| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0195/З |
| Дугаар | 221/МА2025/0293 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0293
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2025/0293 | Улаанбаатар хот |
Г.Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Г.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар;
Нэхэмжлэгч: Г.Т
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
Нэхэмжлэлийн шаардлага: “Г-ын Т-д Хан-Уул дүүргийн Х дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын АА 18-1-ХХ тоот хаягт байршилтай 296.23 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Т,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2025/0195/З
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. Анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.
3.2. Нэхэмжлэгч Г.Т-ийн төрсөн эцэг С.Г нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/256 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Х дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазад газрын АА 18-1-ХХ тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай газрыг хууль, журам, дүрэм, гэрээнд заасны дагуу дагуу ашиглаж, эзэмшиж байгаад 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өвчний учир нас барсан байдаг.
3.3. Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу өвлөх эрхийн эрхээ нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд нэр шилжүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаж өргөдөл, хүсэлтээ өвлөх эрхийн баримтын хамт хүргүүлсэн боловч МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан заалтыг ноцтой зөрчиж, хуулийн хугацаанд хариу ирүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо шударга шүүхээр хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.
3.4. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0240 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэн Хиад Боржигон овогт Г-ын Т /РД:ХЗ78040911/-д Хан-Уул дүүргийн Х дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын АА 18-1-ХХ тоот хаягт байршилтай 296.25 м.кв талбай бүхий Бичил эко аялал жуулчлалын зориулалттай газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгуулах; газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Талуудын маргааны зүйл нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлэх эрхтэй эсэх талаар байна.
3. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33, 35 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулна гэж заасан байна.
4. Анх маргаан бүхий газрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 186 иргэн, 2 дугаар хавсралтаар мөн дүүргийн Х дүгээр хорооны 116 иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгосны дотор иргэн С.Г /нэхэмжлэгч Г.Т-ийн эцэг/-т Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “АА ”-ны хязгаарлалтын бүсэд “Бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 296.25 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх үүсэж, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2015/465 дугаар гэрчилгээ олгосон байх боловч газар ашиглах гэрээ байгуулаагүй байна. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэлийн тойргийн нотариатч О.Ж нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ...С овогт С-н Г 2020-03-12-нд нас барж, нас барсны бүртгэлийн 1454 дугаарт бүртгэгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн хүүхэд болох Хиадборжигин овогт Г -н Т-д өвлүүлэгчийн ашиглалт-д байсан Ашиглах эрхтэй газар, хаяг, хэмжээ: Хан-Уул дүүргийн 4 хороо Арцат 18 гудамж 1-26 тоот, 296,25 м.кв, Зориулалт: Бичил эко аялал жуулчлал...” хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
5.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;”, 3.1.8-т ““газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” ойлгоно гэжээ.
5.2. Нэхэмжлэгч Г.Т нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “...надад дээрх газрын ашиглах эрхийг өвлүүлэн сунгаж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 63/, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “...Аав минь 2020 оны 3-р сарын 12-нд нас барснаар өв нээгдсэн. Иймд хүү Г.Т надад “Газар ашиглах гэрээ дүгнэсэн акт” гаргаж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 74/, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, мөн яаманд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “...уг газрын хугацаа нь 2020 оны 7-р сарын 23-ны өдөр дууссан тул зохих хууль журмын дагуу гэрчилгээг сунгаж миний нэр дээр гаргаж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 84, 136/-үүдийг гаргасан байна.
5.3. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 858 дугаар албан бичгээр “...2015 оноос хойш ...газар ашиглах гэрээ байгуулаагүй тул газар ашиглах гэрээ дүгнэх боломжгүй байна...” гэж /хх-ийн 40/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/988 дугаар албан бичгээр “...газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг газар ашиглагч нь гаргах эрхтэй. Иймд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” /хх-ийн 39/ гэсэн хариуг нэхэмжлэгч Г.Т-д хүргүүлжээ.
5.4. Үүнээс үзвэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.
6. Энэхүү маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:”, 16.1.1-д “улсын тусгай хамгаалалттай газар”-ын ангилалд “дархан цаазат газар” хамаарч байх бөгөөд Байгалийн бүс бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан газарт нэхэмжлэгчийн 2015 онд бичил эко аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон газарт хамаарч байна. Өөрөөр хэлбэл, “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэнэ” гэж хуульчилжээ.
7. Нэхэмжлэгч Г.Т нь маргаан бүхий газрыг өөрийн эцэг С.Г аас өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлэн авах эрхтэй гэж маргаж байх боловч тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрхийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглосон, газар ашиглагч нас барснаар газар ашиглах эрх нь дуусгавар болсон байна.
8. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3Х дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. …”, 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 1/-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах;”, 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, мөн зүйлийн 1/-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;”,
Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;”, 39.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, …;”, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах болон зөвшөөрөлтэй холбогдох бусад харилцаанд доор дурдсан зарчмыг баримтална:”, мөн хэсгийн 1.6-д “энэ хуульд заасан зөвшөөрөл олгох.”, 19-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.” гэж тус тус заажээ.
9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, маргаан бүхий газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа тухайн тохиолдолд хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Т-д шилжүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бөгөөд тус бүрэн эрхэд газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар зохицуулалт тусгагдаагүй байна.
11. Хариуцагч нь нэхэмжлэгчийн “…газар ашиглах эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх” тухай хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “АА ”-ны хязгаарлалтын бүсэд “Бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 296.25 м.кв газар ашиглах эрхийг шилжүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэх боломжгүй.
12. Энэ талаар анхан шатны шүүх “…нэхэмжлэгчээс гаргасан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан …гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж бичгээр хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргасан нь хууль бус боловч …хүсэлтэд дурдсан тусгай хамгаалалттай газрыг өв нээгдсэн гэдэг үндэслэлээр шилжүүлэн олгох тухай шийдвэр гаргах эрхийг хуулиар хариуцагчид олгоогүй, мөн тухайн газрын ашиглах эрхийг хуулиар шилжүүлэн ашиглахыг хориглосон байх …хариуцагчид даалгасан шийдвэрийг шүүхээс гаргах хууль зүйн үндэслэлгүй…” гэх дүгнэлт үндэслэлтэй.
13. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Г.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 0Х дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА