Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Ховд аймгийн Прокурорын гакрын  хяналтын прокурор З.Алтансолонго,шүүгдэгч: Б.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Боржгон ургийн овогт Мөнхбаатарын Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2336000080037 дугаартай, 178/2023/0068/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кип автоматикч мэргэжилтэй, “Алтайн зам” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй Боржгон ургийн овогт Мөнхбаатарын Эрдэнэбаяр, регистрийн дугаар: ПИ89102334

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Турлиахт 24 айлын орон сууцны гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Отгонбаяртай маргалдаж түүний нүүрэн тус газар “Хараа” гэх  архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/

2. Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би гэрээс гараад орцны үүдэнд М.Эрдэнэбаяртай таарсан. Тэр намайг ”чи яасан шазруун писда вэ” гээд заамдаж авсан. Тэгээд барилцаад автал халааснаасаа “Хараа” архины шил гаргаж ирээд толгойн зүүн дээд хэсэгт цохиход цус асгараад би М.Эрдэнэбаярыг дараад авсан. Тэгээд л цагдаа дуудсан. Түүний найз охин нь манай компанид хамт ажилладаг. Тэр охинтойгоо хардсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 10-р хуудас/

3.Гэрч С.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”2022 оны 12 сарын 15-ны орой БОЭТ-ийн яаралтай тусламжийн төвд Д.Отгонбаяр гэх хүн зүүн хөмсөгний баруун дээд талд язарч зүсэгдсэн шархтай ирсэн. Шархыг цэвэрлэж 3 оёдол тавьж эмчлээд явуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 4-р хуудас/

4.Гэрч Х.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”М.Эрдэнэбаяр миний найз залуу. Бид хоёр гэр бүл болоогүй, нэг нэгнийдээ ирж очоод явдаг.Д.Отгонбаяр гэх залуу манай компанид няраваар ажилладаг.” гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/

5.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай химийн шинжилгээгээр “М.Эрдэнэбаярын биенээс авсан гэх цусанд 2.0 промилли этилийн спирт илэрсэн согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хэргийн 22-р хуудас/

6. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай “Д.Отгонбаярын биед  зүүн чамархайн урд хэсэгт шарх тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хэргийн 28-р хуудас/

7. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай “М.Эрдэнэбаярын биед  хүзүүний баруун урд хэсгийн зулгаралт, дээд уруулын зүүн гадна хэсгийн зулгаралт 2 сарвууны ар хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт/хэргийн 28-р хуудас/

8. Шүүгдэгч М.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”Тэр өдөр Д.Отгонбаярыг гэрийнх нь гадна дуудаж гаргаж ирээд маргалдаж заамдалцсан. Д.Отгонбаяр намайг цохихоор нь халаасанд байсан архины шилээр толгой руу нь цохисон.Д.Отгонбаяр миний дээр гарчихсан байсан. Найз охинтой уулзаад байсан, үүнээс болж маргалдсан...гэх мэдүүлэг/хэргийн 46-р хуудас/

9.Шүүгдэгч М.Эрдэнэбаярын хувийн байдлыг тогтоосон /хэргийн 50-53-р хуудас/  баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  бусадтай маргаж харилцан заамдалцаж халаасанд байсан архины шилээр хохирогчийн толгойн тус газар цохиж  түүний биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хохирогчийн биед халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 Шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсанаас  нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Эрдэнэбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

  Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эрдэнэбаярын “...би гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас”-аар /хэргийн 54-р хуудас/ тогтоогдож байна.

 Шүүгдэгчийн  хувийн байдлын талаар шүүгдэгч М.Эрдэнэбаярын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

 Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Хохирогч нь хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй.../ хэргийн 56-р хуудас/ гэх хүсэлт өгснөөс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Эрдэнэбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:Шүүгдэгч М.Эрдэнэбаярт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тасалан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч М.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Улсын яллагчийн 800,000 төгрөгөөр торгох ялыг багасгаж оногдуулж  өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч М.Эрдэнэбаяр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн санал, шүүгдэгчийн тайлбар мэдүүлэг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбаярт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2336000080037 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон уригийн овогт Мөнхбаатарын Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржгон овогт Мөнхбаатарын Эрдэнэбаярыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбаярт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Эрдэнэбаярт мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч М.Эрдэнэбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбаярт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ГАНТӨГС