| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/02529/И |
| Дугаар | 2449 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2449
| 2019 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2019/02449 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК/рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Ш ХХК /рд:*******/-нд холбогдох,
6,700,609.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Г ХХКнь БНХАУ руу өөрийн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар хариуцагч Ш ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Экспортын төлөөлөгчийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр төлөөлөгч буюу хариуцагч тал гэрээний 3.2, 5.4, 6.3, 6.6.-д заасан үүргээ биелүүлээгүйгээс үйлдвэрлэгчид учирсан бодит хохиролд 6,700,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Манай компани 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх хариуцагч “Ш******* ******* ******* *******“ ХХК-ийн захирал Огийн тавьсан саналыг үндэслэн компанийнхаа брэнд бүтээгдэхүүн болох “Шигүдэри“ нэртэй 1.5 литрийн савалгаатай, нэг бүрийн 76,000.00 төгрөгийн үнэтэй шимийн архийг БНХАУ руу экспортод гаргахаар дээрх гэрээг байгуулсан. Уг гэрээний зорилго нь төлөөлөгч “Ш ХХКнь БНХАУ-ын Шанхай хотод 2018-2021 онд зохион байгуулагдах “China International Import Expo 365”-аар дамжуулан үйлдвэрлэгч Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг тус улсын нутаг дэвсгэрт сурталчлах, захиалагч олох, худалдан борлуулах, худалдааны гэрээ байгуулахад зуучлах үүрэгтэйгээр, харин нэхэмжлэгч Г ХХКнь шаардлагатай мэдээлэл, маркетингийн арга хэрэгслээр дэмжих, зуучлагдан ирсэн борлуулалтын орлогоос зуучлалын хөлсийг төлөх үүргийг хүлээсэн.
Ингээд гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дараа хариуцагч тал бидэнд холбогдох бүрдүүлбэрүүдийг өгөөгүй учраас тусгай зөвшөөрөл, гаалийн бүрдүүлэлт болон БНХАУ-д бараа зарж борлуулах эрх авагдсан эсэхийг тодруулахаар тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Гг 2018 оны 11 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд албан томилолтоор Шанхай хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэн руу явуулсан.
Гэтэл хариуцагчид тус үзэсгэлэн дээр архи худалдах, сурталчлахад шаардлагатай бичиг баримт байгаагүй, үүнээс болж ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Хавтаст хэрэгт үзэсгэлэн дээр тухайн бүтээгдэхүүн байгаа мэт харагдаж буй ч хариуцагч тал бараа бүтээгдэхүүнийг гаалиас татаж авч чадаагүй учраас манай компани Бээжин дэх төлөөлөгчийн газраас 33 ширхэг бүтээгдэхүүнийг өөрийн зардлаар үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд авч ирж өгсөн юм.
Ер нь бол нэхэмжлэгч Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүн зохих ёсоор танилцуулагдаагүй, хариуцагч тал үзэсгэлэн дээр бараа бүтээгдэхүүн тавих, зарж борлуулах эрхгүй байсан. Гэрээний 12 дугаар зүйлд заасан гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа 25,000 юань шилжүүлэх бөгөөд үүнийг захирал Од утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Ш ХХК-иас дахин 36 ширхэг “Шигүдэри” шимийн архи захиалсан. Манай компанийн гүйцэтгэх захирал н.Г******* захирал томилолтоос ирэхдээ хариуцагч тал шаардлагатай бүрдүүлбэрүүдийг аваагүйн улмаас “Шигүдэри“ архийг түр зуур тавиад хураасан гэсэн.
Үүний дараа манай компаниас 25,000 юанийг шилжүүлэх боломжгүй, бүрдүүлбэрээ хангаж өгсний дараа шилжүүлэх талаар хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-нд хандан БНХАУ-ын Эрээн хотын чанарын хяналт, шалгалт, хилийн хорио цээрийн газарт хандан тус компанийн үйлдвэрлэн гаргаж буй “Шигүдэри” шимийн архины найрлагын талаар тайлбар гаргах албан бичгийг гаргаж өгөхийг хүссэн. Уг нь хариуцагч тал өөрөө хийх ёстой байсан юм.
Гэвч манай компани арга буюу БНХАУ-ын Эрээн хотын хилийн хорио цээрийн газарт хандан “Шигүдэри” бүтээгдэхүүнийг шинжлүүлэх хүсэлтээ өгсөн боловч БНХАУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон санамж бичигт багтсан бүтээгдэхүүний жагсаалтад байсан. Хариуцагч тал үүнийг судалж, мэдсээр байж төлөөлөгчийн гэрээ хийсэн байдаг. Иргэний хуульд худалдааны төлөөлөгч ямар эрх, үүрэгтэй талаар тодорхой заасан, захирал Огийн тайлбарласан шиг манай бараа бүтээгдэхүүнийг сурталчилсан зүйл байхгүй, нэг ч компанитай худалдааны гэрээ байгуулаагүй.
Мөн манайхаас авсан бараа бүтээгдэхүүнийг зарсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Г ХХКнь бүрэн биелүүлсэн. Хариуцагч тал гэрээнд заасны дагуу бүрдүүлбэрийг хангаагүй учраас 25,000 юань нэхэмжлэх эрхгүй. Гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болохыг н.Г******* захирал ТУЗ-ийн хурал дээрээ мэдэгдсэн. Бид, 1 сарын хугацаанд ажилласан. 12 дугаар сарын 07-ны өдөр дахин 33 ширхэг бараа нэмж захиалсан, хавтаст хэргийн 68 дахь талд бараа захиалсан захиалгын хуудас авагдсан байгаа. Эхний ээлжинд авсан бараа бүтээгдэхүүний талаар тайлангаа ирүүлээгүй, хариуцагч тал холбогдох бичиг баримтын бүрдэлтийг бүрдүүлэн уг барааг БНХАУ руу импортлон хүлээн авч чадаагүй учраас манай бараа Замын-Үүдийн боомт дээр агуулахад 3 сар гаруй хугацаанд хадгалагдсан.
Түүнчлэн манай талаас БНХАУ-д бараа бүтээгдэхүүн худалдахын тулд шошго хэвлэсэн, гарал үүслийн бичиг гэх мэт зардлууд нэмж гаргасан. Нэхэмжлэгч Г ХХКтөлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны 3 сарын 15-ны өдөр 10 тоот тогтоол гарч тус комланийн гүйцэтгэх захирал Э-г БНХАУ-ын Эрээн Хот, Хөх хотуудад 2019 оны 3 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд томилон ажиллуулж, хариуцагч “Ш******* ******* ******* *******" ХХК-ийн гэрээ хэрэгжих боломжтой эсэхийг судлуулахаар албан томилолтоор ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Гэтэл энэхүү гэрээ нь огт хэрэгжих боломжгүй, гэрээний 2.3.-д заасан үзэсгэлэнгийн үндсэн төлбөр болох 25,000 юанийг манай компаниас авах зорилгоор хийгдсэн гэрээ болох нь тодорхой болсон. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр талууд уулзаж гэрээгээ дүгнэх хүсэлтийг явуулсан ба О захирлаас хариу мэдэгдэл өгч талууд уулзсан боловч тохиролцоонд хүрээгүй.
Иймд, энэхүү гэрээний үйлдвэрлэгч тал болох нэхэмжлэгч Г ХХКнь хариуцагч Ш ХХК-иас гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс учирсан бодит хохирол болох 6,700,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Бид, 33 ширхэг архины үнэ 2,508,000.00 төгрөг /нэг бүрийн үнэ 76,000.00 төгрөг/, 3,678,660.00 төгрөгийн экспортоор хил гаалийн баримт бичгийн бүрдүүлэлтэд гарсан зардал, үлдэгдэл 1,118,660 төгрөг бол гэрчилгээ болон шошгоны төлбөр, мөн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нэхэмжлэгч талын төлөөлөгч Шанхай хотын экспод оролцоход гарсан зардал 1,891,126.00 төгрөг, түүнчлэн хариуцагч компанийн захирал Оийн хүсэлтээр манай талаас Замын-Үүдийн хилийн боомт руу бараа хүргэж өгөхөд гарсан *******ын зардал 1,119,823.00 төгрөг, нийт 6,700,609.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г ХХКбараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д сурталчлах, захиалагч олж өгөх зорилгоор экспортын төлөөлөгчийн гэрээ байгуулсан юм. Уг “China International Import Expo 365” нэртэй үзэсгэлэнд оролцохын тулд үндсэн төлбөр 50,000 юань төлөх ётой байсан бөгөөд төлбөрийн тал хувь болох 25,000 юанийг үйлдвэрлэгч тал гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 хоногт бидэнд төлөх ёстой байсан.
Учир нь, манай тал тус төлбөрийг өмнө нь холбогдох этгээдэд төлсөн байсан юм. Уг төлбөр нь талбайн түрээс, ажилчдын хөлс зэрэгт зарцуулагддаг. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн төлбөрийг төлөөгүй ба манай компани гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын сараас эхлэн “China International Import Expo 365” гэх экспод “Шигүдэрү” нэртэй бүтээгдэхүүнийг сурталчилсан.
Нэхэмжлэгч Г ХХК-ийн бараа бүтээгдэхүүн Монгол Улс болон БНХАУ-ын хооронд хориглосон барааны гаалийн санамж бичигт байгаагүй. Энэ компаниас бид нарт тайлбарлахдаа өмнө нь БНХАУ-д өөрийн бараа бүтээгдэхүүнийг гаргаж байсан гэсэн тул хорио цээрийн бичиг байгаа гэж ойлгосон юм. Гэтэл албан ёсоор БНХАУ-д бараа бүтээгдэхүүн гаргаж байгаагүй, хорио цээрийн бичиг огт байгаагүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Г ХХКнь өөрсдөө энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дүгнэх албан тоот өгсөн. Манай компанийн үзэсгэлэн худалдаанд оролцох гэрээ цуцлагдсан гэж ямар эх сурвалжаас мэдээлэл авсан гэдгийг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч тал томилолтын зардлаа өөрөө хариуцах нь бизнесийн ёс зүйн зарчим.
“Шигүдэри” шимийн архийг сүү сүүн бүтээгдэхүүн ашиглаж хийдэг бөгөөд анхнаасаа Б ХХК-ийг нэхэмжлэгчийн албан ёсны төлөөлөгч гэсэн тул хорио цээрийн шинжилгээний гэрчилгээтэй гэж итгэж, гэрээ байгуулсан. Тэр 36 ширхэг архийг татан авах гээд Эрээн хотын гааль дээр очиход шинжилгээний бичиггүй байсан. Гэрээнд зааснаар зуучлагчийг гаалийн бүрдүүлэлтийн зардлыг хариуцна гэж зохицуулсан болохоос тусгай зөвшөөрлийг хариуцах тухай үүрэг байхгүй.
Бид, 1 ширхэг нь 76,000.00 төгрөгийн үнэтэй 33 ширхэг буюу 2,508,000.00 төгрөгийн үнэтэй “Шигүдэри” шимийн архийг нэхэмжлэгчээс авч, үүнээс 26 шил архийг амталгаанд зориулж, үлдэх 7 шил архиас 5 ширхэг архи үлдсэнээс 2 шилийг зарж, 3 шил архи үлдсэн талаар маргахгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаа
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Ш ХХК-нд холбогдуулан 6,700,609.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “хүлээлгэн өгсөн 33 шил шимийн архины үнэ 2,508,000.00 төгрөг, гэрээг зөрчсөнөөс БНХАУ-ын хилээр гаргахад бүрдүүлсэн гааль, татвар болон бусад зардал 1,118,660.00 төгрөг, гүйцэтгэх захирал Г албан томилолтын зардал 1,891,126.00 төгрөг, түүнчлэн гүйцэтгэх захирал Э албан томилолтын зардал 1,119,823.00 төгрөг, нийт 6,700,609.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэснийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.
Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г ХХКнь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ш ХХК-тай экспортын төлөөлөгчийн гэрээ байгуулж, БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Chine international import expo 6+365” гэсэн нэртэй үзэсгэлэнд өөрийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг бусад этгээдэд худалдан борлуулахад зуучлуулахаар тохирчээ /х.х-ийн 7-9 хуудас/.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.4 болон 2.6.-д заасныг тус тус үзвэл хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-ийн үйлдвэрлэдэг “Шигүдэри” нэртэй шимийн архийг БНХАУ-ын зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд сурталчлах, нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс бусдад худалдан борлуулах үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-д “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, худалдааны зуучлагч нь өөрийн үйл ажиллагаагаар гэрээ байгуулах хүсэлт зоригтой байгаа этгээдүүдийн хооронд гэрээг байгуулагдахад хүргэх ёстой бөгөөд харин заавал өөрөө тухайн гэрээг байгуулах үүрэггүй байдаг.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагд*******р тус компани гадаад худалдаа, зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд зохигчдын байгуулсан 2 дугаар зүйлийн 2.1, 2.4, 2.6.-д заасныг үзвэл хариуцагч Ш ХХК нь өөрийн үйл ажиллагаагаар гэрээг байгуулагдахад хүргэх ёстойгоос гадна нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдахаар тохирсон байх тул тэдгээрийн хооронд худалдааны төлөөлөгчийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв /х.х-ийн 14 хуудас/.
Учир нь, Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1.-д “Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ” гэж, 415.4.-т “Сар бүрийн эцэст үйлчлүүлэгч хөлс, шагналыг, комисс нь олсон ашгаа үйлчлүүлэгчид тус тус төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч Ш ХХК нь Г ХХК-ийн үйлдвэрлэдэг “Шигүдэри” нэртэй шимийн архийг түүний нэрийн өмнөөс бусдад худалдах, сурталчилах үүрэг хүлээсэн худалдааны төлөөлөгчийн үүргийг хүлээжээ.
Иймд, талуудын хооронд энэ хуулийн 415 дугаар зүйлийн 415.1.-д зааснаар худалдааны төлөөлөгчийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Г ХХКнь Монгол Улсад шимийн архины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, улмаар гадаад улсад экспортлохоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох зөвшөөрлийг авч, “Бээжин монгол виллис интернэшнл” болон хариуцагч Ш ХХК-нд илгээхээр болжээ /х.х-ийн 11-13, 21, 141, 143 хуудас/.
Гэтэл нэхэмжлэгч Г ХХК-ийн үйлдвэрлэдэг “Шигүдэри” нэртэй шимийн архийг БНХАУ-ын хилээр оруулахад шаардагдах холбогдох тусгай зөвшөөрөл болон бусад шаардлагатай бичиг баримт байхгүйгээс улбаалан зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа БНХАУ-ын хилээр оруулахад шаардагдах холбогдох тусгай зөвшөөрлийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5.-д зааснаар хариуцагч Ш ХХК-ийг хариуцах ёстой гэсэн бол, харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Г ХХК-ийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-д заасан 25,000.00 юанийг төлөөгүй, мөн манай компани уг үүргийг хүлээгээгүй гэж мэтгэлцсэн.
Тус экспортын төлөөлөгчийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5.-д “Төлөөлөгч нь БНХАУ болон бусад улсаар дамжин өнгөрөх тээвэрлэлт, тээврийн зардал, бусад холбогдон гарах зардал, бичиг баримтын бүрдэлтийг хариуцна” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.6.-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гарах тээвэрлэлтийг үйлдвэрлэгч хариуцах ба БНХАУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэлтэй холбогдон гарах бүх зардлыг төлөөлөгч хариуцна” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, гэж, мөн 41.2.-т “Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх *******аар тайлбарлана”, түүнчлэн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан.
Тодруулбал, хэдийгээр зохигчид олон улсад бараа худалдах, худалдан авахад хэрэглэгддэг “Инкотермс-2010” нөхцөлийг хэрэглэхээр тохирсон ч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрээний зорилго, төлөөлөгч буюу хариуцагч Ш ХХК-ийн гүйцэтгэх үүргийн хүрээнд авч үзвэл “Шигүдэри” нэртэй шимийн архийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэх, хилээр оруулахтай холбоотой тусгай зөвшөөрлийг хариуцагч Ш ХХК нь хариуцахаар болжээ.
Харин зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-т заасан 25,000.00 юанийг барааг БНХАУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэх, хилээр оруулахтай холбоотой тусгай зөвшөөрлийн хураамж, зардлын журмаар бус “Chine international import expo 6+365” гэсэн нэртэй үзэсгэлэнд төлөхөөр тохирсон байх тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд талуудад Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэсэн зохицуулалт үйлчлэхгүй байсан.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурд*******р зохигчид “Шигүдэри” нэртэй шимийн архийг БНХАУ-ын хилээр оруулахтай холбоотой эрх зүйн орчныг судлаагүй байна. Тодруулбал, нэг талаас үйлдвэрлэгч буюу худалдагч “Г*******” ХХК, нөгөө талаас худалдааны төлөөлөгч болох Ш ХХК нар энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг хуулийн этгээд болохын хувьд Монгол Улсаас гадаад улс руу согтууруулах ундааг экспортлоход тухайн улсад ямар эрх зүйн орчин үйлчилдэг талаар судлах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагчийг уг асуудлыг судалсан, БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой баримт бичгийг авсан гэж ойлгосон” гэж тайлбарласан нь талууд анхнаасаа тухайн асуудалд хариуцлагатай хандаагүй болохыг илэрхийлж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Ш ХХК-нд гэрээг дүгнэх тухай албан тоот хүргүүлэхдээ зохигчдын хооронд байгуулсан худалдааны төлөөлөгчийн гэрээний зорилго нь БНХАУ-д бараа импортлох тусгай зөвшөөрөлгүйн улмаас цаашид биелэгдэх боломжтой эсэх талаар саналаа ирүүлэхийг хүссэн бол хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариу хүргүүлэхдээ гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дах заалт биелэгдээгүй, хорио цээрийн бичиг байхгүйгээс “Шигүдэри” нэртэй шимийн архийг импортлох боломжгүй байна гэжээ /х.х-ийн 69, 115-116 хуудас/.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч тал нийт 1 ширхэг нь 76,000.00 төгрөгийн үнэтэй 33 ширхэг буюу 2,508,000.00 төгрөгийн үнэтэй “Шигүдэри” нэртэй шимийн архийг нэхэмжлэгчээс авсан талаар маргаагүй ба үүнээс 26 шил архийг амталгаанд зориулж, үлдэх 7 шил архиас 5 ширхэг архи үлдсэнээс 2 шил архийг зарж, 3 шил архи үлдсэн гэсэн тайлбар өгч, гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсон учраас гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Ш ХХК-нд холбогдуулан хүлээлгэн өгсөн 33 шил шимийн архины үнэ 2,508,000.00 төгрөг, гэрээг зөрчсөнөөс БНХАУ-ын хилээр гаргахад бүрдүүлсэн гааль, татвар болон бусад зардал 1,118,660.00 төгрөг, гүйцэтгэх захирал Ц албан томилолтын зардал 1,891,126.00 төгрөг, мөн Э албан томилолтын зардал 1,119,823.00 төгрөг, нийт 6,700,609.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1.-д зааснаар худалдааны төлөөлөгч нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс бусдад худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөөлүүлсэн худалдагчид төлөх үүргийг хүлээнэ. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.-д “Зуучлалын төлбөр: Зуулалын хөлсийг худалдан авагч үйлдвэрлэгчийн дансанд төлбөр хийгдэх бүрт энэ гэрээний 2.4.-д заасан хэмжээгээр хувь тооцож, тухай бүр гэрээнд заасан хугацаанд зуучлагчийн дансанд шилжүүлнэ” гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.1.-д “Төлөөлөгч нь захиалга өгөхөд бэлэн бүтээгдэхүүний төлбөрийн 50 хувийг Г ХХК-ийн нэрийн дор Ш ХХК-ийн хамтран эзэмших Хаан банкин дахь .....................тоот дансанд захиалагчаар шилжүүлүүлнэ. ...........” гэж заажээ.
Иймд, хариуцагч Ш ХХК нь 33 ширхэг архинаас 2 ширхэг худалдсан бол үнэ 152,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-нд төлөх ёстой болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудад гэрээг цуцалснаар авсан, өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэг үүсэх бөгөөд үүнийг энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Хэдийгээр хариуцагч тал 26 шил архийг амталгаанд ашигласан гэсэн боловч гэрээнд зааснаар барааг гагцхүү бусдад худалдахаар тохирсон байх бөгөөд хариуцагчид бодитоор 3 шил архи үлдсэн буюу 2 шил архи худалдсан ч үлдэх 31 шил архийг буцаан хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.-т “Дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө” гээд 205.2.2.-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах *******аар өөрчилсөн” гэж заасны дагуу хариуцагч Ш ХХК нь үлдэх 31 шил архины үнэ 2,356,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-нд төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/012 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал Ц 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, танилцуулах, худалдах, захиалга авах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Chine international import expo” нэртэй үзэсгэлэн худалдандаад оролцуулахаар томилж, томилолтын зардалд 1,779,526.00 төгрөгийг төсөвлөжээ /х.х-ийн 25, 26 хуудас/.
Мөн нэхэмжлэгч Г ХХКтөлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19/010 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал Г.Э*******ыг компанийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр хууль ёсны дагуу нэвтрүүлэх, хилийн боомтын мэргэжлийн хяналтын лабораторид шинжилгээнд өгөх зорилгоор Эрээн хот, Хөх хотуудад 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд томилж, зардлыг 1,748,737.00 төгрөг гэжээ /х.х-ийн 31, 32 хуудас/.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Г ХХКтөлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр БНХАУ-ын Шанхай болон Эрээн хот, Хөх хотуудад ажилласан тус компанийн гүйцэтгэх захирал Ц, Э нарын томилолтын зорилго нь хариуцагч Ш ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах холбоотой буюу “Шигүдэри” нэртэй шимийн архийг БНХАУ-ын хилээр оруулахад шаардагдах холбогдох тусгай зөвшөөрөл болон бусад шаардлагатай бичиг баримтыг авахтай холбоотой зардал биш, харин компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, танилцуулах, худалдах болон захиалга авах, мөн БНХАУ-ын хилээр хууль ёсны дагуу нэвтрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд зориулагдсан зардал байх тул гэрээг цуцалсантай холбоотой гарсан хохирол гэж үзэх боломжгүй байна.
Нөгөө талаар хэрэгт авагдсан бусад зардлын баримт болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт төлсөн 5,000 төгрөг, “Н ХХК-нд төлсөн шатахууны зардал, Э ХХК-нд төлсөн тээврийн зардал, бэлэн мөнгөний орлогын болон зарлагын баримтад тусгагдсан шошгоны төлбөр, хадгалалтын хөлс, таксины хөлс, МҮХАТанхимд төлсөн төлбөр болон Стандарт хэмжил зүйн газарт төлсөн эдгээр төлбөрүүд хариуцагчийн гэрээг зөрчсөнөөс учирсан хохирлын төлбөр болох нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газар болон Н ХХК, Э ХХК-иудад ямар төлбөр төлж байгаа нь тодорхой бус, МҮХАТанхимд төлсөн төлбөр нь нэхэмжлэгч компанийн өөрийнхөн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээнд төлсөн төлбөр байгаагаас гадна П ХХК, Е ХХК болон бусад этгээдэд төлсөн төлбөрүүдийг ямар зориулалтаар төлсөн болохыг нотлоогүй тул гэрээг цуцалсантай холбоотой гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,508,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,192,609.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР