Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

2023        03            27                                                      2023/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох 2329000100034 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5-р баг Цагаан хад сууршлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Ивээл сар транс” ХХК-ийн байранд Я.Одхүүтэй үл ялих зүйлээр маргалдаж гараараа нүүр хэсэгт нь цохисны улмаас тархи доргилт, зүүн хацар, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учраалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5-р баг Цагаан хад сууршлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Ивээл сар транс” ХХК-ийн байранд Я.Одхүүтэй үл ялих зүйлээр маргалдаж гараараа нүүр хэсэгт нь цохисны улмаас тархи доргилт, зүүн хацар, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учраалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Я.Одхүүгын "...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Цэндээ эгч, Баяраа, Бямбаа болон өөр нэг нэрийг нь мэдэхгүй нэг хүний хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Сар транс” ХХК-ийн тусгаарлах байранд жолоочоор ажиллах гээд ажилчдын нэрс бэлэн болохыг хүлээж байсан. Дараа нь би Авто тээврийн үндэсний төв рүү залгаж жолоочийн нэрсийн талаар асууж лавлахад “Мөнх Сар транс” ХХК-ийн ажилтан Мөнхбилэг нь манайх руу буруу файл илгээсэн байсан. Манай байгууллагаас биш ээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь би яагаад ийм юм болсон талаар Мээс асууж лавлахад М нь бид нарт Авто тээврийн программ гацсан учраас та нарын нэрс гацсан байна. Тийм болохоор энэ сард та нар ажилд гарах боломжгүй болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар авто тээврийн үндэсний төвөөс асуусан, танай компани чинь буруу файл явуулсан байна лээ гэж хэлсэн. Дараа нь М намайг энийг гарга, зайлуул, шууд халагдах тушаалыг нь бич, ажлаас нь хал" гэж хэлсэн. Би хариуд нь "Чи мэддэг юм уу" гэж хэлэхэд надад М нь "Би мэддэг юм писда минь" гэж хэлээд миний толгой руу баруун гараараа 4 удаа цохисон. Дараа нь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад гадаа гаргасан. Дараа нь би цагдаад дуудлага өгсөн...Би Мөнхбилэгтэй тухаин үед анх удаа л уулзсан. Би тэрний талаар сайн мэдэхгүй...Миний толгой руу баруун гараараа 4 удаа цохисон...миний уруулын дотор талд сэтэрсэн, нүүрний баруун шанаа хавдсан...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/

Гэрч Э.Пүрэвсүрэнгийн “...Тухайн өдөр би ажил дээр байж байхад оффист Я.Одхүү гэх жолоочтой хамт хэдэн жолооч орж ирсэн. Тэгээд орж ирээд бид нарын нэр автотээврийн программд ороогүй байна тээвэрт явж чадахгүй байна гэх асуудал ярьсан. Тэгээд тээврийн менежер Б.М жолооч нарт яагаад нэрс нь программд орохгүй байгаа талаар тайлбарлаж өгсөн. Тэгхэд Я.Одхүү тайлбарыг эсэргүүцээд маргалдаад байсан тэгээд М тайлбарлаж хэлээд ойлгохгүй байхаар нь "Хүний хэл яриа ойлгохгүй хаашаа юм бэ. Чи эндээс зайл. Энэ хүнийг ажлаас халах тушаалыг одоо гарга." гэж хэлээд гараад явах гэж байхад Я.Одхүү араас нь хөөе гээд дуудсан тэгээд М эргэж хараад Я.Одхүү тэр хоёр бие бие рүүгээ дайралцаад байсан тэгэж байгаад Я.Одхүү Мийг цохих гэхээр нь Б.М 2 удаа шанаа руу цохиод авсан. Тэгэхээр нь бид нар тэр 2-г салгасан. Тэгээд Я.Одхүүг харахад уруулын дотор хэсгээс бага зэргийн цус гарсан харагдаж байсан. Тэгээд Я.Одхүү хот яваад өгсөн...Тухайн үед Мөнхбилэг, Я.Одхүүг гараараа нүүрнийх нь шанаа хэсэгт 2 удаа цохиж халдсан..." гэсэн мэдүүлэг/хх-н 23-р хуудас/,

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 188 дугаартай “...Я.Одхүүгийн биед тархи доргилт, зүүн хацар, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 27-28-р хуудас/,

Яллагдагч Б.Мийн “...2022 оны 12 дугаар сарын 11-ний Я.Одхүү жолооч нэлээд хэдэн жолооч дагуулж ирээд бослого, эсэргүүцэл үзүүлэх маягын үйлдэл гаргахаар нь болсон үйл явдлыг тайлбарлаж хэлтэл ихэнх жолооч нар тараад байр байрлуугаа орцгоосон. Тэгээд маргааш чимээгүй байж байгаад нөгөөдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10-11 цагийн орчимд Я.Одхүү гэх жолооч мөн 4 жолоочийн хамт оффис дээр ирж надтай уулзсан. Тэгээд би урьдын адил "Хотоос шийд ирээгүй байна. Шийд ирэхээр хэлье. Та нарыг аль болох ажилд оруулах талаар удирдлагын зүгээс хичээж байна гэж хэлтэл Я.Одхүү өөдөөс зөрүүдлээд хэлсэн тайлбарласан зүйлийг ойлгохгүй дайрч давшлаад байхаар нь миний дургүй хүрээд хүний хэл яриа ойлгохгүй хаашаа юм бэ. Чи эндээс зайл. Энэ хүнийг ажлаас халах тушаалыг одоо гарга гэж хэлтэл Я.Одхүү над руу гараараа цохих гэсэн тэгэхээр нь би баруун гараараа Я.Одхүүгийн зүүн шанаа хавьд нь 2 удаа цохисон. Тэгээд хажууд байсан хүмүүс биднийг салгасан...Би тухайн өдөр Я.Одхүүтэй маргалдаад Одхүүгын нүүрний зүүн шанаа хэсэгт өөрийн баруун гараараа 2 удаа цохисон. Би Я.Одхүүд төлж барагдуулсан хохирол байхгүй ээ. Я.Одхүү ч надаас нэхэмжилсэн зүйл байхгүй ээ. Я.Одхүү эмнэлэгийн байгууллагад эмчлүүлсэн баримтаа гаргаж өгвөл надад төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-р хуудас/  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.Мийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Я.Одхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Б.М нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Я.Одхүү нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА