| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 106/2016/0115/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2016-12-13 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг,
Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
Улсын яллагч Б.Соёлмаа,
Шүүгдэгч Г.Ганмөрөнгийн өмгөөлөгч Б.Алтанцол, Н.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч М.Лхагвабаярын өмгөөлөгч Д.Батбаяр,
Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Ганмөрөн, Мөнхболдын Лхагвабаяр нарт холбогдох эрүүгийн 201626030533 дугаартай хэргийн шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-20 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 11-16-7 тоотод оршин суудаг гэх, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: РЮ93020215 / Сартуул овогт Ганбаатарын Ганмөрөн,
Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Сонинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтай 2-142 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-25-5 тоотод оршин суудаг гэх, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:РЭ93021755 / Тогоруутан овогт Мөнхболдын Лхагвабаяр
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
- Г.Ганмөрөн нь 2011 онд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн атлаа М.Лхагвабаяртай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр бусдын эд зүйлийг нь авах зорилгоор
- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в байрны 1 дүгээр орцны 8 давхарт М.Лхагвабаяр нь орцон дотор хүн харж, Г.Ганмөрөн нь 70 настай Б.Сожидмаагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 чихийг нь сэтлэн биед нь хөнгөн гэмтэл учруулан, боргоцой хэлбэртэй алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 800.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 6-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 60 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт М.Лхагвабаяр нь гадаа хүн харж, Г.Ганмөрөн нь 73 настай С.Цэдэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн чихнээс нь цагаан сувдан шигтгээтэй, сүүжин алтан өрөөсөн ээмгийг нь дээрэмдэн авч, 250.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 82 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт М.Лхагвабаяр нь 78 настай Г.Диваанансалын амь биед аюултайгаар хүч хэрэглэн амыг нь дарж хойш унагааж, Г.Ганмөрөн нь чихийг нь сэтлэн Александр чулуутай, жижиг сувдан шигтгээтэй алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 600.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 9-ний орой 16 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар байрны 4 дүгээр орцонд М.Лхагвабаяр нь орцонд хүн харж, Г.Ганмөрөн нь 82 настай Л.Тэрбишийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн араас хоолойг нь боож наймын тоо шиг хэлбэртэй, доороо сувдтай алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 700.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 63 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт 81 настай, эмэгтэй Ж.Пүрэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн амыг нь дарж, хоолойг нь боож Г.Ганмөрөн нь сүүжин алтан ээмгийг нь, М.Лхагвабаяр цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэн авч, 674.000 төгрөгний хохирол учруулан бусдад нийт 3.024.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 40-41 х/,
Хохирогч Б.Сожидмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ. “...Зээ охиноо дагуулаад байрны орцоор ороод лифтэнд суухад намхан нуруутай залуу хамт орсон. Тэгээд тэр залуу 6 давхарт буугаад явахаар нь би 8 давхарт буугаад гэрлүүгээ орох гээд үүдэндээ зогсоход ард нэг залуу гарч ирэхээр нь би эргээд хартал уг залуу золгох гэж байгаа юм шг гараа өргөхөөр нь би нээх юм бодолгүй зогсож байтал гэнэт л чихэнд байсан ээмгийг маань сэт татаад аваад гүйхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгоод хүүхдүүддээ хэлээд, эмнэлэгт үзүүлээд чихэндээ оёдол тавиулаад цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний ээмгийг дээрэмдсэн залуу ганцаараа байсан ба 6 давхарт буусан залуу хамтрагч нь байж магадгүй гэж бодож байна. Тухайн үед миний 2 чих сэтэрсэн…” гэжээ. /1 дүгээр хавтас 75-76, 183-184 х/,
Эд зүйлийн үнэлгээ: / 1 дүгээр хавтас 77, 78, 182, 201, 216, 241 х /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4767 дугаартай дүгнэлтэнд:
1. “…Сожидмаагийн биед баруун, зүүн чихний омогны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарнуилах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…." гэжээ. / 1 дүгээр хавтас 186 х /,
Хохирогч Б.Сожидмаагаар гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 53, 58-59 х /,
Хохирогч С.Цэдэвсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Гэртээ орох гэхэд урд талд 1 залуу хамт орц руу орсон. Би 1 давхарын шатаар өгсөөд 2 давхар руу өгсөх гэж байтал тэр залуу гар утсаа оролдож байснаа гэнэт “яасан харанхуй юм бэ” гэхээр нь би эргээд эгцээрээ харахад шууд баруун талын ээмгийг татаж авсан. Тэр үед нь 3 давхарын гэрэл асаад би “аллаа” гээд орилоход шууд гараад зугтаасан. Араас нь гараад хартал алга болсон байсан. Миний чихнээс цус гарсан. 2-3 хоног хавдсан. Тэр бор царайтай залуу байсан. Гонзгой нүүртэй байсан. Би ээмгээ буцааж авмаар байна…”гэжээ. / 1 дүгээр хавтас 71-72, 219 х /,
Гэрч Ш.Манлайбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мөнхболдын Лхагвабаяр гэж нэрээр 1 өрөөсөн 2.6 грамм алтан ээмгийг 10 хоногийн хугацаатай тавьсан. Хугацаа хэтэрсэнээс хойш манай ломбард 10 хоногийн дараа худалддаг юм. Одоо уг ээмэг байхгүй. 2016 оны 05 сарын 30-ны өдөр 120.500 төгрөгөөр зарагдсан байна. Уг ээмгийг тавьсан баримт нь байгаа…”гэжээ. /2 дугаар хавтас 67-68 х/,
Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтас 90 х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 107-108, 118 42-43, 44-54 х/,
Хохирогч Г.Диваанансал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Эргээд гэртээ ортол араас хүн барьж аваад ам дараад, нүд таглаад 2 чихэнд байсан алтан ээмгийг аваад явсан. Тухайн үед нэг нь миний ам болон нүдийг дараад хойш дарж унагаад шатны түшлэг рүү болгоод газар унагаасан. Нөгөө залуу нь миний хөлийг барьсан байсан. Миний зүүн талын чихийг сэтлээд чихэнд байсан ээмгийг авсан. Харин баруун талын ээмэг нь түгжээгээрээ мултарсан. Тэгээд тэр 2 залуу зугтаагаад явсан. Би их айж сандарсан.Сэтэрсэн чихнээс цус их гарсан гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Би ээмгээ олоод авчихмаар байна...” гэжээ. /1 дүгээр хавтас 69-70, 204 х/,
Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /2 дугаар хавтас 4 х/,
Хохирогч Ж.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Намайг 2 давхар шатаар өгсөөд дээшээ алхаж байтал араас 2 залуу алхаад өгсөж ирэхээр нь би байрны хүүхдүүдийг байна гэж бодоод зай тавьж өгөх санаатай хажуу тийш хараад зай тавьж өгтөл гэнэт толгой дээгүүр хар юм нөмрөөд авсан. Би тэр үед сандарч балмагдаад дуу гарахгүй байсан. Тэгсэн нэг гар ам дараад бас хоолой давхар багалзуурдаад байсан. Тэгсэнээ ээмэг авах гээд миний амыг дарсан гараа тавихаар нь би “хөөе миний хүү эмээгээ болохгүй шүү” гэхэд буцаад миний амыг дарсан. Тэгээд баруун талын чихний ээмгийг тайлж авахад нь мэдээгүй, харин зүүн талын чихний ээмгийг тайлж авах гэхэд нь би мэдсэн. Учир нь миний зүүн талын чих их өвдсөн. Би гараараа чих ээмэг хоёроо хамт дараад авахад миний гарыг доош нь болгоод ээмэг тайлж аваад шат руу гүйсэн. Харин жижиг биетэй бор царайтай залуу нь миний үүрсэн байсан цүнхийг татаад гүйсэн. Цүнхний оосор урт болохоор сунаж байгаад тасраад үлдсэн. ...Миний хоолойг багалзуурдсан болохоор улаан болсон байсан. 2 чих сэтрээгүй, зүүн чих улайж хавдсан байсан. Зүүн гар хөхөрсөн байсан. ...Саарал өнгийн цүнх байсан дотор нь арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 150.000 төгрөг, Anycall маркийн гар утас, нарны шил, харааны шил, дүпү, самрын цуглуулга, зөөхий зэрэг байсан. Надад яг бэлэн 150.000 төгрөг байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна…” гэжээ. /1 дүгээр хавтас 65-68 х/,
Гэрч Ж.Оюунбат мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...04 дүгээр сарын 10-ны 21 цаг өнгөрч байсан байх цагаа санахгүй байна. Миний дугаар руу яриад хүнд дээрэмдүүлчихлээ, алуулахаа дөхлөө гэж хэлсэн. Тэгээд хаана дээрэмдүүлсэн юм бэ гэхэд орцондоо гэж хэлээд хажуу айлд сууж байна гэхээр нөхөр бид 2 очсон. Намайг төрсөн ах Пүрэвсүрэн нь дагуулж гараад орцныхоо 2 давхарт очоод энд “намайг 2 залуу зөрж өнгөрөхдөө хойноос багалзуурдаж аваад газарт суулгаад чихний ээмгийг аваад мөн цүнхийг авч зугтаасан гэж хэлсэн...”гэжээ. /1 дүгээр хавтас 82 х/,
Гэрч Ч.Нямсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Гэртээ байхад манай хаалгыг хүн нүдээд орилоод байхаар нь хаалгаа онгойлгоход хөрш айлын Пүрэвсүрэн зогсож байсан. Юу болсон бэ гэхэд гэртээ орох гээд шатаар өгсөж байхад араас 2 залуу хоолой багалзуурдаад хойшоо болгож дарж байгаад чихэнд зүүсэн байсан ээмэг авсан. Мөн цүнх аваад явсан гээд цүнхнийхээ оосрыг гартаа барьсан байдалтай зогсож байсан. Пүрэвсүрэн их айж сандарсан байсан ба гэртээ оруулж ирээд гэрийнхээ утсаар хүүхдүүд рүү залгаж, цагдаа дуудсан…” гэжээ. /1 дүгээр хавтас 84-85 х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас 52 х/,
Хохирогч Ж.Пүрэвсүрэнгээр гэрэл зурагаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 53, 55-57 х/,
Гэрч Н.Мягмархорол мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 9,60 сорьцтой, 6,2 грамм сүүжин хэлбэртэй алтан ээмэг 1 хос Түвшинбаяр гэж хүний нэрээр тавьсан. …Манай байгууллага 506.230 төгрөгийг хүлээн авсан. Манай зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. / 2 дугаар хавтас 63-64 х /,
Шүүгдэгч Г.Ганмөрөнг 2016.04.14-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 дүгээр хавтас 123-125, 187-188, 206-207, 220 х, 2 дугаар хавтас 6-7, 9-11, 13-15 х/, 2016.04.28-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 127,128-131, 2 дугаар хавтас 20-21, 77-82, 126 х/,
Шүүгдэгч М.Лхагвабаярыг 2016.04.15-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1 дүгээр хавтас 133-134, 135-137 х /, 2016.04.28-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1 дүгээр хавтас 139-142 х, 2 дугаар хавтас 83-86, 125-126 х /,
Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас 144, 154 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганмөрөн мэдүүлэхдээ: “…М.Лхагвабаяр бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19:00-20:00 цагийн орчимд Ахуй үйлчилгээний хойд талын байр руу явж байсан. Тэгээд бид хоёр бага насны хүүхэд хөтлөөд явж байсан хохирогч С.Сожидмааг хараад араас нь орц руу нь дагаж орсон. М.Лхагвабаяр түрүүлж хохирогчийн араас лифтэнд хамт суусан. Би араас нь шатаар дээшээ явсан. Тэгээд би М.Лхагвабаяртай 6 давхарт зөрөөд шууд дээшээ 8 давхарт гарсан. Хохирогч С.Сожидмааг лифтнээс буугаад гэр рүүгээ орох үед нь би 9 давхараас бууж хохирогч С.Сожидмаагийн араас ээмгийг нь тайлж аваад гараад зугтаасан. Би орцноос гараад М.Лхагвабаярын араас очсон. Бид хоёр маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сансарын түнээлийн орчим хүний бичиг баримт гуйж ээмгийг нь 300.000 орчим төгрөгөөр ломбарданд тавьсан.
М.Лхагвабаяр бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ахуй үйлчилгээний урд талын буудлаас Гандан руу явах замд хохирогч Цэдэвсүрэнтэй таарсан. Хохирогчийг М.Лхагвабаяр замын зүүн талаар, би баруун талаар нь араас нь дагаж явсан. Тэгээд 60 дугаар байр руу орох үед нь М.Лхагвабаяр араас нь дагаж орсон. Би орцны гадаа үлдсэн. Тэгээд тэндээс гараад хохирогчийн нэг өрөөсөн ээмгийг хорооллын ломбарданд М.Лхагвабаярын бичиг баримтаар 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.
2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч нь эмийн сангаас гараад явсан. Урагшаагаа байран дундуур гараад явахад нь бид хоёр араас нь хоёр талаар нь дагаад явсан. Тэгээд урд урдаасаа харсан улаан тоосгон хоёр байр байсан. Түүний зүүн талын байр руу хохирогчийг ороход би хаалга онгойлгоод бариад үлдсэн. М.Лхагвабаяр араас нь дагаж ороод ээмгийг нь авч гарч ирсэн. Тэгээд бид хоёр хорооллын зам дээрээс такси бариад Сансарын колонкийн ломбарданд тавьсан.
М.Лхагвабаяр бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хорооллын эцсийн бичил цайны газар зогсож байгаад хохирогч Тэрбиштэй таарсан. Тэгээд хохирогчийг хойшоогоо өгсөөд явахад нь араас нь дагасан. Хохирогч замын ард талын байр руу ороход нь М.Лхагвабаяр хаалгыг нь ойнголгоод үлдсэн. Би хохирогчийн араас нь дагаж ороод ээмгийг нь аваад зугтаасан. Бид хоёр Хар хорин худалдааны төвд ломбарданд тавьсан.
М.Лхагвабаяр бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчтой ард кино театрт таарсан. Автобусанд суугаад явсан. Хохирогч автобуснаас буугаад супер маркет руу орсон. Бид хоёр гадаа нь үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгээд хохирогчийг супер маркетаас гараад байр руугаа орох үед М.Лхагвабаяр түрүүлж зам гараад дагасан. Би араас нь явсан. Тэгээд намайг байрны үүдэн дээр очиход М.Лхагвабаяр орцны хаалгаар урдаас гарч ирсэн. Тэгээд бид хоёр байрны хойд талаар тойрч, колонкийн хажуугаар төв зам руу гарсан. Тэндээс такси барьж 19-ийн буудал дээрээс өөр такси бариад Сансарын колонки дээр очиж таксины жолоочийн бичиг баримтаар нь ломбарданд ээмгийг тавьсан. Бид хоёр хохирогч нарыг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Хохирогч нарын эд зүйлийг зүгээр булаах санаатай байсан. Хохирогч нарын хохирол төлбөрийг М.Лхагвабаяр бид хоёр төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Намайг уучлаарай. Дахин хэрэгт холбогдохгүй шударгаар амьдрах болно. Иймээс миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Лхагвабаяр мэдүүлэхдээ: “…2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1 дүгээр хорооллын Драгоны автобусаны буудал дээр ирсэн. Тэр өдрөө сансарт очиж байж байгаад орой 20:00 цагийн үед Ахуй үйлчилгээний буудал дээр уулзсан. Бид хоёр хойшоогоо ахуй үйлчилгээний буудлын байрны ард тамхи татаж байгаад бага насны хүүхэд дагуулсан хохирогч Сожидмааг харсан. Бид хоёр ээмгийг нь шүүрхээр болж шүүрье гэсэн. Тухайн байр нь Г хэлбэрийн байр байсан. Ар талын байрны булангийн орц руу хүүхэдтэйгээ лифтэнд орсон. Би лифтэнд хамт суучихаад 6 давхарт буугаад доошоо уруудаж байсан чинь Г.Ганмөрөнтэй таарсан. Г.Ганмөрөн надаас хэдэн давхарт буусан юм бэ гэхэд нь би мэдсэнгүй гээд гараад явсан. Би дотор юу болсныг сайн мэдэхгүй. Г.Ганмөрөн араас ээмгийг нь шүүрчихээд гарч ирсэн. Орой нь бид хоёрт бичиг баримт байхгүй учраас ломбарданд тавьж чадалгүй Сансарт очиж хоносон. Маргааш нь хүний бичиг баримт гуйж ломбарданд тавьсан.
2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ахуй үйлчилгээний ойролцоо Г.Ганмөрөнтэй хамт явж байгаад Г.Ганмөрөн замын эрсэг тал руу салаад явсан. Тэгээд Г.Ганмөрөн автобусны буудал дээр үлдэхээр болсон. Би хохирогчийн араас дагаж орсон. Хохирогч намхан таван давхар байрны захын орц руу дөнгөж хаалгаар орох үед нь би араас нь утасныхаа гэрлийг тусгаад өрөөсөн ээмгийг нь булаагаад зугтсан. Ээмгийг нь ломбарданд тавих гэсэн боловч бичиг баримт байхгүй байсан учраас иргэний үнэмлэхний лавлагаа авч байгаад ахуй үйлчилгээний ойролцоо ломбарданд ээмгийг нь 100.000 төгрөгөөр тавьсан.
2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ахуй үйлчилгээний орчим хохирогч Диваанансалыг харсан. Тэгээд бид хоёр хохирогчийн ээмгийг нь “шүүрэх үү гээд тэгье, тэгье” гэсэн. Тэгээд хохирогчийг Ачлал их дэлгүүрийн хажуугаар доошоо уруудаад урд урдаасаа харсан 6 давхар хоёр хүрэн тоосгон байрны зүүн талын байр руу ороход нь би орцны хаалгыг нь барьж үлдэж, Г.Ганмөрөн хохирогчийн араас нь орсон. Хохирогч 2 давхарт гарч амжаагүй байхад Г.Ганмөрөн ээмгийг нь шүүрсэн гээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр зугтаасан. Бид хоёр ээмгийг нь Сансарт ломбарданд тавьсан.
2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Тэрбиш нь Бичил цайны газраас гарч ирсэн. Тухайн үед би хохирогчийг олж хараагүй байсан. Тэгээд Г.Ганмөрөнтэй хамт байрны ард явж байтал Г.Ганмөрөн надад хохирогчийг зааж өгч “алтан ээмгийг нь булаая, шүүрээд зугтъя, чи авчих” гэхээр би чадахгүй гэсэн. Гэтэл Г.Ганмөрөн чи хаалга бариад байж бай гэсэн. Тэгээд би хаалга барихаар очсон. Г.Ганмөрөн түрүүлж ороод ээмгийг нь булааж авчихаад гарч ирсэн. Надад миний бичиг баримтын хуулбар байсан учраас алтан ээмгийг нь Хар хорин худалдааны төвд начин заан ломбарданд 310.000 төгрөгөөр тавьж өгсөн.
2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Пүрэвсүрэн Ардын эрхийн автобусны буудлаас автобусанд сууж Нисэхийн “Баясах” мини маркет руу орсон. Г.Ганмөрөн “хоёулаа энэ хүний ээмгийг нь шүүрье, ээмгийг нь аваад зугтъя” гэсэн. Хохирогч дэлгүүр рүү ороод 30-40 минут болсон. Энэ хооронд бид хоёр Баясах мини маркетын гадаа хүлээж байсан. Тэгээд хохирогч эсрэг талын байр руу орсон. Тэгээд бид хоёр араас нь дагаж хохирогчийг орц руугаа ороход нь Ганмөрөн намайг “хаалга бариад зогсож бай” гээд М.Лхагвабаяр ороод ээмгийг нь шүүрсэн. Тэгээд дотор хүн орилохоор нь ороход ээмгийг нь шүүрээд авсан байсан. Тэгээд би цүнхийг нь булааж гарч ирсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ 19-ийн буудал руу таксинд суугаад таксинаасаа бууж дахиад такси бариад жолоочийн жолооны үнэмлэхийг гуйж аваад хохирогчийн эд зүйлийг ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан. Бид хоёр хохирол төлбөрөө төлсөн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч нартай уулзвал дахиад уучлалт гуйна…” гэв.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, бусдын эд зүйлийг нь авах зорилгоор:
- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в байрны 1 дүгээр орцны 8 давхарт Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь бүлэглэж, 70 настай Б.Сожидмаагийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 чихийг нь сэтлэн биед нь хөнгөн гэмтэл учруулан, боргоцой хэлбэртэй алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 800.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 6-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 60 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт М.Лхагвабаяр, Г.Ганмөрөн нар нь бүлэглэж, 73 настай С.Цэдэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн чихнээс нь цагаан сувдан шигтгээтэй, сүүжин алтан өрөөсөн ээмгийг нь дээрэмдэн авч, 250.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 19 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 82 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт М.Лхагвабаяр нь 78 настай Г.Диваанансалын амь биед аюултайгаар хүч хэрэглэн амыг нь дарж хойш унагааж, Г.Ганмөрөн нь чихийг нь сэтлэн Александр чулуутай, жижиг сувдан шигтгээтэй алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 600.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 9-ний орой 16 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар байрны 4 дүгээр орцонд М.Лхагвабаяр, Г.Ганмөрөн нар нь бүлэглэж, 82 настай Л.Тэрбишийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн араас хоолойг нь боож наймын тоо шиг хэлбэртэй, доороо сувдтай алтан ээмгийг нь дээрэмдэн авч, 700.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 63 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхарт 81 настай, эмэгтэй Ж.Пүрэвсүрэнгийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн амыг нь дарж, хоолойг нь боож Г.Ганмөрөн нь сүүжин алтан ээмгийг нь, М.Лхагвабаяр цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэн авч, 674.000 төгрөгний хохирол учруулан бусдад нийт 3.024.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 40-41 х/,
- “...Зээ охиноо дагуулаад лифтэнд суухад намхан нуруутай залуу хамт орсон. Тэгээд тэр залуу 6 давхарт буугаад явахаар нь би 8 давхарт буугаад гэрлүүгээ орох гээд үүдэндээ зогсоход ард нэг залуу гарч ирэхээр нь би эргээд хартал уг залуу золгох гэж байгаа юм шиг гараа өргөхөөр нь би нээх юм бодолгүй зогсож байтал гэнэт л чихэнд байсан ээмгийг маань сэт татаад аваад гүйсэн. Чихэндээ оёдол тавиулсан. Миний ээмгийг дээрэмдсэн залуу ганцаараа байсан ба 6 давхарт буусан залуу хамтрагч нь байж магадгүй гэж бодож байна...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Сожидмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 75-76, 183-184 х/,
- эд зүйлийн үнэлгээ: / 1 дүгээр хавтас 77, 78, 182, 201, 216 , 241 х /,
-“… Сожидмаагийн биед баруун, зүүн чихний омогны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4767 тоот шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 186 х /,
- гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 53, 58-59 х /,
- “...1 залуу хамт орц руу орсон. Би 2 давхар руу өгсөх гэж байтал тэр залуу гар утсаа оролдож байснаа гэнэт “яасан харанхуй юм бэ” гэхээр нь би эргээд эгцээрээ харахад шууд баруун талын ээмгийг татаж авсан. Тэр үед нь “аллаа” гээд орилоход шууд гараад зугтаасан. Миний чихнээс цус гарсан. 2-3 хоног хавдсан. Тэр бор царайтай залуу байсан. Гонзгой нүүртэй байсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 71-72, 219 х /,
- “...2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мөнхболдын Лхагвабаяр гэж нэрээр 1 өрөөсөн 2.6 грамм алтан ээмгийг 10 хоногийн хугацаатай тавьсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ш.Манлайбаатарын мэдүүлэг / 2 дугаар хавтас 67-68 х /,
- барьцаат зээлийн гэрээний хуулбар / 2 дугаар хавтас 90 х /,
- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтас 107-108, 118 42-43, 44-54 х /,
- “...Эргээд гэртээ ортол араас хүн барьж аваад ам дараад, нүд таглаад 2 чихэнд байсан алтан ээмгийг аваад явсан. Тэгээд тэр 2 залуу зугтаагаад явсан. Миний зүүн талын чихийг сэтлээд чихэнд байсан ээмгийг авсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Диваанансалын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 69-70, 204 х /,
- камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол / 2 дугаар хавтас 4 х /,
- “...Намайг 2 давхар шатаар өгсөөд дээшээ алхаж байтал араас 2 залуу алхаад өгсөж ирэхээр нь би байрны хүүхдүүдийг байна гэж бодоод зай тавьж өгөх санаатай хажуу тийш хараад зай тавьж өгтөл гэнэт толгой дээгүүр хар юм нөмрөөд авсан. Тэгсэн нэг гар ам дараад бас хоолой давхар багалзуурдаад байсан. Тэгсэнээ ээмэг авах гээд миний амыг дарсан гараа тавихаар нь би “хөөе миний хүү эмээгээ болохгүй шүү” гэхэд буцаад миний амыг дарсан. Тэгээд баруун талын чихний ээмгийг тайлж авахад нь мэдээгүй, харин зүүн талын чихний ээмгийг тайлж авах гэхэд нь би мэдсэн. Учир нь миний зүүн талын чих их өвдсөн. Би гараараа чих ээмэг хоёроо хамт дараад авахад миний гарыг доош нь болгоод ээмэг тайлж аваад шат руу гүйсэн. Харин жижиг биетэй бор царайтай залуу нь миний үүрсэн байсан цүнхийг татаад гүйсэн. Цүнхний оосор урт болохоор сунаж байгаад тасраад үлдсэн. ...Миний хоолойг багалзуурдсан болохоор улаан болсон байсан. 2 чих сэтрээгүй, зүүн чих улайж хавдсан байсан. Зүүн гар хөхөрсөн байсан. ...Саарал өнгийн цүнх байсан дотор нь арьсан түрийвчтэй бэлэн мөнгө 150.000 төгрөг, Anycall маркийн гар утас, нарны шил, харааны шил, дүпү, самрын цуглуулга, зөөхий зэрэг байсан. Надад яг бэлэн 150.000 төгрөг байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 65-68 х /,
- “...04 дүгээр сарын 10-ны 21 цаг өнгөрч байхад хүнд дээрэмдүүлчихлээ, алуулахаа дөхлөө гэж хэлсэн. Пүрэвсүрэн нь дагуулж гараад орцныхоо 2 давхарт очоод энд “ намайг 2 залуу зөрж өнгөрөхдөө хойноос багалзуурдаж аваад газарт суулгаад чихний ээмгийг аваад, мөн цүнхийг авч зугтаасан гэж хэлсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Оюунбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 82 х/,
“...хөрш айлын Пүрэвсүрэн шатаар өгсөж байхад араас 2 залуу хоолой багалзуурдаад хойшоо болгож дарж байгаад чихэнд зүүсэн байсан ээмэг авсан. Мөн цүнх аваад явсан гээд цүнхнийхээ оосрыг гартаа барьсан зогсож байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ч.Нямсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 84-85 х/,
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтас 52 х/,
- хохирогч Ж.Пүрэвсүрэнгээр гэрэл зурагаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 53, 55-57 х/,
“...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 9,60 сорьцтой, 6,2 грамм сүүжин хэлбэртэй алтан ээмэг 1 хос Түвшинбаяр гэж хүний нэрээр тавьсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Мягмархоролын мэдүүлэг /2 дугаар хавтас 63-64 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Ганмөрөн нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар 10 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа нь,
шүүгдэгч М.Лхагвабаяр нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт тус тус хамрагдаж байх тул шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ганмөрөнгийн ялтай байдал арилсан байхад улсын яллагч түүнийг урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байхдаа дахин дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Алтанцол, Н.Эрдэнэчимэг, Д.Батбаяр нар нь прокуророос “бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож” дээрмийн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохироогүй, дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан “булаах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж ял шийтгэх үндэслэлтэй хэмээн санал гаргаж мэтгэлцсэн.
Дээрмийн гэмт хэрэг нь уг хэргийг үйлдэж байгаа этгээд бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд довтолгоон эхэлснээр гэмт хэрэг төгссөнд тооцогддог бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан “булаах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр дурайдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хянан үзвэл Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлд заасан “булаах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, тухайлбал: хоёр хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, түүнчлэн зарим хохирогчдын ам болон нүдийг нь дарах, хоолойг нь багалзуурдах, араас нь дарж унагаах, ямар нэгэн юмаар толгойг нь бүтээх, дагаж явж байгаад хүнгүй газар очих зэрэг идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийж бусдын эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн болох нь хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 65-68, 75-76, 71-72, 69-70, 82, 204,219, 183-184 х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №4767 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн №16408 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь 5 удаагийн давтан үйлдлээр, бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож олон нийтийн газраас дээрх нэр бүхий хохирогчдыг тусгайлан сонгож, араас нь дагаж, үйлдэл бүр дээр ээлжлэн нэг нь орцны хаалга барьж зогсон хүн харах, хохирогчид мэдэгдэх болон мэдэгдэхгүйгээр довтлон, эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулан “толгой дээгүүр нь юмаар бүтээх, ам болон нүдийг нь дарах, хөлийг нь барьж хөдөлгөөнийг хориглох, хоолойг нь багалзуурдах, араас нь дарж унагаах, ээмгийг чихнээс нь сэтэлж авах” зэрэг шууд санаатай, идэвхтэй үйлдэл хийж дээрэмдсэн, түүнчлэн дээрэмдэн авсан эд зүйлээ бусдын болон өөрсдийн бичиг баримтыг ашиглан ломбарданд тавьж, уг мөнгийг ярилцан тохирч хуваан авсан, гэмт хэрэг үйлдэх талаар тодорхой хугацаанд ажиглалт хийх зэргээр үйлдэл, оролцоогоороо нэгдсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Сожидмаад 800.000 төгрөг /1-р хавтас 182/, хохирогч С.Цэдэвсүрэнд 500.000 төгрөг /1-р хавтас 216/, хохирогч Г.Диваанансалд 600.000 төгрөг /1-р хавтас 201/, хохоирогч Л.Тэрбишид 700.000 төгрөг /1-р хавтас 241/, хохирогч Ж.Пүрэвсүрэнд 674.000 төгрөг /1-р хавтас 77/-ийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөнгө хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдсон тул шүүгэдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байна.
шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна..
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Түүнчлэн шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь хүнд гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон тэдгээрийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийгн 147.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ганмөрөн нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 242 хоног, М.Лхагвабаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 241 хоног сэжигтэн, яллагдагчаар тус тус цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Ганбаатарын Ганмөрөн, Тогоруутан овогт Мөнхболдын Лхагвабаяр нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ганбаатарын Ганмөрөнг эд хөрөнгө хураахгүйгээр 7 /долоон/ жилийн, Мөнхболдын Лхагвабаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 7/ долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт тус тус оногдуулсан 7/ долоо/ жилийн хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганмөрөнгийн 242 / хоёр зуун дөчин хоёр/ хоног, М.Лхагвабаярын 241 / хоёр зуун дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганмөрөн, М.Лхагвабаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
Х.ОДБАЯР