Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/221

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч И.Шатар, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2305001240249 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Орхон аймаг Баян-Өндөр сумын 5-р сургуульд жижүүрийн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч И.Шатар нь Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр насанд хүрээгүй хохирогч ******* өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар “гар утсаар чинь бичлэг хийнэ иргэний үүргээ биелүүл” гэж залилан өмчлөх эрхэд нь халдаж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын “Рэдми нөүт-8”, “Самсунг-А13” загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 757.600 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогч *******, Д.Тэмүүлэн нарын “Самсунг Эс 9 плас”, “Айфоне экс эс” загварын гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Шатар мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

- Насанд хүрээгүй хохирогч ******* өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаарх нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч *******:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчим хичээлээ тараад ангийн найзтайгаа хамт гэртээ харихаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Миний зах”-ын үүдэнд явж байтал үл таних 20-25 орчим настай эрэгтэй хүн “утсаараа нэг яриулчих” гэж гуйсан тэгэхээр нь би “миний гар утсанд нэгж байхгүй” гэхэд “би нэгжээр цэнэглээд ярья” гэж хэлээд дэлгүүрээс 1.000 нэгж аваад нэг хүнтэй яриад байсан. Тэгээд “миний дүү иргэний үүргээ биелүүлээд надад тус болоод хөндлөнгийн гэрч болоод өгөөч” гэж хэлээд намайг дагуулаад “И март”-н дэлгүүрээс дээш өгсөөд гэр хорооллын дунд байрлах дотроо улаан тоосгон байшинтай саарал модон хашааны үүдэнд очоод “наанаа хүлээж байгаарай чиний гар утсаар бичлэг хийж зарим зүйлсийг баримтжуулж авна” гэж хэлсэн. Хариуд нь би “танд итгэхгүй байна” гэж хэлэхэд надад цагдаагийн үнэмлэх өгөхөөр нь би тэр эрэгтэй хүнд гар утсаа өгсөн. Тэгээд тэр хашаа руу ороод 3-4 минут болоод гарч ирээд “гар утасныхаа кодыг хэлчих унтарчихвал бичлэг хийж болохгүй” гэхээр нь би кодоо хэлсэн тэр хүн эргээд орсон. Тэгээд тэнд хүлээж байхад нэг хүүхэд хажуугаар зөрөхдөө “чи юу хийж байгаа юм” гэхээр нь би “хүн хүлээж байна” гэхэд “аан нөгөө цагдааг хүлээж байна уу” гэж хэлээд “та хоёр бас залилуулсан байна урд нь бас хэдэн хүн энд залилуулсан” гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа алдсанаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч :

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа явахаар Баянгол дүүргийн 25-р хороо эмийн сангийн автобусны буудлаас “Сүлжмэл зайсан-42” чиглэлийн нийтийн тээврийн автобусаар явж байгаад албаны А серийн 31722 дугаартай үнэмлэхээ гээгдүүлсэн. Тэгээд маргааш нь үнэмлэхээ алдсан тухай зар мэдээнд байршуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Гэмт хэргийн гомдол хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, “Дамно” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-22-1965 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 22-27 дахь тал/,

- Насанд хүрээгүй хохирогч *******, Д.Тэмүүлэн нарын гар утсыг цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн залилан авч 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаарх нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч:

“...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо “Өргөө” кино театрын баруун талд байрлах “Prolive playstatiоn” дотор тоглож байсан. Тэр дотор байсан залуу ...бид нарт тоглоом зааж өгөөд гарах үедээ “хүмүүсийн бугуйнд цаг байдаг, тухайн хүмүүсийг би шалгана та 2 гэрч хийгээд өгөх үү, мөнгө авах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь дагаж яваад СОТ-оор өгсөөд 113-р сургуулийн хажуугаар гараад худгаар дээш гараад гэр хороололд дунд очсон. Хүнсний дэлгүүр гэсний үүдэнд очоод “та хоёр утсаа өгч бай, би ороод буцаад гараад ирнэ” гэж хэлсэн. Тэгж хэлээд гарч ирээгүй, араас нь ороод шалгасан чинь тухайн хүн байхгүй, цаашаагаа нэвт яваад өгсөн байсан. Минийх “Самсунг Эс 9 плас” загварын гар утас...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэхь тал/,

Насанд хүрээгүй хохирогч :

“...Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз Батлхагва, Жигжиддорж нарын хамт Баянгол дүүргийн 13-р хороо “Өргөө” кино театрын баруун талд байрлах “Prolive playstatiоn” дотор тоглож байх үед 20-25 насны эрэгтэй “20.000 төгрөгийн ажил байна” гэхээр нь бид 3 зөвшөөрөөд тухайн эрэгтэйг дагаад Баянгол дүүргийн 113-р сургуулиар өгсөөд “гаран дээрээ чиптэй хүнийг шалгана, нэг нь утсаараа бичлэг хийгээд нэг нь дуу хураана” гэж хэлсэн. ...хүнсний дэлгүүртэй айлыг заагаад “тэр айлд очно” гээд зургийг нь аваад тухайн айлын гадна очоод “та 3 байж байгаараа би ороод 10 минут болно” гээд Батлхагва бид хоёрын гар утсыг аваад тухайн айл руу хашаагаар орсон. Бид 3 гадаа нь 20 минут хүлээж байгаад тухайн айл руу орох үед хүнсний дэлгүүрийн арын хашаа байсан бөгөөд нарийхан замаар яваад цаашаагаа гарсан байсан. Би “Айфоне экс эс” загварын гар утас алдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78- 79 дэх тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компани “Самсунг Эс 9 плас” гар утсыг 315.000 төгрөг, “Айфоне экс эс” загварын гар утсыг 700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 85-86 дахь тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

- Насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын “Рэдми нөүт-8”, “Самсунг-А13” загварын гар утсыг залилан авч 757.600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаарх нотлох баримтууд:

Насанд хүрээгүй хохирогч *******ын:

“...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед хичээлээ тараад Данзанванчигчүлтэмсүрэн, Энх- Од гэх 2 найзын хамт алхаж байхад өөдөөс Баттөмөр Мэндхишиг 2 алхаад ирсэн. Баттөмөр бид 3-т хандаж “тэнд нэг ах ажил хийх санал тавиад байна очиж уулзах уу” гэж асуухаар нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд бид нар үл таних хүн дээр очоод ямар ажил байгаа талаар асуух үед “би Эрдэнэт аймгийн ОБГ-т ажил хийдэг хүн байгаа юмаа тэнсэн ял аваад сулласан хүний бугуйвчийг нь шалгадаг юм, би нэг айл руу орно та 3 намайг айл руу орсон гэдгийг гэрчилнэ, хүний 20.000 төгрөг өгнө” гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд Баттөмөр, Мэндхишиг 2 “гэр лүүгээ явлаа” гэж хэлээд салаад явсан. Үл таних хүн Энх-Од, Данзанванчигчүлтэмсүрэн бид 4 алхаад Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх хашааны гадаа очсон. Үл таних хүн бид гуравт хандаж “би энэ айл руу орно та 3 гадаа намайг хүлээж бай, надад хоёр утас хэрэгтэй нэг гар утсаар нь зураг дарна, нэг гар утсаар нь бичлэг хийнэ 2 нь гар утсаа өгчих” гэж хэлэхээр нь Данзанванчигчүлтэмсүрэн бид 2 өөрсдийн гар утсыг өгөөд үл таних хүн тус хашаа руу орсон. Энх-Од, Данзанванчигчүлтэмсүрэн бид 3 үл таних хүнийг 30 минут орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хажуу айлаас нь үл таних хүний хувцасны өнгийг нь хэлээд асуухад “харж байгаагүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хүний орсон хашааны хаалгыг цохиод хашаанд байх байшингаас хүн гарч ирээд тухайн хүнээс үл таних хүнийг асуухад “тийм хүн орж ирээгүй” гэж хэлсэн тухайн айл нохойгүй байсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 123-125 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч :

“...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 30 минутын үед Энх-Од, Одбаяр сургууль болох Баянгол дүүргийн 11-р хороо Гандангийн хойно байрлах МСҮТ-ийн шатны доор зогсож байхад манай ангийн 2 хүүхэд болох Баттөмөр, Мэндхишиг 2 ирээд “тэнд 1 ахтай танилцлаа ажил хийх юм уу” гэж асуугаад яваад өгсөн. Бид 3 тухайн зааж өгсөн хүн дээр яваад очиход “та 3 гэрч болно, тэнсэн авсан хүмүүсийг шалгана, цахим бугуйвчийг нь утсаараа шалгана” гэхээр нь бид 3 дагаад хорооллын эцсээр дээшээ өгсөөд гэр хорооллоор явж байгаад нэг дэлгүүрийн урд очоод Одбаяр бид хоёрын утсыг аваад “та 3 хүлээж бай” гээд тухайн хашаа руу явж орсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-22-1647 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 133-134 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл /хавтаст хэргийн 137-139 дэх тал/,

Шүүгдэгч И.Шатарын ял шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/, хохирол төлбөр төлсөн баримтууд /хавтаст хэргийн 172-174 дэх тал/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч И.Шатар нь насанд хүрээгүй хохирогч Г.Ганбагана, *******, *******, *******, Д.Тэмүүлэн нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Шатарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч И.Шатар нь:

- Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр насанд хүрээгүй хохирогч ******* өмчлөлийн “Самсунг А-52” загварын гар утсыг цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэмт хэргийн гомдол хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.Ганбагана, гэрч Б.Батмэнд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн БГ2-22-1965 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтуудаар, 

- Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогч *******, Д.Тэмүүлэн нарын гар утсыг цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн залилан авч 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч *******, Д.Тэмүүлэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компани хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар, 

- Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр насанд хүрээгүй хохирогч *******, ******* нарын “Рэдми нөүт-8”, “Самсунг-А13” загварын гар утсыг залилан авч 757.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч *******, М.Дагзанванчигчүлтэмсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн БГ2-22-1647 дугаартай шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “Баримт бичиг” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч бичиг баримт, эд зүйл... ашигласныг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч И.Шатар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Шатарыг “хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Ганбаганад 500.000 төгрөгийн, *******д 700.000 төгрөгийн, Д.Тэмүүлэнд 315.000 төгрөгийн, *******т 250.000 төгрөгийн, *******д 507.600 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд дээрх хохирогч нар учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч И.Шатар нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч И.Шатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420.000 төгрөгийн торгох ялыг хасч, нийт 1080 нэгж тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.080.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Шатар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч И.Шатар нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 48 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч И.Шатарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч И.Шатарын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний эдлэх торгох ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 420.000 төгрөгийн торгох ялыг түүний эдлэх ялыг хасч, шүүгдэгч И.Шатарын биечлэн эдлэх ялыг 1.080.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч И.Шатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305001240249 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн ажилтны 31722 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Шатар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг “Хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шатарын энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 420.000 төгрөгийн торгох ялыг хасч, шүүгдэгч И.Шатарын биечлэн эдлэх ялыг 1.080.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шатарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Шатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цагдаагийн ажилтны 31722 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлж зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Шатар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Шатарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Шатарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ