Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/50

 

2019 оны 06 сарын 12 өдөр                               2019/ДШМ/50                                                        Зуунмод

 

 

Л.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 317 дугаар шүүгчийн захирамжтай Л.Эт холбогдох 1934000000046 дугаартай 1 хавтас, 113 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1988 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Төв аймаг, Баянчандмань сумын замт баг, 11-03 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Л-ын Э

Шүүгдэгч Л.Э нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн холбооны 1-9 тоотод байрлах хүнсний дэлгүүрт 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө нэвтэрч 0.75 литрийн 3 ширхэг архи, 2.5 литрийн 4 ширхэг пиво, 1.5 литрийн 3 ширхэг ундаа, 2 литрийн 3 ширхэг ундаа, 0.5 литрийн 3 ширхэг ундаа, 32 хайрцаг тамхи зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн А.Ганбаатарт 192.892 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 сарын 10-ны өдрийн 317 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Лутбаатарын Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000000046 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Боржигон овгийн Лутбаатарын Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Боржигон овгийн Лутбаатарын Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар CD-1 ширхэг хураагдан ирснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хяналтын прокурор Б.Энхболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Л.Эт холбогдох эрүүгийн 1934000000046 дугаартай хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал:

1. Шүүгчийн захирамжид хохирогч А.Ганбаатар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгээсээ өөрөөр, мэдүүлгээсээ буцсан эргэлзээтэй мэдүүлгийг өгсөн нь уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шинэ нөхцөл байдлыг бий болгосон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр ... зэргийг дахин шалгаж тогтоох нь зүйтэй байна" гэжээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр" зэрэг нотолбол зохих байдал нь яллагдагчийн хувьд хамаатай өөрөөр хэлбэл яллагдагч Л.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ямар сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн болохыг нотлохыг шаардсан хуулийн зохицуулалт юм.

Шүүгдэгч Л.Эын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр "..Дүрс бичлэгт дэлгүүрийн заалны цонхоор гадна талаас нь юүдэнтэй малгайтай эрэгтэй 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 01 цаг 47 минутад орж ирэн зогсож цамцныхаа цахилгаанаар нүүрээ халхлан таазан дээр байрлах заалны гэрлийг хажуу тийш нь хөдөлгөн тусгалыг нь өөрчлөн лангууны ард талаас шилтэй болон лаазтай архи пиво мэт зүйлийг авч цонхруу буцаж очин хөшигний ард талаар хулгайлсан эд зүйлүүдийг байрлуулж буй мэт харагдана" гэж тэмдэглэгдсэн,

Хохирогч Б.Ганбаатарын өгсөн "..Тэгээд өглөө 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө босоод байж байтал манай эхнэр Цэрэнхүү дэлгүүрээ онгойлгож ороод манай дэлгүүрийн цонх онгорхой байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дотор ороод хартал дэлгүүрийн жижиг вакум цонх онгорхой байсан. Бараагаа шалгаж үзтэл лангуун дээр өрсөн бараанууд дутуу байсан. Манай дэлгүүрээс хараа архи 0.75 литрийн 3 ширхэг, Боргио пиво 2.5 литрийн 4 ширхэг, 1.5 литрийн лаазтай ундаа 3 ширхэг, Түмний кола ундаа 3 ширхэг, паанч ундаа 3 ширхэг, улаан вест тамхи 10 хайрцаг, улаан ЛД тамхи 10 хайрцаг, Майлд тамхи 7 хайрцаг, Кастер тамхи 5 хайрцаг зэрэг эд зүйл хулгайд алдсан." гэх мэдүүлэг,

Гэрч Л.Эын өгсөн "..тэгээд би Ганбаатар гэх хүн рүү утсаар залгасан чинь би гадуур ажилтай байна. Манай дэлгүүр дээр яваад оч, манай эхнэр Цэрэнхүү байгаа хэлээд авчих гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүр дээр нь яваад очсон дэлгүүр нь гэрэлгүй байсан.Тэгэхээр нь би дэлгүүрийн жижиг вакум цонхыг түлхсэн чинь цонх нь онгойсон. Тэгэхээр нь дэлгүүр лүү нь ороод 3 шил 0.5 литрийн хараа архи, 2 литрийн сэнгүр, боргио нэртэй пиво 2 ширхэгийг, 2 том ундаа зэрэг эд зүйл аваад буцаад цонхоор нь гарсан" гэх мэдүүлэг,

Яллагдагч Л.Эын өгсөн "..тэгээд би Ганбаатар ахын дэлгүүр дээр яваад очтол дэлгүүр нь түгжээтэй гэрэл нь унтраалттай байсан, тэгээд би урд талынх нь цонхийг гараараа түлхэж үзтэл цонх сул онгойсон цонх түгжигдээгүй байх шиг байсан. Тэгэхээр нь цонхоор нь ороод 0.75 л хараа архи 3 шил, Боргио 2,5 л 4 ширхэг, лаазтай ундаа 3 ширхэг, түмний кола 3, панч ундаа 3 ширхэг, Улаан вест тамхи 10 хайрцаг, улаан ЛД тамхи 10 хайрцаг, майлд тамхи 7 хайрцаг, кастер тамхи 5 хайрцаг зэргийг аваад буцаад цонхоороо гарсан тэгээд архи тамхиа тэр шөнөдөө ууж идэж хэрэглээд дууссан. Би согтуу байсан учраас таних танихгүй хүмүүст л тарааж дуусгасан байх өгсөн хүмүүсээ санахгүй байна" гэх мэдүүлэг, мөн гэрч .... нарын мэдүүлгээр Л.Э нь .. архи пиво авчирч уусан талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд мөн хохирогч Б.Ганбаатарын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Ганбаатарт эд зүйлийн үнэлгээг танилцуулсан тэмдэглэл, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 317 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт тус тус зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан тайлбартаа: “Л.Эт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн прокурорын газраас Л.Эыг 2019 оны 01 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 баг  Холбооны 1-9 тоотод байрлах А.Ганбаатарын хүнсний дэлгүүрт нэвтэрч, 192892 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Л.Эт холбогдох хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Хохирогч А.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүхэд бичгээр /хх-70/ гаргасан хүсэлтэндээ “Л.Э над руу утсаар ярихаар нь дэлгүүрийн цонхоор  ороод бараа авчих гэж би зөвшөөрсөн” гэснийг шалгаж,  гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох, мөн А.Ганбаатарыг дээрх мэдүүлэгтэй нь холбогдуулан санаатай худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах шаардлагатай ба эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Иймд Л.Эт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх явцад дараах байдлыг анхаарах нь шаардлагатай байна. Үүнд:

- тухайн дэлгүүрээс 9 нэр төрлийн 192892 төгрөгний эд зүйл хулгайд алдагдсан гэж яллах дүгнэлтэнд дурьдагдсан ба хохирлын хэмжээ бодитой тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна. Хохирогч А.Ганбаатар “эхнэрийн бичиж өгснөөр хохирлыг мэдүүлсэн. Би дэлгүүрт суудаггүй болохоор мэдэхгүй” гэж мэдүүлжээ. Хэрэгт эхнэр Цэрэнхүүг асуугаагүй, хохирлын хэмжээг хохирогчийн мэдүүлгээс өөр нэг баримтаар тогтоосон зүйл байхгүй байна. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт А.Ганбаатар “Л.Эт 2 шил архи авахыг зөвшөөрсөн” гэж мэдүүлсэн байна.

- Дэлгүүр архи, тамхи зарах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг байх тул энэ хэргийн хохирогч зөв тогтоогдсон эсэхийг шалгах шаардлагатай.

- Шүүх хуралдааны тэмдэглэлд асуулт, хариулт бүрэн бичигдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэснийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 317 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Энхболдын бичсэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Хэргийг прокурорт очтол Л.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                                 Т.ЭНХМАА

    Г.БОЛОРМАА