Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0281

 

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0281

Улаанбаатар хот

С.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Н;

 

Нэхэмжлэгч: С.Н

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны хоёр дахь Б/74 тушаал, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 тоот тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0162 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, О.Б, Д.А нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/1091/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Н нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргад холбогдуулан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны хоёр дахь Б/74 тушаал, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/41 тоот тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 16 дугаар зүйлийн 16.1, 233 дугаар зүйлийн 233.1, 274 дүгээр зүйлийн274.1.1, 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалт, хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч С.Н давж заалдах гомдолдоо:

 

3.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, нотлох баримтуудаас оруулахдаа хариуцагч талаас хэргийн ажиллагааны явцад гаргаж өгөөгүй нотлох баримт, тайлбарыг дурдсан, нотолж чадаагүй, нотлох баримт ирүүлээгүй гэдгийг шүүх энэ шийдвэрт тусгасан атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буруутгах үндэслэлд баримт судалсан мэтээр дүгнэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байна.

3.1.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хууль бус гарсан талаар:

Үндэслэх хэсгийн 2.1-2.20 хүртэлх заалтын зарим заалтаар Хариуцагч нь Б/74 гэх тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн боловч өмнөх тушаалыг хэрхэхээ шийдвэрлээгүй, эдгээр баримтуудын аль нь хүчинтэй, ямар үр дагавар үүсгэх талаар сүүлд гарсан баримтдаа тодорхойлоогүй, одоо энэ талаар шүүхэд тайлбарлаж чадахгүй байна /2.7 дахь хэсэг/ гэж дүгнэснээс харахад хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэж чадахгүй байгаа талаар үндэслэлд зөв дүгнэж бичсэн.

Харин өөр заалтаар нэхэмжлэгч намайг сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн дүгнэлт нь хууль болон холбогдох журмуудыг зөрчөөгүй гэж үзлээ гэж буруутгаж дүгнэн шийдвэрийн үндэслэлээ өөр өөрөөр тайлбарлаж нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт гаргаж миний эрхийг ноцтой зөрчсөн.

Гэтэл үнэн хэрэгтээ хариуцагчийн 3 өөр төрлийн актыг шүүх 3 өөр цаг хугацаанд гаргасан байхад энэ 2 өөр Б/74 тоот тушаал, 2024 онд буюу хэргийн шүүхийн ажиллагааны явцад гаргасан Б/41 гэх тушаалын алин хууль зүйн хүрээнд хүчинтэй эсэх, хариуцагчийн тушаал өөрчлөх бүрд хэрэглэж буй хууль зүйн үндэслэлийг өөрчлөх болсон хэрэгцээ шаардлагыг хариуцагч тайлбарлаж чадахгүй байсан гэдгийг харгалзсангүй.

Хариуцагчийн зүгээс сахилгын зөрчлийг гаргасан эсэхтэй холбоотой байгууллагын зүгээс ажлын хэсэг ажилласан эсэх, зөрчлийг илрүүлсэн хэлбэр, эрх зүйн акт, тогтоосон үйл баримт байхгүй талаар хурал дээр яригдсаар байсан ба уг 3 өөр тушаалыг аль тушаалын хугацаа хэзээ дуусгавар болсон, эхний тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх дээр хариуцагч нотолж чадахгүй байгааг харьцуулаагүй.

Мөн үндэслэх хэсгийн 2.8 дах хэсэгт: Энэхүү дахин буюу сүүлд гаргасан Б/74 дугаар шийдвэрээ нэхэмжлэгч С.Н-д гардуулаагүй, тайлбарлаж, танилцуулаагүй энэ талаарх баримт байхгүй байна гэж дүгнэсэн.

Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын Б/74 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, үндэслэлгүй тушаалын үүднээс цалингаас хассан зөрүүг буцаан олгохыг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн гэж ойлгогдохоор байна.

3.1.2. Түүнчлэн ... С.Н эзгүйд өөр ахлахыг орлох тухай журамласан логикоос харахад гэж, хариуцагчийн зүгээс С.Н-ийн сонгосон үнийн арга нь улсын төсөвт орох татварын орлогыг хууль бусаар бууруулсан, үндэслэлгүй байсан гэж маргасан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо гэж С.Н-ийн хууль буруу хэрэглэж сонгох ёстой байсан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхдээ баримт байхгүй нотлох ирүүлээгүй хариуцагч талын амаар хэлсэн тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан.

3.1.3. Цаашлаад 3.18 дахь хэсэгт... Б/74 дугаартай С.Н-д сахилгын шийтгэл ногдуулах тушаал нь С.Н-ийн хувьд хоёр өөр хууль зүйн үр дагавар үүсээгүй, түүний гаргасан ёс зүйн зөрчлийн үндэслэл шийдвэрлэсэн асуудлаа тодорхой болгосон буюу техникийн шинжтэй засвар хийсэн тул эдгээрийг нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан захиргааны нэг акт гэж үзэх зүйтэй байна гэсэн нь өмнөх 2.7 дахь хэсэгт заасан өөрийн дүгнэсэн үндэслэлийн эсрэг дүгнэлт хийсэн гэх мэт маш ноцтой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Учир нь Захиргааны Ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан тоо тооцооны илэрхий алдаатай захиргааны актыг оролцогчийн хүсэлтээр заасан тохиолдолд захиргааны нэг акт нэг үзэхээс илтэд хуулийн буруу үндэслэл заасан 2 төрлийн актыг нэг акт гэж үзэх боломжгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн 2.17 дугаар талд С.Н нь Д.Г гэгчийг гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхад Гаалийн улсын байцаагч Л.С-д Д.Г-ын ямар үнийн арга сонгохыг заасан үйлдэл гаргасан эсэх-ийг шалгахад Д.Г гэгч нь гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхдаа болох нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан”... Д.Г гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхдаа надтай уулзсан, дараа нь гаалийн бүрдүүлэлт хийсэн гэдэг нь надад цахим бүртгэлээр харагдсан үед би Л.С байцаагч руу залгаж, ямар үнийн арга хэрэглэх талаар чиглэл гэх” тайлбараар тогтоогдлоо гэж С.Н-ийн тайлбарыг илтэд мушгин гуйвуулж дүгнэсэн.

Гэтэл 2019.12.04-ний өдрийн А/275 тоот “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хилээр орсон бараа тээврийн хэрэгслийг дагалдах бичиг баримтуудыг гааль хянаж оруулдаг бөгөөд ямар ч бараа бүтээгдэхүүн хилээр гаалийн бүрдүүлэлт, дагалдах бичиггүй нэвтрүүлэх боломжгүй.

Түүнчлэн Д.Г гэх хүний гаалийн бүрдүүлэлтийн талаар баримтууд /1хх-112-122 талд/ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан ба хариуцагчийн зүгээс хүртэл энэхүү үйл баримт дээр маргадаггүй, гаалийн бүрдүүлэлт дараа хийсэн гэх асуудлын талаар үйл баримт яригдаж байгаагүйн дээр 3хх-115-116 тал 2023.06.22 өдрийн Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын гаалийн улсын байцаагч Б.О-ээс Л.С гаалийн улсын байцаагчаас тайлбар гаргуулж авсан тэмдэглэлд

...Тэгэхээр нь бичиг баримтыг авч үзэхэд инвойс 2 хуудас нь хилийн гаалийн байгууллагын тэмдгийн дардастай, пакинг лист 3 хуудас, гадаад худалдааны гэрээ төлбөрийн баримт, тээврийн баримт зэрэг баримтууд авагдсан байсан. Бичиг баримтуудын мэдээллийг тулган шалгахад хоорондох мэдээлэл нь таарч байсан бөгөөд сүлжээгээр илгээсэн мэдээлэлтэйгээ тохирч болон цахим ачааны манифесттайгаа мөн л таарч байсан гэх мэдүүлэг тус тус байсаар байтал эдгээр нотлох баримт тайлбарыг үнэлээгүй.

3.1.4. Анхан шатны шүүх шийдвэртээ “...3 сарын дараа, ... үндэслэлийг агуулгын хувьд өөрчлөн тодорхойлсон” өөр агуулга, огноо бүхий, өөр зөрчилд хариуцлага тооцсон /2023 оны 5 дугаар сарын 04-нд зөрчил гаргасан мэт бичсэн/ тушаалыг “...түүний гаргасан ёс зүйн зөрчлийн хууль зүйн үр дагавар үүсээгүй, шийдвэрлэсэн асуудлаа тодорхой болгосон буюу техникийн шинжтэй засвар хийсэн” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэсэнтэй нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаартай 2 тушаал, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот тушаалд дурдсан зөрчил нь сахилгын зөрчил үү, ёс зүйн зөрчил үү гэдэгт дүгнэлт хийсэнгүй. Шүүхийн шийдвэрт “түүний гаргасан ёс зүйн зөрчил” гэж бичсэнээс үзвэл шүүх ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн байна. Гэтэл тухайн зөрчлийг шалгаж шийдвэрлэх тусгай журам дүрэмтэй, гэтэл энэ журмын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Мөн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/41 тоот тушаал “бусдад татвараас зайлсхийх боломж олгосон” гэсэн үндэслэл бүхий тушаалыг “зохицуулсан харилцаа, агуулга нь өмнөх Б/74 дүгээр тушаалын зорилгыг өөрчлөөгүй тул нэхэмжлэгчид шинэ үр дагавар үүсээгүй” гэж дүгнэсэн учир дутагдалтай байна. Шүүх уг тушаалыг “хуульд нийцээгүй” гэж үзсэн боловч хүчингүй болгохгүй байх үндэслэлээ тайлбарлаагүй, энэ тушаал нь намайг огт өөр зүйл, үндэслэлээр буруутгасан.

Тодруулбал “бусдад татвараас зайлсхийх боломж олгосон” гэсэн нь гаргасан зөрчилтэй уялдахгүй байна. Тодруулбал татвараас зайлсхийх боломж олгосон гэх нөхцөл байдал нь хяналт шалгалт хариуцсан гаалийн байцаагч нар шалгалтыг хийгээгүй, гаалийн мэдүүлэг дагалдах баримт бичгийг худал мэдүүлсэнтэй холбоотой бөгөөд С.Н-г энэ асуудлаар огт шалгаагүй.

3.1.5. Хариуцагч тал анхнаасаа зөрчлийг оролцогчийн эрхийг хангаж, хуулийг алдаагүй хэрэглэх нь бүү хэл гаалийн хяналт шалгалт хийгдээгүйн улмаас илэрсэн зөрчлийг бүрдүүлэлтийн үе шатанд илрүүлэх ёстой байсан гэж буруутгаж байгаа нь хууль бус бөгөөд та шалгаж тогтоогоогүй, хамааралгүй үндэслэлээр, хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг дурдан тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал 2024 оны Б/41 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгохоор 2025 оны 1 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, шүүх тухайн тушаалыг захиргааны акт мөн гэж үзэж байгаа зэргээс шинээр хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа гэж үзэхээр байна. Энэ тушаал нь “2023 оны Б/74 дүгээр тушаалыг зөвтгөсөн” гэсэн. Гэтэл 2023 оны Б/74 дугаартай хоёр тушаал байна. Алийг нь зөвтгөсөн бэ. Зөвтгөсөн гэж байгаа ч агуулгын хувьд шалгаж тогтоогоогүй огт өөр үндэслэлээр буруутгасан байхад шүүх зорилгодоо нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч би сахилгын зөрчил гаргасан уу, ёс зүйн зөрчил гаргасан уу эсхүл “бусдад татвараас зайлсхийх боломж олгосон” уу гэдгийг шүүх тогтоогоогүй гэж үзэж байна.

3.1.6. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцахад нэхэмжлэлийн дараах үндэслэлд хуулийн талаас дүгнэлт хийгээгүй болно.

Тодруулбал шүүх Гаалийн улсын байцаагчийн Сахилгын дүрэм, Төрийн албаны тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Монгол Улсын гаалийн байгууллагад тусгайлан, нарийвчилсан зохицуулалт бүхий сахилгын болон ёс зүйн дүрэм, сахилга, ёс зүйн зөрчлийг шалгах журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тухайн дүрмүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон шалгах ажиллагааны журмыг баримтлах ёстой.

Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.6. дугаар зүйлд “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй;”

-Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 5.4 дүгээр зүйлд “Иргэд, байгууллагаас гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг харьяалах гаалийн байгууллагын удирдлага шалгаж ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргана”, Мөн Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.3 дугаар зүйлд “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Гаалийн улсын байцаагчийн гаргасан зөрчил нь гэмт хэрэг эсэх, захиргааны зөрчил эсэхийг үл харгалзан дээрх хугацааны дотор эрх бүхий албан тушаалтан заавал шалгаж шийдвэрлэх ёстой бөгөөд зөрчлийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хууль, дүрмээ хэрэгжүүлэн ажилтан алба хаагч нарынхаа эрхийг хангахад анхаарч ажиллах ёстой. С.Н-д сахилгын шийтгэл оногдуулахдаа дээрх хугацаа, шалгах журмыг баримтлаагүй бөгөөд хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэлд дурдсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

3.2. Хоёр: Шүүн таслах ажиллагаа хууль ёсны явагдах зарчим алдагдсан, процесс талаар:

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох ёстой атал бүтэн жилийн хугацаанд хариуцагчийн итгэмжлэлгүй этгээдийг итгэмжлэлтэй гэж оролцуулсан байдаг, мөн Сэржмядаг гэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч миний эсрэг ашиг сонирхол бүхий этгээд гэж үзэх боломжтой, худал мэдээлэл, хурлын тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн этгээд байсан ч гэсэн хуулийн шаардлага хангахгүй этгээдүүдийг оролцож байгааг нэхэмжлэгч талаас хэлсээр байхад шүүх харгалзаагүй, итгэмжлэл байхгүй байхад шүүх хурал үргэлжилсэн.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022.03.21-ний өдрийн 82 тоот шүүх хуралдааны цахимаар оролцох ажиллагаа бүхэлдээ зөрчигдсөн гэж үзэх боломжтой байхад даргалагчаас дэг сануулахгүй, асуулт гүйцэт авахгүй, хариуцагчийн нэхэмжлэгч рүү хүнд гэмт хэрэгт гүтгэж байхад таслан зогсоохгүйгээр мэтгэлцүүлсээр байсан. Учир нь хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хурлын турш намайг гарцаагүй, зөрчил ёс зүйн алдаа, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй асуудлыг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн нэр хүндэд минь халдсаар байхад шүүхийн зүгээс таслан зогсоохгүй байсан.

3.2.1. Шүүн таслах ажиллагааны явцад хурлын бэлтгэл ажиллагаа, иргэдийн төлөөлөгч нь Шүүхийн тухай хуулийн 60 дугаар зүйлд “Иргэдийн төлөөлөгчид хориглох зүйл” гэж заагаад энэ хуулийн 60.1.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх” зэргийг үүрэг болгон заасан боловч шүүх хуралдааны дундуур орж гарах, хурлын дундуур утсаар онлайн хуралд оролцож байхдаа давхар олон хүнтэй танхимд орж суун хурлын явцыг хэргийн бус этгээдүүдэд дэлгэх, сонсгох, ил болгон журамд нийцэхгүй зөрчил гаргасаар байсан ба даргалагч шүүх хуралдааны дэг сахиулаагүй.

Мөн эхний хурлын явцад шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт ач холбогдолтой байх үүднээс үзлэг хийх болон ганц хоёр заалтын ажиллагааг хийлгэх шаардлагатай байна гэж шүүгчийн захирамжаар хурал хойшлуулсан атлаа гэрч оролцуулах талаар захирамжид заагаагүй атлаа сүүлийн шүүх хурал дээр хариуцагчаас 6 гэрч оролцуулах хүсэлтийг гаргаж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ эдгээр гэрчийн үнэн худалд нотлохгүйгээр мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан.

Уг 6 гэрч нар нь надад холбогдох эрүүгийн хэрэгт надтай уулзахыг хориглосон шүүгчийн захирамжаар хязгаарлалттай хориглосон байсан бөгөөд тэд миний эсрэг мэдүүлэг өгүүлэхээр хариуцагчтай үгсэн тохиролцсон байх магадлалтай манай талаас уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгох талаас нь шүүх эрүүгийн хэргийн эсрэг ашиг сонирхолтой хүмүүсийг хооронд нь уулзуулж улмаар асуулт асуух нь нэхэмжлэгчийн эсрэг хийж буй ажиллагаа байна гэж эсэргүүцсэн боловч шүүх авч хэлэлцээгүй, хариуцагчаас гэрч оролцуулах хүсэлт шинээр гаргахад этгээдүүдээс мэдүүлэг өгснийг үндэслэн шийдвэрлэсэн. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

 

  1. Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар гаалийн улсын ахлах байцаагч С.Н-д “...албан үүргээ хэрэгжүүлэх явцад албан тушаалд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардсан, хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр түүний зэрэг дэвийг 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “М” гэх нэртэй гаалийн талбай буюу гаалийн хяналтын бүсэд хуваарьтай ажиллаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч С.Н нь өөрийн хариуцсан ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахдаа иргэдээс ирүүлсэн гэх гомдол мэдээлэл /иргэн Д.Г/-ийг албажуулаагүй, хуваарийн бус гаалийн хяналтын бүсэд хуваарийн дагуу ажиллаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.С-ын гар утас руу залгаж иргэн Д.Г-ын мэдүүлсэн барааны бичиг баримтын бүрдүүлэлт, үнэлгээний асуудалд хөндлөнгөөс нөлөөлж, барааг интернэт үнээр үнэлэх чиглэл өгсөн болох нь Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас явуулсан албаны шалгалт, хэрэгт холбогдогч нарын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;”, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн Хоёрт. “Гаалийн улсын байцаагчийн сахилгын үндсэн зарчим”-ын “1/-д хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, 2/ хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх, 3/-д “хууль тогтоомжоор хориглосон үйлдэл /эс үйлдэхүй/ гаргахгүй байх, 4/-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх, Дөрөвт “Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 4.1-д “Гаалийн улсын байцаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 4.1.2-т “бусдад хууль бус үүрэг, даалгавар өгөх, хүсэлт гаргах, гүйцэтгэхийг шаардах”,

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 735 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөлөө өгөх журам”-ын 2.2-т “Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон гаалийн мэргэшил шаардсан зөвлөгөөг тухайн чиглэл хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн мэргэшлийн зэрэгтэй гаалийн улсын байцаагч өгнө” гэж тус тус заажээ.

 

  1. Дээрхээс үзэхэд, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “М” гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч нэхэмжлэгч С.Н нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй, хариуцан ажилладаггүй “А” гаалийн хяналтын бүсэд ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Л.С-д мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэггүй атал түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараандаа гаалийн мэдүүлэг гаргаагүй, бүрдүүлэлт хийгээгүй, шалгалт эхлээгүй байхад иргэн Д.Г-ын бараанд ногдуулах гаалийн татварын аргачлал баримтлах талаар чиглэл өгсөн зөрчил гаргасан байна.

 

  1. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал,

-Улаанбаатар дахь Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Л.С-ын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “...Иргэн Г-ын мэдүүлсэн барааны үнийг хянахдаа тухайн бичиг баримтыг ...ББГУАБ С.Н-ийн өгсөн чиглэлийн дагуу нийтэд байршуулсан интернэт үнээр тухайн барааг нэмж үнэлсэн. /татвар 4 сая гаран төгрөгөөр нэмэгдсэн” гэх тайлбар /1хх-37, 38, 93/,

-2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч С.Н “...би тэр хүмүүсийн бичиг баримтыг үзээд С байцаагчид хэлцлийн үнээр бол үнэлэх боломжгүй, хэлцлийн бус аргаар интернэт үнийн аргаар үнэлэх боломжтой гэдэг чиглэлийг би өгсөн...Н хариуцаж байсан. Би өөр 6 бүс хариуцаж байсан. ...манай энэ хэдэд арга хэмжээ авахгүй, надад арга хэмжээ авч өгнө үү” гэсэн тайлбар /3хх-129-135/,

-С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “...2023 оны 04 дүгээр сарын 25-нд А гаалийн хяналтын бүсэд мэдүүлсэн БНХАУ-ын гарал үүсэл бүхий автомашины салхины шил гэх бараа хүлээн авагч хэлцлийн үнээр үнэлүүлэх, бичиг баримтаа шалгуулах хүсэлт тавьсан тул дагалдах бичиг баримтыг шалган үзээд тухайн барааны ангиллын кодын дагуу үнийн баазад үнэ байхгүй тул ГТХ-ийн 15.2.2-ийн дагуу интернэт үнээр үнэлэх боломжтой гэсэн чиглэлийг ГУБ С-д өгсөн болно” гэсэн тайлбар. /3хх-ийн 136, 162/

-Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/935 дугаар албан бичгээр “Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч Ш.Наранцэцэг 2023 оны 04 сард ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. С.Н түүний ажил үүргийг орлон гүйцэтгэж байгаагүй. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу орлон гүйцэтгэхээр бол Гаалийн ерөнхий газрын даргын тушаал гардаг, тийм тушаал байхгүй болно” гэх тайлбар;

-2023 оны 04-р сарын “М” гаалийн хяналтын бүсийн ГУАБ, ГУБ нарын КАЙС системээс татсан цахим хуваарьт 14 дугаарт С.Н /ББ ГУАБ/ гэсэн тэмдэглэл, мөн 2023-04-25 өдөр, Гаалийн байгууллага (М), Гаалийн баталгаажуулалтын удирдлагын системд “Н ББ ГУАБ” ажилласан төлөвтэй байна /3хх-161/,

-2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийн талаар /автомашины салхины шил/ танилцуулгын дүгнэлтэд “УБГГ-ын ГУАБ С.Н нь өөрийн хуваарьт ажлын байрнаас бусад ГХБ-д ажиллаж байсан албан хаагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, ажлын чиглэл өгөн бөгөөд энэ талаараа албаны дарга болон бусад удирдах албан тушаалтанд танилцуулаагүй, иргэн Д.Гын мэдүүлсэн бараа (авто машины салхины шил)-ны бичиг баримтын бүрдүүлэлт, үнэлгээний асуудалд хөндлөнгөөс нөлөөлсөн байна. ...тухайн бүрдүүлэлтийн салхины шилний бүрдүүлэлтэд анхнаасаа өөрөө оролцож, тухайн бүрдүүлэлтийн бичиг баримтыг урьдчилан шалгаж үнийг хянах хуваарьтай байсан ГУБ Л.С-д ...бичиг баримтаа өгч шалгуулж эхлээгүй байхад иргэн Д.Г-тай уулзаж ГУБ Л.Сд шууд чиглэл өгсөн байна.” гээд ГУАБ С.Н-д Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь зүйлд заасан албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах” гэх гаргасан санал /1хх-67-73/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Н нь сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

 

7. Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас явуулсан албаны шалгалтаар Гаалийн улсын ахлах байцаагч, нэхэмжлэгч С.Н нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмд заасан “хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх”, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан “бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх зэрэг заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон төрийн албан хаагчид “зэрэг дэвийг 3 сар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5-д заасныг зөрчөөгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасантай нийцжээ.

 

8. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

 

9. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид "шалгагч" гэх/ шалган тогтооно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Н-ийн гаргасан дээр дурдсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газраас явуулсан албаны шалгалтаар тогтоосон байгаа энэ тохиолдолд Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2, 284.4, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй байна.

 

10. Ийнхүү зөрчил гаргасан тухайн албан хаагчийн зөрчлийн шинж байдал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахдаа тушаал гаргахаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд тусгажээ.

 

11. Нэхэмжлэгч С.Н-ийн зэрэг дэвийг 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаартай тушаалын дараа Гаалийн тухай хуулийн 2711.1, 2711.1.1, 2711.1.11, 2711.1.17, 284 дүгээр зүйлийн 284.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газраас чиглэл ирүүлсний дагуу хариуцагч нь дээрх маргаан бүхий 2023 оны Б/74 дугаар тушаал болон 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “2023 оны “С.Нд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/74 дүгээр тушаалыг зөвтгөх тухай” Б/41 дугаар тушаалд баримталсан хууль тогтоомжийн үндэслэл болон нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тодруулсан өөрчлөлт оруулсан байх боловч ингэхдээ өмнөх аль нэг тушаалыг хүчингүй болгоогүй төдийгүй нэхэмжлэгчид анх ногдуулсан сахилгын шийтгэл өөрчлөгдөөгүй, хэвээр байна.

 

12. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий 3 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр дээд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу илэрхий алдааг зассан байна.

 

13. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “...Хариуцагчийн зүгээс сахилгын зөрчлийг гаргасан эсэхтэй холбоотой байгууллагын зүгээс ажлын хэсэг ажилласан эсэх, зөрчлийг илрүүлсэн хэлбэр, эрх зүйн акт, тогтоосон үйл баримт байхгүй талаар хурал дээр яригдсаар байсан ба уг 3 өөр тушаалыг аль тушаалын хугацаа хэзээ дуусгавар болсон, эхний тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх дээр хариуцагч нотолж чадахгүй байгааг харьцуулаагүй.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

14. Хэдийгээр хариуцагч нь сүүлд гаргасан 2 тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгчид танилцуулсан болохоо нотолж чадахгүй байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

15. Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд захиргааны байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.С, О.Б нарыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/51, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/147 дугаар албан бичгээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.

 

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар С.Н-г тодорхой хэдэн хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

 

Энэ нь С.Н-г тодорхой иргэдтэй уулзахгүй, харилцахгүй байхыг хязгаарласан байх бөгөөд захиргааны хэрэгт шүүхийн журмаар хэргийн оролцогчдыг байлцуулан дээрх иргэдийг гэрчээр дуудаж, хууль сануулж тайлбар авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохгүй.

 

17. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг хуулийн дагуу явуулж, нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН   

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА