| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/02259/и |
| Дугаар | 2331 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сийн гаргасан,
Хариуцагч: У газар холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,284,126.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өмнө нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд У газарыг хариуцагчаар татан хөдөлмөрийн харилцааны улмаас үүссэн тус байгууллагын даргын 2018 оны 03 сарын 30-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 02380 тоот, мөн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 00250 тоот тус тус шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, эдгээр шийдвэрээр нэхэмжлэгч намайг У газрын гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.298.220 төгрөг болон 4.543.770 төгрөг, нийт 5.841.990 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн.
Ингээд уг шийдвэрээр надад олгуулахаар шийдвэрлэсэн цалин хөлсийг 2019 оны 05 сарын 16-ны өдөр миний дансанд орж ирсэн боловч ажилд эргүүлэн томилох шийдвэр биелэгдээгүй. Би, энэ талаар 2019 оны 05 дугаар сард хариуцагчтай уулзсан хэдий ч тус байгууллага нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан.
Би, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч одоо хүртэл ажилдаа орж чадаагүй учраас ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар сар болох нийт 6 сарын цалингийн олговорт 4,284,126 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс намайг ажилдаа орохоос татгалзсан гэж байна. Гэвч бид нарын хооронд ийм яриа болоогүй, намайг ажилд томилсон тушаал шийдвэр гаргаагүй, би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр жирэмсний амралтаа авах ёстой байсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай байгууллага 2019 оны 05 дугаар сард нэхэмжлэгчтэй уулзсан. Энэ үед газрын дарга түүнийг ажилд эргүүлэн авахад нэг баг болж хамтран ажиллаж чадах уу гэхэд тэрээр би жирэмсэн тул ажил хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч тал ажилдаа эргэн орохоос татгалзсан учраас түүнийг ажилд авах тушаал шийдвэр гаргаагүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэс хариуцагч У газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,284,126.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч У газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус шүүхийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч Сийг хариуцагч “ У газрын гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,298,220.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1989 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн үйл баримтын талаар маргаагүй.
Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00250 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Сийн гаргасан хариуцагч У газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,543,770.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, талууд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж зааснаар 101/ШШ2018/02380 тоот болон 101/ШШ2019/00250 тоот шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтын талаар маргах эрхгүй. Иймд, нэхэмжлэгч Сийгхариуцагч У газрын гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоогдсон хэвээр байна гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй” гээд 36.1.2.-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол” гэж заажээ. Тодруулбал, ажил олгогч болох хариуцагч тал шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон учраас түүнийг ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй.
Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч У газар нь Баянзүх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн 11.2.-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн 32.2.-т “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч У газар нь тус шүүхийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00250 тоот шийдвэрийг биелүүлсэн боловч, харин 2018 оны 07 дугаар саырн 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийг гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн томилоогүй байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орохгүй гэсэн учраас түүнийг ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал гаргаагүй гэсэн боловч нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо хүртэл явагдаж байгаа, ажилд эгүүлэн тогтоох ажиллагаа дуусгавар болоогүй, энэ талаар 2019 оны 05 дугаар сард уулзаж ярилцсан боловч ажилд томилсон тушаал гараагүй” гэсэн тайлбарыг үгүйсгээгүй. Тодруулбал, нэхэмжлэгчийг 101/ШШ2018/02380 тоот шийдвэрийн дагуу гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж буй талаар зохигчид маргасангүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг гэрээ, эрх зүйн мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэсэн хариу тайлбараа баримтаар нотлохгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааг хамруулахаас гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн адил үүнд хамаарна.
Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.-д зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор тухайн шүүхийн шийдвэрийг биелэгдсэнд тооцдог учраас ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцно.
Гэтэл хариуцагч нь тус шүүхийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг энэ хүртэлх хугацаанд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00250 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Сд 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,543,770.00 төгрөгийг олгосон бол нэхэмжлэгч тал 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,284,126.00 төгрөгийг сарын 714,021.00 төгрөгөөр тооцон нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай 128 дугаар зүйлийн 128.1.5.-д зааснаар тус хуулийн 69 дүгээр зүйлд заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн нөхөн олговортой холбоотой ажил олгогч болон ажилтны хоорондын маргааныг шүүх харъяалан шийдвэрлэнэ. Гэвч энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг шалгах учиртай.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгчид олгохоор болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг /5,841,990 төгрөг/ хариуцагч тал 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгож, харин ажилд эгүүлэн тогтоох шийдвэр биелэгдээгүй, энэ талаар зохигчид 2019 оны 05 дугаар сард уулзаж ярилцсан байна.
Ингээд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй учраас нэхэмжлэгч ийнхүү хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,284,126.00 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжилсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт болох “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан ба тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/02380 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн сарын цалин хөлсийг 649,110.00 төгрөг гэж тогтоосны дагуу тооцвол 3,894,660.00 төгрөг болж байна /6x649,110=3,894,660.00 төгрөг/.
Иймд, нэхэмжлэгчид ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 3,894,660.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389,466.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийн 118.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР