Ч ах сул тавихаар чулуу шидээд байх юм таныг зодно гэж юу байхав гарыг чинь уячихъя гээд гарыг нь уясан тэгээд бид нар хүнсээ авсан Ч ах гадаа А ахын хажууд хараад сууж байсан тэгээд Бүрэнжаргал эгч та ямар сонин юм машин тэрэгний шил хагалаад чулуу шидээд байх юм цагдаа дуудаад өгье гэсэн чинь би явмаар байна гэртээ харьмаар байна гээд байсан тэгэхээр нь Ч ах явуулчихсан өөр зүйл болоогүй... Ч ах дээрээс нь дараад сууж байсан А ах өөрөө зүгээр байхгүй машины шилийг нь хагалаад шороо авч шидээд элдэв үгээр доромжлоод байсан юм. Санаатай яг халдаж зодсон зүйл байхгүй өөр ойртсон хүн байхгүй...Эхлээд гэрээс гараад А ахын гарт байсан чулуутай ноцолдож байгаад нэг удаа газар унагаасан тэгээд шороо авч самардаад шидээд байхаар нь гарыг нь хүлсэн тэгээд хажууд нь суугаад дарсан өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55-р хуудас/,
Гэрч М.Болд-Эрдэнийн “...Манайх Манлай сумын Жаргалант 3 дугаар баг Цагаанчулуутын бууцанд байдаг тухайн үед Бүрэнжаргал эгч манайд хүнс авахаар нөхөр хүүхдийн хамт ирсэн тэгээд цай уугаад байж байтал А ах гэрт хүрээд ирсэн тэгээд Бүрэнжаргал эгчийн нөхөр болох Чыг ална гараад ир зайл энд юу хийж байгаа юм гээд хараагаад эхэлсэн тэгсэн чинь Чулуунбаатар ах би танайд биш айлд ирсэн байна та яагаад намайг хөөгөөд байгаа юм гэсэн тэгээд А ах цаашаа яваад өгсөн тэгээд Ч ах Бүрэнжаргал эгч хоёрын машины шилийг хагалчихсан тэгээд гараад ирсэн чинь А ах чулуу бариад ирэхээр нь Ч ах өөдөөс нь болиулах гээд ноцолдож байгаад дараад авсан тэгээд чулуу самардаад байсан тэгээд би хүнс авахаар малдаа явсан тэгээд ирэхэд А ахын гарыг нь хажууд нь хүлчихсэн хажууд нь Ч ах сууж байсан тэгээд жаахан байж байгаад гарыг нь сул тавиад явуулчихсан байсан манай эхнэр Хандсүрэн яг харж байсан...А ахын биед санаатай халдсан зүйл байхгүй байх, Ч ахын машины шилийг хагалаад чулуу авч шидээд ална гээд байхаар нь Ч ах болиулах гээд зууралдаж гарыг нь хүлсэн байх өөр зүйл болоогүй...Ч ах зодсон зүйл байхгүй чулуу бариад ирэхээр нь чулууг нь авахаар зууралдаж байгаад газар нэг унасан тэгээд шороо самардаад нүүрээ ямаар бүтээгээд үхлээ гээд байхаар нь гарыг нь хажууд нь хүлсэн өөрөөр зодсон зүйл байхгүй гэж бодож байна. Гарыг нь хүлээд 30 минут болсон байх тэгээд намайг тавь явлаа гэхээр нь явуулчих шиг болсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 58-59-р хуудас/,
Гэрч Д.Амарнаагийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орчимд өдрийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хотод байхдаа Toyota Hilux маркийн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 59-94 ӨМЭ улсын дугаар зүүсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орчимд өөрийн хүргэн дүү Чт 34 сая төгрөгөөр зарсан. Түүнээс хойш уг машин Ч гэдэг хүний мэдэлд очсон...Ч гэдэг хүн нь миний төрсөн дүүгийн нөхөр болохоор би ах дүү хамаатан садангийн хооронд гэж бодоод уг машины эзэмшигчийн солиулах гэж яараагүй. Мөн Автотээврийн үндэсний төвийн үзлэг зун 6 сард манай Манлай суманд очдог. Би тухайн үед Оюутолгой ХХК-д ажилтай байж таардаг болохоор шилжүүлж амжаагүй...Уг 59-94 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хүргэн дүү Чын эзэмшилд очсон болохоор надад учирсан эвдрэлтэй холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-р хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай үнэлгээний тайлан /Үнэлгээ 380 000 төгрөг/ хх-н 87-р хуудас/,
Хохирогч Д.Ан “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Манлай сум 3-р баг Жаргалант баг Цагаанчулуут бууцны болдоо, Хандаа гэх айлд манай дүү болох Бүрэнжаргал нөхрийн хамт сууж байсан тэгээд би өмнө зээлж байсан мөнгөө нэхсэн юм тэгсэн чинь чиний мөнгө гэж юу байдаг юм мэдэхгүй санахгүй юм байна гэсэн тэгээд хэрүүл маргаан эхэлсэн тэгээд гэрээс гараад Ч намайг зодсон...Би тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна Тухайн гэмтлийн миний биед С.Ч учруулсан Ч нь миний гарыг хүлж байгаад өшиглөж байгаад цээжин дээр өвдөглөөд байсан тэгээд намайг хөлдүү толгой чи өвдөхөө мэддэг юм уу гэж байсан намайг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна ямарч байсан 10 аад удаа өшиглөсөн 2-3 удаа цээжин дээр өвдгөлсөн бас намайг дуугуй байхгүй бол амыг нь хазааралчихъя гээд миний аман дотор уяагаа хийж байгаад хойш татаад уясан тэгээд эхнэр хүүхдээ цаашаа байж бай хам хэрэгтэн болно би ганцаараа хэрэгтэн болъё гээд байсан... Би эмчилгээний зардал болон нааш цаашаа явсан зардалаа бүгдийг нь гаргуулж авна. Надад баримт нь байгаа зарим баримт нь байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,
2023.01.07-ны өдрийн дахин өгсөн “...С.Чулуунбаатар миний зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиход би газарт унаад тэгсэн чинь Ч дээрээс дараад миний ар нуруу, зүүн талын хавирага хэсэгт өшиглөөд хавирган дээр өвдөглөж суугаад байсан. Мөн уяа авч ирээд миний гарыг ар талд нь уяад илүү гарсан уяагаар миний амыг хазаарлана гэж аманд хийж татаад байсан. Тэр уяаг аманд хийгээд татах үед нь миний баруун доод шүд хөдөлгөөн орсон. С.Ч намайг гараараа цохиж, өшиглөж, өвдөглөх байдлаар миний бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан...С.Ч таны бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсаны улмаас танд ямар ямар хохирол учирсан юм бэ? Хариулт: Миний хавирга хугарсан, шүд хөдөлгөөн орсон зэрэг гэмтлүүд учирсан. Үүний улмаас би Улаанбаатар хотод очиж эмчид үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн зэрэг нийт 3.500.000 төгрөгний хохирол учирсан байгаа...Үгүй ээ надад учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байгаа...Надад бол одоогоор ямар нэгэн баримт байхгүй байна. Би эмчилгээ хийлгэсэн зарим баримтуудаа өмгөөлөгч Ц.Баярмаад хүлээлгэн өгсөн байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулан зарлагын баримтуудыг хэргийн материалд хавсаргуулна...Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө зөвхөн эмнэлгийн үйлчилгээ авсан, эм тариа авсан үнийн дүнгээ хэлсэн. Тэр дээрээс нь нэмэгдээд замын зардал, унаа хоолны мөнгө нэмэгдээд надад нийт 3.500.000 төгрөгний хохирол учирсан...би төлж барагдуулаагүй байгаа. Надад учирсан хохирлыг төлж барагдуулвал тэр мөнгөнөөс суутгуулах хүсэлт байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-р хуудас/,
Хохирогч С.Чын “...Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Амарнаа гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Уг нь бол би энэ тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сард худалдаж аваад одоог хүртэл эзэмшигчийн нэрийг шилжүүлж аваагүй байгаа юм...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр намайг Болд-Эрдэнийн гэрт ороод цай уугаад сууж байхад А гаднаас орж ирээд намайг яв, зайл гэж хөөж туугаад хэрүүл маргаан үүсгэж байгаад гэрээс гараад явчихсан. Бид нарыг гэрт сууж байхад гэнэт гадаа шил хагарах шиг чимээ гарахаар нь гараад харсан чинь Д.А миний 59-94 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг чулуу шидээд хагалчихсан байсан. Тэгээд намайг гараад ирсэн чинь А миний өөдөөс чулуу далайгаад цохих гээд байхаар нь би чулууг нь булаагаад авсан...Болд- Эрдэнэ, манай эхнэр Бүрэнжаргал, Хандсүрэн нар хамт байсан...Үгүй ээ надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй. Би өөрөө машиныхаа шилийг 380.000 төгрөгөөр солиод янзлуулчихсан байгаа...Би машиныхаа шилийг солиулсан мөнгийг гаргуулан авч хохиролоо барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/,
Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 731 дугаартай “...Д.А нь Өмнөговь аймгийн ШША-нд үзүүлэх үед цээжний КТГ хийгдээгүй хавирганы хугарал оношлогдоогүй байсан тул илэрсэн нөхцөл байдлын хүрээнд 2022.06.28-ны 333 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...Д.Ан биед зүүн чихний урд зулгарал, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, 45-р шүд /баруун доод 5-р шүд/ хөдөлгөөн орсон гэмтэл үүсчээ...Гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...3үүн 5,6-р хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл, нэг шүд хөдөлгөөн орсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл, бусад гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлүүд байна...Нэг шүд хөдөлгөөн орсноос уг шүдийг авсан байх тул нэг шүдгүй болох нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 5% алдагдуулна, бусад гэмтлүуд цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 74-75-р хуудас/,
Яллагдагч Д.Аийн "...Намайг тухайн өдөр Оргихын ус гэх газарт малаа услаад зогсож байхад Ч гэр бүлийн хамтаар миний хажуугаар машинтайгаа өнгөрөхөөр нь би гараараа дуудсан чинь зогсохгүй шууд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь өөрийн дүү Бүрэнжаргалд зээлсэн мөнгөө авах зорилгоор мотоцикльтойгоо Болдоогийн гэрт яваад очсон чинь тэдний гэрт оччихсон байж байсан. Би Болдоогийн гэрийн гадаа очоод гэрт нь ороод "та нар яагаад хүн дуудаад байхад зогсдоггүй бэ? би мөнгөө авмаар байна" гэсэн чинь эхнэр Бүрэнжаргал нь "чамаас мөнгө авсанаа санахгүй байна, авах байсан юм бол яах гэж өгсөн юм бэ? яв холд, зайл гээд хөөгөөд байхаар нь би айлын үүдэнд зогсож байгаад ухраад гадагшаа гарсан чинь Ч гарч ирээд намайг баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиход нь би газарт унасан. Намайг газарт унасан чинь Ч дээрээс дарж өвдөглөөд байхаар нь би баруун гараараа шороо аваад Ч руу цацаад байсан чинь машиных нь шилийг жижиг чулуугаар оночих шиг болсон. Тэгсэн чинь Ч "шил хагалчихлаа шүү дээ хулгайч минь, энэ мууг хүлээд хаячихъя" доошоо харуулж байгаад нарийн мяндасаар 2 гарыг ар талд нийлүүлж 2 хөлтэй холбоод уячихаад дээрээс өшиглөөд цохиж зодоод байсан. Би тэгээд тавь, боль гээд бахираад байсан чинь "энэ муу дуугүй байдаггүй юм чинь хазаарлаад уячихъя гээд намайг хүлсэн нарийн мяндсан утасныхаа илүү гарсан хэсгийг миний амаар хийж арагш нь татаад уячихсан. Тэгээд мөн дээрээс өшиглөөд цохиод, өвдөөд байхаар нь боль тавь, өвдөөд байна гэж хэлсэн чинь намайг "Хөлдүү толгой чинь өвдөхөө бас мэддэг юм уу" гээд даажигнасан байдалтай яриад намайг бараг 2 цаг орчим хүлээтэй байлгаад би өөрөө арай гэж босоод шууд гэртээ хариад шууд эмнэлэг дуудаж үзүүлсэн...Үгүй ээ би Чулуунбаатарын бие чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 93-94-р хуудас/,
Яллагдагч С.Чын “...Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Манлай сумаас өөрийн 59-94 ӨМЭ улсын дугаартай Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр эхнэр Бүрэнжаргал, хүү Тайван нарын хамтаар хөдөө Цагаанчулуутын бууц гэх газарт байх Болд-Эрдэнийн гэрээс хүнс авах гээд явсан. Замаараа Д.Ан худгаар дайраад гарахад хүн байгаагүй. Бид нар замдаа зогсоогүй явж байгаад Болд-Эрдэнийн гэрт очоод цай уугаад сууж байхад араас Д.А мотоцикльтой ирээд гэрийн хаалгаар шагайгаад мэндийн зөрүүгүй намайг яв, зайл гэж хараагаад байхаар нь би би танайд байхгүй айлд ирсэн байна" гэж хэлсэн чинь хаалгаар шагайж байснаа цаашаа эргээд явчихсан. Тэгснээ төд удалгүй гэрт сууж байхад гадаа шил хагарах шиг чимээ гарахаар нь гараад харсан чинь Д.А миний унаж явсан машины шилийг хагалчихсан гартаа чулуу бариад "та нарыг бүгдийг нь ална" гээд дайрахаар нь би гарт байсан чулууг нь салгах гэж ноцолдож байгаад Д.Аг газарт унагачихсан тухайн үед газарт унахдаа би дээрээс нь дараад унасан. Д.А газарт уначихаад хөлөөрөө жийгээд, газар цохиод шороо ч цацлаал, хувцасаараа өөрийгөө боогоод "чи намайг алаад өг, эсвэл би чамайг ална" гээд загнаад байхаар нь гэрээс уяа авчируулаад 2 гарыг нь бугалга хэсгээр нь оосорлож байгаад ард нь холбоод уяад тайвширтал нь хажууд нь хамт суусан. Тухайн үед бараг 30 орчим минут уяатайгаа сууж байгаад гайгүй тайвширахаар нь би уяаг нь тайлаад явуулсан. Уяагаа Д.Ажиршгүй мотоциклио унаад тэндээс хөдлөөд явсан хаашаа явсан талаар нь би сайн мэдэхгүй байна...Уг гэмтлүүд нь бид 2-ыг чулуу салгах гээд ноцолдож байхад, мөн газарт унасаны улмаас үүссэн байх гэж бодож байна. Би бол Д.Аг цохиж зодсон зүйл бол байхгүй. Бид 2-ыг хоорондоо зууралдаад, ноцолдож байх үед уг гэмтлүүд үүссэн байх гэж бодож байна...Урьд өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны орчимд шөнө 02 цагийн орчимд манай байшингийн цонхыг хагалаад намайг ална, яв, зайл гэх мэтээр хөөж байсан...Манай эхнэр Бүрэнжаргал нь Ан төрсөн дүү бөгөөд намайг дүү Бүрэнжаргалаас салгана гээд надтай хэрүүл маргаан үүсгээд байдаг байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 96- 97-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Шүүгдэгч Д.Ан өмгөөлөгч Ц.Баярмаагаас ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах зүйтэй гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Д.А, С.Ч нарт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч С.Ч нь хохирогч Д.Ад хохирол төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан шаардлагыг хангасан буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн тул шүүгдэгч С.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргадаггүй, хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.А нь эрүүгийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Д.Ан өмгөөлөгч Ц.Баярмаа эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын газраас Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг шүүхэд санал оруулж байгааг өмгөөлөгчийн зүгээс бүрэн дүүрэн дэмжиж оролцож байна...” гэв.
Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.А, С.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр,
- Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Ч нь хохирогч Д.Ад 3,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА