| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2023/0043/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
2023 03 27 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.От холбогдох 2329000130033 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 11 сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын Билгэх 1-р багийн нутагт байрлах Орон нутгийн таван толгойн уурхай явах сайжруулсан шороон зам дээр 52-74 улсын дугаартай хюнда портер макийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 1.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1. Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 95-16 УБЧ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Насанбатын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 11 сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын Билгэх 1-р багийн нутагт байрлах Орон нутгийн таван толгойн уурхай явах сайжруулсан шороон зам дээр 52-74 улсын дугаартай хюнда портер макийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 1.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэгээ байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1. Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 95-16 УБЧ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Насанбатын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-14-р хуудас/,
Хохирогч Э.Насанбатын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт байрлах Орон нутгийн таван толгойн уурхайгаас 52-74 ӨМЭ улсын дугаартай портер машинаар жолооч О ажилтан Ганбаатар бид гурав кемп рүүгээ явж байгаад нүүрс тээврийн 2 дахь километрийн урд байдаг темөр замын урд талд сайжруулсан шороон замаар явж байгаад замын хөвөө нүх тойрч гарах гээд нөгөө урсгал руу орсон чинь өөдөөс приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргөлдсөн, жолооч О жолоогоо баруун гар тал руугаа дараад тэр машин нь портерын буруу талын урд тал руу мөргөсөн би тэр үед жолоочийн хажууд явж байсан ард Ганбаатар сууж явсан...Архи дарс уугаагүй эрүүл байсан...Миний баруун гар дунд чөмгөөрөө хугарсан толгой доргисон баруун хөлний өвдөгний доод хэсэгт хөхөрсөн гэмтэл учирсан өөр гэмтэл байхгүй...Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Нямсүрэнгийн “...Би шинжэчийн дүгнэлттэй танилцлаа санал, гомдол, хүсэлт байхгүй...Миний хохирлын бүрэн төлж барагдуулна гэсэн...Ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26- 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай "...Э.Насанбатын биед тархины доргилт, баруун атгаал ясны далд хугарал баруун шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ...Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой...Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-н 45- 46-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16275 дугаартай “...Ц.Нямсүрэнгийн биед цээжний хэнхэнцэрийн няцрал, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 51-52-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /2.745.000/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 67- 69-р хуудас/,
2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 122 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /1.995.000/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 70-72-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай “...Хариулт №1 а/ 52-74 ӨМЭ улсын дугаартай Hyundai Porter тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Төрбадрахын О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 1.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6. 5.11 .а 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ хажуугын аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэи бол түүнии өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. Мөн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна...Хариулт №2 6/ 95-16 УБЧ улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэрэндаваагийн Нямсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна...Хариулт №32 6/ Уг зам тээврийн осол нь 52-74 ӨМЭ улсын дугаартай Hyundai Porter тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Төрбадрахын О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, гэсэн заалтуудыг зөрчиснөөс гарсан байна...Хариулт №4-д/ 52-74 ӨМЭ улсын дугаартай Hyundai Porter тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Төрбадрахын О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зерчсөн шууд шалтгаантай байна...Хариулт №5 е/ Уг зам тээврийн осол нь замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 75-76-р хуудас/,
Яллагдагч Т.Оын “... Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт байрлах Орон нутгийн таван толгойн уурхайгаас өөрийн эзэмшлийн 52-74 ӨМЭ улсын дугаартай портер маркийн машинаар ажилтан Насанбат, Ганбаатар бид гурав кемп рүүгээ явж байгаад нүүрс тээврийн 2 дахь км-н урд талд нь байдаг төмөр замын урд талд сайжруулсан шороон замаар явж байхад зам дээр хонхор үүсэж нүх гарсан байхаар түүнийг тойрч гарах гэж эсрэг урсгал руу ороод явж байтал өмнеөс нэг жижиг машин гарч ирэхээр би рүлээ баруун гар тал руугаа дартал машины буруун тал руу мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Би тэгээд машинаас буухад приус-20 маркийн машинтай мөргөлдсөн байсан. Тухайн машины жолооч нь бууж ирэхээр би жолоочийн биеийг нь асуухад би зүгээрээ гэж хэлсэн тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд удаагүй сумын цагдаа нар ирсэн...Бид гурав ажлаасаа буучихаад амрах кемп рүүгээ явж байсан...Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан энэ машин миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад мөнгөний хэрэг гараад машинаа банк бус санхүүд 5.000.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа...Үгүй бид нар бүгдээрээ архи дарс уугаагүй эрүүл явж байсан, нөгөө машины жолооч эрүүл байсан...Шороон зам дээр нь эвгүй нүх хонхор ихтэй байхаар нь түүнийг тойрч гарах гээд эсрэг урсгал руу орчихсон юм...Би тухайн үед 50 км цагийн хурдтай л явж байсан. Би тухайн үед хамгаалалтын бүсээ зүүсэн байсан харин Насанбат, Ганбаатар зүүгээгүй байсан...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...Би одоогоор эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 90-91-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Т.Оыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.Насанбат, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Нямсүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Т.Олонбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх саналыг шүүгдэгч Т.О нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Э.Насанбат, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Нямсүрэн нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Оын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА