Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2019/ДШМ/51

 

Ч.О нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Ч.Отгонсүх,

Шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолтой Ч.О нарт холбогдох 18344007830419 дугаартай 1 хавтас, 230 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, Ч.О нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Төв аймаг, Дэлгэрхаан сум, Дуут Хуримт 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  дугаарын регистртэй, Х овгийн Ч.О

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Төв аймаг Дэлгэрхаан сум, Тарган 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, НЛ91101016 дугаарын регистртэй, Ховгийн Д.М

Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зэвсэг хэрэглэн Д.Маналсүрэнгийн хэвлий тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ховгийн Ч-ын О-ийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Д-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ховгийн Ч-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ховгийн Д-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ч.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хүнд гэлэн овгийн Даваадоржийн Маналсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Хүнд гэлэн овгийн Даваадоржийн Маналсүрэнд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүгдэгч Ч.О нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тонгорогийг устгахыг шүүхийн Тамгын газарт даалгаж,

Хохирогч Д.Маналсүрэн нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хүнд гэлэн овгийн Даваадоржийн Маналсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Хар толгой иш овгийн Чойжилын Отгонсүхийг цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Хар толгой иш 11 овгийн Чойжилын Отгонсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Хүнд гэлэн овгийн Даваадоржийн Маналсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч Д.Маналсүрэн давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн Ч.Отгонсүхэд 3 жил 4 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Ч.Отгонсүхэд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг би хүндэдлээ гэж үзэж байна. Учир нь: Ч.Отгонсүхэд хорих ялыг оногдуулахдаа түүний гэм буруу, хувийн болон амьдралын байдлыг бүрэн харгалзан үзсэнгүй.

Ч.Отгонсүх гэмт хэрэг үйлдэхэд Дашдондог бид хоёрын үйлдэл ч нөлөөлсөн. Дашдондог бид 2 түүний зодож цохиогүй бол Ч.Отгонсүх нь хэрэг үйлдэхээргүй байсан гэж үзэж байна.

Ч.Отгонсүх нь олон хүүхэдтэй, хөгшин эцэг, эхийгээ харж хандаж авч явдаг цөөн малынхаа ашиг шимээр эхнэр хүүхдээ тэжээдэг. Амьдрал ахуйн хувьд хүнд хүн юм.

Энэ бүхний харгалзан Ч.Отгонсүхэд оногдуулсан хорих ялыг хуульд нийцүүлэн өөрчлөж, хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ч.Отгонсүх давж заалдах гомдолдоо: Шүүхээс надад ял оногдуулахдаа баримталсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг би зөвшөөрөх боломжгүй байна. Би иргэн Д.Маналсүрэнгийн биед хүнд хохирол учруулсан буруугаа бүрэн хүлээж байна. Гэвч Б.Дашдондог, Д Маналсүрэн 2 намайг цочролд орж сэтгэцийн хэвийн байдал алдагдтал зодож нүдээгүй бол би Д.Маналсүрэнг хутгалахгүй байсан гэж бат итгэж байна. Ер нь тухайн үед би өөрийгөө юу хийж байгаагаа мэдэхгүйдээ хүртлээ балмагдсан байсан юм. Ялангуяа Б.Дашдондог нүүр рүү мөргөсөн, Д.Маналсүрэн толгойгоор цементен довжоо мөргүүлсэн нь миний сэтгэл санаанд маш ихээр нөлөөлж хэвийн биш болгосон. Ийнхүү хохирогч нарын хууль бус үйлдэл намайг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн.

Шүүхээс миний буруутай үйлдэлд ял оногдуулахдаа нэгээс найман настай 4 хүүхдийн маань хувь заяа, манай амьдралын хүнд байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсч байна. Мөн миний байнгын асаргаа халамжид байдаг бие муутай, өндөр настай аав, ээж 2 ч хэцүү байдалтай байна. Манайх цөөн хэдэн малын буян, ашиг шимээр амьдралаа залгуулдаг бөгөөд өөр орлогогүй. Би бас нуруу татдаг өвчтэй болохоор биеийн байдал тааруу байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг харгалзан миний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Би буруутай үйлдэл гаргасандаа туйлаас гэмшиж байгаа бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, бусдад хор хохирол учруулахгүй, та бүхний итгэлийг алдахгүй амьдрах болно” гэжээ.

 

Давж заалдах шүүх хуралдаанд хяналтын прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв,

Шүүгдэгч Ч.Отгонсүхийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва гаргасан саналдаа: “Ч.Отгонсүх нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсан үедээ гэм хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул зүйлчлэл  өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Маналсүрэнгийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв гаргасан саналдаа:  “Ч.Отгонсүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.О гаргасан тайлбартаа ... “ Хэргийн зүйлчлэлийг өөрчлөж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Ч.Отгонсүх согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд зэвсэг хэрэглэн Д.Маналсүрэнгийн хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 Д.Маналсүрэн согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвд Ч.Отгонсүхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/, хутгыг эд мөрийн баримтаар  хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, “Д.Маналсүрэнгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний гогцоо, чацархайд шарх, хэвлийн хөндийд сул шингэн, зүүн сарвуу, бугалга, оочинд шарх, хэвлийн булчингийн чангарал, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”  гэсэн Шүүхийн шинжилгээний албаны №675 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, “Ч.Отгонсүхийн биед хамар ясны хугарал, бүсэлхийн нурууны жийргэвч цүлхийлт, зүүн шанаа, хамар, доод урууланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн  Шүүхийн шинжилгээний албаны  №663 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хутган дээр цус илэрснийг, цусны ДНХ тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11501,12064 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд  /хх-ийн 44,45-46 дугаар хуудас/, хохирогч, яллагдагч Ч.Отгонсүхийн /хх-ийн 14-15,62-64 дүгээр хуудас/, хохирогч яллагдагч Д.Маналсүрэнгийн /хх-ийн 16-17, 53-56, 57-59 дүгээр хуудас/, гэрч Б.Дашдондогийн /хх-ийн 20, 21-22 дугаар хуудас/, гэрч Л.Отгонжаргалын /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч гэрч Б.Цэцэгдалайгийн /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Л.Барамсайн /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Н.Отгонмаа /ххийн 84 дүгээр хуудас/, шинжээч И.Ганболорын /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Д.Маналсүрэн, Ч.Отгонсүх нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Шүүх Ч.О нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Ч.Отгонсүхийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Д.Маналсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Отгонсүх “хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хорих ял биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгч  Д.Маналсүрэн “Ч.Отгонсүхэд оногдуулсан хорих ялыг  хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Отгонсүхийн “Дашдондог уургаараа цохилоо гэж уурлаад намайг мориноос татаж буулгасан, Маналсүрэн намайг дэлгүүрийн довжоон дээр унагаад, дараад, хоолой боогоод, гараараа нүүр рүү цохиж, нуруу руу өшиглөсөн...нэг ухаан орсон чинь Маналсүрэн намайг зодож байсан...намайг босгохгүй бол би хутгаллаа гээд халаасанд байсан тонгоргийг аваад гэдэсний зүүн тал руу нэг удаа, араас нь гар руу нь нэг удаа хутгалсан / хх-ийн 14-15, 18-19, 62-64 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

 - шүүгдэгч Д.Маналсүрэнгийн “Дашдондог Отгонсүхийг мориноос нь татаж буулгаад, барилцаад авсан, би салгаад Отгонсүхийг тэврээд авсан үед Отгонсүх намайг тонгорч унагаад доороо хийчихсэн. Отгонсүх тонгорог гаргасан, Дашдондог зугтаагаад явсан...би хутганых нь ирэн дээрээс бариад авсан, хутгаа авах гээд холхиулаад байхаар нь чи намайг шаах гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь миний эрүү рүү хутгаа явуулж байгаад эрүүнд хүргэсэн. Тэгээд миний гар өвдөөд хутгыг нь тавьсан чинь миний хэвлийн зүүн доод хэсэгт нэг удаа хутгалсан. / хх-ийн 16-17, 23-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

- гэрч Б.Дашдондогийн “...Ч.Отгонсүх мориндоо мордохдоо миний нүд рүү уурагны бөгсөөрөө хатгачихсан, би уурлаад буугаад ир гэж хэлсэн чинь мориноосоо буухгүй байхаар нь татаад буулгасан. Маналсүрэн Отгонсүх хоёр хоорондоо барилцаад, дэлгүүрийн үүдний цемент довжоон дээр Отгонсүхийг унагааж байсан. Мөн нүүр рүү нь гараараа цохиод, өшиглөөд байсан, хутгалсан үйлдлийг нь хараагүй./ хх-ийн 20, 21-22 дугаар хуудас/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтыг дүгнэхэд  Д.Маналсүрэн Ч.Отгонсүх нар хоорондоо ноцолдож, Д.Маналсүрэн Ч.Отгонсүхийг дэлгүүрийн үүдний цемент довжоон дээр дарж унагаад зодсон, Ч.Отгонсүх хутга гаргаад “хутгаллаа шүү” гэж хэлсэн, Д.Маналсүрэн хутганых нь ирэн дээрээс барьж хориглосон, хутгыг тавихад Ч.Отгонсүх Д.Маналсүрэнг хутгалсан, хутгалсан үйлдлийн улмаас Д.Маналсүрэнгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх...зүүн сарвуу, бугалга, оочинд шарх...бүхий хүнд гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдсон  байна.

 

Харин Ч.Ог хутгалсан үйлдэлд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болж санаа сэтгэл  гэнэт хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал  тогтоогдоогүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай ба шүүх Ч.Отгонсүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

 Шүүгдэгч Ч.Отгонсүхийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Д.Маналсүрэнгийн биед хэвлийд нэвтэрсэн шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-40 хуудас/-ийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, Ч.Отгонсүхэд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод 2019 оны 04 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн  байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг гардуулах хуульд заасан хугацааг  баримталж ажиллах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Отгонсүхийн “хэргийн зүйлчлэлийг өөрчлөн, ял хөнгөрүүлэх”, шүүгдэгч  Д.Маналсүрэнгийн “Ч.Отгонсүхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ч.Отгонсүхийн цагдан хоригдсон 70 /дал/  хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

 

3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                                 Т.ЭНХМАА

    Г.БОЛОРМАА