Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1952

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн гаргасан,

 

Хариуцагч: Ст холбогдох,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: С-ийн гаргасан,

 

Хариуцагч: С

 

Хариуцагч: М ХХК холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох, хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, өмгөөлөгч Х, хариуцагч Питгэмжлэгдсэн төлөөлөгч О, өмгөөлөгч М, хариуцагч бөгөөд нэхэмжлэгч С, өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А тус шүүхэд гаргаса нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай М ХХК-ийнөмч хөрөнгөнд тооцогдох улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Сээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106.1 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 14.4, 26.2, Компанийн тухай хуулийн 97.1.14, М ХХК-ийндүрмийн 14.14.4AI хэсэгт тус тус үндэслэн гаргасан.

 

Компанийн тухай хуулийн 97.1.14.-т компанийн дотоод журамд заасан гэх агуулга байгаа. Компанийн дүрэмд зааснаар компанийн байранд гэрчилгээг хадгалах гэсэн заалт ч байдаг. Иймд, хариуцагч Сээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн гаргуулж өгнө үү” гэв.

 

            Нэхэмжлэгч Сээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Бийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Гүйцэтгэх захирлыг томилох дүрэм, журмыг компанийн дотоод журмаар зохицуулсан байдаг. Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд тогтоол гаргаж ажлаас чөлөөлсөн. Би, 2017 оны 8 дугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон ба тус компанийн 11 хувийн хувьцааг өмчлөгч. Гүйцэтгэх захирлыг ажилд авах, томилох тухай 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн М ХХК-ийнтөлөөлөн удидах зөвлөлийн тогтоолоор намайг ажлаас хууль бусаар чөлөөлж миний эрхийг зөрчсөн.

 

Уг тогтоолд гарын үсэг зурсан төлөөлөн удидах зөвлөлийн даргыг би мэдэхгүй. Өмнөх төлөөлөн удидах зөвлөлийг татан буулгаагүй. Тус  тогтоолын улмаас би ажлаа хийх боломжгүй болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурал өөрийн гэсэн журамтай байдаг. Өөрөөр хэлбэл, зарлах, хуралдах, тов явуулах, хурал хийх зэрэг ажиллагаа хийгддэг. Гэтэл хурал хийгдээгүй хууль бусаар шийдвэр гарсан. Миний зүгээс төлөөлөн удидах зөвлөлийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчингүй болгуулж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлын ажил үүргээ буцаан гүйцэтгэх хүсэлтэй байна.

 

Хувьцаа эзэмшигчийн шийдвэр компанид хамааралгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэтэл компанийн эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Иймд, тус хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллагатай холбоотой маргаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Том хувьцаа эзэмшигчдийн шийдвэр нь хариуцагч М ХХК-ийншийдвэр биш гэж тайлбарлаж байна. Гэвч хариуцагч М ХХК-ийнхувьцаа эзэмшигчдийн хурлын шийдэх асуудлын хүрээнд шийдвэр гарсан. Компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах шийдвэрүүдтэй холбоотой маргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан гомдлоор шийдэх маргаан мөн.

 

Компанийн хувьд гүйцэтгэх удирдлагатай хөдөлмөрийн харилцаа үүсгэх этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл эсвэл хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Тухайн үед бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй байсан. Хариуцагч тал цалинтай холбоотой асуудлаар мэтгэлцэхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл ямар асуудлаар мэтгэлцэхийг хариуцагч өөрөө тодорхойлно. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад төлөөлө удирдах зөвлөлийн шийдвэртэй холбоотой шаардлагыг дурдсан. Хариуцагч П-д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй гэж ойлгож болохгүй. Тэрээр бүлэг хүмүүсийн хамт компанийн байранд дайран орж компанийн удирдлага, өмч хөрөнгийг хууль бусаар авсан тул хууль бус үйл ажиллагаа зогсоолгохыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. П-г томилсон шийдвэрүүд нь хууль бус тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Хариуцагч М ХХК-ийг анх Виржинийн арлуудад байрладаг Г гэх хуулийн этгээд үүсгэсэн. Уг компанийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг тус компани 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Сийг хариуцагч М ХХК-ийнгүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн тухай хуулийн 62.2.3.-д төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурлаар гүйцэтгэх удирдлагыг томилох эрхтэй гэх заалтад нийцүүлэн шийдвэр гаргасан.

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК-ийнгүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн, энэ компанийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр БНСУ-ын иргэн, Япон улсын иргэн, С гэх 3 гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж, гишүүнээр томилогдсоноор компанийн удирдлагыг хэрэгжүүлэх болсон. Хариуцагч М ХХК-ийнхувьцаа эзэмшигчдийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 2,988 ширхэг хувьцаа нэмж гаргаж, 2017 оны 09 дүгээр сарны 26-ны өдөр Стэй 2,988 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрх шилжүүлэн Сийн эзэмшилд шилжүүлсэн тул нэхэмжлэгч С тус компанийн хувьцаа эзэмшигч болсон.

 

Хариуцагч М ХХК-ийн том хувь нийлүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийг энэ компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, БНСУ-ын иргэн С-г гүйцэтгэх захирлаар томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, тухайн албан тушаалын цалин, урамшуулал авах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч М ХХК-ийн том хувь нийлүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын 2 шийдвэрээр Сийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Япон Улсын иргэн *******-г түүний оронд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь нэхэмжлэгчийн компанийн удирдлагад оролцох эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэр болсон.

 

Нэхэмжлэгч Сийг хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн тус компанийн 89 хувийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон төлөөлөн удирдах зөвлөлийн явуулсан үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, компанийн дүрмийг зөрчсөн бөгөөд энэхүү хууль бус шийдвэр, үйл ажиллагааг үндэслэн хариуцагч БНСУ-ын иргэн С, бүлэг хүмүүсийн хамт компанийн байранд дайран орж, компанийн удирдлага, өмч хөрөнгийг хүчээр өөрийн мэдэлд авсан үйлдэл нь нэхэмжлэгч Сийн хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Компанийн тухай хуулинд том хувьцаа эзэмшигч гэх ойлголт байхгүй, нэгээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн 51 хувиас дээш хувьцаатай этгээд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахгүйгээр дангаараа хурал хуралдуулах эрх олгогдоогүй.

 

Компанийн тухай хуулийн 59.3.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна. Хурлын төрлөөс хамаарч шийдвэр гаргах субъект өөр өөр байдаг. Иймд, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд ээлжит болох ээлжит бус хурлын аль нь болохыг тодорхой тусгах шаардлагатай. Аль төрлийн хурлаас хамаарч гарсан шийдвэрийн хууль зүйн үр дагаварыг тодорхойлох үндэслэл болдог. Хариуцагч М ХХК-ийн том хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэр ээлжит болон ээлжит бус хурлын алинаас гарсан шийдвэр болохыг тодорхой тусгаагүй. Компанийн тухай хуулийн 59.4, 60.1, 61.4, 61.1, 61.9.-д тус тус зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргахаар хуульчилсан. Хариуцагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан гэх баримт хэрэгт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Сийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх, П-г томилох, мөг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, түүний оронд Япон улсын иргэн *******-г томилох эсэх асуудлыг хэлэлцэх талаар хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль заасны дагуу зарлан хуралдуулсан талаар нотолж чадаагүй. Компанийн тухай хуулийн 65.1, 65.2.-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг тухайн компанийн хувьцаа эзэмшигч бүрт хүргэх үүрэгтэй. Нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК-ийн 11 хувийн хувьцаа эзэмшигч. Хувьцаа эзэмшигчийн хувь түүнд хурлын зар хүргэж, Компанийн тухай хуулийн 34.1.1.-д заасан эрхийг эдлүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч М ХХК-ийн 89 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурал зарлалгүй том хувьцаа эзэмшигч гэх нэрийн дор дангаар хуралдуулсан гэх баримт үйлдсэн нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэх асуудалд хувь тэнцүүлж санал өгөх эрхийг зөрчиж байна.

 

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч 11 хувийн хувьцаа эзэмшигч саналын эрхгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ саналын эрх нь байгаа, нэхэмжлэгч С 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2018 оны 01 дүгээр сард М ХХК-ийн 89 хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулалгүйгээр намайг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж улмаар уг хууль зөрчсөн шийдвэрээ үндэслэн БНСУ-ын иргэн П-г гүйцэтгэх захирлаар томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж дурдсан.

 

Хариуцагч М ХХК-ийн зүгээс ямар нэгэн тайлбар болон үгүйсгэсэн нотлох баримт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4.-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан журмын дагуу хуралдуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан. Компанийн тухай хуулийн 76.1.8, компанийн дүрмийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар М ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд хамаарна. Мөн хуулийн 83.15.-т зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй атал хуулийн уг заалтын хувьцаа эзэмшигчдийн хурал зөрчиж шийдвэр гаргасан.

 

Компанийн тухай хуулийн 80.1, Компанийн дүрмийн 11.11.-т тус тус зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг ээлжит болон ээлжит бус зарлан хуралдуулна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахтай холбоотой асуудал, зарыг хүргэх журмыг Компанийн дүрмийн 11.1, 11.15.-т тус тус зохицуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг журмын дагуу зарласан эсэх, нэхэмжлэгч Ст хурлын зар хүргэсэн эсэх талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Энэ нь хууль бусаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Компанийн тухай хуулийн 80.3.-д төлөөлөн удирдах зөвлөлийг санаачлах, шаардлага гаргах журмыг хуульчилсан. М ХХК-ийн зүгээс гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр томилох талаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах талаар хэн гаргасан гэдгийг баримтаар нотолж чадаагүй.

 

Компанийн тухай хуулийн 59.5.-т зааснаар харицагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх нөхцөл тогтоогдож байна. Хариуцагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гаргах үедээ дээр дурдсан хуульд заасан бүрэн эрх бүхий этгээд байсан эсэхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч С хуралд оролцсон ч нөлөөлөхгүй гэж тайлбар хийж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн гэж тайлбарладаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэхэмжлэгч Сийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргахын тулд хувьцаа эзэмшигчдийн хурлаа албан ёсоор зарлах ёстой.

 

Гэтэл албан ёсоор хурал зарлаагүй тул уг шийдвэр хүчинтэй эсэх эргэлзээтэй. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 14-өөс доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрүүд нэг өдөр гарсан. Хуульд заасан мэдэх эрхийг хангаагүй. Нэхэмжлэгч Сийн хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын эрх, үүргээ хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9.4.7.-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээх, 9.4.1.-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрөх эрхийн хамгаалалтанд орох хууль ёсны шаардлага юм. Нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул энэ хугацааны цалин, хөлсийг шаардах эрхтэй. М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхлаа сар бүр 18,000,000.00 төгрөгийн цалин авдаг байсан гэдэг нь нийгмийн даатгалын төлөлтөөр нотлогдож байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 315,000,000.00 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжилж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1.-д зааснаар тус тус хянан шийдвэрлэх үндэслэлтэй. Мөн гомдлоор үүсэх хэрэг маргаанд компанийн шийдвэр хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160.1.1.-д хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах буюу зогсоохыг үүрэг болгох, шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох гэж заасан байдаг ба аж ахуйн нэгж гэх ойлголтод компани орно. Хохирол гэдэг нь олох ёстой байсан орлого буюу цалин, хөлс юм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5 дах хэсэгт зааснаар гомдлоор хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэлийн шаардлагын тус хэсэг нь Иргэний хуулийн 9.4.4.-т заасан эрхийн хамгаалалтад хамаарна.

 

Хариуцагч М ХХК-ийн 89 хувийн хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн хууль бус шийдвэрийг үндэслэн БНСУ-ын иргэн П-ийн компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлэх үйл ажиллагааг таслан зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус шийдвэрийн үндсэн дээр томилогдсон этгээд компанийн гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж нэхэмжлэгч Сийн хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэх эрхийг зөрчиж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан.

 

Үүнийг Иргэний хуулийн 9.4.2.-т заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, сэргээх эрхийн хамгаалалтанд хамаарч байна гэж үзэн. Хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгч Ст холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч А гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ад олгосон итгэмжлэлийг хууль бус шийдвэрээр томилогдсон П итгэмжлэл олгосон. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл П нь хариуцагч М ХХК-ийг төлөөлөх эрхгүй үзэж байгаа тул нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Сээс хариуцагч М ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-иас гаргасан нэхэмжлэгч Ст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч С нь нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчилсөн. Үүнээс харахад “Максимус дистрибьюшин” ХХК-нд холбогдуулан 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч дурдахдаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан, шинээр байгуулагдсан төлөөлөн удирдах зөвлөл нь хууль бус гэж тайлбарлаж байна. Гэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, мөн өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг компани хариуцахгүй. Иргэний хуулийн 25.1 болон Компанийн дүрмийн 3.3.-д зааснаар компани өөрийн үйл ажиллагаанаас үүсэн гарах хариуцлагыг өөрийн хөрөнгийн хэмжээнд хариуцна.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас төлөөлөн удирдах зөвлөлийг сонгож, төлөөлөн удирдах зөвлөл рүү хувьцаа эзэмшигч нар шийдвэрээ хүргүүлдэг. Компанийн дүрэм болон хамтран ажиллах гэрээний 7 дугаар зүйлд гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн хуралтай гэрээ байгуулна. Нэхэмжлэгч гүйцэтгэх захирлын гэрээгээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гүйцэтгэх захирал нь өөрөө хувьцаа эзэмшигч байж гэрээгээ тодорхойлоогүй. Энэ компангийн 89 хувийн хувьцаа эзэмшигч Г компанийн огт оролцоогүйгээр М ХХК-иас Б гэх хүнд итгэмжлэл олгож Стэй хамтран ажиллах гэрээг байгуулсан.

 

Нэхэмжлэгч өөрийн эрх, үүргийг тусгайлсан гэрээгээр зохицуулах байтал тусгайлсан гэрээгээр зохицуулаагүй. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн байхад хувьцаа эзэмшигчид хандалгүй, өөр гадаад хуулийн этгээдийн шийдвэрийг М ХХК хариуцах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ хохирол нэхэмжлэх юм бол хууль зүйн өөр агуулгатай буюу нэхэмжлэгч Ст бодит хохирол учирсан байх ёстой. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156-160 дугаарт заасан зохицуулалт бол гомдлоор хянан шийдвэрлэдэг ажиллагаа юм. Харин маргаан бүхий харилцаа нь гомдлоор хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

 

Хөдөлмөрийн маргаан биш буюу ажил олгогч нь М ХХК биш. Хэрэв талууд хоорондоо гэрээтэй байсан бол гэрээгээрээ хариуцах ёстой байсан. Нэхэмжлэгч С нь өөрөө компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байтал компанийг хариуцагчаар татах нь буруу. Өнөөдрийн шүүх хуралд миний бие М ХХК гэх хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Харин хувьцаа эзэмшигчийн маргаанд хамааралгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэл тус бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл 2018 оны 9 дүгээр 06-ны өдөр 70,200 төгрөг төлсөн байна. Энэ шаардлага нь зөвхөн М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад холбогдож байна.

 

Харин төлөөлөн удирдах зөвлөлийг тогтоосон хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой шаардлага гаргаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон шийдвэр үндэслэлтэй эсэх дээр мэтгэлцэх шаардлага байхгүй ба М ХХК-нд хамааралгүй. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. Улсын тэмдэгтийн хураамж 1,292,150 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах биш харин хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол гэж төлсөн. Тиймээс хөдөлмөрийн маргаан биш тул 315,000,000.00 төгрөгийн хүрээнд өнөөдөр мэтгэлцэхгүй. Нэхэмжлэгч С нь иргэний хувьд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргаж байна гэж тайлбарлаж байна. Хувьцаа эзэмшигчийн зүгээс Компанийн тухай хуулинд заасан тодорхой шаардлагуудыг л гаргана. Өнөөдрийг хүртэл хуулийн ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг тодорхой бус.

 

Компанийн тухай хуулийн 59.3.-т зааснаар мэдэгдсэн эсэх талаар хариуцагч тал тайлбар гаргасан. Гэтэл уг хуулийн 66 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах талаар хуульчилсан. Санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногт багтаж төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх захирал санал гаргаж болно. Энгийн хувьцааны 5-аас дээш хувьцаа эзэмшиж байгаа бол саналын эрхтэй байна. Санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэгч С нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа гишүүний үүргээ хэрэгжүүлж байгаагүй. Албан ёсоор төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болж байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Сийн зүгээс 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэгт, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 төрлийн шийдвэр гарсан. Үүнд Сийг 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар ажиллуулахгүй, БНСУ-ын иргэн П-г 18,000,000.00 төгрөгийн цалинтай гүйцэтгэх захирлын ажилд томилох шийдвэр гаргасан. Уг 2 шийдвэрийн алийг нь хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Хэрэв П-г захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа П гуравдагч этгээдийн хувьд оролцох ёстой байсан.

 

Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын хуувь зүйн үндэслэлээ тодруулаагүй байсан. Б өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар П-г томилсон шийдвэр хууль бус учраас Ад олгосон итгэмжлэл хууль бус тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй гэж тайлбарласан. Хэрэв П-г томилсон шийдвэр дээр маргаж байгаа бол П-г гуравдагч этгээдээр оруулах талаар ярих байсан.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

 

            Хариуцагч Питгэмжлэгдсэн төлөөлөгч О, өмгөөлөгч М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “1 дүгээр хавтаст хэргийн 145 дугаарт талд авагдсанаар БНСУ-ын иргэн П бүлэг хүмүүсийн хамт дайран орж ирж дарамт шахалт үзүүлэн компанийн удирдлага, өмч хөрөнгийг хүчээр хууль бусаар авсан тул түүний үйл ажиллагааг зогсоолгохыг даалгаж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БНСУ-ын иргэн П компанийн байранд хамгаалагч, боксчин зэрэг хүмүүсийн хамт хүч хэрэглэн далайлгаж компанийн үйл ажиллагаа, тамга тэмдэгийг гартаа оруулсан. Мөн өөрийгөө гүйцэтгэх захирал хэмээн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан учраас н.Батгэрэлийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.

 

Гэрч н.Батгэрэл 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр шүүхэд мэдүүлэг өгсөн. Үүнд: “...Хариуцагчийн өмгөөлөгчөөс тухайн өдөр П –тай ямар ямар хүмүүс хамт ирсэн бэ гэж асуухад гэрч эхлээд өглөө 8:30 минутын үед ******* над руу утсаар ярьсан. Тэгээд 9 өнгөрч байхад *******, ******* /олны танил/ нар хамт ирсэн. Харин өдөр 12 цагийн үед орчуулагчийн хамт П ирсэн. Дараа нь А төлөөлөгч ирсэн гэж хариулсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс эдгээр хүмүүс танай компанийн ажлын байранд дээр ирэхдээ хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, дарамталсан үйлдэл гаргасан уу гэж асуухад гэрч үгүй гэж хариулсан. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шинэ захиралд та компанийн ямар нэгэн бичиг баримт, эд зүйлс хүлээлгэж өгсөн үү гэж асуухад гэрч үгүй. Надад компанийн бичиг баримт байгаагүй. С захирлаас надад амрахдаа өгсөн тамгыг Ад хүлээлгэн өгсөн...” гэж хариулсан байна. Гэрчийн мэдүүлгээс харахад П ямар нэгэн хүч хэрэглээгүй байна.

 

Мөн олны танил ******* гэх хүн шинэ захирал ирсэнтэй холбоотой ажилд орохоор ирсэн. Мөн гэрчийн мэдүүлэг дээр “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ******* гэж хүн энэ компанид ажиллаж байсан уу гэж асуухад гэрч өмнө ажиллаж байгаагүй. Шинэ захирлыг ирсний дараа ажлын алба байгуулаад ******* ажлын албаны дарга болсон, ******* нь менежер нь болсон...” гэж хариулсан байна. Энэ үеэс хойш ******* гэх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид ажиллаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17.06 цагт компанийн зүгээс комисс гаргаж өрөө болон бусад эд зүйлийг хүлээж авсан. Комиссын бүрэлдэхүүнд П байхгүй. Стэй холбогдох гэж олон удаа оролдсон. Гэрчийн мэдүүлэг дээр “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компаниас н.Сайнбилэгийг ажлаа хүлээлгэж өгөөч гэж холбогдсон талаар талаар мэдэх үү гэж асуухад гэрч А өмгөөлөгч тухайн үед холбогдоход утсаа авахгүй байсан гэсэн, мессеж бичижн үлдээсэн гэж надад хэлж байсан, би ажлаа хүлээлгэж өг гэж хэлэх гэж биш харин зүгээр холбогдох гэж оролдсон, тухайн өдрөө утсаа аваагүй...” гэж хариулсан. Гэрч нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус компанид ажиллаж байсан. Энэ хугацаанд С ажил хүлээлцэх гэж ирээгүй. Хүч хэрэглэсэн зүйл байхгүй.

 

Компанийн тухай хуулийн 76.1.8.-д зааснаар гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, томилох асуудал нь төлөөлөн удирдах зөвлөлийн эрхийн асуудал. Гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх, шинээр томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх ажлыг хийх үүргийг А төлөөлөгчид итгэмжлэлээр өгсөн. Төлөөлөгч А улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс биш П өөрөө өөрийгөө бүртгүүлсэн үйл баримт болон хууль зүйн үндэслэл байхгүй.

 

Эрх зөрчсөн, шийдвэр гаргасан этгээд нь П биш. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 157, 156, 160 дугаар зүйлд үндэслэж байгаа. Гэтэл гомдлоор хэлэлцэх маргааны хариуцагч нь захиргааны байгууллага байх ёстой. Монгол Улсын Иргэний хууль 2002 онд батлагдах үед Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хууль 2004 оноос үйлчлэх байсан. Энэ үед захиргааны байгууллагад холбогдох хэрэг маргааныг Иргэний хэргийн шүүх хянадаг байсан. Иргэний хуулийн 14 бүлэг төрийн байгууллагатай холбоотой гэж тайлбарлаж байсан.

 

Захиргааны шүүх байгуулагдах үед Иргэний хуулийн 14 дүгээр бүлэг цаашид шаардлагагүй болсон гэж үзэх эрдэмтэд байсан. Харин зарим эрдэмтэд захиргааны шүүхэд харъяалагдахгүй маргааныг хэрхэн шийдвэрлэх шаардлага үүсэх тул уг бүлэг хэвээр үлдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156.1.-д бусад гомдол гэж 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрчлөлт оруулсан. Захиргааны байгууллагад хамаарахгүй бусад этгээдийн шийдвэрүүд нь иргэний хуулиар шийдэгдэнэ. Захиргааны ерөнхий хууль шинээр батлагдсан тул бусад байгууллагууд гэдэгт дахин өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гарсан тайлбарт гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 12.1.4.-т заасан журмын дагуу гаргасан гомдол юм.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.4.-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол гэж заасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2.-т зааснаас бусад тохиолдолд төрийн захиргаа болон аж ахуйн нэгж байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдлыг ерөнхий харъаллын дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Гомдлоор хянан шийдвэрлэх хэргийн нэг тал нь төрийн байгууллага байх шаардлагатай. Аж ахуйн нэгж бол төрийн байгууллага биш. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.5.-т “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж зааснаас харахад захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй төрийн өмчит аж ахуйн нэгжийн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх болж байна. Иргэний хуулийн 14 дүгээр бүлэн бол тусгай бүлэг. Төрийн байгууллагатай холбоотой маргааныг гомдлоор авч хэлэлцдэг практик байдаг. Иргэний хуулийн 14 дүгээр бүлгийг үндэслэх хууль зүйн үндэслэлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Ст холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Харин нэхэмжлэгч Сээс хариуцагч БНСУ-ын иргэн Пболон “Максимус дистрибьюшн ХХК-нд холбогдуулан гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 198,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаагаар тооцон нийт 315,000,000.00 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/05617 тоот захирамжаар эдгээр хэргийг нэгтгэсэн бөгөөд нэхэмжлэгч Сээс 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, мөн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул хөдөлмөрлөх эрхийг минь тус тус зөрчсөн” гэж тодруулсан /2-р х.х-ийн 212, 3-р х.х-ийн 79 хуудас/.

 

Тус хэрэгт нэхэмжлэгч бөгөөд хариуцагч М ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцохоор А, Б, Х, М, Ө нарт итгэмжлэл олгосон хэдий ч нэхэмжлэгч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч Х татгалзсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч Б өөрийн хүсэлтээр итгэмжлэлээсээ татгалзаж, харин Х, М, Ө нар шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ /1-р х.х-ийн 33, 34, 198, 211, 2-х.х-ийн 47, 48, 69, 155, 3-р х.х-ийн 3, 8-11, 12, 15, 18, 19, 49, 67, 68, 69, 94 хуудас/.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02243 тоот захирамжаар нэхэмжлэгч Сийн хүсэлтийг үндэслэн хэрэгт гэрчээр Б, Б нарыг оролцуулсан боловч гэрч Б зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан үндэслэлээр гэрчээр оролцохоос татгалзсан бөгөөд шүүхээс талуудын хүсэлтээр үзлэг хийсэн /2-р х.х-ийн 158-160, 3-р х.х-ийн 23, 86-88, 180-183 хуудас/. 

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан хариуцагч Ст холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн П болон М ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК-ийн хувьцааны 89 хувийг Их Вританийн Виржиний аралд бүртгэлтэй Г ХХК, 11 хувийг нэхэмжлэгч Монгол Улсын иргэн С нар тус тус эзэмшдэг бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд ажээ /1-р х.х-ийн 28-31, 2-р х.х-ийн 7 хуудас/.

 

Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Тайлбарлавал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 болон 3.1.5-д заасан гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай компани гэдгээс үл хамаарч уг хуулийг заавал дагаж мөрдөх журамтай.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн зарчим үйлчилнэ.

 

Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно” гээд 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй” гэж заажээ.

 

Талууд нэхэмжлэгч Сийг хариуцагч М ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг эсэх талаар маргаагүй тул түүнийг хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй этгээд мөн гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Сийг тус компанийн гүйцэтгэх захирлаар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус томилсон байна /2-р х.х-ийн 3-6, 149, 150 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С нь нэг талаас хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нөгөө талаас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд түүнийг гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэгч этгээд эсэх талаар зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллагын шийдвэр гаргахад оролцох эрхтэй субьект ажээ.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, гадаад, дотоод харилцаанд төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээд болно.

 

Нэхэмжлэгч С болон өмгөөлөгч Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг энэхүү компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлж этгээд байсан учраас талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж, 3.1.2-т “ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж, мөн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж, түүнчлэн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж тус тус заасан.

    

Нэхэмжлэгч тал хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирал гэсэн өөр, өөр чиг үүргийн төлөөлөл болохынхоо хувьд хувьцаа эзэмшигчийн компанийн үйл ажиллагаанаас ногдол ашиг хүртэх, удирдлагыг хянах, өмчлөх, мөн төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүргийн хүрээнд хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалан компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоож, гүйцэтгэх захиралд хяналт тавих, гүйцэтгэх захирлын хувьд төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн дагуу компанийн үндсэн зорилго болох үр бүтээмжтэйгээр ашиг олоход өдөр тутмын үйл ажиллагааг зохих ёсоор удирдан зохион байгуулж, цалин хөлс хүртэх гэсэн 3 өөр төрлийн ашиг сонирхлыг илэрхийлэгч болно.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С нь компанийн үйл ажиллагаа ашигтай ажиллаж буй эсэхээс үл хамаарч тогтсон цалин хөлсөө авдаг ажил хөдөлмөрөө үнэлүүлж буй ажилтны нэгэн адил ашиг сонирхолтой этгээд бус, харин тус компани ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчийн болон компанийг ашигтай ажиллуулахад чиглэсэн бодлогыг тодорхойлдог төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний ашиг сонирхлыг давхар илэрхийлэгч тул түүнийг ажил олгогч-ажилтан нарын хооронд үүсдэг хөдөлмөрийн гэрээний харилцааны оролцогч гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Нөгөө талаар зохигчид хөдөлмөрийн болон контракт гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.-д тус тус зааснаар бичгээр байгуулаагүй, нэхэмжлэгч Сийн ямар авьяас, өндөр ур чадварыг хөлсөлсөн талаар үндэслэлтэй тайлбар өгөөгүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Ийм учраас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 359.2.-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С болон хариуцагч М ХХК нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба гомдлоор авч хэлэлцэх маргаан биш.

 

    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК-ийн хувьцааны 89 хувийн хувьцааг эзэмшигч “Глобал коммершиал инвестментс” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Сийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Сийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус тус чөлөөлж, Япон улсын иргэн *******г төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилжээ /2-р х.х-ийн 108-121, 3-р х.х-ийн 71-76 хуудас/.   

 

Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг компанид холбогдуулан гаргах ёсгүй, нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн шийдвэрийг компани гаргаагүй тул хариуцагч биш гэж маргаж байна.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж, мөн 34 дүгээр зүйлийн 34.1.-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж тус тус зааснаар компани буюу хуулийн этгээд гэсэн статусаар иргэний эрх зүйн харилцаанд оролцдог этгээдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаанаас нь ашиг хүртэх зорилготой хувьцаа эзэмшигчдийн компанитай холбоотой шийдвэрийг компаниас тусад нь салгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 62 дугаар зүйлийн 62.2.3.-д тус тус зааснаар хувьцаа эзэмшигчдэд олгосон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлыг сонгох, бүрэн эрхийг нь дуусгавар болгох тухай шийдвэр нь тухайн компанид хамааралтайгаар түүний эрх ашигт үндэслэсэн байдаг тул хувьцаа эзэмшигчийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг компаниас ангид авч үзэж болохгүй.     

 

Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж заасныг хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээсэн гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас бий болсон хариуцлагыг компани хариуцахгүй гэж ойлгох бөгөөд компани нь хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал зэрэг ашиг сонирхол бүхий зохион байгуулалтын нэгдэл болохын хувьд компанийн нэрийн өмнөөс гаргасан хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг компани хариуцах учиртай. Иймд, хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Хы татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус гэсэн төрөлтэй ба хувьцаа эзэмшигчдээс аливаа шийдвэр гаргахдаа уг асуудлын талаар гагцхүү хурлаар хэлэлцсэн байх ёстой гэсэн агуулгыг энэ хуулийн 63 дугаар зүйл тодорхой илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10.-д “Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг тайлбарлавал нөгөө хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй асуудлаар аливаа шийдвэр гаргахгүй гэсэн утгатай.

 

Түүнчлэн тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, хариуцагч М ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11.-д тус тус зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурал мөн адил ээлжит болон ээлжит бус гэсэн төрөлтэй бөгөөд шийдвэр гаргахад тухайн асуудлыг зайлшгүй хурлаар хэлэлцсэн байх ёстой байна /2-р х.х-ийн 21 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хариуцагч М ХХК-ийн хувьцааны 89 хувийн хувьцааг эзэмшигч “Глобал коммершиал инвестментс” ХХК болон хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, тогтоолыг үзвэл, мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11.-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9.-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ” гэж зааснаар уг компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталсан эсэх нь тодорхой бус байх тул нэхэмжлэгч Сийг хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар тийнхүү төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн гэж үзэхээр байна /3-р х.х-ийн 71-76 хуудас/.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг тодорхой асуудлыг зайлшгүй шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн, эсхүл эрх бүхий этгээдийн санал, шаардлагаар зарлан хуралдуулахаар зохицуулсан. Тухайлбал, энэ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.1.5.-д тус тус зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан, төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

 

Ингэхдээ уг хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.3, 61.4.-т тус тус заасны дагуу дээрх этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг бичгээр төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах бөгөөд тухайн саналыг хүлээн авсан этгээд санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах журамтай ба ийнхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргасан бол энэ хуулийн 61 дүгээр зүйлийн 61.9.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг 45 хоногийн дотор хуралдуулах журамтай.

 

Энэ нь, Компанийн тухай хуулийн 64, 65, 66 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох нэрсийн жагсаалтыг гаргах, 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчид нэрсийн жагсаалтыг танилцуулах, хурлын зарыг тэдгээрт хүргэх, хэлэлцэх асуудалд санал оруулах зэрэг мэдэгдэх буюу хуралд бэлтгэх зарчимтай холбоотой бөгөөд тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт хурлын хэлэлцэх асуудлыг заавал тусгасан байх учиртай юм.

 

Гэтэл хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлыг хэний санал, шаардлагаар ямар үндэслэлээр хуралдуулсан нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах болсон талаар тус компанийн 11 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ст мэдэгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1.-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй. Түүнд уг эрхээ эдлэхэд дээр дурдсан шат дараалсан журмыг заавал хэрэгжүүлэхээр зохицуулсан ба үүнийг зөрчсөн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т “Хорин хувь болон түүнээс дээш эзэмшлийн хувь хэмжээтэй хувьцаа эзэмшигч бүр өөрийн хувь эзэмшлийн хэмжээнд ногдох тоог хорьд хуваасантай тэнцүү тоогоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний томилж чөлөөлөх эрхтэй.   .............Хорин хувиас доош эзэмшлийн хувь хэмжээтэй хувьцаа эзэмшигч нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох эрхгүй. ...................” гэж заажээ /1-р х.х-ийн 19 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С нь уг компанийн хувьцааны 11 хувийг эзэмшдэг тул түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох эрх олгогдоогүй, мөн компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.8, 12 дугаар зүйлийн 12.7.-д тус тус зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлыг бүрэн эрхийг хэдийд ч дуусгавар болгож болох учраас хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн хуралд оролцох шаардлагагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан.

 

Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3.-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийг кумулятив аргаар сонгосон бол төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож болно. ...........................” гэж, мөн 83 дугаар зүйлийн 83.15.-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ хэдийд ч гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр хариуцагч компанийн дүрмээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоход хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээгээр саналын эрхийг хязгаарласан, хуульд заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хэзээ ч дуусгавар болгох зохицуулалттай ч энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах журмыг зөрчиж буюу нөгөө хувьцаа эзэмшигчид мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргаж болно гэсэн үг биш юм.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С нь уг компанийн хувьцааны 11 хувийг эзэмшигчийн хувьд компанийн хяналт, удирдлагыг ямар этгээд хэрэгжүүлэх гэж байна вэ гэдэгтэй танилцах, нэр дэвшигчийн талаар өөрийн саналаа илэрхийлэх эрхийг нь хязгаарлаж болохгүй, энэ нь хувьцаа эзэмшигчийн компанийг хянах, удирдахад оролцох эрхтэй холбоотой бөгөөд үүнийг Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д тодорхой заасан байдаг.

 

Гэвч хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлий 65.1.-д “Энэ хуулийн 60.1.-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэж, 65.4.-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М ХХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.15.-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зар нь тухайн хурлаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг агуулсан байх бөгөөд шаардлагатай материал бичиг баримтуудыг хавсаргасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүд өөрөөр тохиролцсоноос бусад тохиолдолд хурлаар зөвхөн хурлын зард тусгайлан заасан асуудлыг хэлэлцэнэ” гэж заажээ /1-р х.х-ийн 20 хуудас/.

 

Тодруулбал, энэхүү зохицуулалт нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.11.3.-д “хурлаар хэлэлцсэн асуудал”-ыг хурлын тэмдэглэлд тусгана гэж заасантай нийцэж байна. Гэвч энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, түүний гишүүд, гүйцэтгэх удирдлага болон компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдуулна” гэж заасны дагуу хариуцагч М ХХК-ийн зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа хэний санал, шаардлагаар ямар асуудлыг хэлэлцэх зорилгоор хуралдсан талаар нотлох баримт хэрэгт алга байна.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.-т “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн хариуцагч компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.11.-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурал нь тухай бүр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тогтоосон газар болно....................................................” гэж заасны дагуу тодорхой бүрэн эрхтэй этгээдийн санал, шаардлагаар төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах ёстой байтал хэрэгт ийм баримт байхгүй, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлыг нэхэмжлэгч буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ст зохих ёсоор мэдэгдээгүй байна.

 

Хэдийгээр хариуцагч компанийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.7.-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар/-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хэдийд ч дуусгавар болгохоор зохицуулсан байх боловч энэ тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хууль, тус компанийн дүрмээр тогтоосон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн хувьд түүний хувьцаа эзэмшдэг компанийг ямар туршлагатай хэн гэгч этгээд удирдах талаар болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд яагаад гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн үндэслэлийн талаар өөрийн саналаа илэрхийлэх эрхийг хязгаарласан байна /1-р х.х-ийн 21 хуудас/.

 

Иймд, хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит бус хурлыг хуралдахдаа Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хуралдаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1.-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж, 364.2.-т “Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно” гэж, мөн 367 дугаар зүйлийн 367.1.-д “Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, талууд хөлсөөр ажиллах гэрээг хугацаатай байгуулсан тохиолдолд тухайн хугацаа дууссанаар дуусгавар болох бөгөөд хэрэв гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд заавал гэрээний дуусах хугацааг хүлээхгүйгээр аль нэг талын санаачилгаар гэрээг цуцалж болно. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасны дагуу зөрчил гаргасан үүрэг гүйцэтгэгч этгээдэд зөрчлөө арилгах талаар хугацаа олгож, гэрээг цуцлах зохицуулалттай.         

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолд нэхэмжлэгч Сийг “компанийн бизнесийг хууль бус, буруу аргаар хувьдаа эзэмшихийг завдсан, компанийн удирдлага болон гишүүдийн итгэлийг удаа дараа эвдсэн” гэж дурдсан байх боловч гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгчийг өөрийн ашиг сонирхлоор хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг зөрчсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй, хариуцагчийн зүгээс энэ талаар үндэслэлтэй тайлбар өгсөнгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийсэн үзлэгээр нэхэмжлэгч С нь хариуцагч М ХХК-ийн хувьцааг худалдан авах талаар санал солилцсон байх бөгөөд эдгээр баримтаар түүнийг компанийн бизнесийг хууль бусаар авахыг оролдсон гэх үйл баримт тогтоогдсонгүй /3-р х.х-ийн 180-183 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Сийн гэрээг цуцлах болсон зөрчлийн талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй.

 

Нөгөө талаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол нь Компанийн тухай хууль, компанийн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болсон тул нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн үндэслэлийн талаар дүгнэх шаардлагагүй юм.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Сийг хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр томилохдоо түүний хөлсийг сарын 18,000,000.00 төгрөг гэж тогтоогоогүй байна. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичсэнээр тэрээр 2017 оны 8, 9, 11 дүгээр сард тус тус 18,000,000.00 төгрөгийн хөлс авч байснаас гадна хариуцагч БНСУ-ын иргэн Пхөлсийг 18,000,000.00 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчид өгөх хөлсийг сарын 18,000,000.00 төгрөг байсан гэсэн тайлбар үндэслэлтэй гэж үзэв /1-р х.х-ийн 5, 6, 2-р х.х-ийн 64, 65 хуудас/.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Нэг талаас хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Стэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах үндэслэл байхгүй тохиолдолд түүний гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болох хүртэлх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломжоор хангах ёстой ба ийнхүү ажиллагч тал ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад гэрээг цуцалсан тохиолдолд түүнд учирсан хохирлыг ажиллуулагч нөхөн төлөх үүрэгтэй болно.

 

Иймд, нэхэмжлэгч Сийг хариуцагч М ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас 198,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Харин шүүх нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн П холбогдох гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох, нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан хариуцагч Ст холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь, хэдийгээр Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6.-д “Компани нь энэ хуулийн 97.1.-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална” гэж заасан боловч энэ нь бичиг баримтыг хаана хадгалах бэ гэдгийг зохицуулсан ба ингэхдээ компанийн үйл ажиллагаа явуулдаг газарт хадгалж, байнга хэрэг болоход ашиглах болон хувьцаа эзэмшигч нар танилцах боломжтой тэрхүү орчин нөхцлийг илэрхийлсэн.

 

Харин тус хуулийн 97 дугаар зүйлийн 97.5.-д “Энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга /байхгүй бол гүйцэтгэх удирдлагын холбогдох албан тушаалтан/ эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасан нь зохих ёсоор хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, шаардлагатай үйл ажиллагаанд хуулбарлаж өгөх зэргийг хариуцан гүйцэтгэх этгээд хэн байхыг зохицуулсан бөгөөд тухайн компанид төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга байхгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас даалгасан ажилтан гүйцэтгэнэ.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.4 “г” хэсэгт “гүйцэтгэх захирал нь энэхүү дүрмийн 15.4-р зүйлд заасан баримт бичгийг хадгалах, эрх бүхий этгээд тэдгээр баримт бичигтэй танилцах боломж олгох, архивт шилжүүлэх үүрэг хүлээнэ. Гүйцэтгэх захирал нь компанийн баримт бичгийг хөтлөх ажлыг бэлтгэх, зохион байгуулах талаар биечлэн хариуцлага хүлээнэ” гэж заажээ /1-р х.х-ийн 23 хуудас/.

 

Тодруулбал, тус компанийн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.4 “а” хэсгийн 1-рт зааснаар компанийн гүйцэтгэх захирлын хадгалах бичиг баримтанд улсын бүртгэлийн гэрчилгээ хамаарна.

 

Нэгэнт шүүхээс хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Сийг хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийг уг компанийн хуулийн этгээдийн гэрчилгээг хадгалах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор хариуцагч БНСУ-ын иргэн *******ыг тус компанийн гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон ба түүнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэжээ /1-р х.х-ийн 28-31, 3-р х.х-ийн 71-76 хуудас/.

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 76 дугаар зүйлийн 76.1.8.-д тус тус зааснаар тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгох эрхтэй бөгөөд тийнхүү сонгогдсон гуравдагч этгээд хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдахдаа хууль зөрчсөний хариуцлагыг хүлээхгүй.

 

Тодруулбал, гүйцэтгэх захирлаар сонгогдсон хариуцагч Пнь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зохих журмын дагуу хуралдуулах, хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах эрхтэй этгээд биш бөгөөд тэрээр гагцхүү компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр сонгогдсон тул үндэслэлгүйгээр хууль бусаар нэхэмжлэгч Сийн ажил үүргийг хүлээн авсан гэж үзэхгүй.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаар хариуцагч *******ыг гүйцэтгэх захирлаар сонгосон учраас тэрээр өөрийн ажил үүргийг хүлээн авахаар М ХХК-ийн ажлын байранд очсоныг нэхэмжлэгчийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулсан гэж тооцохгүй, түүнд эрх бүхий этгээдийн гүйцэтгэх захирлаар сонгосон шийдвэр байсан учраас тийнхүү зайлшгүй ажил хүлээлцэх шаардлагатай байсан гэж үзнэ.

 

Нөгөө талаар тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон П итгэмжлэгдсэн төлөөлөгч Ад олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Учир нь, Пнь гүйцэтгэх захирлаар томилогдож, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдснээр түүнийг эрх бүхий этгээд гүйцэтгэх захирлаар томилохдоо хууль зөрчсөн эсэхээс үл хамаарч гуравдагч этгээдийн хувьд энэ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр тооцогдох бөгөөд энэ маргаанаар бүртгэлийг үнэн зөв гэж итгэх бусад этгээдийн эрхийг зөрчиж болохгүй юм.

 

Иймд, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2.-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”, мөн 106 дугаар зүйлийн 106.1.-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн П холбогдох гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлага, нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан хариуцагч Ст холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    

Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3.-д зааснаар шаардлага тус бүрээр тооцон 1,358,550.00 төгрөг төлөх ёстой байтал тэрээр 1,288,350.00 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 70,200.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 76 дугаар зүйлийн 76.1.8.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Сийг хариуцагч компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагч М ХХК-нд даалгаж, нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч БНСУ-ын иргэн Пд холбогдох гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэхэд саад хийж буй үйлдлийг таслан зогсоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч М ХХК-иас 198,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ст олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан хариуцагч Ст холбогдох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,288,350.00 төгрөг, нэхэмжлэгч М ХХК-ийн төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С-с дутуу төлсөн 70,200.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлж, хариуцагч М ХХК-иас 1,288,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ст олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР