| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/02449/и |
| Дугаар | 2390 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-гийн гаргасан,
Хариуцагч: Цд холбодох,
6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Ц, гэрч Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие, хариуцагчид 2017 оны 05 сарын 08-ны өдөр 800,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 700,000.00 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, нийт 3,500,000.00 төгрөгийг зээлсэн. Гэтэл тэр гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн хүүг төлөхгүй байна. Би, хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны хүү 2,500,000.00 төгрөг, үндсэн зээл 3,500,000.00 төгрөг, нийт 6,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Өнгөрсөн хугацаанд хариуцагч тал 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 15 хоног тутамд 150,000.00 төгрөгийн хүүгээ төлж байсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл огт мөнгө төлөөгүй. Би, хариуцагчид мөнгө өгөхдөө өөр хүнээс давхар зээл авч өгсөн бөгөөд хариуцагч нь мөнгөө төлөөгүй учраас энэ хугацаанд миний бие нөгөө хүнээс зээлсэн мөнгөө төлж байсан.
Бид нар анх сарын 20 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон. Үүнийг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байтал бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж буйг гайхаж байна. Манай байгууллагын ажилтнууд нэг нэгнээсээ сарын 20 хувийн хүүтэй мөнгө зээлдэг, үүнийг хариуцагч Ц мэдэж байх ёстой.
Би, энэ хүнд итгээд нотариат дээр очоогүй, нотариат руу хамт явъя гэж хэлэхэд нь надад зав гараагүй, ажилтай байсан. Үүний өмнө бид нар бараг 2 жил орчим мөнгө хоорондоо өгч, авалцаж байсан. Сүүлдээ ийм муухай байдал үүсгэн итгэл эвдэн гэж бодоогүй. Өнгөрсөн хугацаанд хариуцагчаас надад 8,353,000.00 төгрөгийг төлсөн талаар маргахгүй, гэвч энэ бол 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хүү юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үүнээс гадна үндсэн зээл 3,500,000.00 төгрөг, хүү 2,500,000.00 төгрөг, нийт 6,000,000.00 төгрөгийг нэмж төлөх үүрэгтэй” гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, нэхэмжлэгчээс 2017 оны 05 сарын 08-ны өдөр 800,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 700,000.00 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, нийт 3,500,000.00 төгрөгийг зээлсэн ба энэ талаар маргахгүй.
Өнгөрсөн хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүү гэж тогтмол мөнгө төлж байсан. Гэвч үүнээс хойш мөнгөний боломжгүй болсон тул төлж чадаагүй. Дансны хуулгаас харахад би нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 8,353,000 төгрөгийг төлсөн байна.
Миний бие Иргэний хуулийг судалж үзэхэд зээлийн гэрээгээр хүү тохирсон бол заавал бичгээр гэрээ байгуулах ёстой гэсэн байсан. Иймээс нэхэмжлэгч Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нэхэмжлэгчид нийт төлсөн 8,353,000.00 төгрөгөөс үндсэн зээл 3,500,000.00 төгрөгийг хасвал 4,835,000.00 төгрөгийг илүү төлсөн байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бгаас хариуцагч Цд холбогдуулан 6,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б нь 2017 оны 05 сарын 08-ны өдөр 800,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 700,000.00 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000.00 сая төгрөг, нийт 3,500,000.00 төгрөгийг хариуцагч Цд зээлдүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3,500,000.00 төгрөгийг авсан талаар маргаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу 3,500,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзнэ.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид 3,500,000.00 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлдүүлж, 7 хоног тутамд зээлийн хүүнд 150,000.00 төгрөгийг авахаар тохирсон гэж маргасан бол, харин хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул зээлийн хүү төлөх ёсгүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, түүнчлэн 282.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, талууд зээлийг хүүтэй зээлэхээр тохиролцсон бол энэ тухай бичгээр гэрээ байгуулах ёстой бөгөөд тийнхүү байгуулаагүй тохиолдолд хүүний талаар тохиролцсонд гэж үзэхгүй. Учир нь, зээлийн хүү нь гэрээний үнэ бөгөөд уг үнийн хэмжээний талаарх зохигчдын хүсэл зоригийг бичгээр баталгаажуулахыг шаарддаг нь хожим тэдгээрийн хооронд маргаан гарахаас урьдчилан сэргийлэх нотлох баримт болох ба талуудын хүсэл зориг ийнхүү бичгэн хэлбэрт илэрхийлэгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэж үздэг байна.
Үүнийг тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, 43.2.1.-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж тодорхой заасан байдаг.
Иймд, нэгэнт зохигчид 3,500,000.00 төгрөгийг сарын 20 хувь буюу 700,000.00 төгрөгийн хүүтэй зээлэх тухай бичгээр гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгч тал хүү шаардах эрхгүй юм.
Тодруулбал, хариуцагч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу гагцхүү 3,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Ц нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Бд нийт 8,353,000.00 төгрөгийг төлжээ.
Үүнийг нэхэмжлэгч нь тайлбарлахдаа “2017 оны 05 сарын 08-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хүү” гэсэн. Гэтэл зохигчдын хооронд 3,500,000.00 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцагчийг хүү төлсөн гэж үзэхгүй, түүний төлсөн 8,353,000.00 төгрөгт үндсэн зээл болох 3,500,000.00 төгрөг багтсан байна.
Иймд, хариуцагч тал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж заасны дагуу зээлийг буцаан төлж, үүргээ гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР