Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

 

2023         03             10                                                        2023/ШЦТ/40

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох 2229001230006 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа Г.Амартүвшингийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Стивер маркийн чирэгч, 67-32 АЧ улсын дугаартай хөх өнгийн чиргүүлийг 2021 оны 11 сард иргэн Т.Соёл-Эрдэнэд худалдан борлуулж, урьдчилгаа мөнгө 5.000.000 төгрөг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн. Дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Ган-эрдэнэ би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Тд холбогдох 2229001230006 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа Г.Амартүвшингийн итгэмжлэн хариуцуулсан нүүрс тээврийн автомашиныг Соёл-Эрдэнэд 2022 оны 11 дүгээр сард худалдан борлуулж урьдчилгаа мөнгө 5 сая төгрөгийг авч хувьдаа завшсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Амартүвшингийн мэдүүлэг, мөн гэрч Соёл-Эрдэнэ, Анхжаргал нарын мэдүүлэг, Анжаргал, Соёл-Эрдэнэ нарын хаан банкны дансны хуулга, шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна гэж үзэж байна. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас уг гэмт хэрэг үйлдэгдэн гарч гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Дээрх хавтаст хэрэг цугларсан мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар 67-32 УАЕ улсын дугаартай чирэгч, 67-32 АЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүл Г.Амартүвшингийн эзэмшлийн эд хөрөнгө. Уг эд хөрөнгийг 2019 онд Б.Тд бүрэн бүтэн байдлыг харж хандуулахаар Г.Амартүвшин хүлээлгэн өгдөг. Уг тээврийн хэрэгслийг 2021 оны 11 сард Б.Түвшин нь итгэмжлэн хариуцаж байх хугацаанд Соёл-Эрдэнэ гэх хүнд зарж улмаар урьдчилгаа 5 сая төгрөгийг авсан мөртлөө эд хөрөнгийн эзэмшигч өмчлөгч болох Г.Амартүвшинд энэ талаар мэдэгдэлгүй уг 5 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхитэй үйлдэл энэ үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шалтгаант холбоогоор илэрдэг. Өөрөөр хэлбэл гэрээ хэлцэл бусад чиг үүргийнхээ хүрээнд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө түүний эрхийг хууль бусаар авч завшсан гэмт хэргийн үйлдэл байхыг шаарддаг гэмт хэрэг. Шүүгдэгч Б.Т нь, Г.Амартүвшингийн эд хөрөнгийг худалдан борлуулж улмаар урьдчилгаа 5 сая төгрөгийг авч хувьдаа завшиж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас Г.Амартүвшинд 5 сая төгрөгийн хохирол учирсан уг хохирол төлбөрийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан учраас шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөр байхгүй байна” гэв.  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Тг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Г.Амартүвшингийн: “...2017 онд Б.Түвшин гэх хүнтэй танилцаж өөрийн компанидаа Б.Тг жолоочоор ажилд авсан Б.Т нь тухайн оноос 2019 он хүртэл манай "Гууд экспресс транс" ХХК-д жолоочоор ажиллаж нүүрс тээвэрт явсан... 2019 оны намар би өөрийн эзэмшлийн 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Стивер маркийн чирэгч, 67-32 АЧ улсын дугаартай, хөх өнгийн чиргүүлийг Б.Тд өгч Эрдэнэс Тавантолгойгоос Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрт явуулсан юм. Уг автомашинаар Б.Т нүүрс тээвэрт нийт 7 удаа явсан. Үүний дараа над руу ярьж “Энэ авомашины мотор цохьчихлоо. Засвар хийе" гэж хэлж байсан. Тэгээд уг автомашиныг Б.Т Цогтцэций суманд байх гэрийнхээ гадаа чирж авчирсан юм. Тухайн үед корона вирусын халдвар гарч хөл хорио тогтоосноор нүүрс тээвэрлэлтийн ажил зогссон. Тэгэхээр нь би Түвшинд "Одоо нүүрс тээвэр зогссон. Энэ автомашин хямдхан автомашин байгаа юм. Үнэ тохирч худалдаж авах хүн байвал заръя" гэж хэлсэн. Тэгэхэд Б.Т “Тэгье. Би уг автомашиныг авах хүн байна уу хайж байя" гэж хэлсэн. Үүнээс хэдэн сарын дараа Б.Т надад хэлэхдээ "Цогтцэций суманд автомашины моторын засварчин Соёл-Эрдэнэ гэх хүн уг автомашиныг сонирхож байна. Энэ хүнд хүлээлгээд өгчих үү. Төлбөрөө хэд хувааж төлнө гэж байна. Чи ярьж тохирох уу" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Тд “Би Соёл-Эрдэнэ гэх хүнтэй чинь яръя. Худалдаж авлаа гэхэд урьдчилгаа мөнгө хэдийг өгөх вэ" гэсэн. Тэгэхэд Б.Т "Урьдчилгаа мөнгө өгч чадахгүй гэнээ. Одоо мөнгө байхгүй гэж байна" гэж хэлсэн. Тэгээд би Б.Тд "Би Соёл-Эрдэнэ гэх хүнтэй чинь яръя. Утасны дугаарыг нь өгчих" гэхэд Б.Түвшин надад уг хүний утасны дугаарыг өгөхгүй байсан. Тэгээд би Б.Тд “Ер нь Соёл-Эрдэнэ гэх хүндээ энэ автомашиныг өгчих. Гэрийнх нь гадаа аваачаад зургийг нь аваад над руу явуулаарай" гэж хэлсэн. Б.Т уг автомашиныг Соёл-Эрдэний гэрийн гадаа аваачаад над руу уг автомашины зургийг нь аваад явуулсан... Тэгээд би найзаараа дамжуулж Соёл-Эрдэнэтэй утсаар яриад “Чи наад машинаа худалдаж авах уу? Авахаар бол урьдчилгаа мөнгө өгөөрэй. Надад мөнгө хэрэгтэй байна" гэхэд “Би худалдаж авна. Урьдчилгаа мөнгө Б.Тд би 5.000.000 төгрөг өгсөн. Т өөрийнхөө дансанд 2.000.000 төгрөг, Б.Тийн эхнэрийнх нь данс руу 3.000.000 төгрөг хийлгэж авсан. Надад дансны хуулга нь байгаа. Энэ ер нь ямар учиртай автомашин бэ? Б.Т надад миний эзэмшлийн автомашин байгаа юм гэж хэлсэн. Та юун хүн бэ?" гэж надаас асуусан. Тэгэхээр нь би Соёл-Эрдэнэд учир байдлыг нь тайлбарлаж хэлсэн... Тэгэхээр нь би Б.Т рүү яриад “Чи Соёл-Эрдэнээс 5.000.000 төгрөг урьдчилгаа мөнгө гэж авсан байна" гэж хэлэхэд Б.Т “би аваагүй" гээд байсан... Уг 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн, Стивер маркийн чирэгч, 67- 32 АЧ улсын дугаартай, хөх өнгийн чиргүүл нь манай "Гүүд экспресс транс" компаний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа... Би Б.Тг Соёл-Эрдэнэ гэх хүнээс 5.000.000 төгрөг авсан гэж би мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

Гэрч: Т.Соёл-Эрдэнийн: “...2021 оны 10 дугаар сарын дунд үеэр Түвшин 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн зүтгүүр, 67-32 АЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийг зарна гэж ярьж байсан. Тэгээд би Ттэй холбогдоход “Түвшин надад уг тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ их орно. Дугуйнууд их муутай, бас хойд тэнхлэг байхгүй тэгээд 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр зарна” гэж байсан. Тэгээд би Түвшинтэй харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Тийн эхнэрийн хаан банкны 5014138563 тоот данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр нэг удаа, 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлж байсан. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Тийн хаан банкны 5908020544 тоот данс руу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж байсан. Бас Т надаас автомашины сэлбэгийг 100.000 /зуун мянга/ төгрөгөөр тооцоолж надаас нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг авч байсан. Уг 5.000.000 /таван сая/ төгрөг нь уг автомашиныг авах урьдчилгаа мөнгө байсан юм.... Тухайн үед Т надад хэлэхдээ “Уг тээврийн хэрэгслийн дутуу байгаа эд зүйлүүдийг би бүрдүүлж өгье. Тэгээд үлдсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг нь уг тээврийн хэрэгслийг тээвэрт явж эхлэхэд сар бүр 5.000.000 /таван сая/ төгрөгийг нь өгнө гэж тохирсон. Бас Т надад уг тээврийн хэрэгслийг “Манай найз бид хоёрын дундын өмч байгаа юм. Бид хоёр уг автомашиныг нийлж зарж байгаа юм. Энэ автомашиныг зарсан 20.000.000 /хорин сая/ төгрөгний 10.000.000 /арван сая/ төгрөгийг нь би авна. Нөгөө 10.000.000 /арван сая/ төгрөгийг нь би найздаа өгнө” гэж хэлж байсан. Тэгтэл 2022 оны 03 дугаар сард над руу Амартүвшин гэх хүн холбогдож “Чиний авсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг машиныг чи авахдаа урьдчилгаа мөнгө өгсөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би “Түвшин гэх хүнээс би авсан. Манай гэрийн гадаа байгаа. Би урьдчилгаа мөнгө гэж Т гэх хүнд 5.000.000 /таван сая/ төгрөг өгсөн” гэж хэлсэн.... Би Түвшингийн тээврийн хэрэгсэл гэж би бодсон. Уг тээврийн хэрэгслийг Түвшин надад “Манай найз бид хоёрын дундын өмч байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

Гэрч Г.Анхжаргалын: “...Манай нөхөр Тийн найз Амартүвшингийн эзэмшлийн 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн зүтгүүр, 67-32 АЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүл нь манай гэрийн гадаа 2 жил гаруй хугацаатай байсан. Тэр хугацаанд уг автомашины бүрэн бүтэн байдлыг хараад байж байсан юм. Тухайн үед Амартүвшин уг автомашиныг “Зармаар байна, яаж зарах уу?” гэж Тд зөндөөн хэлж байсан. Тэгээд Соёл-Эрдэнэ уг автомашиныг ирж үзээд өөрөө авч явсан юм. Тухайн үед манай нөхөр Т сүлжээгүй газарт нүүрс тээвэрт явж байх үед нь миний данс руу уг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг орж ирсэн. Би уг мөнгийг автомашин зарж байгаа урьдчилгаа мөнгө байна гэж бодсон. Тухайн үед Амартүвшин “Энэ автомашиныг 20.000.000 төгрөгөөр зараад өг. Хэдэн төгрөгөөр зарахаа та өөрөө мэд. Надад 10.000.000 /арван сая/ төгрөгийг нь өгөөрэй” гэж хэлж байсан. Соёл-Эрдэнэ үлдсэн мөнгийг нь ажил эхлэхээр өгнө гэж хэлж байсан юм. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53- 54-р хуудас/,

Г.Анхжаргалын эзэмшлийн Хаан банкны 5014138563 дугаартай дансны хуулга /хх-ийн 85-97-р хуудас/,

Т.Соёл-Эрдэний эзэмшлийн Хаан банкны 5006765139 дугаартай дансны хуулга /хх-ийн 100-р хуудас/,

Яллагдагч Б.Тийн гэрчээр өгсөн: “...Би Г.Амартүвшингийн эзэмшлийн 67-32 УАЕ улсын дугаартай, цагаан өнгийн зүтгүүр, 67-32 АЧ улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийг 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын дунд үе хүртэл манай гэрийн гадаа байсан юм. Г.Амартүвшин надад хэлэхдээ “Уг автомашинд засвар хийгээд та өөрөө нүүрс тээвэрт яв” гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрч уг автомашинд засвар хийсэн юм. Уг автомашинаар би 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарын дунд үе хүртэл нүүрс тээвэрт явсан. Уг автомашины мотор нь цохиж эвдэрсэн тул 2021 оны эхээр Г.Амартүвшин надад “Та наад машинаа 30.000.000 /гучин сая/ сая төгрөгөөр зарчих мөнгө хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг автомашиныг зарахаар фейсбүүк зарын группт зар тавьсан юм. 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр зарах гэхээр огт хүн авахгүй байсан юм. Тэгэхэд Амартүвшин надад 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр заръя гэж хэлсэн... 2021 оны 10 дугаар сард би Соёл-Эрдэнэтэй уулзсан юм. Тэгээд уг автомашиныг 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр зарна гэж хэлэхэд Соёл- Эрдэнэ надад “Би авъя гэхдээ надад бэлэн мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Амартүвшинд “Хүн авъя гэж байна. Бэлэн мөнгө байхгүй байна гэж байна” гэж хэлэхэд Амартүвшин “Та өөрөө мэд. Надад 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулаад өгчих. Үлдсэн мөнгийг нь та ав. Та өөрөө хэдээр зарахаа өөрөө мэд” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Соёл-Эрдэнэд хэлэхэд “Энэ машин их засвар хийхээр машин байна” гэж хэлэхээр нь “Чи авбал урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд аваад яв. Ямар ч байсан он гарахаас өмнө үлдсэн мөнгийг нь өгөөрэй” гэж хэлээд уг автомашиныг Соёл-Эрдэнэд 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр зарахаар болсон юм. Тэгээд Соёл-Эрдэнэ надад 4.900.000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг өгөөд үлдсэн 100.000 /зуун мянга/ төгрөгний оронд автомашины сэлбэг өгсөн. Соёл-Эрдэнийг он гарахаас өмнө үлдсэн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг нь өгчих байх, тэгэхээр нь Амартүвшинд 10.000.000 /арван сая/ төгрөгийг нь өгнө гэж би бодсон. Тэгээд урьдчилгаа гэж авсан 5.000.000 төгрөгийг би хувийн хэрэглээндээ зарцуулсан юм. Би тухайн үедээ урьдчилгаа 5.000.000 төгрөг авсан гэдгээ Амартүвшинд хэлээгүй байсан юм... Би Соёл-Эрдэнээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн эхнэр Анхжаргалын хаан банкны 5014138563 тоот данс руу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр нэг удаа, 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нэг удаа мөнгө хийлгэж авч байсан. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны 5908020544 тоот данс руу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа Г.Амартүвшингийн итгэмжлэн хариуцуулж үлдээсэн эд хөрөнгө болох 67-32 УАЕ улсын дугаартай цагаан өнгийн Стивер маркийн чирэгч, 67-32 АЧ улсын дугаартай хөх өнгийн чиргүүлийг 2021 оны 11 сард иргэн Т.Соёл-Эрдэнэд худалдан борлуулж, урьдчилгаа мөнгө 5.000.000 төгрөг авч хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Амартүвшинд хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн. Хохирогч Г.Амартүвшин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Тг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эдгээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал гэмт хэргийн шинж учруулсан хохиролын байдлыг харгалзаад шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан санкцуудаас торгуулийн ял шийтгэл оногдуулах нь хувийн байдалд тохирсон байна. Учир нь шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой гэж үзээд гэмт хэргийн учруулсан хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал анх удаа гэмт хэрэг зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг мөн тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Тд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч СБ.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тд 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Г.Амартүвшинд хохирол төлбөрт 5,000,000 төгрөг төлсөн. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА