Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

Ч.Х-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэртэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр 40-н мянгатын гудамж, 21б байрны 30 тоотод оршин суух, Т овогт Ч-ийн Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг Улаангом сумын 3 дугаар баг, Элит 45 орон сууцны 803 тоотод оршин суух, Х овогт Ч-ны Ч-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Порж, хариуцагч Ч.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төрөө сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу сонгуулийн сурталчилгааг хуулиар хориглосон байхад Увс аймгийн Ардчилсан намын сонгуулийн менежер Ч.Ч нь сонгуульд хууль бус аргаар ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахын тулд Увс аймаг дахь Увс телевизээр “Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х-ыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж, бусдын саналыг худалдан авч байна” гэсэн ор үндэсгүй гүтгэлэг тараасан нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, нотлогдсон тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Хын нэр төрийг сэргээж, Увс аймаг дахь Увс телевизээр, мөн өөрийн fасеbоок хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Ч.Х-ын нэхэмжлэлтэй, Ч.Ч-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь би Увс аймгийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу нэр дэвшигч С.О-ын сонгуулийн штабаас бэлтгэж өгсөн 5 минутын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Увс телевизээр уншсан.

Тухайн үйлдэлдээ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 50 дугаартай магадлалаар тус тус хариуцлагаа хүлээж, холбогдох мөнгөн торгуулийг төлсөн.

Иймд нэгдүгээрд нэг асуудалд 2 удаа хариуцлага хүлээх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, тухайн үед Ч.Х нь сонгуульд “нэр дэвшигч” байсан бөгөөд нэр дэвшигчийнх нь хувьд “мөнгө тараасан” гэдэг агуулгатай мэдээллийг хийсэн, түүнээс биш “иргэн Ч.Х”, эсхүл “Улсын Их Хурлын гишүүн Ч.Х” гэдэг хүнийх нь хувьд гүтгэлгийн шинж чанартай зүйл тараасан зүйл байхгүй.

Гуравдугаарт, би ийм мэдэгдэл хийснээр иргэн Ч.Х-ын нэр төрд яаж халдсан, үүний улмаас ямар хор, хохирол учирсан бэ гэдэг асуудал тогтоогдоогүй” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Х-ын нэр төрийг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл буюу Увс аймгийн Увс телевизээр няцаалт хийхийг хариуцагч Ч.Ч-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “мөн өөрийн facebook хаягнаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор, тэгэхдээ бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт өөрийн тараасан гүтгэлгээ няцаахыг даалгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож,.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ч-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Х-т олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Миний бие Ч.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Ч.Ч надад холбогдуулан гаргасан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 43 дугаар шийтгэвэрт “....УИХ-ын 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хыг гүтгэсэн, хуурамч мэдээ, мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлтэй байна.” эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 50 дугаар магадлалд “...нэр дэвшигчид өгөх саналын тоог бууруулж болохуйц сонгогчдын саналыг татах зорилготой байсан” гэж тус тус үндэслэл болгон дурьдаж шийтгэвэр оногдуулсан байдаг. Дээрх шийтгэвэрүүдээр Ч.Ч надад хүлээлгэсэн шийтгэвэр нь сонгуулийн хуулийн хүрээний асуудал болохыг тогтоож өгсөөр байтал уг үйлдлийн хүрээг иргэний хуулийн хүрээнд хамааруулан шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие “иргэн Ч.Х”, “нэр дэвшигч Ч.Х”, “Улсын Их хурлын гишүүн Ч.Х” гэсэн 3 өөр субъект байгаа гэж ойлгож байна. Ч.Ч миний мэдэгдэл нь “нэр дэвшигч Ч.Х” –т буюу сонгуулийн хуулийн хамрах хүрээний асуудал тул хариуцагч би дээрх шүүхийн шийдвэрүүдээр хариуцлагаа хүлээсэн. Өөрөөр хэлбэл Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэрт сонгуулийн хуулийн хүрээгээр хязгаарлагдах нэр дэвшигчтэй холбоотой хариуцагчийн үйлдэл, түүний үр дүнд бий болсон хохиролоо нотлох баримтаар нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй, хийгдвэл зохих ажиллагааг хийгдээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй буруу, зөрчилтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дүгаар сарын 18-ны өдрийн 849 дүгээртэй шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, Иргэний хуулийг үндэслэлтэй зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Ч.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Увс телевизээр Улсын их хурлын 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хыг сонгогчдод хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тарааж бусдын саналыг худалдан авч байна гэсэн ор үндэсгүй гүтгэлэгт мэдээллийг Ч.Ч тараасан учир Ч.Х-ын нэр төрийг гутаасныг сэргээж, Увс телевизээр, мөн өөрийн facebook хаягнаас бүх нийтийн амралтын өдрийн 16 цагт няцаалт хийлгүүлэхийг даалгахыг” хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Ч.Ч нь сонгуулийн санал авах өдөр болох 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Увс  телевизээр “Улсын их хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Х сонгогчдын саналыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан” гэж бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээлэл тарааж гүтгэсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Ч.Х нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 -т заасны дагуу нэр төрөө сэргээлгэх, мэдээ тараагдсан болон өөр хэлбэрээр няцаалт хийлгэх, эдийн бус гэм хорын хохирол шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Х-ын нийгэмд эзлэх байр суурь, нэр төрд нь хариуцагч Ч.Ч “нэр дэвшигч Ч.Х нь хадгаламжийн дэвтэр, чихэр, архи, дарс тараасан” гэж үндэсгүй, нотлогдоогүй мэдээ, мэдээллийг орон нутгийн телевизээр тарааж түүний нэр төрийг гутаасан нь хэрэгт авагдсан, зөрчлийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хариуцагч Ч.Чэд уг мэдээг тараасан арга хэлбэрээрээ няцаалт хийх замаар Ч.Хын нэр төрийг сэргээлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.   Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН