Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2205038670055 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д шилэн кабелийн техникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ******* Үржил 2-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *******,******* тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” зочид буудлын хажууд хохирогч Т.Батнасангийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж унаган, эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай яснаас доош суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацрын нум ясны хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярилцаж тохирсон байгаа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Манай хүүхдийн биеийн байдлын тухайд уушги нь хүнд байгаа болохоор хоолойндоо гуурастай ярьж чадахгүй, шингэн хоол унд хэрэглэдэг, баруун гар нь сайн ажиллахгүй, тэргэнцэртэй байгаа. Одоо биеийн байдал нь дээрдэж л байна. Хэрэгт авагдсан баримттай хохирлыг нэхэмжилж байгаа. Мөн цаашид эмчилгээ хийлгэх зардал их гарах болохоор хохирол төлөх тал дээр анхаарч өгнө үү. Түүнчлэн шүүгдэгчид ял оногдуулахдаа ажлаа хийгээд хохирол төлбөрийг төлөх боломжийг нь харгалзаж үзнэ үү...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын:

“...2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ажилдаа яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд Батнасан гэртээ байгаагүй. Би эргэж гараад шөнө 22 цагийн үед гэртээ ирэхэд Батнасан гэртээ ирсэн янзтай, ах Баттулгын хөдөөнөөс авчирсан зүйлийг аваад гэртээ тавьсан байсан. Тэгээд охиноос нь Батнасанг асуухад “аав өрөөндөө унтчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас өрөөндөө орж унтсан ба шөнийн 02 цагийн үед манай том хүү Баттулга над руу залгаад “цагдаагаас яриад байна. Батнасан гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна гэж байна. Та ойрхон юм чинь оччих” гэж хэлсэн. Намайг гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд манай хүү Батнасанг амилахуй гэсэн өрөөнд хэвтүүлчихсэн, ухаангүй байдалтай байсан. Эмч нараас юу болсон талаар асуухад “1 литр шингэн хийчихсэн, ухаан орохгүй байна. Согтуу болохоор ингээд байгаа юм болов уу, тархины зураг авсан, хариу нь гараагүй байна” гэж хэлсэн. ...Хариу нь гарахад эмч нь “яаралтай хагалгаанд оруулах хэрэгтэй” гээд шууд хагалгаанд орсон. Тэр үед нь “амин үзүүлэлт нь 3 хувьтай байгаа болохоор маш хүнд хүн байна, амь нас нь яаж ч магадгүй” гээд гарын үсэг зуруулж байсан. Хагалгаанд ороод, хагалгаа амжилттай болсон боловч ухаан ороогүй. Тэр өдрөөс хойш байнга эмчилгээтэй байсан ба биеийн байдал хүнд хүн учраас сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, манай эхнэр Энхтуяа сахиж байсан. Манай хүү Батнасанг үзээд “тархи нь хоёр талдаа цус харвасан, зүүн талын тархи цөмөрсөн, шанаа цууралттай” гэж байсан. Түүнээс хойш эмчлүүлж байгаад 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэмтлийн эмнэлгээс уушги хатгалгаатай гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Тухайн эмнэлэгт уушгиа эмчлүүлж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоогоор биеийн байдал дээрдээгүй, маш их турсан, царай алдсан, хүнтэй ярилцаж чадахгүй, дуу гарахгүй байгаа. Мөн бөгсөн бие нь мэдээгүй, баруун гар нь ажиллаж, толгойгоо хөдөлгөж байгаа. Эмнэлгийн зүгээс гэрээр асаргаа шаардлагатай ба уушги муутай учир ковид тусах магадлалтай гээд эмнэлгээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Гэрч :

“...Түвшинжаргал 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр залгаад “Батнасан хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон” гэж хэлсэн. Би шууд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирээд Батнасангийн сахиураар Гэмтлийн эмнэлэгт очсон. ...Хагалгаанаас хойш Батнасан ухаан орохгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нүд нь хөдөлж эхэлсэн ба тэрнээс 7 хоногийн дараа гар нь бага зэрэг хөдөлж эхэлсэн боловч биеийн байдал нь маш хүнд байсан. Түүнээс хойш гэмтлийн эмнэлэгт тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаад, ухаан орсон учир “эмнэлгээ ол” гээд “өөр эмнэлгийн сэхээний тасаг руу шилжүүлнэ” гэж хэлсэн. Тэгээд манай гэр бүлийн зүгээс таньдаг эмнэлэг хайж байгаад Сонгинохайрхан дүүргийн жишиг шинэ эмнэлгийн сэхээний тасаг руу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн хэвтүүлээд, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эмнэлгээс гарч, гэрийн эмчилгээнд шилжсэн. Одоо манай хүүгийн биеийн байдал хүнд байгаа ба дүүргийн болон өрхийн эмчийн хяналтад, гэрээр байнга эмчилгээ асаргаа шаардагдаж байгаа. Манай хүү хэвтэрт орсон бөгөөд хүний ярьж байгааг ойлгож байгаа боловч өөрөө ярьж чадахгүй, шаардлагатай тохиолдолд гараар зарим богино үгийг бичиж хариулдаг. Өөрөө босох, хөдлөх, хооллох чадваргүй болсон ба шөнө унтаж чадахгүй, нойрны эм тариа хэрэглэж байна. Миний зүгээс өөрийн хүүг буцаад өөрөө явж чаддаг, ажил хөдөлмөр эрхэлж чаддаг, эрүүл саруул болгох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дахь тал/,

Гэрч :

“...Би “Уран проект” ХХК-ий туслах ажилтны ажлыг 2022 оны 09 дүгээр сараас хойш эрхэлж байна. Намайг ажилд орох үед Батнасан нь тэнд ажиллаж байсан ба хамт ажиллаад таньдаг болсон. Би Батнасантай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 19 цаг 30 минутын үед ажлаа тараад явсан ба бид 2 “Говь” сауны гаднаас хоёр тийшээ салсан. Тэр үед Батнасан гэр лүүгээ харина гээд явсан ба түүнээс хойш холбоо бариагүй. ...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 09 цагийн үед залгахад ах нь утсыг нь аваад “манай дүү хүнд зодуулчихсан, гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орж байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Гэрч :

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед найзууд болох Отгонбаатар, Мягмаржав, Хөвсгөлбаатар, Найдандорж, Идэртэгш нартай хорооллын эцэст уулзаад, бид нар биллиард тоглоод 22 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэндээс гараад хажуу талд нь байрлах караокед орсон ба нэрийг нь санахгүй байна. 1 цаг орчим тэндээ дуулж сууж байхдаа бид нар 1, 1 ширхэг 0.5 литрийн пиво авч уусан. Тэр газраасаа гараад “хаашаа явах уу” гэж байгаад нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 01 цаг хүртэл байсан ба пивоны сет авч ууцгаасан. Тэр баарнаас гараад автобусны буудлын дагуу байрлах түргэн үйлчилгээний цэг орж тамхи авч татчихаад явж байтал үл таних 20 гаруй настай, цайвар өнгийн цамцтай ах өөдөөс ирээд, зөрж явахдаа бид нар руу агсраад дайраад байсан. Тэр үед манай найз Мягмаржав холдуулах гэж байтал Найдандорж тэр ахтай барилцаад байсан ба үл таних ах Найдандоржийн гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл хажуунаас нь Хөвсгөлбаатар очоод тэр ахын мөр хэсэг рүү 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Идэртэгш, Отгонбаатар бид 3 наана нь хараад зогсож байсан. Хөвсгөлбаатар тэр ахыг цохихоор нь Идэртэгш очиж салгаад нааш нь авчирсан. Харин Мягмаржав тэр үл таних ахыг цааш нь аваад явсан ч тэр ах хэрэлдээд, бид нарыг хараагаад ерөөсөө явахгүй байсан. Тэгтэл Найдандорж тэр ах дээр очоод цохичих шиг болсон. Тэр ах газарт унаад, ухаан алдсан ба Мягмаржав, Отгонбаатар нар тэр ахыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Харин Идэртэгш бид 2 Хөвсгөлбаатар, Найдандорж хоёрыг аваад явсан. Би тухайн үед тэр зодоонд оролцоогүй, наана нь хараад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Гэрч :

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн үед найзууд болох Мягмаржав, Хөвсгөлбаатар, Найдандорж, Идэртэгш, Базархүү нартай хорооллын эцэст уулзсан. Уулзаад бид хэд биллиард тоглоод 23 цаг өнгөрөөж гарсан. Тэндээсээ гараад хажуу талд нь байрлах караокед ороод, 20 орчим минут дуулж сууж байгаад гарсан. Тухайн караокед бид нар 1, 1 ширхэг 0.5 литрийн пиво авч уусан. Тэр газраасаа гараад “хаашаа явах уу” гэж байгаад нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 01 цаг хүртэл байсан ба тэндээ 1, 1 ширхэг 0.5 литрийн пиво уусан. Бид нар гараад автобусны буудлын зам дагуу байрлах түргэн үйлчилгээний цэг орж тамхи авч татчихаад явж байтал үл таних 23-25 орчим настай, цагаан өнгийн цамцтай ах өөдөөс ирсэн. Тэр ах зөрж явахдаа манай нэг найзыг мөрлөсөн. Би тэр үед хамгийн урд талд явж байсан болохоор хэнийг нь мөрлөсөн гэдгийг мэдэхгүй байна. Үл таних ах манай найзуудтай муудалцаад байхаар нь манай найз Мягмаржав холдуулаад цааш нь явуулсан боловч тэр ах эргэж ирээд Хөвсгөлбаатартай юм яриад байгаа харагдсан. Тэгтэл үл таних ах Найдандоржийг нэг удаа өшиглөх шиг болсон ба Найдандорж бөгсөөрөө уначихсан. Тэр үед манай найз Мягмаржав тэр ахыг салгатал Хөвсгөлбаатар очоод тэр ахын мөр хэсэг рүү 2 удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл Мягмаржав дахин салгаад тэр ахыг цаашаа замын хажуу тал руу авч явахад Хөвсгөлбаатар, Найдандорж нар нь тэр ах дээр очих гээд байхаар нь би тэр хоёрыг явуулахгүй гээд тэвэрч авсан ч би холдуулж чадахгүй, Мягмаржав болон үл таних ахтай ойртсон. Тэгтэл Найдандорж тэр ахын эрүү хэсэг рүү нэг цохиход тэр ах цементэн зам дээр унаад ухаан алдсан. Тэрнээс өмнө үл таних ах зүгээр байсан ба газар унаад ухаангүй болсон. Би Мягмаржавын хамт такси бариад тэр ахыг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд, амилахуй гэсэн өрөө рүү оруулж, орон дээр хэвтүүлээд байж байтал гэмтлийн эмнэлгийн цагдаа орж ирсэн. Би тэр хүнийг цохиж зодсон асуудал байхгүй ба тухайн үл таних ах Найдандоржийг нэг удаа өшиглөсөн, Хөвсгөлбаатарын цээж хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа харагдсан. Тухайн үед би согтоогүй, эрүүл байсан болохоор болсон асуудлыг сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Гэрч :

“...Баарнаас гараад бид нар автобусны буудлын зам дагуу байрлах түргэн үйлчилгээний цэг орж, тамхи авч татчихаад харих гээд бөөнөөрөө явж байтал үл таних 25 орчим настай, цайвар өнгийн цамцтай ах өөдөөс ирсэн. Тэр ах зөрж явахдаа манай найз Хөвсгөлбаатарыг мөрлөсөн. Үл таних ах согтуу байсан ба Хөвсгөлбаатар тэр ахад “зүгээр үү, уучлаарай” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө ах Хөвсгөлбаатарын өөдөөс хараалын үг хэлээд байхаар нь би очиж салгаад, тэр ахаас уучлалт гуйгаад явуултал тэр ах эргээд Хөвсгөлбаатар дээр ирсэн. Тэгэхээр нь би мөн өөдөөс нь очоод тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон. Найдандорж ирээд “уучлаарай” гэтэл тэр ах “хуц пизда минь” гэхээр нь Найдандорж тэр ах руу ойртож очиход тэр ах Найдандоржийн ташаа хэсэгт нэг удаа өшиглөж, Найдандорж бөгсөөрөө газарт унасан. Дараа нь тэр ах Хөвсгөлбаатарын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би маргаан болох нь гэж бодоод нөгөө ахыг тэврээд, хамгаалж түлхээд явж байтал хэнийх нь мэдэгдэхгүй гар тэр ахыг 1-2 удаа цохиж байсан. Би хэн цохисон гэдгийг нь мэдээгүй. Тэгээд байж байтал Идэртэгш ирээд Хөвсгөлбаатар, Найдандорж нарыг салгах гэж оролдсон. Би тэр ахыг тэврээд цааш явсан ба тэр хэд хоорондоо ноцолдохгүй салчихаар нь би нөгөө ахыг тэврэхээ болиод, тайвшруулаад цааш хараад зогсож байтал ардаас Найдандорж ирээд тэр ахын шанаа хэсэг рүү нэг удаа цохиход хойшоогоо цементэн зам дээр унасан. Тэгээд эргэж босож ирээгүй ба ухаан алдчихсан. Би Найдандоржийг “яаж байгаа юм бэ” гээд түлхэж салгаад, тэр ахыг босгох гэтэл босохгүй болохоор нь Отгонбаатарын хамт такси гуйгаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэнд очоод эмчээс “яах уу” гэж асуухад “амилахуй гэсэн өрөө рүү оруул” гэхээр нь бид хоёр тэр ахыг оруулж, орон дээр хэвтүүлэхэд гэмтлийн эмнэлгийн цагдаа орж ирсэн. ...Тухайн хүн эмнэлэг очих хүртлээ ухаан ороогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

Гэрч :

“...Бид түргэн үйлчилгээний цэг орж тамхи авчхаад эргээд явж байхад өөдөөс цагаан өнгийн цамцтай, гадуураа өөр хувцасгүй, 30 орчим насны үл таних эрэгтэй хүн явж байгаад, миний хажууд явж байсан Хөвсгөлбаатарыг мөрлөсөн. Тэр үл таних ах цаашаа явж байснаа эргэж хараад юм хэлээд байсан. Тэгтэл Мягмаржав “та согтсон байна, ингээд явчих” гэж хэлэхэд манай найз Хөвсгөлбаатар руу янз бүрээр хэлээд цохих гээд байсан ба Хөвсгөлбаатар тэр ахыг 2 удаа хальт цохих шиг болсон. Тэр үед нөгөө ах Найдандоржийн хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөхөд Найдандорж газарт унасан. Найдандорж босож ирэхээр нь би “наадах чинь согтуу байна, боль” гэж хэлээд тэврээд холдуулсан. Тэгтэл Найдандорж миний гарыг түлхэж очоод тэр ахын шанаа хэсэг рүү 1 удаа цохиход тэр ах газарт унаад эргэж босож ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

Гэрч :

“...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хорооллын эцэст “Дүүхээ” худалдааны төвийн зүүн талд, зам дагуу таксинд явах гээд зогсож байсан. Тэгтэл үл таних 6 залуу явж байсан ба нэг согтуу эрэгтэй хүнтэй маргалдаж байхыг хальт харсан. Тэр залуусын зарим нь тэр согтуу залуутай маргалдаад, зарим нь салгаад байсан. Тухайн үедээ гайгүй юм шиг болохоор нь би анзаараагүй ба утсаа оролдоод, машиндаа сууж байтал миний машины хажууд нэг чимээ гарсан. Тэгээд хартал согтуу залуу газарт уначихсан, нэг залуу нь цохисон бололтой цаашаа явж байсан. Тэр 6 залуугийн салгаад байсан 2 залуу нь газарт унасан согтуу залууг өргөөд миний машин руу ойртуулаад “эмнэлэг яваад өгөөч” гэж гуйсан. Би зөвшөөрөөд тухайн 2 залуутай согтуу залууг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан ба замд согтуу залуу ямар нэгэн юм дугарахгүй, нөгөө 2 залуугийн нэг нь “иймэрхүү юм болно гэж бодоод уугаагүй юмаа, эд нар уучихаараа гай болдог байхгүй юу” гэж байсан. Тэгээд нөгөө согтуу залууг сэрээх гээд “ахаа” гээд дуудаад байсан. Өөр ямар нэгэн юм яриагүй, эмнэлгийн гадаа очоод нөгөө 2 залуу таксины мөнгөө өгөхгүй орчихоор нь би гадаа хүлээсэн. Тэгтэл гэмтлийн эмнэлгийн цагдаа намайг өрөөндөө дуудаад, миний овог, нэр, утасны дугаарыг асууж тэмдэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №16334 дугаартай шинжээчийн:

“...Т.Батнасангийн биед зүүн зулай, чамархайн яснаас доош суурь руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацрын нум ясны хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

Шинжээч эмч М.Золжаргалын:

“...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүүн чамархайн хуйханд хүч үйлчилсний улмаас дээрх зүүн чамархай, зулайн ясны хугарал, тархины цусан хураа, зүүн хацар ясны хугарал гэмтлүүд нь үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь зүүн чамархай, зулайн хэсгээр унах, цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэдэг нь тухайн гэмтэл учирсан газар нэг буюу хоёроос дээш удаагийн үйлчлэлээр тухайн гэмтэл үүсэх боломжтой гэдгийг илэрхийлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 164-200 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч Б.Батнасангийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *******оос 5.618.883 төгрөгийг гаргуулж хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох, мөн 5.462.900 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн тухайд маргахгүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Цаашид гарах эмчилгээний зардлыг мөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” зочид буудлын хажууд хохирогч Т.Батнасангийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж унаган, эрүүл мэндэд нь зүүн зулай, чамархай яснаас доош суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн хацрын нум ясны хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч А.Энхтуяа, Ш.Ганхэт, Б.Базархүү, Б.Отгонбаатар, Ө.Мягмаржав, М.Идэртэгш, Н.Пүрэвжав нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нийт 8.968.883 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 3.350.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул үлдэх 5.618.883 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Т.Батнасан болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав. 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”, “Баянгол эрүүл мэндийн төв”, “Сөүл эмнэлэг” “Улсын гуравдугаар төв” эмнэлгээс хохирогч Б.Батнасангийн авсан төрийн үйлчилгээний төлбөр болох 5.462.900 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмтэл учруулсан дороо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, мөн хохирогчийг эрүүл саруул болохын тулд ажил хөдөлмөр эрхэлж, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдал, хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчид ял оногдуулахдаа ажлаа хийгээд хохирол төлбөрийг төлөх боломжийг нь харгалзаж үзнэ үү” гэсэн тайлбар зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хорих ял оногдуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205038670055 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц*******ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 5.618.883 /таван сая зургаан зуун арван найман мянга найман зуун наян гурван/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батнасан, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нарт олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******оос 5.462.900 /таван сая дөрвөн зуун жаран хоёр мянга есөн зуун/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Батнасан болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ