Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/01585

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Ч.Даваасүрэн                               нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н.Аийн нэхэмжлэлтэй         

 

Хариуцагч: дүүрэг, хороо, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.Од холбогдох,

 

Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтайгаар нэр төр алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, иргэдийн төлөөлөгч Ч.Ш, гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон түүний төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: www.tvmongolia.mn вэб сайтын эзэн, уг сайтыг ажиллуулдаг Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 12, 13, 14-ний өдрүүдэд өөрийн мэдлийн дээрх сайтаараа “Шинэчлэлийн ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилгоор ТЭДС-аас зээл олгосон, тухайн үеийн ерөнхий сайд эдүгээ МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.А одоогийн байдлаар 750,000,000 төгрөгийг “Х” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. Н.А улсын төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна” гэсэн байна. ЖДҮ-ээс зээл авсан улс төрчид өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулахын тулд Н.А миний нэр төрд халдах, олон нийтэд буруу ойлголт төрүүлэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой бөгөөд дээрх сайтын бичсэн ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилготой ТЭДС-аас 750,000,000 төгрөгийн зээл авсан, зээл авах шинэчлэлийг эхлүүлсэн гэдэг нь ор үндэслэлгүй худал мэдээлэл, гүтгэлэг юм. Иргэний хуулийн 21.2. Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.9.Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511-р зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж заасан. 2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна гэсэн гарчигтайгаар Н.А миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан Д.Од уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, Н.Аийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа; Н.А нь Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ өөрийн хамаарал бүхий “Х” ХХК-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158,500,000 төгрөгийн хүүгүй зээл авсан нь Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг худал мэдээлэл, гүтгэлэг гэж үзэх боломжгүй. Дээрх үйл баримт нь олон нийтийн сүлжээнд ил тод  нээлттэй  байгаа мэдээлэл бөгөөд тухайн үед нийгэм даяараа энэ сэдвээр амьсгалж байсан. Энэ нь сэтгүүлчийн хийсэн ажил, ямар нэгэн байдлаар улс төржөөгүй. “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Н.А нь одоо 40 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн хамаарал бүхий “Х” ХХК-д Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158,500,000 төгрөгийн хүүгүй зээл авсан нь Үндэсний аудитын 2015 оны тайлан “Тариалангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хийсэн нийцлийн аудитын тайлан, Шилэн дансны хуулга зэргээс харагдана. Энэ талаар цувралаар нийтлэл гарах байсан боловч намайг цагдаа, шүүхэд өгсөн учраас би нийтлэлээ зогсоосон. Зээлийн мөнгөн дүн ярихаасаа илүү зээл авсан нь үнэн гэдэг талаар маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Н.А хариуцагч Д.Од холбогдуулан Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтайгаар нэр төр алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.О нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дээрх мэдээлэл бодит байдалд тулгуурласан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 12,13,14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn сайтаараа “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтай  мэдээлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг мэдээллээс “Тухайн үеийн ерөнхий сайд эдүгээ МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.А одоогийн байдлаар 750,000,000 төгрөгийг “Х” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна”, “Н.А улсын төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна” гэсэн хэсэг нь нэхэмжлэгч Н.Аийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг  нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ", Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" гэж заажээ.

 

Хариуцагч Д.О нь 2018 оны 11 дүгээр сарын 12,13,14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn сайтаараа “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтай мэдээлэл бичсэн эх сурвалжаа Монгол Улсын Үндэсний аудитын 2015 оны тайлан “Тариалангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хийсэн нийцлийн аудитын тайлан зэргийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх ба уг мэдээллийн агуулга нь “2010-2014 онд Засгийн газраас Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Чацарганы тариалалтыг дэмжих үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгосон байдаг. Энэхүү зээлээс тухайн үеийн ерөнхий сайд эдүгээ МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа Н.А одоогийн байдлаар 750,000,000 төгрөгийг Х Эс Би Ти ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байгаа” талаар бичигдсэн байна.

 

“Х” ХХК /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /-ийг үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч Н.А 30 хувийн хувьцаа, Н.Н 40 хувийн хувьцаа, Б.Ц 30 хувийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х” ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэрэг бичгийн баримтаар тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Н.А нь төрсөн дүү Н.Нийн хамт “Х” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшигч байх ба Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцохоор байна.

 

Монгол Улсын Үндэсний аудитын 2015 оны тайлан “Тариалангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хийсэн нийцлийн аудитын тайлангийн “Жимс жимсгэний плантаци байгуулах төслийн хэрэгжилтийг  /графикаар харуулбал/ хэсэгт “Х” ХХК бичигдсэн /хх-ийн 56 тал/, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/123 тоот “Төсөл шалгаруулах тухай” тушаалын 1 дэх хэсэгт... “Х” ХХК-д 158,500,000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн дэмжлэг үзүүлэхийг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад зөвшөөрөл олгож, 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан /хх-ийн 83-88 тал/ болох нь тогтоогдож байна.

 

Талууд 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр “Х” ХХК нь хугацаа хэтэрсэн 19,625,000 төгрөг, гэрээний дагуу хугацаандаа 39,625,000 төгрөг нийт 59,250,000 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй гэж “Тооцоо нийлсэн акт” үйлдэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж /хх-ийн 79 тал/ баталгаажуулжээ.

 

“Х” ХХК нь  2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулах үед Н.А нь Монгол улсын Ерөнхий сайдаар ажилласан байсан болох нь Монгол Улсын Их хурлын 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот тогтоолын 1 дэх заалтаар Монгол улсын Ерөнхий сайдаар Н.Аийг томилсугай. 2 дах заалтаар Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй”, Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолын 4 дэх заалт “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.А нарт даалгасугай” гэх нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байна.

 

Гэрч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн 1811001672 дугаартай Д.Од холбогдох хэргийг 08 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож, зөрчил хянан шалгах ажиллагаа дууссан гэв.

 

Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 тоот тогтоол”-оор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Н.А, Х ХХК-ийн гомдлын дагуу Д.Од холбогдох 1811001672 дугаартай хэргийг 2018 оны 11 сарын 12-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn сайтаараа “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтай нийтлэл гаргаж Н.А болон “Х” ХХК-ний нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тарааж гүтгэсэн гэх үйлдэл нь нотлогдоогүй зөрчлийн шинжгүй нь Нийслэлийн аудитын 2015 оны дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул Монгол улсын Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.11 зүйлд заасныг удирдлага болгон Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7-д заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн 1811001672 дугаартай хэргийг Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.11 зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1/2896 дугаартай албан бичигт “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн 1811001672 дугаартай Д.Од холбогдох хэргийг 08 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосныг хяналтын прокурор Х.Даваадулам хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд дээрх хэргийг хяналтын болон дээд шатны прокуророос хүчингүй болгосон, Зөрчил хянан шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг ирүүлжээ.

 

Хариуцагч Д.О шүүх хуралдааны үед Н.А нь Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ өөрийн хамаарал бүхий “Х” ХХК-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158,500,000 төгрөгийн хүүгүй зээл авсан нь Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл гэж мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед “Х” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 158,500,000 төгрөгийн хүүгүй зээл авсан. Н.А нь “Х” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч, зээлийн 59,250,000 төгрөгийн үлдэгдэлтэй тухайд маргахгүй” гэж тайлбарлав. 

 

Дээрх үйл баримтаас үзэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Д.Од холбогдох “Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтайгаар худал мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Од холбогдох Ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “2018 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд өөрийн өмчлөлийн www.tvmongolia.mn вэб сайтаараа ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Аийн Х ХХК тэргүүлж байна” гэсэн гарчигтайгаар нэр төр алдар хүндийг гутаасан худал мэдээ тараасан, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч  Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ

                                   

                             ШҮҮГЧИД                                       Н.БАЯРМАА

 

                                                                                                      Ч.ДАВААСҮРЭН