Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2019/01560

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар / овогт Ц.Агийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар / овогт Д.Б холбогдох

 

Гэм хорын хохиролд 8,482,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай  иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.                                                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд болон төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  дүүрэг,  хороо,  байр тоот хаягт оршин суух Д.Бы гэрээс ус алдсаны улмаас 14 тоот хаягт оршин суух миний ээж Ц.Агийн гэрийн эд юмс шал, тааз, хивс, буйдан, зурагт усанд норж хохирол учирсан. Иймд Д.Баас замаск 21,000 төгрөг, эмульс 135,000 төгрөг, паркет 855,000 төгрөг, обой 172,500 төгрөг, зурагт 5,500,000 төгрөг, хана тааз эмульсдэх зардал 175,000 төгрөг, хана тааз хусаж цэвэрлэх зардал 75,000 төгрөг,  хана тааз замаскдах зардал 225,000 төгрөг, паркет хуулах 95,000 төгрөг, паркет шахах 209,000 төгрөг, обой хуулах 67,500 төгрөг, обой наах 157,500 төгрөг, буйдангийн бүрээс солих 350,000 төгрөг, хивс цэвэрлэгээ 25,000 төгрөг, хог зайлуулах зардал 160,000 төгрөг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 250,000 төгрөг нийт 8,482,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.Б шүүхэд болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 8,482,500 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх дүүргийн хороо, байрны  тоотод оршин суудаг. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө дулааны шугамны хий авагч даралтаа дийлэхгүй буудаж ус алдсан. Үүнээс хойш 15 минутын дотор арга хэмжээ авч, сантехникч дуудаж ус алдалтыг зогсоолгосон. Манайд алдсан усыг шавхаж тэр дор нь арга хэмжээ авсан. Манай доод айл болох 14 тоотын айл нь тухайн үед гэртээ байгаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрт нь орж үзэхэд том өрөөний пааран талын обой нь норсон, босоо шугамын замаск бөмбийсөн байсан. Зурагт эвдэрчихлээ гэсэн боловч 01 дүгээр сарын 02-ны өдөр зурагтаа сольсон байсан. Зурагт нь эвдэрсэн гэх боловч яг ус алдалтын улмаас эвдэрсэн эсэх, тухайн үед байсан зурагт мөн эсэхэд эргэлзэж байна. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 8,482,500 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манайх 2018 оны 09 дүгээр сард байрандаа засвар хийхэд Ц.А нь манайх бас засвар хийлгэх гэж байгаа, танайх шиг шалаа довжоогүй болгож шахуулмаар байна гэх зэргээр асуудаг байсан. Ус алдсанаас болж ийм их хэмжээний хохирол учирсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчид 4,000,000 төгрөг төлж эвлэрэх боломжтой гэв.     

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох  баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь     хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Д.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 8,482,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хариуцагч Д.Б “халаалтын шугамын хий авагчийн винтель цуурч халуун ус алдсан. Бид ус алдсан том өрөөний зүүн тал, урд талын ханын обой, том өрөөний таазыг засаж өгөх, хохирлыг төлөхөд татгалзахгүй, бүтэн урсгал засварын зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Шүүх хуралдааны үед хариуцагч Д.Б гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг төлж эвлэрэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч эвлэрэх боломжгүй гэж эвлэрэхээс татгалзсан тайлбар гаргаж байна.   

 

Нэхэмжлэгч Ц.Агийн Дүүрэг, хороо, гудамж,  байр 14 тоот хаягт байршилтай түүний гэрт 2018 оны 12 дүгээр сарын 31-ний өдрөөс 01 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед дээд давхрын 18 тоот хаягт оршин суух Д.Бы байрны радиатор хагарч ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-7”-гийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 29 тоот ”Тус Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хариуцан ажилладаг   дүүрэг,  хороо,  байр тоотоос 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цаг 44 минутад радиатороос ус алдаад байна гэсэн яаралтай дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын засварчин Л.Нямжаргал, О.Баярцогт нар дуудлагын дагуу тус байрны халаалтыг хааж ус буулган ус алдалтыг зогсоож, ф15мм вентель 1 ширхгийг сольж 23 цаг 44 минутад засварын ажлыг хийж дуусгасан тухай ээлжийн инженерийн “Шуурхай үйлчилгээний мэдээлэл”-ийн тэмдэглэлд тэмдэглэсэн байна” гэх албан бичиг, Шуурхай үйлчилгээний мэдээллийн тэмдэглэл, гэрч М.Золжаргал, Л.Нямжаргал, О.Баярцогт, Б.Даядан-Эрмэд, Д.Цэрэнчимэд нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 дүүрэг,  хороо,  байр тоотоос ус алдсаны улмаас 14 тоот хаягт оршин суух Ц.А нь засвар хийх шаардлага үүссэн гэж замаск 21,000 төгрөг, эмульс 135,000 төгрөг, паркет 855,000 төгрөг, обой 172,500 төгрөг, зурагт 5,500,000 төгрөг, хана тааз эмульсдэх зардал 175,000 төгрөг, хана тааз хусаж цэвэрлэх зардал 75,000 төгрөг, хана тааз замаскдах зардал 225,000 төгрөг, паркет хуулах 95,000 төгрөг, паркет шахах 209,000 төгрөг, обой хуулах 67,500 төгрөг, обой наах 157,500 төгрөг, буйдангийн бүрээс солих 350,000 төгрөг,  хивс цэвэрлэгээний төлбөр 25,000 төгрөг, хог зайлуулах зардал 160,000 төгрөг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 250,000 төгрөг нийт 8,482,500 төгрөг гаргуулах тодорхойлж байна.

 

Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шинжээчдийн гаргасан үнэлгээ дүгнэлтээр “дүүрэг, хороо, байр 14 тоот хаягт оршин суух Ц.Агийн өрөөний засварын ажлын төсвийн нэгдсэн товчоонд ажиллах хүчний зардал 1,093,041 төгрөг, материалын зардал 1,158,366 төгрөг, тээврийн зардал 62,825 төгрөг, машин ашиглалт 165,094 төгрөг, нэмэгдэл зардал 340,643 төгрөг, ашиг 422,995 төгрөг, НӨАТатвар 324,296 төгрөг, нормчлолын сан 5,837 төгрөг, захиалагчийн албаны зардал 64,859 төгрөг, инженэр хайгуул, зураг төслийн ажлын дүн 350,000 төгрөг, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 32,430 төгрөг, магадлалгүй ажлын 64,859 төгрөг нийт 4,085,246 төгрөгөөр тогтоож, зурагт ус алдсаны улмаас норж эвдэрсэн эсэх, өмнө нь эвдрэлтэй байсан эсэхийг тогтоох нь үнэлгээний шинжээчийн чиг үүрэгт хамаарахгүй байна” гэжээ.  

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас замаск 21,000 төгрөг, эмульс 135,000 төгрөг, паркет 855,000 төгрөг, обой 172,500 төгрөг, хана тааз эмульсдэх зардал 175,000 төгрөг, хана тааз хусаж цэвэрлэх зардал 75,000 төгрөг, хана тааз замаскдах зардал 225,000 төгрөг, паркет хуулах 95,000 төгрөг, паркет шахах 209,000 төгрөг, обой хуулах 67,500 төгрөг, обой наах 157,500 төгрөг, хог зайлуулах зардал 160,000 төгрөг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 250,000 төгрөг нийт 2,982,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас буйдангийн бүрээс солих зардалд 350,000 төгрөг, хивс цэвэрлэгээний зардалд 25,000 төгрөг төлсөн талаарх болон 5,500,000 төгрөгийн үнэ бүхий зурагт ус алдсаны улмаас норж эвдэрсэн эсэхийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 5,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    

1.Иргэний хуулий 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 2,607,500 /хоёр сая зургаан зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар нэхэмжлэгч Ц.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,670 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамж 56,670 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ                                                 Н.НАРАНГЭРЭЛ

 

         ШҮҮГЧ                                      Х.ДАШДЭЧМАА

 

                                                                     Т.НАРАНЦОГТ