Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 10

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

хохирогч Б.Нэргүй,

иргэний нэхэмжлэгч Т.Ганбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

шүүгдэгч Ч.Давгажанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чүлтэмсүрэнгийн Давгажанцанд холбогдох эрүүгийн 201619000697 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймаг Богд суманд төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Ханбогд суманд зам ангид ажилладаг, ам бүл 5 аав, ээж, эгч нарын хамтаар Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Чүлтэмсүрэнгийн Давгажанцан  /РД:ЙД94121719/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Давгажанцан нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт Соната-5 маркийн 16-45 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 В заалтыг зөрчиж урд явж байсан Тоёото Приусс 20 маркийн 76-60 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нэргүйн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Давгажанцан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орох замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад машинтай мөргөлдөж нэг машин замын хажуу руу унасан. Цагдаа дуудсан. Хохирол төлбөрт нийт 6820000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. Гэмтэлтэй хүнд 830000 төгрөг, машины төлбөрт 5990000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Б.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Нэг мэдэхэд л машин замын хажуу руу уначихсан. Гэмтлийн эмнэлэгт 9 хоног хэвтсэн. “Ачтан” гэх эмнэлэгт үзүүлсэн. Би өөрт учирсан гэмтлийн улмаас 830000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тэр мөнгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилнэ гэв.  

            Иргэний нэхэмжлэгч Т.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үнэлгээр тогтоосон 5990000 төгрөг авсан. Тэр мөнгөөр дахин машин авч хүрэх биш. Гэхдээ дээр нь нэмээд хэдэн төгрөг өгчихвөл болно гэв.

           

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Гэрч Б.Баярмөнх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед жолооч Давгажанцагийн хамтаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор Соната-5 маркийн 16-45 УНЭ дугаарын машинтай явж байгаад Төв аймгийн Аргалант сумын “Хиаман цех” гэх газар асфальтан зам дээр 76-60 УБЛ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж осолд орсон тухайн үед Давгажанцан өөрөө машинаа барьж байсан 70-80 орчим км цагийн хурдтай явж байсан байх би машины урд сууж явсан нар тусаад үүргэлээд явж байсан яг юунаас болсныг би мэдэхгүй байна түс тас хийгээд л явчихсан Т.Приус-20 машин 4 дугуй нь дээш хараад онхолдож байсан. Надад ямар ч гэмтэл учраагүй. Давгажанцан архи дарс огт уугаагүй цоо эрүүл байсан. Бид хоёр замын компанид хамт ажилладаг юм. Осол юунаас болсныг би мэдэхгүй байна. Тухайн Приус-20 машин эргэх дохио өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Би үүрэглээд явж байсан гэнэт л түс тас хийгээд машин юм мөргөх шиг болсон” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

 

Гэрч Д.Төмөр-Осор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос хүү Ганбаатарын 76-60 УБЛ дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Нэргүй болон ач хүү Алтанхуяг нар арын суудал дээр би урд талын зорчигчийн суудал дээр суугаад Төв аймгийн Алтанбулаг сумын Тоосготын даваа гэх газар очих гэж явж байтал Төв аймгийн Аргалант сумын Хиаман цех гэх газрын ойролцоо асфальтан зам дээр явж байгаад зүүн гар тийшээ эргээд замаас салах гэтэл ард явж байсан машин манай машины араас мөргөчихсөн тэгээд манай машин замын хажуу руу онхолдсон манай эхнэр Нэргүй бэртсэн хөдлөж чадахгүй байсан машинаас түшиж буулгасан тэгээд цагдаа ирсэн. Тухайн үед манай хүү Ганбаатар машин барьж явсан. Манай хүү архи дарс огт уугаагүй байсан манай машин зүүн гар тийш эргэхдээ дохиогоо өгч эргэсэн үзэгдэх орчин хэвийн байсан нартай хэвийн цэлмэг өдөр байсан. Намын гадаргуу хуурай байсан бороо шороо ороогүй гулгаа халтиргаагүй байсан”, ... Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургууль 6 дугаар анги хүртэлээ сурсан 1965 онд сургуулиас гарсан уншиж бичиж чадна. Надад сургуульд сурч төгссөн талаар ямар нэгэн бичиг баримт байхгүй. Манай хүү Ганбаатар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуульд 2-3 дугаар анги хүртлээ сурч байгаад сургуулиасаа гаргачихсан юм. Ганбаатар уншиж бичиж чадна” гэсэн мэдүүлэг  /хх-29, 93 тал/,

 

Гэрч Ц.Алтанхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос өвөө Төмөр-Осор, эмээ Нэргүй, ах Ганбаатар нарын хамтаар Төв аймгийн Алтанбулаг сум руу Тоосготын даваа гэх газар луу нутаг үзэхээр явж байсан. Ах Ганбаатарын 76-60 УБЛ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ах Ганбаатар машинаа барьж явсан юм. Төв аймгийн Аргалант сумын Хиаман цэх гэх газар асфальтан зам дээр баруун зүгт явж байгаад зүүн тийш асфальтан замаас шороон зам  руу салахаар эргэтэл ард явж байсан Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл араас мөргөсөн тэгээд манай машин замын хажуу руу унасан. Тэгээд манай эмээ Нэргүй бэртсэн гэмтсэн байдалтай босч чадахгүй байсан. Тэгээд цагдаа ирээд эмээг Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Ах Ганбаатар машин жолоодож явсан. Өвөө Төмөр-Осор урд сууж явсан. Эмээ Нэргүй бид хоёр ард сууж явсан. Манай машин анхааруулах дохио өгсөн. Ах Ганбаатар цоо эрүүл байсан. Архи дарс огт уугаагүй байсан. Манай ах Ганбаатарын машин. Тухайн өдөр цэлмэг нартай дулаахан өдөр байсан. Ямар нэгэн халитаргаа гулгаа байхгүй байсан замын гадаргуу хуурай байсан” гэсэн мэдүүлэг /хх-30 тал/,

 

Гэрч Б.Батчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 16-45 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны хавар 5 сард Давгажанцан гэх хүнд 2 сая төгрөгөөр худалдаад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Би 16-45 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 сая төгрөгөөр Давгажанцанд зарсан мөнгөө бүрэн гүйцэт хүлээж авсан учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-31 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Баярчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би “Еэс капитал” ХХК-н нягтлан бодогч албан тушаалтай. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т.Ганбаатар гэх хүн 76-60 УБЛ дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэл барьцаалж 2500000 төгрөг манай байгууллагаас зээл авсан одоо үлдэгдэл 2300 000 төгрөг дутуу байгаа манай байгууллага Т.Ганбаатартай гэрээ хийхдээ зээлдэгч барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ба замын хөдөлгөөний дүрэм журам зөрчих, зам тээврийн осол аваарын улмаас бусдад хохирол учирсан тохиолдолд учирсан хохирлыг зээлдэгч бүрэн хариуцан гэж гэрээнд заасан учир манай компани хохирлыг зээлдэгч төлөхгүй тохиолдолд иргэний шүүхэд хандах учир эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар 02-нд дуусна. Одоогоор гэрээний хэрэгжилт бүрэн хэрэгжихгүй байгаа гэрээ дуусгаж иргэний шүүхэд хандах болно” гэсэн мэдүүлэг /хх-90-91 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07 тал/,

            -зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08 тал/,

            -осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/,

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-17 тал/,

            -хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-18 тал/,

            -битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зураг /хх-19 тал/,

            -эд зүйлийн үнэлгээ /хх-21 тал/,

            -хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-22 тал/,

            -эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-22 тал/,

             

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12605 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1. Нэргүйгийн биед цээжний хэнхэрцгийн дарагдал, няцрал, зүүн талын 4,5-р хавирганы зөрүүтэй, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн уушигны няцрал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, баруун хацрын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх цээжний хэнхэрцэгийн дарагдал, няцрал, зүүн талын 4,5-р хавирганы зөрүүтэй, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн уушигны няцрал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-33 тал/,

            -Б.Нэргүйн өвчний түүх /хх-35-41 тал/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №12599 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1. Төмөр-Осорын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-43 тал/,

           

            -№00000110 тоот шинжээчийн дүгнэлт

            Хариулт 1. Хьюндай Соната-5 маркийн 16-45 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Давгажанцан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Уг тээврийн хэрэгслийн жолооч Ч.Давгажанцан нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10.1.в-д заасан: “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн.

            Хариулт 2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Тоёото Приус-20 маркийн 76-60 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Ганбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

            Хариулт 3.Зам тээврийн осол хэрэг болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй.

            Хариулт 4. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэжээ /хх-45 тал/,

           

            -Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-47 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлт /хх-48-49 тал/,

            -Тэгш сонголт эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-52-53 тал/,

            -хохирлын баримт /хх-72-74 тал/,

            -Yes capital LLC –н 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №275/16 тоот албан бичиг /хх-88 тал/,

            -хохирол төлсөн гэх баримт /хх-94 тал/,

           

            -шүүгдэгч Ч.Давгажанцангийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-69 тал/,

 

-шүүгдэгч Ч.Давгажанцанг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр /хх-65 тал/, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар /хх-67 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ч.Давгажанцан нь 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутагт Соната-5 маркийн 16-45 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 В заалтыг зөрчиж урд явж байсан Тоёото Приусс 20 маркийн 76-60 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Нэргүйн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаатар нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Баярмөнхийн мэдүүлсэн “Би 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед жолооч Давгажанцагийн хамтаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг орохоор Соната-5 маркийн 16-45 УНЭ дугаарын машинтай явж байгаад Төв аймгийн Аргалант сумын “Хиаман цех” гэх газар асфальтан зам дээр 76-60 УБЛ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж осолд орсон тухайн үед Давгажанцан өөрөө машинаа барьж байсан” гэх /хх-46-47 тал/, гэрч Д.Төмөр-Осорын мэдүүлсэн “2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос хүү Ганбаатарын 76-60 УБЛ дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Нэргүй болон ач хүү Алтанхуяг нар арын суудал дээр би урд талын зорчигчийн суудал дээр суугаад Төв аймгийн Алтанбулаг сумын Тоосготын даваа гэх газар очих гэж явж байтал Төв аймгийн Аргалант сумын Хиаман цех гэх газрын ойролцоо асфальтан зам дээр явж байгаад зүүн гар тийшээ эргээд замаас салах гэтэл ард явж байсан машин манай машины араас мөргөчихсөн тэгээд манай машин замын хажуу руу онхолдсон манай эхнэр Нэргүй бэртсэн хөдлөж чадахгүй байсан” гэх /хх-29, 93 тал/, гэрч Ц.Алтанхуягийн мэдүүлсэн “..Төв аймгийн Аргалант сумын Хиаман цэх гэх газар асфальтан зам дээр баруун зүгт явж байгаад зүүн тийш асфальтан замаас шороон зам  руу салахаар эргэтэл ард явж байсан Соната-5 маркийн тээврийн хэрэгсэл араас мөргөсөн тэгээд манай машин замын хажуу руу унасан. Тэгээд манай эмээ Нэргүй бэртсэн гэмтсэн байдалтай босч чадахгүй байсан” гэх/хх-30 тал/ мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-07 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-08 тал/,осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-09 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №12605 тоот шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/ /хх-33 тал/, Б.Нэргүйн өвчний түүх /хх-35-41 тал/, №00000110 тоот шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-47 тал/, болон шүүгдэгч Ч.Давгажанцангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.Давгажанцанг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

    

Шүүгдэгч Ч.Давгажанцанд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

           

Хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Б.Нэргүй нэхэмжлэх зүйлгүй хохирол төлбөргүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролгүй байна.

Харин хохирогч Б.Нэргүй нь цаашид гарах эмчилгээтэй холбогдсон зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Давгажанцан нь хохирлын төлбөрт хохирогч Б.Нэргүйд 830000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Ганбаатарт 5990000 төгрөг төлсөн байх ба иргэний нэхэмжлэгч Т.Ганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо авсан дахин шинээр машин авахад мөнгө өгвөл болно” гэж мэдүүлж байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ч.Давгажанцан нь төлж барагдуулсан байх тул иргэний нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн “350000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 2 хаалгатай Хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч”, “280000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн хагас автомат Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин” зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн №997346 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Давгажанцан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шарнууд Чүлтэмсүрэнгийн Давгажанцанг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Ч.Давгажанцангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/ 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Давгажанцанд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Давгажанцангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн ялтан Ч.Давгажанцангийн №997346 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “350000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн 2 хаалгатай Хятад улсад үйлдвэрлэсэн хөлдөөгч”, “280000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан өнгийн хагас автомат Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин” битүүмжилсэн  2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Ч.Давгажанцан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан Ч.Давгажанцан хохирлын төлбөрт хохирогч Б.Нэргүйд 830000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Гантбаатарт 5990000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Нэргүй нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Давгажанцанд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4,  61.5 дах хэсэгт тус тус зааснаар ялтан Ч.Давгажанцангийн тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Ч.Давгажанцан нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ч.Давгажанцанд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ