Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/230

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгонбуян,  

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210028300156 дугаартай, нэг хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дээд сургуулийн *** сурагч, ам бүл-8, эцэг, эх, ах, эгч нарын хамт *** оршин суух бүртгэлтэй боловч, одоо *** түр оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн   хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассан, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Өсвөр насны яллагдагч  нь 202 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Монгол-Солонгосын Коллежийн дотуур байранд ***ын биед халдан цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гаас: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. гэсэн; 

 

Хоёр: Эрүүгийн 2210028300156 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Миний дүү Аварга дээд сургуульд зодуулсан” гэх утгаар бүртгэгдсэн гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 9-11 дэх тал)

 

2. Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед хичээлээ тараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мон-Со коллежийн дотуур байрны 219 тоот өөрийн өрөөндөө ирсэн. Би бие засах өрөө орчхоод буцаад өрөөндөө ороод ирсэн чинь ***, *** гэх өөр сургуулийн залуус өрөөнд орж ирсэн байсан. Манай өрөөний хүүхэд болох ***г цохиж зодоод байж байсан. *** намайг электрон тамхи олоод ир гэж хэлсэн. Би хаанаас олох юм бэ гэж асуухад олоод ир, би танай сургуулиас хоёр гурван жилдээ холдохгүй шүү гэж хэлээд алгадаад дагз руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд элэг хавирга руу гараараа цохисноо инээ гэж хэлсэн. *** нүүр лүү 20 орчим удаа алгадсан. Хүнд хэлээд нэмэргүй шүү. Би танай сургуулиас ойрын хэдэн жилдээ холдохгүй шүү гэж хэлээд гараад явсан. Миний шанаа нүүр хавдсан. Хавирга зөөлөн эдийн гэмтэлтэй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, томографын зураг авхуулсан 150,000 төгрөг, Энх-Үрс эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн 300,000 төгрөг болсон. Хөвсгөл аймаг руу эмнэлэг явсан автобусны зардал 118,000 төгрөг, бензиний зардалд 169,000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. ***, *** нартай урьдын таарамжгүй харилцаа өш хонзонгийн асуудал байхгүй. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

3. Насанд хүрээгүй гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: Би найз ***н хамтаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Монгол Солонгосын коллежийн дотуур байранд очсон. Тухайн үед *** хүүхдээс юм аваадахъя, хамт явъя гэж хэлсэн. Тухайн дотуур байранд очоод нэг өрөө рүү *** дагуулж ороод *** гээд хүүхдийг алгадаад байсан. Яагаад алгадаад байгааг нь би ойлгоогүй. *** ***г алгадаж байгаад юм ярьж байгаад гараад явсан. Би хэн нэгний биед халдаагүй. *** болон *** хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон байдаг эсэхийг мэдэхгүй. Би тэр шалтгааныг нь сайн мэдэхгүй уурлаад л ***ыг алгадаад байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15268 дугаартай:

- ***ын биед тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 

5. Өсвөр насны яллагдагч н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Аварга сургууль дээр шүлгийн тэмцээн болоод тараад байж байсан. Найз *** Монгол-Солонгосын коллеж дээр очиж цэнэглэгч авчхаад ирье гээд хамт явсан. Тэгэхэд ***ийн найзыг нь хүүхдүүд дээрэлхээд байна гэхээр нь тухайн хүүхдүүд дээр бид хоёр очсон. ***, бас нэг банди хоёр байсан. Би ***ыг нэг алгадсан, *** бас нэг алгадсан. Бид хоёр буцаад сургууль руу явсан. Би ***т одоогийн байдлаар 300,000 төгрөгийн хохирол барагдуулсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

6. Шүүгдэгч *** н хувийн байдалтай холбоотой: нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 58 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66-68 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-80 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ өсвөр насны шүүгдэгч  нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Монгол-Солонгосын коллежийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч ***ыг “электрон тамхи олж өгсөнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж цохиж зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнээс: Миний үйлчлүүлэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй болно. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-Солонгосын Коллежийн дотуур байранд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ***ыг “электрон тамхи олж өгсөнгүй” гэх шалтгаанаар гараараа дагз руу нь цохиж, нүүр лүү нь алгадаж бие, эрүүл мэндэд тархи доргилт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 9-11 дэх тал)

- Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №15268 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- Өсвөр насны яллагдагч н мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч ***ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу насанд хүрээгүй хохирогчийг гараараа алгадаж, дагз руу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

Мөн шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч насанд хүрээгүй байхдаа үйлдсэн хувийн байдал буюу өөрийн зан төлөв, хүмүүжлийн байдал, нөгөө талаас эцэг, эхийн хараа хяналт сул зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт дараах баримтыг ирүүлсэн байна. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Энх-Үрс” эмнэлгийн 300,000 төгрөгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40,000 төгрөгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 80,000 төгрөгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 40,000 төгрөгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 60,800 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60,800 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 150,000 төгрөгийн баримт буюу нийт 731,600 төгрөгийн баримтыг (хавтаст хэргийн 61-64 дэх тал)-д ирүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч н хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ***ээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч ***ын эх ***ийн Хаан банкны данс руу 730,000 төгрөгийг “***” гэх утгаар шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч *** гомдлоо буцааж байна, шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн мессеж ирүүлсэн (хх83), мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол, саналгүй, шүүх хуралд суухгүй талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай.  Мөн оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох ялын санал гаргаж байна. гэсэн дүгнэлтийг; 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнээс: Шүүгдэгчийн насанд хүрсэн он, сарыг харгалзан үзэх шаардлагатай. Улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасныг журамлан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын саналыг дэмжиж байна. Шүүх миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ насанд хүрсэн гэдэг байдлаар улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Хэрэв насанд хүрсэн гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөхийг хүсэж байна. Торгох ял биелэгдэх боломжтой гэдгийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон эгч нь болон өөрөө хэлж байгаа. Миний үйлчлүүлэгч энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа учир зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, цаашлаад их, дээд сургуульд сурахад нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”.гэж заасан.

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нас тоолсон тэмдэглэлээр өсвөр насны шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 нас 7 сар 8 хоногтой байжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж үүрэг болгож хуульчилсан байх ба,

-Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь заавал хэрэглэхээр заасан императив шинжтэй  бус шүүхэд эрх олгосон диспозитив шинжтэй зохицуулалт байна.

 

18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүн гэдэгт хууль зүйн ойлголтоор  хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болох онцгой тохиолдлыг хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохино.

 

Шүүгдэгч н тухайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 18 нас 11 хоногтой, насанд хүрсэн, оюун санаа сэтгэхүйн хувьд эрүүл, Аварга дээд сургуулийн 12-б ангийн сурагчаар суралцдаг байх бөгөөд сэтгэхүйн онцлог, юмс үзэгдлийн мөн чанарыг ухамсарлан ойлгох  талаарх сэтгэхгүйн хөгжил сул гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Улсын яллагчаас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах тусгай журмыг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэсэн санал гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь: Шүүгдэгч  нь арван найман насанд хүрсэн байх тул түүнд тусгай журмыг хэрэглэх үндэслэлгүй, нөгөө талаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, мөн шалтгаангүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг анхаарах ёстой.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялуудын хэмжээ,  хязгаарыг хуульчилсан байгааг харгалзан насанд хүрсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээнээс сонгож хэрэглэх боломжтой юм.

Иймд арван найман насанд хүрсэн шүүгдэгч д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэж эрүүгийн хариуцлага оногдуулах тухай талуудын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, мөн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассан байх тул нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх ялгүй болсон байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн , нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хугацаанд суралцаж буй  сургуулийн дотуур байранд түр оршин сууж байгаа буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд тогтоож, ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:      

 

              1. Шүүгдэгч ***-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-г 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч г суралцаж буй  сургуулийн дотуур байранд түр оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ДОРЖСҮРЭН