| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 221/МА2025/0294 | Улаанбаатар хот |
Ж.Э-Агийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.Г ;
Гомдол гаргагч: Ж.Э-А
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г ;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ж.Э-А,
Хариуцагч Г.Г ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 114/2025/0014/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Ж.Э-А-аас Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-д холбогдуулан “Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0110202-2Х дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0110202-2Х дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Г.Г шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Дархан-Уул аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Г би, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 456 дугаартай “Зөрчил шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас Дархан-Уул аймгийн Орхон сумын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Ж-ийн Э-А нь сонгуулийн зардлын дансанд хуулиар зөвшөөрөөгүй хандивыг буцаан шилжүүлээгүй гэх мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн хүлээн авч Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон Зөрчлийн 25180001ХХ тоот хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
3.2. Ж Э-А сонгуулийн зардлын 50561915ХХ тоот дансанд шаардлага хангаагүй гүйлгээ болох 2024 оны 10 сарын 02-ны өдөр Го гэдэг хүнээс иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгагдаагүй 20,000.00 төгрөгийн мөнгөн хандивыг буцаан шилжүүлээгүй нь “ПОА” ХХК-ийн маягт-5 хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын тайланд тусгагдсан, мөнгөн хандивыг Ж.Э-А нь 1 удаагийн гүйлгээгээр хуулиар зөвшөөрөгдөөгүй мөнгөн хандивыг сонгуулийн сурталчилгаанд зориулаагүй хувийн харилцах дансанд шилжүүлсэн нь сонгуулийн тухай хууль болон журмыг зөрчсөн болох нь нотлогдож байна.
3.3. Иймд гомдол гаргагч нь хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №0110202 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь үндэслэлгүй дахин шинэ акт гаргах шаардлагагүй тул гомдол гаргаж байна.
3.4. Нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн, бодитой эх үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсан байх. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно. Сонгуульд нэр дэвшиж байгаа тохиолдолд хууль, журмаа уншиж судлах үүрэгтэй.
3.4.1. Хууль мэдэхгүй байсан нь хариуцлага оногдуулахгүй байх үндэслэл болохгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.
3.4.2. Нэр дэвшигч Ж.Э-Ад холбогдох зөрчлийн 2518000148 тоот хэргийн материалд цугларсан шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа тухайн зөрчлийг шийдвэрлэхэд нэмэлт ажиллагаа хийж хандивлагчаас мэдүүлэг авах, баримт бичиг цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна.
3.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасан хуулиар зөвшөөрөөгүй хандивыг буцаан шилжүүлээгүй Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэн маргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Г.Г ын давж заалдах гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэсэн заалтыг үндэслэн хэргийг бүхэлд хянахад дараах нөхцөл байдал тогтоогдов.
- Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Ж.Э-Аг 20,000 /хорин мянга/ төгрөгийн зөрчилд 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болжээ.
- Гомдол гаргагч /зөрчилд холбогдогч/ Ж.Э-Агаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...миний төрсөн дүү бичиг, үсэг мэдэхгүй, тэтгэмжийн мөнгөө буухаар 20,000 төгрөгийг хүн гуйж байж шилжүүлсэн... орлогын эх үүсвэр нь тодорхой... дүү маань уушгины хавдартай хэвтэн эмчлүүлж байгаа... мөнгийг нь буцааж шилжүүлсэн” гэж, хариуцагчаас “...хандивын эх үүсвэр тодорхойгүй, хандив нь Го гэдэг хүнээс шилжүүлсэн боловч иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй ...” гэж тус тус маргажээ.
- Хариуцагч Дархан аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” үйлдэж “Ж.Э-Ад холбогдох зөрчлийн хэргийн 18 дугаартай хэрэгт ... холбогдогчоос мэдүүлэг авав” гэж тэмдэглэл үйлдсэн нь зөрчлийн хэрэг нээлгүй, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж дугаар аваагүй атлаа Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Ж.Э-Аг зөрчлийн хэргийн холбогдогчоор татаж, мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:” гэсэн заалтыг зөрчсөн байна.
- Хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар албан тоотыг хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор 2518000148 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх.” гэсэн заалтыг зөрчиж хуульд заасан 5 хоногийн хугацааг хэтрүүлж зөрчлийн хэрэг нээсэн нь хууль бус байна.
- Мөн түүнчлэн хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар албан тоотоор ирсэн мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3-д “...эсхүл харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэн хүлээн авна. Тэмдэглэлд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгаж, хүлээн авсан эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурна” гэж зааснаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байх боловч мэдээллийг хүлээн авснаас хойш тоолсон ч зөрчлийн хэрэг нээх шийдвэр гаргах хугацааг хэтрүүлжээ.
- Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ.” гэж заасан байх бөгөөд Жигжээ овогтой Го нь Хаан банк дахь өөрийн эзэмшдэг 50730121ХХ тоот данснаас төрсөн ах Жигжээ овогтой Э-А гийн Хаан банк дахь 50561915ХХ тоот хандивын дансанд 20,000 төгрөгийн хандив шилжүүлсэн гүйлгээ хийсэн.
- Энэхүү гүйлгээг Хаан банк амжилттай /саадгүй / данс хооронд шилжүүлсэн байгааг хараат бус аудитын дүгнэлт гаргасан “ПОА” ХХК, Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газар Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “аудитын үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой баримт, мэдээллийг харилцагч банк, санхүүгийн байгууллага болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах;” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж тогтоох бүрэн боломжтой байсан байна.
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т “эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;” гэж зааснаар Банк иргэнд данс нээхдээ иргэний овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг авсны үндсэн дээр Ж овогтой Го-д Хаан банканд 50730121ХХ дугаартай данс нээж өгсөн байх ба данс эзэмшигч нь өөрийн дансны дугаараа гүйлгээний баримтад бичиж, баталгаат гарын үсэг болон нууц кодоо оруулсан тохиолдолд хуулийн шаардлага хангасан төлбөрийн баримт гэж үзэн төлбөр тооцоог хуулийн дагуу хийдгийг хариуцагч зөрчлийн хэрэг шалгах явцдаа нотлох баримтаар тогтоох боломжтой байхад энэ ажиллагааг огт хийгээгүй байна.
- Тодруулбал Ж.Г нь өөрийн төрсөн ах Ж.Э-А-д 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20,000 төгрөгийн хандив шилжүүлсэн банкны гүйлгээний баримтдаа Хаан банк дахь 50730121ХХ дугаартай өөрийн дансны дугаараа бичсэн нь уг дансны дугаарт тухай мөнгөн хандив шилжүүлэгчийн /нэр, иргэний бүртгэлийн дугаар, дебет, кредит дансны эх үүсвэр болох талаарх/ бүх мэдээлэл агуулагдаж байхад зөрчлийн хэрэг шалгасан татварын байцаагч шалгаж тогтоогоогүй атлаа Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “...зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчил гаргасан гэж үзэн, зөрчлийн хэрэг нээж, шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
- Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн Сонгуулийн зардал гэсэн 8 дугаар бүлгийн “Мөнгөн хандив”-ыг зохицуулсан 53 дугаар зүйлд “хуулиар зөвшөөрөөгүй хандив” гэсэн зохицуулалт тусгагдаагүй байгааг хариуцагч анхаараагүй байна.
- “Хаан банк”-ны апп дотор бэлэн бус төлбөр тооцоо хийхэд төлбөрийн баримт дээр төлбөр төлөгч, төлбөр хүлээн авагчийн дансны сонголтууд байхаас төлбөр төлөгчийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, эх үүсвэрийн мэдээлэлтэй холбогдсон сонголт байхгүй болохыг Аудитор болон Татварын улсын байцаагч нар мөн анхаарч үзээгүй байна.
- Үүнээс үзвэл, хандив өгсөн Ж.Го Хаан банкны гүйлгээний баримтдаа өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, эх үүсвэр агуулсан 50730121ХХ дугаартай дансаа бичсэнийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайланд “хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив” гэсэн хэсэгт 20,000 төгрөгийг тусгасныг хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр “...зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчил тооцсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ” гэснийг зөрчсөн байна.
- Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх “хугацааг” хуульчилж өгөөгүй байх ба Ж.Э-А нь хариуцагчийг зөрчлийн хэрэг нээхээс өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “хандив өгсөн” өөрийн төрсөн дүү Ж.Го гийн Хаан банк дахь хандив шилжүүлсэн данс болох 50730121ХХ дугаартай дансанд 20,000 төгрөгийн хандивыг буцаан шилжүүлж зөрчлийг арилгасан байгааг хариуцагч шалгаж, дүгнэлт өгөөгүй байна.
- Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх шаардлагагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Ж.Э-А-д шийтгэл ногдуулсан Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г-ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01102022Х дугаартай шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114/ШШ2025/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.Г ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01102022Х дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн “3” гэсэн дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА