Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,  

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2305000000061 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Стелла” шөнийн цэнгээний газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух,  

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 988 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа “найзыг нь баарнаас хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн ******* нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, мөргөсний улмаас ******* эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хохирогчтой хамт явж байсан эмэгтэйчүүд нь баар хаасан байхад гарах шаардлага тавихтай хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар хохирогч Ш.Мандах нь тасарчихсан унтаж байгаад босч ирээд шууд намайг цохисон. Би хариуд нь зөрүүлээд цохисон. Гэм буруугийн хувьд маргахгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчим манай багын найз Мөнхгэрэл болон түүний 2 найзын хамт Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” бааранд орсон. Тэндээ 2, 2 шил уунгаа бид хэд бүжиглэсэн. Байж байгаад би текэн дээр нь очиж 8 шил пивоны тооцоо болох 42.000 төгрөгийн тооцоо хийгээд буцаад ширээн дээрээ ирж суугаад хэсэг байж байсан унтчихсан байсан. Тэгээд сэрээд хартал бүжгийн талбай дээрээс манай найз Мөнхгэрэлийн хамт явсан 2 найзыг баарны хамгаалагч нар хөөж байсан. Тэгэхээр нь би очоод “юу болсон бэ” гэж хамгаалагчаас асуухад махлаг биетэй, 180 см орчим өндөр, 25 орчим насны шар царайтай, энгийн хувцастай залуу намайг үгийн зөрүүгүй миний шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгсэн араас нь тухайн баарны хамгаалагч гэх 5-6 залуу ирээд 2 залуу нь миний гараас бариад баарны үүд рүү чирээд явсан. Тухайн үед намайг анх зодсон залуу ...миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Хамгийн сүүлд миний хамар хэсэг рүү 2-3 удаа өвдгөөрөө цохисон. Тэгсэн миний хамраас цус гараад эхэлсэн. Тухайн залуу “наадахаа хая” гээд яваад өгөхөөр нь би цагдаа дуудсан. ...Гэмтлийн эмч надад хамар олон газар цөмөрсөн, шанааны яс бяцарсан, эрүү цууралттай гэж хэлээд баруун нүдний доор 4 оёдол тавьсан. ... “Стелла” баарны үүд хэсэгт болсон. Анх текний хэсэгт маргаан үүсэж эхэлсэн бөгөөд баарны хамгаалагч залуучууд намайг гаргах гээд үүд рүү аваачсан. Идэрхангай гэх залуу миний нүүрэн тус газарт цохихоор нь би буцаагаад цохих гэтэл баарны хамгаалагчид намайг бариад авсан. Намайг баарнаас гаргах гээд байсан бөгөөд тухайн залуу намайг дахиж цохиж нүүрэн тус газарт 2, 3 удаа өвдөглөсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

Гэрч :

“...Тухайн эмэгтэй миний хажууд зогсож байсан хамгаалагч дүү болох Идэрхангайтай хэрэлдээд хэл амаар доромжлоод зогсож байсан. ...Хамт явж байсан залуу нь ширээн дээрээ унтаж байснаа босож ирээд ...Идэрхангайг бариад авсан. Тэгэхээр нь би болон Энхбат Гэнээгийн Оргоо ахын хамт салгасан. Салгаад орхисон баарны үүд хэсэгт дүү болох Идэрхангай нөгөө үл таних залуутай зодолдсон. Тэгэхээр нь бид хэд салгаад 2 тийш нь болгоод цагдаа дуудсан. ...Нэг мөргөөд нэг алгадсаныг би харсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 452 дугаартай шинжээчийн:

“...******* биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Хохирогчид хохирол төлбөр төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч нь хохирогч Ш.Мандахтай маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч нь:

2022 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Стелла” баарны хамгаалагчаар ажиллаж байхдаа “найзыг нь баарнаас хөөлөө” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэсэн хохирогч ******* нүүрэн тус газарт нь 2-3 удаа гараараа цохиж, мөргөсний улмаас ******* эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ш.Мандах, гэрч Б.Самданжамц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ш.Мандах нь хохирол төлбөрт баримтаар 178.610 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ш.Мандах нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000000061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Мандах нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.1 дүгээр зүйлийн 1,*******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ